Шүлэг: Аюушийн Анхбаатар : Яруу найраг Оруулсан Анхбаатар Огноо: 2026-06-11 07:28:36 (384 уншсан)
ДӨРВӨН УЛИРЛЫН НУТАГ
Мэргэний чулуу түүж тарни болдог,
нутагт минь
Дүүгүүрийн чулуу элгэддэг салхинд нь
Дүүрэн ерөөл багтаж байдаг
нутагт минь
Бадарын мөнгөн давалгаа цөнгөө түрэхэд
хавар болдог
Хүн чанарын улирал ингэж эхэлдэг
Тэргэл, тэргэл шөнүүдэд сарны зүүд огшоодог
нутагт минь
Он цагийн урсгал сэтгэл элбэж хүн төрдөг
нутагт минь
Цантай хангай сормуусанд нар өеөөдөхөд
зун болдог
Мөн чанарын улирал ингэж эхэлдэг
Навчсын амьсгал агаар дүүргэж гуниг үнэртдэг
нутаг минь
Согоодын нүднээс нүгэл зугтаж эрвээхий болдог
нутагт минь
Хувилгаан чанар, уулсын сүлднээ бууж арцны амь өргөхөд
намар болдог
Нандин чанарын улирал хүний хорвоод ирдэг
Савсалсан цагаан манан үүлстэй мөргөлдөж үүр цайдаг
нутагт минь
Сарны амьсгал уул хөлөргөж марал урамддаг
нутагт минь
Цагаан сахалтай өвгөн хэнгэрэг дэлдэхэд
өвөл болдог
Бодь чанарын улирал хүний орчлонд ирдэг
Дөрвөн улирлын нутагт минь
Бойтгоны минь хонх үлдсэн байна
Дэргэдээ намайг байгаа мэтээр Ээж минь
Хөнгөхөн чимээг нь сонсож байг ээ
Дөрвөн улирлын нутагт минь
Хүй дарсан хөх чулуу үлдсэн байна
Хүн болж ирсний алдхан гавьяа
Хүн чанараар сонсогдож байг ээ
Дөрвөн улирлын нутаг минь
Дөрөө жийгээд мордоход хийморь үнэртдэг
орчлон минь
Өчигдөр
Урины салхиар уруул дээр минь үнсээд
Цэцэгсийн дуун болж маргааш руу ууссан
Усгал харцны чинь гэрэл мэтэд гайхан алдраад
Уулсын мөргөлчин Согоо адил бясалгаж хоцорлоо
Өчигдөр
Өд сөдөө гөвөх шувуудын нисэн одох дүрслэл болоод
Өндөр өөд мацаж буй хүслийн жигүүр болон ниссэн
Уянгат дуун цэнхэрлэгийн тойрогт анирдан алдраад
Уржигдрийн саран мэт бүүдгэрхэн үлдлээ
Өчигдөр
Чимээгүй холдож болдог шалтгааны уран үгэнд амилаад
Чихэнд минь үргэлж сонсогдож байдаг үнэмшилт авиа болсон
Эгчмид сэтгэлийн зэрэглээн гүүрэн дээгүүр уйтгараа үүрч алхаад
Эвдэрхий бодлоо эвлүүлж суух зуршилтай боллоо
Өчигдөр
Цаг хугацааны халааснаас гээгдэж үлдээд
Цээжинд минь алгаа наахдаа өглөө болно гэж хэлээгүй
Харамсан сэтгэж, хайрлан харамласан өдөр бүхэндээ
Нууцаа нууж, нүдээ нухалдаг боллоо
Чи миний өчигдөр
Эргэж ирэхгүй өчигдөр
Өчигдөр, өчигдөр, өчигдөр
Эргэн дурсах өчигдөр
2026.04.14
Аюушийн Анхбаатар
Аюушийн Анхбаатар
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-06-11 07:28:36 )
|
||