BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Урианхай 	Д	 Шүлэг: Д.Урианхай : Мөнхийн шалтгаан
Оруулсан admin Огноо: 2014-01-03 15:52:41 (12085 уншсан)

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Урианхай Д | Шинэчилсэн огноо: 2026-09-30 21:31:48 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2026-08-02 Уярам
2015-12-11 ямар сайхан үнэн үгтэй шүлэг вэ
2015-08-16 Mongol hun bol ene delhiig buteegchid" mongol hungui geer delhiig tosoolohguin argagui, ter tusmaa mongol yaruu nairagchaar
2014-04-05 Бас л аугаа гүн ухаан юм даа. Сүүлдээ ертөнцөөс тасраад явчих шиг л боллоо.
Дэндүү сайхан бичжээ.
2014-02-13 Tanii shulguuded bi hachin ih hairtai. Ene unen ug shuu. Ts mini urt nasalj udaan jargaarai.
2014-02-11 гайхамшиг...
2014-02-11 гайхамшиг...
2014-01-20 гайхалтай хэлжээ яаж ингэж уран яруу хэлж чаддаг байна аа хүний авъяас гэж
2014-01-20 gaihaltai hun yumaa basl pilsopi yunm daa
☕ Кофе авч өгөх