BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Э Үржинханд

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.ҮРЖИНХАНД : НАМРЫН МОДОД
Оруулсан Bataka on 2026-10-02 10:54:02 (132 уншсан)


Намрын модод - миний аль эртний танил,
Нам гүмхэн бодолд автан найгалзана.
Нууцын нууцаас бороошиж хуралдсан
Нулимс минь өөрөө бороон дусал ч юм уу?
Нарны цацраг навчинд хувилсан юм шиг
Нандин сэтгэлийн торгон мэдрэмжүүд
Намайг хөглөж, намуухан хөгжимдсөөр,
Найрсан нахилзах хуучны найзууд юм уу?
Өндөр шилэн барилгууд дундаас
Өндийхөөрөө өндийж, над руу даллана.
Өнгөрсөн үеийн сайхныг сануулах гэж
Өрөвч зүрхний минь утсыг хөнддөг юм уу?
Солонгон өнгөнд дурсамж минь шингэж,
Салхины үзүүрт гуниг минь шингэрнэ
Намар болгон надтай л болзохын төлөө
Намирсан шаргалаа тээсээр ирдэг ч юм уу?
          
               2026.09.28
   


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хүүхэд нас минь
Оруулсан admin on 2026-09-30 10:41:36 (13511 уншсан)


Амьдралын зөргөөр дуулалдан одсон сар жилүүд
Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ
Орчлонгийн хуулиар уйлалдан ирсэн зовлонт зүрхнүүд
Он цаг өнгөрсөн ч эргэж мэндлэнэ гэж үү дээ
Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ
Уйтгар зөгнөсөн шаргалхан намрын шувууд минь
Дуулаад л хоцроход нуур нь царцсан шүү дээ
Уянга сөгнөсөн гэгэлгэн салхины урсгал минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗӨН СОВИНГИЙН ӨЛГИЙ
Оруулсан Bataka on 2026-07-28 14:40:44 (230 уншсан)

Халдаж хөндөхийн аргагүй
Хурмастаа тольдсон байгаль минь
Чулууд нь хүртэл шивнэлдэх
Цул амьдын орчлон минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд суудалтай эх орон
  Зөн совингийн өлгий 
 Магтан дуулавч ханамгүй
Манандаа тухалсан хангай минь
Өвс нь хүртэл үг хэлдэг
Өнө мөнхийн эгшиг минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
   Зүрхэнд дэлгэрсэн орон
  Зөн совингийн өлгий 
 Харах нүдээ салгамгүй
Харц булаам тоонот та
Салхи нь хүртэл уулсаа зорьдог
 Хаадын шүншигтэй голомт минь
 Зүйл бүрээр ивээсэн
  Зүйрлэшгүй нандин нутаг 
 Зүрхэнд тод гэрэлтсэн
Зөн совингийн өлгий 
    Э.ҮРЖИНХАНД
       2026.07.28


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ОНЫ СҮҮЛЧИЙН ӨДӨР
Оруулсан Bataka on 2025-12-31 22:28:36 (3506 уншсан)

Оргилуун дарс шиг сэтгэлээ тогтоон барьж тунгаая
Оволзон хөвөлзөх зүрхээ даран байж чагная
Оносон ухаарсан болгоноо эргэн нэг харъя
Огоорсон эгээрсэн бүхнээ зургийн цомог шиг цэгцэлье




( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар
Оруулсан admin on 2025-10-01 10:40:37 (8253 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ХОЙШЛУУЛСААР…
Оруулсан admin on 2025-07-31 16:01:43 (5078 уншсан)


"За, яах вэ" гэсээр
Цаг хугацаа урслаа
"Зав гарахаар" гэсээр
Зуны цэцэгс зулгарлаа
"Тэгж байгаад" гэсээр
Тэнгэрийн өнгө сэрүүслээ
"Тэгсгээд болоё" гэсээр
Тэмдэглэлийн хуудас цайрлаа
Хойшлуулсаар хоцорлоо
Хором алдалгүй эхэлье
"Маргааш маргааш" гэсээр
Мөрөөдлийн зам бүдгэрлээ
"Нэг л эхэлнэ" гэсээр
Намар ч айлсаад ирлээ
"Асуудлын ард нь" гэсээр
Амьдралын өнгө гандлаа
"Дараа дараа" гэсээр
Давшгүй тоосонд дарагдлаа
Алгассаар... замхарлаа
Алив — одоо л эхэлье
     Э.ҮРЖИНХАНД
           2025.07.30


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Мэдээ: Э.Үржинханд : Шинэхэн таримал модод сэхийнэ ...
Оруулсан admin on 2025-06-30 13:46:54 (5686 уншсан)

***

Шинэхэн таримал модод сэхийнэ

Сэргэг шинэ совингоор тэмүүлнэ

Ширхэг ширхэг борооны дусал

Шивнээ шиг сэрүүн бодолд шивэрнэ

Ганцхан зуны ургамал шиг харагдавч

Газар тэтгэсэн түүх нь цаглашгүй 

Зулайд нь бүжиглэх дусал бүхэн

Зуны тэнгэрээс зүрхлэн шаагилдана

Өндрөө гайхуулна гэдэг өсөлт бус 

Өөрийгөө өргөмжлөх нь хөгжил бус

Тэр залуухан модод хүртэл сануулна,

Тэвчээрийн эцэст таашгүй бэлэг угтдагийг.

      Э.ҮРЖИНХАНД

         2025.06.26

May be an image of tree, nature and fog

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Мэдээ: Э.Үржинханд : СЭТГЭЛИЙН ЧИМЭЭ
Оруулсан admin on 2025-06-30 13:44:59 (5683 уншсан)

Сонс доо…
Чимээгүйд дуу байдаг
Сэтгэлийн дотоод аглаг дахь
Сэрүүн шивнээ үл мэдэгдэнэ
Өөрийнхөө дуунаас давчихаад
Өөрийгөө сонсохоо больчихсон 
Бодол болгондоо эзлэгдчихсэн
Борхон зүрхээ булаалгачихсан
Зовлон гэдэг дайсан биш 
Жаргал гэдэг шагнал биш 
Эгшиг ч үгүй, үг ч үгүй
Гүнээс цуурайлах тэр л чимээ 
Байнга хамт байсаар л байхад 
Бас л мэдрэхээ байчихсан
Үнэн дуу хоолойгоо
Өөрийнхөө ертөнцийг,
Чагна даа ...
Сэтгэлийн чимээгээ

     Э.ҮРЖИНХАНД
           2025.06.27
May be an image of heart

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЭНХИЙН ЦЭРЭГ БҮСГҮЙ
Оруулсан admin on 2025-03-18 14:57:51 (6046 уншсан)

Орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсч хөгжсөний 104 жилийн ойн баяр " Монгол цэргийн бахархлын  өдөр"-ийн мэнд дэвшүүлье
Монгол Улс Мандан Бадраг

Үг Э.Үржинханд                    Ая П.Эрдэнэбулган

Дуучин МУСТА П.Золзаяа

ЭНХИЙН ЦЭРЭГ БҮСГҮЙ 

Талын хонгор салхинаас
Тансаг монгол анхилна
Танил намуун аялгуу
Таатай яруу эгшиглэнэ
    Энхийн цэрэг бүсгүйн 
    Хайрын дуу энэ байна
      Эвийн цэцэгт нутгаас
      Дэлбээлсэн эрдэнэ энэ байна
Мөрдөст ганган мөрнөөс
Мөнгөн одод гялалзана
Мөнхийн ариун тангарагтай
Мэндийн дуулал эгшиглэнэ
               Дахилт 
Цэлмэг уудам тэнгэртээ
Цэнгэлт шувууд жиргэнэ
Цэнгэг урсгалт гол шиг 
Цэвэр сэтгэл эгшиглэнэ 
               Дахилт


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Мэдээ: Э.Үржинханд : "Хайрын эх орон", "Сэтгэлийн жимээр" хос ном уншигчдын гарт хүрлээ
Оруулсан admin on 2025-01-27 08:12:25 (6378 уншсан)


   
МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч Энхбаатарын Үржинхандын "Сэтгэлийн жимээр", "Хайрын эх орон" хос ном уншигчдын гар дээр очлоо. "Сэтгэлийн жимээр" номын шүлгүүдээр дамжин дотоод сэтгэлийнхээ жимээр аялах, бодит үнэнийг олж харах, дотоод ертөнц рүүгээ өнгийх, хувь хүн өөрийгөө таних ухамсрын сэрүүлэг нь болохын зэрэгцээ эерэг хандлага түгээхийг зорьжээ.
Харин энэхүү номтой ихэрлэн гарсан түүний найм дахь ном болох "Хайрын эх орон" яруу найргийн түүврээс халуун дулаан хайр, сэтгэлийн амар амгалан, эх орон хайр гэдгийг мэдрэх, бахархах, амьдралд дурлах, сэтгэлийн гэрэл гэгээ, эрч хүч, урам зоригийг мэдрэх юм.
Энэхүү хоёр ном агуулгын хувьд хоорондоо өөр өнгө аястай бөгөөд улс даяараа хос бичигтэн болж байгааг угтан уншигчиддаа шүлгээ уншингаа хөнгөн маягаар монгол бичгээ сайжруулахад нь тус болох зорилгоор шүлэг тус бүрийн ард монгол бичгийн хөрвүүлгийг хавсаргасан нь номын гол онцлог аж.
Зохиолч, яруу найрагч Э.Үржинханд нь 2010 онд яруу найргийн "Өөртөө үнэнч үлдэнэ", 2011 онд "Шувуутай цүнх" өгүүллэгийн түүвэр, 2012 онд "Хайр цацруулж..." яруу найргийн түүвэр, 2014 онд "Зөндөө хайртай" яруу найргийн цомгоо олон нийтэд хүргэжээ. 2015 онд туужийн "Хэзээ ч оройтохгүй", яруу найргийн "Алсын гэрлийн хэлтэрхий" номоо хосоор нь гарган олны хүртээл болгож байв.
   Богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадамд "Атаархал" өгүүллэгээрээ амжилттай оролцсон ба гадаад, дотоодын олон ном, сонин, сэтгүүлд бүтээлүүд нь хэвлэгдсээр байна. Ном болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц онцлог, илэрхийлэмжтэй. Өөр өөрсдийнхөөрөө таалан болгоогч уншигч танаа хүндэтгэн мэхийе.
Та бүхэн Интерном, Мир номын дэлгүүрийн салбаруудаас номоо худалдан аваарай.


( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЭЭЖ АЯЛГУУ
Оруулсан admin on 2025-01-08 11:12:32 (5871 уншсан)

Зээ, бас нэгэн хүүхдийн дуугаа өргөе.  Bel Canto Class төвийн уран бүтээл. МУСТА Bertsetseg Tsedensodnom багшийн шавь, гайхамшигт авьяаслаг, сэргэлэн цовоо Б.Болорчимэг охиноороо Oyukhaa Oyu бахархаж, сурлага, хөдөлмөрийн гялалзсан амжилт хүсье

Шүлэг Э.Үржинханд           Аялгуу Д.Түвшинцогт
Дуулсан Б.Болорчимэг

       ЭЭЖ АЯЛГУУ

Энгэрийн модод бүжнэ
Элэг зүрх минь баясна
Элбэрэлт ээж минь үрээ
Эвий зөөлнөөр бүүвэйлсэн
         Ээж минь та намайгаа
         Эвий зөөлнөөр бүүвэйлсэн
          Эгшиг яруу аялгуу билээ
          Эгшиг яруу аялгуу билээ
Голын ус нь мяралзана
Голт зүрх минь тайтгарна
Гоо ээж минь намайгаа
Гэгээн үүрээр энхрийлсэн
          Ээж минь та намайгаа 
          Гэгээн үүрээр энхрийлсэн
          Гэрэлт намуун наран билээ
          Гэрэлт намуун наран билээ
Уулын цэцэгс алаглана
Уярах зүрх минь нялхарна
Ухаант ээж минь намайгаа
Уяхан хайраар торинуулсан
          Ээж минь та намайгаа
          Уяхан хайраар торинуулсан
          Угтах амьдралын эхлэл билээ
          Угтах амьдралын эхлэл билээ
         Ээж минь та намайгаа
         Уяхан хайраар торинуулсан
         Угтах амьдралын эхлэл билээ
         Угтах амьдралын эхлэл билээ

https://www.facebook.com/share/p/127nwxAmNKY/




( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Мэдээ: Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо.
Оруулсан admin on 2024-10-29 17:41:46 (6336 уншсан)

Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн хайр хүндэтгэл дүүрэн эрхэм хүндтэй зочид, оюунлаг гэрлүүддээ чин сэтгэлээсээ талархнам. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ сангийн халуун сэтгэл халгисан Ичинхорлоо Баярхүү  ба ажилсаг хүнлэг хамт олонд нь, зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд үнэт цаг хугацаа чин сэтгэл, хөдөлмөрөө зориулсан Munkhbat Dulamdorj Bertsetseg Tsedensodnom Byambajargal MagsarBogd Gurvan Orgil Andrey Пэрэнлэй Нямлхагва нартаа чин сэтгэлээсээ талархнам (Дараа нь  зураг, бичлэгүүд нэмж оруулнаа )

( Дэлгэрэнгүй... | 0 | Мэдээ | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БАЯСАЛТАЙ
Оруулсан admin on 2024-07-02 10:13:39 (5791 уншсан)

Сэр сэрхэн салхитай
 Сэмжин зөөлөн үүлтэй
  Сэтгэл сэргээх уянгатай
   Сэрүүн сайхан нутагтаа
   Өглөөн наранд илбүүлэн
   Үдшийн саранд эрхлэн
  Өөдөө дээшээ тэмүүлэх
 Өнөр түмэн баясалтай
Шар шархан цэцэгтэй
Санан цэнгэх дурдалтай
 Шастир түүхийн улбаатай
  Шаргал хонгор нутагтаа
   Хүн хүндээ итгэлтэй
    Хүндлэл хайрын ивээлтэй
    Хүсэл санаа нийцтэй
   Хүрэн зүрхэс баясалтай
  Бур бурхан бороотой
 Буурцаг үрлэн хуртай
Буцаад ирэхэд урамтай
Буйдхан уудам нутагтаа
Сэтгэл дандаа уяатай
 Итгэл ямагт урамтай
   Ийм л ханагар монголдоо
    Инээж алхах баясалтай
      Э.ҮРЖИНХАНД
           2024.06.14


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БОРООТОЙ ҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 12:13:14 (5736 уншсан)


Үүр тэмдэгрэх гэгээнээр хөшиглөн намираад
Үрэл хурын мөнгөн дуслууд сувдарлаа
Үргэлж нарлаг өдөр үргэлжилдэггүйн тухай
Үүлсийн хээлсэн зургаас үлгэр түүгээд
Үдшийн чөлөөнд ярьж өгье, үр минь
Үнэгчлэх нойрноосоо сэрээрэй 
Бяцхан бөмбөлгүүд уралдан шаагилдаад
Болор хурын шүрэн дуслууд бөмбөрлөө
Бүх зүйл санаснаар болдоггүйн үнэнийг
Болжморын жиргээгээр шүлэг урлаад
Бүүр дараа нь уншиж өгье, үр минь
Бүүвэйхэн зүүднээсээ сэрээрэй
Уулс зүмбэрлэх алсыг бараалан цайраад
Усан хурын эрхин дуслууд болортлоо
Урьдаас таашгүй оньсого шиг амьдралыг
Уужим сэтгэл уяхан хайрын цэцэгсээр
Уяраан баясгаж титэмлэж өгье, үр минь
Урамтайхан мишээсээр сэрээрэй
               Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗУНЫ ДУНД САРЫН ЦАС
Оруулсан admin on 2024-07-01 12:12:00 (5749 уншсан)


Зургаадугаар сарын сүүл мушгиад
Зуны дунд цагаан морь сарыг хөлөглөөд
Зулай мялааж цасан лавсах чинь
Зугаатай ч юм шиг, зудыг ч сануулах шиг
Зүггүйтэн наадаж байна уу даа, та минь
Зүй тогтлоо алдаж байна уу, байгаль минь
Зүсэрч мөнгөрсөн гоёхон бэлэг тань
Зуурын төдийд зүсээ хувилгачихлаа
Толгод минь мөнгөн хэвнэгээ нөмрөөд
Тухтайхан дулааныг мөрөөсөн байх шиг
Сайн цагийн шинж тэмдэг энэ мөн үү 
Саад тотгорын дохио илрэл энэ юм уу
Саваагүй үрсийн хурмаст руу чичилж
Сацалсан буудлагын үр нөлөө юу
Үлгэрийн юм шиг том том ширхгээр
Үүлсээ сэмлээд илтэлж цацлах чинь
Үрс бидэндээ нэгийг учирлах гээд л
Үймцэн бужигнаж үйрэн бутарна уу 
Үүгээрээ та минь юу нэгийг өгүүлнэ вэ
Өндөр тэнгэр минь, өршөө өршөө
             Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
Оруулсан admin on 2024-07-01 11:47:58 (5689 уншсан)

Он цагийг өртөөлсөн
Олон жилийг элээсэн
Өвгөн модод дүхийгээд
Өндөр хурмастаа түшинэ
Хөхрөгч үүлсээс тасраад
Хувин хувингаар сувдрах
Хурын бөмбөлөг дуслууд
Хүрэн зүрхэнд нэвчинэ
Нэтийсэн тэнгэр намайг
Бөхийж ирээд ширтэнэ
Бүртэн бүртэн дөхсөөр
Бутарч сэтгэлд хөглөрнө
        Э.ҮРЖИНХАНД
            2024.06.24


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Оруулсан admin on 2024-07-01 11:43:15 (5665 уншсан)

Энэхүү шүлгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичиж байжээ. Мөөжиг Munkhjargal Bayanbat эгч минь тэр өдөр дууддаг юм. Яваад очтол гэрэлттэл инээмсэглээд л “За, миний хөгжимчин” гэж нэг их гоё дэгжин, сормуус нь дэрвэлзэж инээд цацруулсан хөөрхөн бүсгүйтэй уулзуулсан нь Enkhtaivan Purevjav Тайвууш эгч байв. Тийнхүү шинэхэн дуу мэндэлж билээ. Бидэн гурав клипний зураг авах газраа голж шилээд л мөн ч их хөгжилтэй, сайхан дурсамжтай бүтсэн энэ дуугаа та нартайгаа хуваалцмаар санагдлаа.



Шүлэг Э.Үржинханд 

Аялгууг зохиож, дуулсан МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал
 ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС 

Өвөр Монголын уудам талд
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг
  Зүрхнээс ундрах эгшиг дуугаа 
  Зөөлөн зөөлөн аялгуулж ээнэгшсэн
  Зүйргүй итгэлийн торгон утсаа
  Зөнгийн алсаас имэрч мэтгэсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
  Бодлоос ивлэх нандин үгсээ 
  Бүүвэй бүүвэй намуухан учирласан 
  Бууршгүй итгэлийн гэгээн үрээр 
  Будан дундаас тодрон гэрэлтсэн 
  Сүслэн мөргөх дээдсийн буянаар 
  Сүүн сэтгэлээр нэгнээ хайрласан 
  Сааршгүй итгэлийн цагаан мөрөөр
  Сайхан ирээдүйг ерөөн бэлгэдсэн 
Өвөр Монголын үзэсгэлэнт талд 
Өөрийн минь ахан дүүс суудаг 
Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ 
Үзүүргүй хайр нь цалгин байдаг 
 Өвөр Монголын уудам талд 
 Өөрийн минь ахан дүүс суудаг 
             2017.05.08 Даваа гараг 
                            Хөх хот


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
Оруулсан admin on 2024-07-01 11:41:09 (5416 уншсан)

Гэгэлгэн сэвшээ салхи хичнээн найрсаг 
Гэзгийг минь илбэж сэтгэлээ уудлаад л
Түүний илэрхийлж чаддаггүй хүслэнт үгсийг ч
Догдлуулан шивнэчихээд таатайхан сэнгэнэнэ
Омголон найгах модод хичнээн романтик
Зөрөх болгонд намилзан мэхийгээд л
Оройн нарны боронзон туяатай болзоонд
Оргилон бүжчихээд хэнэггүйхэн нэвсийнэ
Борооны нялх дусал хичнээн хайлган
Булиглах зүрхэн гүн рүү бөмбөрөөд л
Чиний хэзээ ч олж харахгүй цэцэгсийг
Цэмбийтэл усалчхаад харцнаас бөнжигнөнө
    Э.ҮРЖИНХАНД
          2024.06.27


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 11:40:03 (5742 уншсан)


Үзэгнийхээ үзүүрээр 
Үсгийн тигийг таталгаж бичнэ
Өнөр түмнээ хүндэтгэж бичнэ
Өргөн нутгаа магтаж бичнэ
Өндөр тэнгэртээ сүсэлж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр 
Өнийн ирээдүйг зөгнөж бичнэ
Үнэн түүхийг тамгалж бичнэ
Улс Монголоо бахдаж бичнэ
Уудам дэлхийд гайхуулж бичнэ
Үзэгнийхээ үзүүрээр
Эрх чөлөөгөө эдэлж гортиглоно
Энхийн цагийг бэлгэдэж ерөөнө
Эх орноороо омогшиж зураглана
Энэ бүхнийг хайраараа элбэрнэ
Үзэгнийхээ үзүүрээр …
       Э.ҮРЖИНХАНД
            2024.06.28


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан admin on 2024-07-01 11:38:33 (5662 уншсан)

Үес үес салхи навчсаар наадаад
Үр жимсний оронд модод жигдэрнэ
Уул толгод хаяа дэрлэн зээглээд
Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ
Аяс аяс бороо бодолд зүсрээд
Ар өврийг холбосон солонго зурна
Амраг хос биесээ энхрийлж ширтээд 
Алаг шувуудаар хайраа дайж уулзна
Намс намс мөчрүүд дохин намилзаад
Нар зуны дэлгэр өдрөөр зугаална
Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд
Намайг, чамайг эрхлүүлж зугаацна
           Э.ҮРЖИНХАНД
               2024.06.29


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Үржинханд Э | )

☕ Кофе авч өгөх