Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР АА... Оруулсан Bataka Огноо: 2026-09-30 21:42:39 (130 уншсан)
Зурагдаагүй гунигийг минь ямар гоё зурна вэ намар аа
Зул өвснийхөө үзүүрээр ямар гоё сийлнэ вэ намар аа
Хөнгөдсөн шаналанг минь яагаад иймээр бүтээнэ вэ намар аа
Хөл дүрсэн шүүдрээрээ яагаад ингэж ариусгана вэ намар аа
Бичигдээгүй уйтгарыг минь ямар нууцхан бичнэ вэ намар аа
Бийр зуусан шувуудаар ямар чимээгүй урлана вэ намар аа
Хэвлэгдээгүй бодлыг минь ямар аажуухан хэвлэнэ вэ намар аа
Хээр талынхаа салхиар яасан зөөлхөн сэврээнэ вэ намар аа
Хайртын минь үсийг ямар тансаг хийсгэнэ вэ намар аа
Хар нүднийх нь сормуусыг ямар аниргүй чийгтүүлнэ вэ намар аа
Дээлнийх нь өнгийг ямар хурдан гандаана вэ намар аа
Дэн бөхдөг үдшээрээ яагаад түүнийг ганцаардуулна вэ намар аа
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Чагнаадорж Ч | Шинэчилсэн огноо: 2026-09-30 21:42:39 )
|
||