Өгүүллэг: Б.Золбаяр : Наранзаяа Оруулсан admin Огноо: 2008-08-04 23:36:56 (11271 уншсан)
Хар-Ус нуурын хөвөөнд. Хоёр жилийн өмнө билээ. Наймдугаар сарын нэгэн налгархан өдөр усны долгио ширтэж суусан юм. Аясаар дөлгөөхөн бидэртэх нуурын мандлыг харж суух амгалан жаргалтай. Хэзээ ч юм бэ, үл мэдэх нэгэн өдөр ингэж суусан мэт санагдах нь хачин сан. Тэгэхэд манай аяллын багт өнөө Оскарын шагналд "Ингэн нулимс" нь дэвшиж асан найруулагч Д.Бямбасүрэн нар явсан юм. Тийнхүү хэдэн хоног явж ирээд "Бүгээн" хэмээх эсээ тэмдэглэл бичиж уншигчдадаа хүргэсэн билээ. Үүнийг дурдахын шалтгаан гарлаа.
Уншигч та эхлээд тэрхүү нийтлэлийн жижигхээн хэсгийг эргэн уншина уу хэмээн учирлая... Нуурыг харан суугаа миний дээгүүр "жиуун хурга, жиуун хурга" гэж нэгэн жаалхан цагаан шувуу хашгичин ниснэ. Хэд хэд ингэж дуудчихаад чимээгүй алга болчихно. Хэсэг байж байгаад хэн нэгнийг хайгаад олохгүй л байна гэсэн шиг буцан үглэн хашгичсаар ирээд эргэлдэн ниснэ. Тиймээ, энэ шувуу хэзээ ч юм эртийн эрт цагт ийн жигүүртэнд хувилсан хүүхэд юм. Хэлээ цуцтал юуг тийнхүү дуудан хайсаар яваа тухай нь гунигт домгийг ярьж өгье.
Хар Ус нуурын үлгэрийн нэгэн орой ажээ. Зэлтэй унага, тугал улайран алаглаж, хүүшилсэн нарны сүүдэрт зээрийн сүрэг бялхан гэрэлтэж байсиймсан уу. Хүмүүсийн сэтгэл жаргалын мананд бүгээнтэж, саах саадагтаа түүртсэн цаг ажээ.
Нуурын хөвөөнд нэгэн айл байжээ. Тэднийх нэг хүүтэй бөгөөд тэрхүү хөвгүүн өдөр бүр зуун хургаа хариулна. Нэгэн өдөр балчир хүү тоглоом наадгайдаа сатаараад зуун хургаа алдчихаж. Ингээд ирэхэд нь ээж нь уурлан загнаж "Хургаа олж ир" гээд буцаан хөөжээ. Үдшийн гэгээ бөхөж асан тэр үед айж сандарсан бяцхан хүү нуурын эрэг хөвөөг самнан Зуунхурга, Зуунхурга, Зуунхурга гэж дуудан цурхиран уйлан хайлж яваад уснаа эндчихсэн гэдэг. Ийнхүү нуурын хөвөөн дэх энэ айл зуун хургаар хүүгээ сольжээ. Зуун хургаа алдсан хүүгийн нь сүнс шувуу болчихоод, эхийгээ бас араас нь энэлэн шаналан хайж явахад нь зуун хурга, зуун хурга, зуун хурга хэмээх улигт дууныг давтан эргэн тойронд нь эргэлдэж байсан гэнэм. Гунигт энэ явдлын ул мөрийг сануулан зуун зууныг элээн хургаа хайж яваа энэхүү хүн-шувуу өнөөдөр бас надаас сураглалаа. Зуун хургаа олоод ээждээ очно гэж бодсоор л яваа бололтой. Үдэш би эндээс явчихна, өөр хэн нэгэн ирж магадгүй. Хэрэв тэгвэл энэ шувуу түүнээс "Хэлээд өг, хурга минь хаа байна" гэсэн шиг хэрж урдуур хойгуур нь нисээд сэтгэлийг нь сэмлэх вий. Нар жаргахын өмнөхөн алдсан хургаа олоод гэгээ татрахаас өмнө гэртээ очих сон гэж тийнхүү бачимддаг гэдэг билээ. Ийм нэгэн шувуу тийм нэгэн домгийг өгүүлэн Хар Ус нуурт амьдарсаар байна...
Ийнхүү бичиж байжээ. Энэ бол домог юм. Харин одоо өгүүлэхийг минь зүрхээ чагнаж уншаарай. Мянга есөн зуун наян дөрвөн оны намар ажээ. Намрын хул хонгор өдрүүд алгуур алгуураар цаашилж, усны шувууд зэллэн ганганаж, Богд уулын оройд үе үе харанхуй будан үймрэн тунарч, нэг л тийм гуниглуун, нэг л тийм сэтгэл дэвсэн цаг. Тэр үеийн Улсын банкныхан одоогийн Улаанбаатарынхны бурхан болоочдоо нутаглуулдаг Нарангийн тэнд чулуу бэлтгэж байжээ. Тэгэхэд тэрхүү чимээгүй хот эдүгээнх шиг их үргэлжилж тэлээгүй байж. Гэхдээ л өөд бологсдыг хөдөөлүүлдэг байсан байна.
Намрын тэр нэг өдөр мөнөөх чимээгүй хотын дунд бяцхан хүүхэд явж байхыг тэнд чулуу бэлтгэж байсан хүмүүсийн нэгэн болох банкны ажилтан харжээ. Эхний өдөр яагаад ийм газар жаахан хүүхэд явж байгаа юм бол доо гэсэн шигийг бодоод өнгөрч. Гэтэл маргааш нь дахиад л байж гэнэ. Бүр нэг шарилын өмнө бохирон суугаад ямар нэгийг хичээнгүйлэн, нямбайлан суух юм гэнэ. Тэсгэлгүй яваад очиж. Дөнгөж долоо наймхан настай бололтой, сөөвийсөн нялх охин хүн хажууд нь ирэхийг ч анзааралгүй урдахаа чимэглэн сууна гэнэ. Жихүүн салхи сул унжсан туг үсийг нь хийсгэн шилбүүрдэж, давхар цамцтай атал бие зарайлгам тэр л хүйтэн салхи хүүгтэл сэрчигнэхүй бөмбөлзтөл чичрэн суухдаа мөнөөх булшаа чимэглэхээ умартсангүй. Тэр хажуудаа өнгө өнгийн гоёмсог чулуу түүн авчирч асгажээ. Тийнхүү түүж явахдаа урсан бололтой. Даашинзны нь хормой цоорхой. Бас баахан чихэр боов авчирч асгасан нь тэр үеийн хамгийн үнэтэй, амттай нь.
Охин чулуунуудыг хормойндоо зүлгэн арчаад булшийг тойруулан зээглэсэн нь хоёр гурван давхар. Хилийн дээс мэт. Охин арван зургаагийн "Хавар" чихэр тэргүүтэн амттанаар шарилыг битүү хучсан нь бунхан мэт. Охин тэрхүү шарилыг тойрон чимэхдээ босч алхаагүй нь илт, хоёр өвдөг нь эвэршээд саарьтчихсан. Охин олон хоножээ, ийм байдалтай. Үс нь ширэлдэж, нүүр халтартсаныг үзвээс. Гагцхүү энэ шарилыг л дээдлэхийн их ухаан, их хайр түүнд сэрүүн намрын тэр л өдрүүдэд тулгагджээ. Зүрх зүсэм, элэг эмтрэм ийм хэцүүг мөнөөх залуу үзээгүй тул машид өрөвдөн, зүйрлэшгүй гуниглажээ. Өнгө өнгийн чулуугаар тойруулан зээглэж хүрээ татсан, өнгө өнгийн цаастай чихрээр битүү зүйж бунханчилсан шарилын өмнө өчүүхэн жаахан охин зэвэргэн салхинаа бөгтөлзөж суухыг ийнхүү харахдаа бараг зогсоогоороо хөшиж орхисон байна. Тийнхүү хөшиж орхисон нь өрөвдөж энэрэхийн зүрх нь базалж, өр нинжин сэтгэл нь уймсных байлаа.
Тэгээд залуу арайхийн ам нээж энд хэн байгаа юм бэ гэж асуужээ. Өнөөх охин түүн рүү ч харсангүй, "Ээж минь л байгаа юм" гэжээ. Манантай Дүнжингарав уул магнайг нь дарж унах шиг болжээ, тэр үгийг сонсоод. Ертөнц хорвоогийн хатуу хөтүү энэ бяцхан амьтанд ингэж ч нигүүлсэлгүй хандах гэж дээ хэмээн бодож эргэхдээ, халаасандаа байсан чихрээ өгөөд "Миний дүүг хэн гэдэг билээ" гэж асууснаа эдүгээ там тум санах ажээ. "Заяа..." гэж хэлсэн санагддаг гэж мөнөөх банкны ажилтан эдүгээ шимшрэн дурсч байна.
Мөнөөх залуу тэр охинтой ийнхүү уулзсаныхаа маргааш нөгөөдөрхөн Москва руу Банкны ажилтны олон улсын хуралд суухаар нисч явахдаа энэхүү явдлаа бодсоор л явж. Тэнд очоод сар болохдоо нэг ч өдөр мартсангүй. Ээжийнхээ шарилыг чихрээр бунхалсан охиныг өрөвдөн бодсоор Монголдоо буцаж иржээ. Ирснээсээ хойш төд удалгүй мөнөөх Наранд хэрэг болгон очсонд охин байсангүй. Харин чихрэн бунхан байснаараа л. Чихрэн бунханд унтсан эхийнхээ хөлд бохирон суугаад хүүхэлдэйгээ өлгийдөх мэт нандинаар, булбарайхан гараараа дөнгөж сая засч чимэглээд явсан мэт байжээ.
Нулимс нь өөрийн мэдэлгүй урсч байлаа. Чимээгүй хотын манаачаас сураглажээ. "Хойт аавтай юм шиг байна лээ. Манайхаар ганц нэг хоносон. Бурхан болоочоо тавиад буцсан улсын идээ чихрээс ээжийнхээ булшинд өдөр болгон нэмж тавьдаг байсан. Гэнэт л алга болчихлоо" гэж өгүүлжээ.
Энэ өдрөөс хойш тэрхүү Наран гэдэг газарт байсан Заяа хэмээх охины тухай үргэлж бодсоор амьдарч иржээ. Яг л Хар-Ус нуурын мандал дээгүүр "Зуун хурга, Зуун хурга" гэж хашгичин нисэх мөнөөх шувуу лугаа адил "Наранзаяа, Наранзаяа" гэж санан дурссаар, хайсаар. Тэгээд сэтгэл тэвчиж эс чадаад "Зуун хургаа олоод гэртээ ирэх домгийн шувуу шиг битгий төөрөөч. Чиний аз жаргалын шувууг би болоод гэгээн элбэрүү сэтгэлтэй монгол түмэн чинь нисгэнэ, Наранзаяа чи хаана байна" гэж бүх Монголоороо эрж эхэлжээ. "Наранзаяа чи хаана байна. Чамайг олохыг мөн чиг хүсч байна. Наян дөрвөн оны намрын тэр нэгэн өдрийн "Заяа" охиныг бидэнтэй уулзуулж өгөөрэй, сургийг нь гаргаж өгөөрэй, эрхэм уншигчид аа" гэж тэр өгүүлж байна. Энэ бол домог биш үнэн явдал. Цуурхал биш бодит түүх. Уулзан учрахын хорвоо юмсан даа.
Баастын Золбаяр
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:40:21 )
|
||||