BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Эрдэнэ-Очир 	Арлааны	 Шүлэг: Арлааны Эрдэнэ-Очир : Амраг бодол
Оруулсан Bataka Огноо: 2026-01-16 13:52:05 (4916 уншсан)




Алсаас надруу нэг сэтгэлд хоногшим дуу урсаж байдаг
Амьдралын шидэт болор аялгуу болж бодолд асгаж байдаг 
Анхимал үнэрт нэгэн гоо цэцэг зүрхэнд дохилзож байдаг 
Агшин бүрийн уярангуйн будандаа бүүвэйлж байдаг

Алаг булаг замбуулин чамайг бодохоор л цэлмэж байдаг 
Анирхан навчсын шивнээнд цагийн нулимс мэлтэрч байдаг
Ахиад л гансран мөрөөдөхийн зовлон над төрж байдаг 
Аяархан хөндүүр бодол цээжнээс дандаа түлхэж байдаг 


Манантай уулын шилээс бороо хөллөөд наашилж байдаг
Марал буга модон дотор цэмцэгнэн зогсож байдаг 
Манарч цайрах тэнгэр өндөрсөж намсаж байдаг
Мандмал шаргал наран тодорч бүдгэрч байдаг 

Гэнэ сэрэггүйгээр цээжний хөшиг дэрвэлзэж байдаг 
Гэгээн өглөө зүүднээс минь чи буцаад алхаж байдаг
Гэзэг үсний чинь үнэр надад үлдсэн юм шиг санагдаж байдаг 
Гэрэлт цагаан шувуу сэтгэлийн нууранд хөвж байдаг
 
Инээмсэглэл чинь холын нэгэн бодлыг асааж байдаг
Ирж яваа цаг чамайг над руу алгуурхан авчирч байдаг 
Итгэлийн нэгэн гэрэлт солонго нумаран татаж байдаг 
Ийм нэгэн хорвоог хайрын шаналантай туулж байдаг 

Тэнгэр ямар уудмыг харах тусам уужран жаргаж байдаг 
Тийм нэг тайвширал л хайрын бодолд автуулж байдаг
Тунарч мэлтрэх туул нь хөндүүр бодлын урсгалтай байдаг 
Тунгалаг нэгний шаналан л эмзэг торгон сэвшээтэй байдаг

Намирсан хонгор салхи эргэж буцаад хоргодож байдаг 
Намайг дандаа хайрын зовлон ариусган жаргааж байдаг 
Намрын алтлаг орой алганы чинь хонхрыг санаж байдаг 
Намуухан тунгалаг аялгуу дотор минь урсаж байдаг. 

Амгалан шөнө байтал дэнсэлж догдлоод сэрвэлзэж байдаг 
Алтан мөнгөн хоёр одыг алгандаа эргүүлээд гэрэлтүүлж байдаг
Амьдрал хүслийн нууцхан бороо зөөлөн зөөлөн шивэрч байдаг 
Амьсгал нэгийн салхитай дүүрэн хорвоо л эргэж байдаг

Гандаж хөглөрөх навчсын шуурга уймран зовинуулж байдаг
Гадаа гэртгүй хаана ч амраг бодол дагаж байдаг
Ганихан унихан хорвоо цас борооны мэлмэрээтэй байдаг 
Газар усны зүүд өглөө нь манан болоод сарниж байдаг 

Их зохиолч Д.Нацагдоржийн шагналт
Болор цомын эзэн нэрт яруу найрагч
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Арлааны Эрдэнэ-Очир 
"АМРАГ БОДОЛ" 

Уншсан:
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Арлааны Эрдэнэ-Очир | Шинэчилсэн огноо: 2026-01-16 13:52:05 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-04-09 ГАНТИГМАА
2026-04-07 Гантигмаа гэж үүрд сийлэн үлдээжээ хөөрхий . (мөрний эхэн үсгүүдээрээ)
☕ Кофе авч өгөх