Шүлэг: Соёрхын Пүрэвсүрэн : ЭР ХҮНИЙ ТАВИН НАС... Оруулсан Bataka Огноо: 2026-01-16 12:13:39 (3667 уншсан)
Үйл заяаны тамга тавин нас гэдэг
Үхэхээс бусдыг үзсэн азарган чонын ухаан
Гантай жилийн наранд ангаж хагдраагүй харгана
Галбын гурван говьд цангаж унаагүй хайлаас
Урт холын замд жингийн түүчээнд хөтлөх
Ургаа хад шиг ханагар ачаатай ат шиг нас аа
Эр хүний тавин нас исгэлэн дарсны амт
Эмнэгийн булгианд ажрахгүй элдүүр нь ханасан сур
Агтанд уягдан хөөгдөвч гүйгээд ирэх ажнай
Амрагийн дуунд зангирч аньсага чийглэх нулимс
Дөрөөн чимээтэй орчлонгийн дүүрэн цагаан аялгуу
Дөмөн дуулах шуранхай Дүнжингаравын сүндэл ээ
Эр хүний тавин нас эрийн цээнд хүрсэн төрийн ноён нуруу
Эрлэг таарсан ч цочихооргүй айдас үргэсэн нас
"Тоолдог", "тормойдог" хоёрын амт үнэрийг дэнсэлж
Тойрох дайрах хоёроо ухаарч таньсан нас
Торго дурдан хоёрын өнгө чансааг тэнсэж
Тоох тээх хоёроо ялгаж мэддэг нас
Ир нь эмтэрсэн ч зэврээгүй хөх илдний ааг
Идэрийн золбоо хариагүй өвгөн бүргэдийн жигүүрээ
Эр хүний тавин нас...
Соёрхын Пүрэвсүрэн
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Соёрхын Пүрэвсүрэн | Шинэчилсэн огноо: 2026-01-16 12:13:39 )
|
||