Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Найз Оруулсан Bataka Огноо: 2026-02-04 12:43:03 (3227 уншсан)
Найз минь надаас мөнгө зээлээч гэж гуйлаа.Гэвч надад түүний нэхсэн мөнгө байсангүй.Найз минь надад өмнө нь зөндөө л тус хүргэж байсан болохоор би их л санаа зовж байсан ч үнэнээ л хэллээ."Уучлаарай найзад нь чамд зээлэх мөнгө яг одоогоор алга.Чи ирэх долоо хоног хүртэл хүлээх боломж байна уу.Магадгүй би тэр үед тус болж болох л юм" гэв.Тэр утасны цаанаас урам муутайхан санаа алдаад "Заза тэгвэл яахав дээ.Найз нь өөр арга бодъё доо" гэж байна.Би түүнийг ямар зүйлд мөнгө хэрэг болсоныг нь асуутал "Зээл төлөх өдөр болчихоод л.Найз нь сая л ажилдаа орсон болохоор эхний төлөлтөө аргалах хэрэгтэй байна.Үнэндээ аль хэдийн арваад хоног хэтэрчихээд байгаа юм л даа" гэлээ.Би үнэхээр аргагүй байгаадаа уучлалт гуйгаад тэр яриа өндөрлөв.
Долоо хоногийн хойно би гэртээ өнөөх найз руугаа залгах гэж байтал найзын минь эхнэр гэж улаан галзуу хүн гаднаас ороод ирлээ. Тэр мэндийн ч зөрүүгүй миний урд ирээд "Хөөе Тулгаа гуай. Ер нь чам шиг найз гэж байдаг юм уу. Чамайг элдэв төсөл бичихээс өөр шидгүй гэр орондоо хоол ундгүй явахад чинь бид л анх туслаж байсан. Алдаж бүдэрч явахад чинь манай нөхөр л дэргэд чинь байж бүхий л зүйлээр туслаж байсан. Бас ээж чинь өвдөхөд бид л туслаж хамгийн сайн гэсэн эмнэлэгт үзүүлж байлаа. Сүүлд нь чамайг ч гэсэн өвдөж зовоход чинь хажууд чинь хэн байсныг санаж байна уу. Энэ байтугай бидний чамд гаргасан сэтгэлийг тоочоод барахгүй биз. Чамд харин авахаас өөр шид байсан уу. Ер нь манайх илүү дээ гарсан баян тансаг даа чамд туслаж дэмжиж явдаг байсан гэж бодоо юу. Аль байдгаараа болгох гэж энд тэндээс зээл хүртэл аван байж тэр бүгдэд туслаж дэмжиж байсан мэдэв үү. Гэтэл одоо нөхөр минь ажилгүй болчихоод тэр олон зээлэнд дарагдаад манайх гэдэг айл өндийхөө байлаа. Гэтэл чи юу гэсэн гэлээ. Ганц удаа тус болооч гэж байхад манай нөхөрт чадахгүй гэсэн гэлүү" хэмээн тачигнаж гарав. Би түүнийг тайвшруулан сандал дээр суулган ярилцах гэж байтал нөхөр нь гаднаас орж ирээд "Ханиа. Чи минь энд юу хийж байгаа юм бэ. Чамайг битгий ингээрэй гээд байхад" хэмээн ихэд санаа зовнин хэлсэнээ надад хандан "За уучлаарай найз минь. Бид хоёр сая жоохон маргаад. Тэрнээсээ болоод л энэ маань наашаа гүйчихлээ. Эмэгтэй хүмүүс хэцүү шүү" гэж хэлээд инээх аядав. Эхнэр нь түүнийг цааш түлхээд "Чи одоо найз майз гээд юундаа энэ мууд долигносон юм. Үнэн биздээ. Чамайг ажилтай анхиатай тэр зээлээ төлөөд явсан бол би ингэж явахгүй мэдэв үү. Одоо тэр зээлээ яаж төлөх гээв. Ажилд орсон гэж худлаа хэлээ биздээ. Найзынхаа сэтгэлийг зовоохгүй гэсэн дээ тэгж худлаа хэлсэнийг чинь мэдэхгүй гэж бодоо юу" гэж хашхичив. Би тэдний байгаа байдлыг ерөнхийд нь ойлгосон болохоор хоёуланг нь ширээнд суулган ярилцахаар шийдсэн юм. Тийнхүү цай аягалан өгөөд би яриагаа эхлүүлэв. "За юу ч гэсэн намайг уучлаарай. Бид чинь хэдэн биендээ тус дэм болж байж л сая найзууд байх биш үү. Сараа миний хөгшиний уурладаг чинь ч зөв өө. Өнгөрсөн хугацаанд би дандаа л авч байлаа. Өдөр бүр зөвхөн урдах ажилдаа хэтэрхий улайраад та хоёрыгоо орхичих шиг боллоо. Гэхдээ юу гээч. Одоо бүх зүйл сайхан болно гээд боддоо. Би та хоёр луу яг ярих гэж байлаа. Түрүү долоо хоногт миний найз мөнгө асууж байхад нь би долоо хоног хүлээж байгаач гэсэн шүү дээ. Өнөөдөр найзынх нь төслийн хариу ирсэн. Эцэст нь найзынх нь төсөл шалгарч чадлаа шүү дээ. Энэ бүхэн та хоёрын минь л ач гавъяа. Тийм болохоор би бүгдийг та хоёртоо өгнө. Намайг ямар ч үед гээж орхиогүй найзууддаа баярлалаа. Та хоёрынхоо хүчээр л би юунд ч санаа зоволгүй өдөр бүр төсөлдөө анхаардаг байлаа" гэж хэлээд төслийн урьдчилгаа болсон мөнгөө тэр хоёрын өмнө гаргаж тавилаа. Түүнийг харсан Сараагийн нүд орой дээрээ гарах шахам баярлаад над руу итгэж ядсан харцаар харна. Харин найз минь нулимс мэлмэрүүлэн босч ирээд "Би чамайг хэзээ нэгэн цагт чадна гэж итгэсэн юмаа. Гэхдээ найз нь хэзээ ч хариу нэхэх гэж туслаж байгаагүй юм шүү. Тийм болохоор би ийм их мөнгө авч чадахгүй нь ээ. Бидний дунд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй нөхөрлөл гэж юм бий шүү дээ. Чамайг ингээгүй байсан ч найз нь үргэлж хажууд чинь байх болно" гэлээ. Би түүнд ойртон гарынх нь алгыг дээш харуулан нэгэн багц түлхүүр атгуулаад "Миний найзын шинэ байр. Бас эртээд чиний нүд унагаад байсан машин чинь тэр байрны грашд чамайг хүлээж байгаа гээд боддоо. Тиймээ. . . Би ч бас энэ бүхний төлөө чамаас хариу нэхэхгүй ээ. Харин өмнөх шигээ үүрд миний анд найз минь байгаач. Найз нь чамаас тийм л зүйлийг хүснэ" гэж хэллээ. Тэр нулимстай нүдээрээ над руу харж инээмсэглэн тэврэв. Найз гэдэг жаргал зовлонгийн алинд ч хамтдаа байх урт амьдралын үл ганхах нэгэн багана ажээ. Би хэтэрхий тоймжиргүй байгаад тэр баганаа нураах шахжээ. Харин одоо тэр багана хэзээ ч нурахгүй бат бөх болоод миний хажууд зогсох болно. Тийнхүү бид амьдралын их ачааг хамтдаа үүрч насан туршдаа найзлан жаргах алс холын ирээдүйд бат итгэлтэйгээр зогсох боллоо. Миний найз болж ирсэн чамдаа баярлалаа.
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Энхтайваны Чинзориг | Шинэчилсэн огноо: 2026-02-04 12:43:03 )
|
||