Өгүүллэг: Энхтайваны Чинзориг : Эх нохой Оруулсан Bataka Огноо: 2026-02-04 09:39:12 (3164 уншсан)
Гудамжны нохой гэж хэцүү амьтан шүү.Тэр тусмаа өвлийн цагаар тэнэмэл нохойнууд бүр ч хэцүү санагддаг юм.Хэдэн жилийн өмнө дүн өвлөөр миний ажилладаг барилгын хашаанд нэгэн шар жингэр ирж гөлөглөсөн юм.Уг нь дулааны улиралд гал тогооны вагончиг тэнэмэл нохдын хувьд диваажингийн газар болдог байлаа.Харин өвөлдөө гал тогоо зогсож вагончиг хаалттай байх тул зунжин зоолсон ноход хамраараа газар шаана гэгч нь болдог билээ.Тэнэмэл шар жингэр тэрхүү вагончигны дор гөлөглөсөн байв.Нэг өглөө дотор заслын ажлаар барилгын хашаа руу орж иртэл харуул ах дуудаж байна.
Би яваад очтол "За миний дүү. Эр гөлөг сонирхохгүй биз?" гэлээ. Би түүний гэнэтийн асуултанд инээмсэглэн "За ах минь. Хаанаасаа ямар гөлөг гаргаж ирээд дүүдээ шахах гээд байна. Монгол юмуу харъя л даа" гэв. Харуул ах "Намраас нэг шар жингэр эргэлдээд байсан саяхан төрчихжээ. Муу золиг хаагуураа орж ирээд вагончиг доогуур шургалсныг ёстой чөтгөр бүү мэд. Удахгүй хашаагаар дүүрэн гөлөгнүүд гүйлдээд ирвэл нөгөө дарга цэрэг нь уурлаад бөөн юм болно биз. Миний дүү энэ гөлөгнүүдээс аваад яваач. Ах нь болохгүй бол охин хэдийг нь төөрүүлэх арга чарга бодохоос" хэмээн над руу царайчлан харав. Би тэдгээр гөлөгнүүдийг харахаар харуул ахтай хамт вагончиг зүглэн алхлаа. Тийнхүү доогуур нь шагайн харвал нүдээ ч нээгээгүй хар шар зүсмийн гөлөгнүүд өт мэт шавааралдан харагдана. Тоолоод үзвэл таван гөлөг байна. Харин эх нь алгаа. Би эхнээс нь гаргаад хүйсийг нь шалгатал гурван эр хоёр нь охин гөлөг байлаа. Тэр хоёр нь эхийгээ дуурайсан шар юм. Би харуул ахад хандан "За дүү нь нүдээ нээхээр нь нэг эр гөлөг ирж авъя даа. Хөдөө ахынх нохойн гөлөг захиад байсан харин ч сайн юм боллоо. Тэр цагаан зүрхэвчтэй нь минийх шүү. Өөр хүнд өгчихвөө" гэж захилаа. Харуул ах "За ашгүй минь гэж. Нэг ч гэсэн гөлгийг зайлуулж байвал муу ах нь болоод явчихна. Чи харин өөр гөлөг авах хүн байвал асууж сураарай" гэж хэлээд бидний яриа өндөрлөв.
Тэр өдрөөс хойш арваад хоног өнгөрлөө. Өвлийн дунд сар шувтрах үед хүйтний эрч огцом чангарч хүн малгүй зутруухан болж ирэв. Ойрдоо ажил багасч барилгын хашаагаар ороогүй тул гөлөг авах тухайгаа ч таг мартаж орхижээ. Харин энэ өглөө хөдөөнөөс ах залгаж ярихдаа гөлөгний тухай сануулсан тул би тийнхүү барилгын хашаа руу зүглэн явлаа. Харуул ахын жижиг путкинд явж орвол цахилгаан халаагуураа тултал нь үлээлгэсэн байдалтай их л дулаахан сууж байна. Би ахад хандан "Та чинь харин энэ хүйтэнд сайхан сууж байх чинь. Энэ халаагч чинь овоо эд юм гээч" гэж хэлээд гараа дулаацуулан суулаа. Харуул ах "Өө энэ ёстой худлаа. Яг шөнө дөлөөр энэ муу амбаар хаа сайгүй сийгээд нуруу хүйтэн оргиод нэмэр биш. Чамд гаднаас орж ирсэн болоод л дулаахан санагдаж байгаа биз" гэж хэлээд биеэ татвалзуулав. Би зорьсон зорилгоо санаад "Өө нээрэн. Би таниас нэг гөлөг авна гэсэн байхаа. Өнөө өглөө ах яриад нөгөө гөлгийг чинь гэнэт сануулдаг байна шүү. Миний захиж үлдээсэн цагаан зүрхт байгаа биздээ" гэж асуулаа. Харуул ах саяхан буцалгасан усандаа цай дүрээд толгой сэгсрэн "Саяны хүйтэн шөнүүдэд гөлөгнүүд нь тэссэнгүй ээ. Бүгд хөлдөөд үхчихсэн. Уг нь эх нь вагончикноос холдуулаад хураалттай материал доогуур их л дулаахан үүр зассан байж билээ. Гөлөгнүүд нь их л хөөрхөн болчихсон, өдөртөө үүрнээсээ гарч ноцолдон тоглож байхыг нь харж байсан юм. Би яахав. Эхэд нь хоол олж өгөх санаатай вагончиг нээгээд нохойн хоол чанаад өгч байлаа. Тэгээд өдөр болгон вагончиг нээгээд хоол өгөөд байхаар сүүлдээ намайг харангуутаа давхиад ирдэг болсон доо. Нөгөө хэдэн зулзагнууд нь ч бас эхийгээ дагаж гүйлдэнэ. Хөөрхөн гэж жигтэйхэн.
Гэтэл гадаа гэнэт айхтар хүйтэрсэн эхний шөнүүдэд гөлөгнүүд нь нэг нэгээрээ үхэж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө дөө. Нэг өдөр авчирсан хоолоо гал тогоонд очиж буцалгаад дээр нь багахан шар будаа асгаад нөгөө шар жингэрийг дуудлаа. Тэгтэл хураалттай материалын араас амандаа нэг юм зуусаар гараад ирлээ. Би ч энд тэндээс сэг зэм олсон юм байх даа гэж бодож байтал нэг гөлөг зууж ирээд миний урд тавьчихав. Тэгснээ намайг харж хэсэг сууж байснаа эргэн шогшуулсаар яваад өглөө. Өнөөх авчирсан гөлгийг нь харвал аль хэдийн хөлдөж үхсэн бололтой өөрийнх нь нэг гөлөг байнаа. Би яахаа мэдэхгүй зогсож байтал өнөөх чинь ахиад нэг гөлөг зуусаар ирлээ. Харамсалтай нь тэр гөлөг ч бас хөлдөж үхсэн байсан. Тэр харин чиний захиж үлдээсэн цагаан зүрхт байсан шүү. Хөөрхий жингэр бүх гөлөгөө зөөж авчирсан боловч харамсалтай нь бүгд үхчихсэн байсан даа. Дараа нь тэр саванд хийсэн хоолоо тайвнаар идэж дуусчихаад эргээд л нөгөөдүүлээ нэг нэгээр нь зөөсөөр үүрлүүгээ яваад өгсөн. Миний өрөвдсөн гэж жигтэйхэн. Хоолойнд нэг юм торчихоод болох юм биш. Ямар сайндаа тэр муу амьтныг зовоож байхаар үхсэн гөлөгнүүдийг нь шуудайнд хийгээд хаях санаатай нэгийг нь сугалан автал нөгөө муу шар жингэр чинь харамлаж байна гэж сүйд. Үүрнийхээ урд гарч ирчихээд архирч дайраад намайг хариугүй зуух шинжтэй байхаар нь би ч айгаад тэр чигт нь орхилоо. Тэгтэл аз болж өчигдөр нягтлан ирээд бараа материалаа шалгаад явж байх үед нь би нөгөө жингэрний тухай хэлээд тавьчихлаа. Тэгсэн харин нягтлан нэг их тоосон шинжгүй нохой устгалын хүн дуудчихъя гэж хэлээд яваад өгсөн юм. Тэр хүмүүс нь харин өнөөдөр ирэх нь үү яах нь уу?! Ах нь хүлээгээд л сууж байна" гэж хэлээд өтгөн хар цай надад өгөв. Би цайнаас оочлон балгаад "Аргагүй дээ даана ч их хүйтэрсэн юм. Дүү нь жаахан эрт ирдэг байж дээ. За одоо яахав. Харин танд л амар юм боллоо доо. Цаадуул чинь ирээд эхийг нь буудаж унагаад гөлөгнүүдтэй нь ачаад явах байлгүй. Заза дүү нь ингээд явъя даа. Тэгж байгаад уулзъя" гэж хэлээд гарлаа. Тэгтэл шар жингэр амандаа нэг гөлөг зуусаар вагончигны дэргэд авчирч орхих нь харагдав. Түүнийг харсан харуул ах "Хоол идэх цаг нь болчихож. Хөөрхий минь ингээд л үхсэн гөлөгнүүдээ зөөгөөд явдаг юм. Нөгөө хэд нь амьд байсан бол араас нь баацагнаад л дагаж байхгүй юу. Одоо буудуулахын хооронд хоол өгөөд ч яах юм билээ. Амьтны эх байх ч хэцүү тавилан юм даа" гэж хэлээд шогшров. Би шар жингэрийг харж зогсож байтал тэр ч бас над руу харж байна. Түүний харцанд үрээ алдсан эх амьтны гуниг харуусал нэвт шингэсэн гэлтэй. Тэр харцыг харах тусам сэтгэл минь хоосорч гүн гүнзгий гансралд автах шиг. Би удаан харж тэвчилгүй нүд дальдчин тэндээс хурдан явахаар хаалга руу алхлаа. Тэгтэл харуул ах "Өө ашгүй минь гэж. Нохой устгалын хүмүүс ирсэн бололтой. Миний дүү замаараа том хаалгаа онгойлгоод наад улсуудаа оруулчихаарай" гэв. Би тэр хаалгыг онгойлгож чадсангүй. Надад тийм хүсэл ч төрсөнгүй. Чив чимээгүй алхсаар жижиг хаалгаар гарч явлаа. Эргэж харахыг ч хүссэнгүй. Миний ямар нэгэн зүйл тэр хашаанд үлдсэн гэлтэй. Гэхдээ юу болохыг өөрөө ч үл мэднэ. Гагцхүү эзэн хаяггүй Эх нохойн тавилан бидний дунд ч оршиж болох шүү дээ гэж бодохоор хоёр нүднээс минь гуниг харууслын нулимс багтаж ядан ундрах бөлгөө.
Зохиолыг бичсэн: Энхтайваны Чинзориг
Эх сурвалж : https://www.facebook.com/chinzo0416
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Энхтайваны Чинзориг | Шинэчилсэн огноо: 2026-02-04 09:39:12 )
|
||||