Шүлэг: Д.Бадамханд: Хүүдээ хэлэх үг Оруулсан Bataka Огноо: 2005-06-07 14:22:01 (15096 уншсан)
Энгэрээд минь асаад тэврүүлэх гэж
Эрүүнээс минь түлхээд босгох гэж
Ижийтэйгээ тэврээстэй алхах гэж
Энэ ганцхан чиний минь хүсэл юм гэж үү үр минь?!
Шургаж бүдчин унаж боссоор
Шулганаж дультран юм ярих гээд
Өдөр хоногоор чи минь өсч
Өөрийн эрхгүй хайрыг минь булаана Зөв буруу ч гэсэн нэгийг хэлчихээд
Зүггүйхэн нүдээрээ инээн ичингүйрээд
Харснаа авах гэж хааяа зөрүүдлэхээрээ
Хонгон дээрээ алгадуулаад гомдоллон уйлдаг
Аавгүй өссөн бага насаа
Аархаж битгий чамлаарай, хүү минь
Ач, зээгийнхээ дайтай чамайг дээдэлсэн хүмүүсийн
Ачийг нь харин мартахгүй ухаантай яваарай
Өөртөө ахадсан ачаа үүрлээ гэж
Өөдөсхөн чамайг тээж явахнаа зэмлэсэн нь ч бий
Эрчилсэн хуй шиг амьдралын шуурга нүдгүй балбалаа ч
Ээж нь ачаандаа түүртэлгүй үүрээд л гарсан
Тээгээд төрүүлсэн ийм нэгэн заяаг
Тэнцэж ядсан чи бидний амьдралыг
Чамгүй үнээр олдсон жаргалын
Чанадын үнэн үнийг ойлгож таниарай миний хүү
Ихэр ботго шиг явах агаатай хүн шүү чи
Ижийгийхнээ өссөн гэрийн түшигтэй юм шүү чи
Имрэн имрэн хөхсөн сүүгээрээ амилсан юм шүү чи минь
Ижийн сайхан сэтгэлээр гагнаастэй юм шүү, амьдралд
Алдаж онодог амьдралын зааган дундаас төрсөн ч
Авир хатуухан хорвоогийн аашийг уяраасан хүү минь
Дутуу дулимаг бүхнийг минь гүйцээж ирсэн юм болохоор
Дуулим энэ хорвоод ижий нь одоо хөлтэй хүн, хүүтэй хүн
2002.08.04-07
(
Сэтгэгдэл бичих? |
Шүлэг |
Шүлэг
|
Шинэчилсэн огноо: 2005-06-07 14:22:01
)
|
||