BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Д.Бадамханд: Анддаа
Оруулсан Bataka Огноо: 2005-06-07 17:04:30 (11423 уншсан)

Ерийн хэрнээ ерийн бус явахын минь эхийг тавьж
Ертөнцөд жигтэйхэн баян явах сэтгэлийг минь өөд өөд нь өргөөд
Хүний орчлонгийн сайхан бүхнийг амсаж, амтлахын минь үүдийг нээчихээд
Хүсээгүй, хүлээгээгүй хүний хэлээр хайрын үг сонсгосноо мэдэх үү, анд минь?! Хайр гэдэг ухаанаар ирдэг ч сэтгэл хол явдаг, бүр гүнд нь
Харин дурлал нүдээр учирдаг, ухаан сохолдог, ноцоод л дуусдаг
Хамгийн ойрхон яваасай гэсэн хүсэлд минь ах гэсэн ацаг тавьчихаад
Холын тэртээг чи зориод одсон, би хоцроод л үлдсэн
Хамгийн үнэнч андууд голын эрэг шиг хоорондоо нийлдэггүй ч бас салдаггүй
Хатуу бэрх зовлон тохиолдоход бүхнээс түрүүнд тэврэлдээд золгодог
Харь дайсан хийгээд ханиа хазагсдын дунд ганцаардахад чинь
Хуяг үл нэвтлэм бамбай болон сум тагладгийг санаж яваарай, анд минь

Оюутны ширээний ард чи бидэн өчнөөн ярилцахдаа
Одоо бодох нээ хамгийн голыг нь орхиод юуг ч мэдрээгүй, тэгээд л салж дээ
Өнөөдөр харин бид зэрэгцээд явах заяатай байж
Өнгөт энэ орчлонгоо аврах хамгийн нандин мэргэжилтэй ч болж
Свердловск, Курганд очингоо чамтай би таарч байсангүй
Сээтэн хаяж, хүүхнүүдийн ижил эргүүлж явсангүй

Үе үехэн санахаараа эхнэрэй гээд жийрхдэг байсан
“Үгүй би чинь...” гээд утас залгачихаад таслачихдаг байсан
Нялх хүүхдийг хайрладгийн адил чи бидэн ижилхэн сэтгэж яваад баярладаг
Нялуун үгээр арчиллыг магтаж, мулгуу болгон мохоохгүйгээр чинь бахархдаг
Яг л түүн шиг би чамд биеэрээ биш сэтгэлээрээ мөнхөд эрхлэнхэн
Ялгуухан энэ сарны дор ганцхан чинийх мэт аашилдгийг минь өршөөгөөрэй анд минь

Хайр гэдэг ухаанаар ирдэг ч сэтгэлд хол явдаг, бүр гүнд нь
Харин дурлал нүдээр учирдаг, ухаан сохолдог, ноцоод л дуусдаг
Хамгийн ойрхон яваасай гэсэн хүсэлд минь ах гэсэн ацаг тавьчихаад
Холын тэртээг чи зориод одсон, би хоцроод л үлдсэн
Хамгийн үнэнч андууд голын эрэг шиг хоорондоо нийлдэггүй ч бас салдаггүй
Хатуу бэрх зовлон тохиолдоход бүхнээс түрүүнд тэврэлдээд золгодог
Харь дайсан хийгээд ханиа хазагсдын дунд ганцаардахад чинь
Хуяг үл нэвтлэм бамбай болон сум тагладгийг санаж яваарай, анд минь!

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2005-06-07 17:04:30 )

☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх