Шүлэг: Х. Нямхишиг Оруулсан Bataka Огноо: 2018-03-30 22:10:35 (10298 уншсан)
Атгасан гар шиг нэгэн байшинд,
Алганы хонхор шиг өрөөндөө
бэхсийг зуурч
багсыг шүүрч амуй, би.
Орхиод явсан хүрэмний чинь дээр
тод шулуун үс зурнам.
Огтор хормойных нь дор
хос шулуун хөл зурнам.
Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй
Зугуухан эргэн харах чи,
инээх ч үгүй, уйлах ч үгүй.
Учир нь би инээдийг чинь,
нулимсыг чинь ч зурж чадсангүй
Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.
Үс болоод хөлийг чинь
нулимсаараа баллуурдсаар,
Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал
Хоймрын цаг минь амьсгал хураанам.
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Бусад | Шинэчилсэн огноо: 2018-03-30 22:10:35 )
|
||