BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: С.Отгонтуяа : АХАН ДҮҮС
Оруулсан Bataka Огноо: 2026-01-14 15:18:29 (3666 уншсан)

Нэг л эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор
Нэг л эхийн алтан хэвлийд үр нь болж бүрэлдсэн болохоор
Нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлд орсон болохоор
Нэг л нэрийг хан хорвоод залж овоглосон болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Зүс царай адил гэж андуурагдсан болохоор
Зан ааш ижил гэж эндүүрэгдсэн болохоор
Зөрүүд тэнэгхэн наснаасаа л сайдаж муудаж өссөн болохоор
Зүйргүй гомдлоо гэвч нулимсаа арчаад л инээдэг болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс

Өлсөхийн цагт хэдхэн боорцгоо хувааж идсэн юм болохоор
Өвдөхийн цагт халуун сэтгэлээ дэвсэж тойглосон юм болохоор
Өнчрөл хагацлын дунд биесээ л түшиж үлдсэн юм болохоор
Өөдөсхөн багаасаа л нэгнээ бараадаж ижилдсэн юм болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Агаа нь дүүгээ өмөөрч айлын хөвүүнтэй нударга зөрүүлсэн юм болохоор
Аниа нь багыгаа тэвэрч сайртай хацрыг нь үнсэж эрхлүүлсэн юм болохоор
Тоостой нүүрээ угаацгааж баярын дэнжээр хөтлөлцөн гүйсэн юм болохоор
Тоонотой гэрээ дүүргэн зөнгөөрөө шуугилдаж жаргасан юм болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Нэг л хүний тэргүүн дээр цуглаж уйлсан юм болохоор
Нэг л сайхан орчлонг хамтдаа л туулах юм болохоор
Үес үесхэн бодоод л үгүйлж санадаг юм болохоор 
Үсэн буурал боллоо ч ах минь, дүү минь л гэдэг юм болохоор
  Энэ ахан дүүс
  Энэ амин улс
Салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох
Сарниад одъё гэвч голомт нь дуудаж цуглуулах аргамжаатай улс- Ахан дүүс



"Ахан дүүс" шүлэг 
Нийслэлийн 93-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-01-14 15:18:29 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх