BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.ҮРЖИНХАНД : НАМРЫН МОДОД
Оруулсан Bataka Огноо: 2026-10-02 10:54:02 (132 уншсан)


Намрын модод - миний аль эртний танил,
Нам гүмхэн бодолд автан найгалзана.
Нууцын нууцаас бороошиж хуралдсан
Нулимс минь өөрөө бороон дусал ч юм уу?
Нарны цацраг навчинд хувилсан юм шиг
Нандин сэтгэлийн торгон мэдрэмжүүд
Намайг хөглөж, намуухан хөгжимдсөөр,
Найрсан нахилзах хуучны найзууд юм уу?
Өндөр шилэн барилгууд дундаас
Өндийхөөрөө өндийж, над руу даллана.
Өнгөрсөн үеийн сайхныг сануулах гэж
Өрөвч зүрхний минь утсыг хөнддөг юм уу?
Солонгон өнгөнд дурсамж минь шингэж,
Салхины үзүүрт гуниг минь шингэрнэ
Намар болгон надтай л болзохын төлөө
Намирсан шаргалаа тээсээр ирдэг ч юм уу?
          
               2026.09.28
Эх сурвалж :  Э.ҮРЖИНХАНД    https://www.facebook.com/share/p/19jwZFwypd/
   


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Үржинханд Э | Шинэчилсэн огноо: 2026-10-02 10:54:02 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх