BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бусад 		 Шүлэг: Т. Амар-Амгалан
Оруулсан Bataka Огноо: 2018-05-05 16:57:40 (8445 уншсан)

Тэсгим хүйтэн өвөл чихгүй хүмүүсийн

Тэг дунд нь зогсоод дуулж чадна
Тэр дуу дээш оргилсон булгын дуу
Тэр л ганцаараа өвлийн дууч!

***
Нимгэн мөсний цаадах эрэмгий урсгал
Нэг л мэдэхэд дуугаа хурааж,
Загасны хэлбэр чулуундаа хувилаад
Зайлуул, тэр чулуунд хаврын зүрх цохилно.

2017,11,17

 

Тэнгэр

чи надаар дүүрэн шүү дээ
үүлс чинь нуруун дээр минь жигд хэмээр жирвэлзэн нүүж 
гол мөрөн минь чиний дундуур бидэртэж,
гүн хавцалт үүлсийн чинь дундуур морьд янцгааж оддог шүү.

хомоолын тоосоор эрвээхийс далавчаа гөвөх
ховор тэр газрын амьдрал, чиний эдлэн шүү
шувууд чинь мянга сөдөө, энд гээвч
шунал хүсэл, тэг цэг, оргүй хоосон руу чинь шургах л дуртай юмсанжээ.

гадаалах өвгөний нүднээс унаж алдрах
дусал халуун нулимс шиг 
зүрх рүү минь чи, шөнө бүр шигдэн сувдармой.

урд голын найлзуурын хөлийг тэрхлэх 
жавартай хэлээрээ 
умар зүг рүү чи сэрвэлзэн адууны гуурс шиг тов тодорхой мэдрэгдмүй.

 

... би чиний дотор орж болдог бол өөртөө зориулж нэг их гоё шүлэг бичихгүй юу...

Харин

... чи миний дотор орж үзсэн бол өдөр бүхэн төрөж, үхдэг хугарлыг минь чинийх гэдгийг мэдрэхгүй юу...


Жижиг хотын- Шөнөөр

I.
Дуулах дуртай дуу
Аль уулзвар дээр зогсоо нь үл мэдэгдэх сарны гэрэл шиг
Дэгдсээр чиний үзэсгэлэнт төрхтэй хамт ирнэ
Дуулж эхлэх минь гудамжны төгсгөл дэхь танай цонхноо лав хүрэхгүй
Амар тайвны дуут дохио, ноход л хуурай цухалдах шөнөөр
Ахиад л би, чам руу дуулах дуртай дуу шиг ээ, хөвөрсөөр очно.

II.
Үл тайлагдах үзэмжит байгаль юу
Үмхлэх салхинаа таримал бутыг ч таалах нь
Иргэншил хүссэн шинэхэн шинсэний гижгийг хөдөлгөх
Хотын минь байгаль- шөнөөр сэтгэлд ийн шижиртэнэ.

III.
Санах гэдэг өвчин нэн түргэн сэдрэх
Бүүдгэр ийм шөнө 
Соно адил гэрэлтээд далавчаа хумив, би
Аварга том амьтны тэмтрүүл мэт
Аяа, сэтгэл гэдэг учраа үл оллоо.

IV.
Өглөө үйрүүлсэн гунигийг минь 
-салхи аль хэдийнээ жижиг шувуудтай хамт тоншиж идээд баржээ.
Өнөө миний гуниг, шувууны бас салхины гуниг болоо биз ээ.
Өө, миний шинэ гунигийг яг одоо, чи л нэхэж суугаа бизээ.

V.
Дуулах дуртай дуу 
Аль уулзвар дээр зогсоо нь үл мэдэгдэх сарны гэрэл шиг
Дэгдсээр чиний үзэсгэлэнт төрхтэй хамт ирнэ
Дуулж эхлэх минь гудамжны төгсгөл дэхь танай цонхноо лав хүрэхгүй
Амар тайваны дуут дохио, ноход л хуурай цухалдах шөнөөр
Ахиад л би чам руу дуулах дуртай дуу шиг, ээ хөвөрсөөр очно.

2017.11.01

***

Хол явахаар чинь санасан
Ойр ирэх гэхээр чинь би дөлнөм
Ховор хүмүүс бие биенээ ийн олсон
Хоосон лонхны цаана чи бид хоёр
Хомсдолтой гэмээр яриаг үүтгэж, үдэж
Олон үдэшийг дан дангаар тийн барнам.

Очоод авах уу гэх, эр 
Хэрэггүй гэх, эм
Одоо гэр рүүгээ харих 
Хичнээн дургүй хоёр хөл

Огторгуй тэнгэр, цасан хялмаа
Осгосон өдрийн цас цардмал зам дээр 
-Гулигадис шиг хэвтэнэ.
Бүгдийг тийм үзэсгэлэнтэйгээр дүрслэх
Чиний тув тунгалаг нүд, одоо надад үгүй

Гэрийн чинь үүдээр өнгөрлөө
Цасан гуталтай салхис мөрийг чинь аль хэдийнээ баллажээ
Гэнэт надад өвлийн үдэш тааламжгүй санагдаад
Цэвэрхэн эвхсэн ороолтоо тааламжтайяа суг татан өвлийн салхинд үдэв
Гэм зэмгүй чамд минь, 
-эсвэл бээрэх шахсан нүцгэн мододын хүзүүнд илүү зохих болтугай! зохирох болтугай!

Асуултууд

Чи намайг санаж байна уу
Чийг нивчэх жижиг өрөөндөө
Чимхэх төдий өвдөлтөөр 
Сэтгэл чинь дүүрч байна уу

Хаалганы чинь цаана
Өрөөсөн өвдөг дээрээ борхирон суугаад
Хаа нэгтээ рүү зугтаачихмаар
хариултыг чинь сарнайндаа дуулгамааргүй
байсан сан

Үг дуугүй тэврэлтийг би бодоогүй, чи ч хайгаагүй
Үхэхээс урьтаж хийх зөв үйл энэ л байлаа
Үйлийн үр минь чи л байлаа
Үр үндэс минь сарнай л байлаа

Яг одоо чи тэнд, энд би
Ямар их санаж байна аа
Ялгаагүй дэргэдээс чинь холдоогүй ч 
Чамайг би санаад эхлэчихдэг шүү

Би чамайг санаж байна
Биенийхээ эс бүхэнд чамайг агуулаад
Үнэрийг чинь өөртөө цуглуулаад
Үнэндээ энэ борооны төгсгөлд нил цэцэг болгон агаарт цацах гэж байна

Чи намайг санаж байна уу
Чийг нивчэх жижиг өрөөндөө
Чимхэх төдий өвдөлтөөр
Сэтгэл чинь дүүрээд
Чи надаар дутаж байна уу?

 

 

 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2018-05-05 16:57:40 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх