BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ю.Төгөлдөр : Цэнхэр цэцэг
Оруулсан Төгөлдөр Огноо: 2026-08-24 02:06:45 (400 уншсан)

Үүлс оршуулгын цуваа адил хөвхөд түүний цонхоор нэгэн эмэгтэй уйлж байх шиг чимээгүй, дүнсгэр бороо. Тэрхүү бороон дуслууд цонхоор үзэгдэх бүхнийг сарниулах бөгөөд миний урд талын суудалд суусан ээжтэйгээ яваа хүү л хэн нэгний нулимсыг арчих адил дуслаар тоглоно. Хүүгийн нүдэнд усан бөмбөлгүүд уралдаж, урд хойноо орж, хэн нэгнийг нь дэмжиж байгаа. Харин надад тэдгээр дуслууд дээрээс унахдаа бусад жижиг бөмбөлгүүдийг түүсээр түүндээ тогтохоо байсан хүний гуниг эсвэл уур хилэнг л бодогдуулна. Хүн магадгүй амьдралыг томьёог хайж эхэлсэн цагаасаа амтыг нь мартдагийг эндээс харж болох байх. Автобусанд өнөө хүүгийн ярин шулганахаас өөр чимээ анир бараг гарсангүй.
Бид эндээ, нэг байрандаа урагшлахгүй түгжрэлд зогссоор гучаад минут лав л болсон байх шүү. Энэ бүхнээс уйдсандаа чихэвчээ гарган зүүгээд цонхоор ширтэхэд машинууд нэг газраа таг гацсан нь цаг хугацаа зогссон мэт боловч хүний хөдөлгөөн л хааяа хааяа амь оруулж, амьдрал амьсгалж байна. Эхний дуу дөнгөж явж эхэлмэгц яах аргагүй хамгаас их дассан нэг үнэр миний хажуугийн суудлаас ханхийхэд хэн нэгэн байгааг гэнэт анзаарав. 

Харамсалтай нь мөн байлаа. Тэр цагаан цамц, шар өнгийн урт юбкатайгаа миний өөдөөс бага зэрэг инээхэд хүрэн бор сул тавьсан үснээс нь цэцэгсийн, миний дассан үнэр үнэртээд тунгалаг бор нүдээрээ инээж байв. Яагаад ч юм түүний нүд рүү харахад гэрээсээ хол байгаа надад тал нутгийн минь намрын бор толгод хийгээд ангаж, ундаассаны хойно гэртээ ороход байж байдаг бор цай санаанд ордог байж билээ. Би шууд л түүнтэй ярилцахыг хүссэндээ чихэвчээ яаран авах гэтэл тэр гараараа зангаж болиулаад, зүгээр л дуугүй ширтсээр.

Надад асуух зүйл маш олон байсан. Тэр зунаас хойш хэр байгаа, ажил нь сайн эсэх, дүүгийнх нь хурим хэр болсон, төрсөн өдөр чинь хэзээ юм, Варшавтаа амьдарч байгаа юу, үгүй адаглаад л тэр шөнө үнэн зүйл хэлсэн эсэх гээд л. Саяхан орчуулж түүнд илгээсэн Mxrnigstar хамтлагийн “бодлын гүнээс” дууг ядаж сонсож үзсэн болов уу. Даанч тэр ярилцахын хүссэнгүй, хэрэг ч үгүй гэж бодсон юм болов уу даа. Ямартай ч тэр хэсэг ширтсэний хойно мөрийг минь дэрлэхэд тэр үнэрийг илүү тодоор дахин үнэртэх болсондоо туулийн их баяртай байлаа. Ямар цэцэг гэдгийг нь яг сайн мэдэхгүй нь, ямартай ч цэнхэр өнгөтэй байх.  

Бороо зогсож, замын түгжрээ ч арилж цаг хугацаа дахин урсаж эхлэхэд тэр байхгүй болсон байв. Дуу дуусчхаж, гэхдээ үнэр нь байсаар л байна. Яах аргагүй л цэнхэр өнгөтэй цэцэг байх...

Юмчингийн Төгөлдөр


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2026-08-24 02:06:45 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх