-Уйлахгүй, уйлахгүй, уйлж болохгүй ...
Аньсаганд нь нулимс дүүрчихээд юу юугүй халихийн даваан дээр бүсгүй ингэж сэтгэлдээ шивнээд, аньсгаа давах гэж байсан нулимсаа дотогшоо залгичихна. Тэр нулимс цээжин дотор нь хуралдсаар бүр үер болж, хамаг эд эрхтэн нь живчих шахан амь тэмцэж байгаа ч бүсгүй нулимсаа гадагш огт гаргахгүй, яг тэнд, цээжин дотроо насан туршид нь хорихоор шийджээ. Хэн нэгэн түүнд хэчнээн ч удаа билээ, магадгүй тоог нь алдсан биз, эсвэл огт ойшоогоогүй болохоороо анхнаасаа тоолоогүй,
-“Нулимсаа гадагш нь гаргаж бай. Цээжин дотор чинь үерлээд, наад жижигхэн цээж чинь нэг л өдөр дэлбэ үсэрчихнэ шүү” хэмээн шоглох, учирлах хоёрын хооронд хэлсэн санагдана. Гэвч бүсгүй:
-“Дэлбэрч л байг. Тэр үед хүмүүс намайг уйлж байна гэж огт бодохгүй шүү дээ. Зүгээр л цээжинд нь ус дүүрчихсэн байж дээ гэж бодно биз. Тэр цагт нулимс чи хэнд ч нулимс гэж харагдахгүй, зүгээр л нэг муу ус мэт харагдах болно” гэж өөрийгөө зоригжуулна.

Уг нь энэ бүсгүй өмнө нь бусдаас нууж уйлдаг байсан юм. Гэтэл одоо бусдаас байтугай, өөрөөсөө ч нууж уйлахыг хүсэх болжээ. Тиймдээ л нулимсаа огт гадагшаа гаргахгүй байхаар шийдсэн нь энэ аж.
Ц.БАТТУЯА 2011-01 сар