BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ш Лхамноржмаа

Лхамноржмаа Ш Дууны үг: Ш.Лхамноржмаа : Санахын гэгээ
Оруулсан Bataka on 2026-11-06 10:43:44 (27 уншсан)


Дуучин Л.Болдбаатар МУГЖ “Санахын гэгээ” 
Шүлэг: Ш.Лхамноржмаа 
Ая: Цэн.Эрдэнэбат


Хайрлахгүй байхын аргагүй
Хонгор чамайг аргадъяа
Уйдашгүй хайрын сэтгэлдээ
Үнэнчээр чамайгаа хүлээнээ
          Зүрхний минь хайранд
          Зөндөө саатаарай
          Чамгүйгээр гандах амьдралд минь
          Сэтгэлдээ галтай ирээрэй.
Санахгүй байхын аргагүй
Сайхан чамайгаа аргадъяа
Гандашгүй хайрын өргөөндөө
Ганцхан чамайгаа хүлээнээ.
          Зүрхний минь хайранд
          Зөндөө саатаарай
          Чамгүйгээр гандах амьдралд минь
          Сэтгэлдээ галтай ирээрэй.
Бодохгүй байхын аргагүй
Болзоот өдрөө аргадъяа
Дундаршгүй гэгээн хайрандаа
Дандаа чамайгаа хүлээнээ.
           Зүрхний минь хайранд
          Зөндөө саатаарай
          Чамгүйгээр гандах амьдралд минь
          Сэтгэлдээ галтай ирээрэй.


( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр
Оруулсан Bataka on 2025-10-01 21:37:18 (14334 уншсан)


Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шамбалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Амь сахигч сүүдэр
Оруулсан Bataka on 2008-12-06 23:49:13 (11195 уншсан)


Ай хань минь, сүүн дэр минь
Аялага намуухнаар мөрийг минь гэрэлтүүлэх
Алс цагийн цагаан сүүдэр минь
Эвий миний сүүдэр минь
Энэлэнт цаг хугацаанд ч намайг гээхгүй
Энэ амьдралын ганц түшиг минь
Шармал нарны түмэн тоосыг цуглуулж хүчээ сэлбэсэн болохоороо
Шантрашгүй байдаг чи
Гал гэрлийн илч дотор чинь оршдогтоо
Гандашгүй чи минь
Салхитай өдрийн дарцаг шиг дэрвэж явахад
Сэтгэлээ төвшитгө гэх шиг
Сунаж мөргөсөн
Бод биеийн
Боорчоос ч үнэнч сүүдэр минь
Бодол давж одсон дээдсийн
Билигт сахиусыг агуулсан
Босоо цагаан сүүдэр минь ээ

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Аав мод
Оруулсан Bataka on 2008-09-16 23:00:39 (12188 уншсан)

Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
Ээжийг минь хайрласан аавын хайр
Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
Үйлийн шугуй зурваслан ургахад
Хэн нь ч юм бэ сахалт гэж
Хэлж нэрлээд заншчихсан гэдэг

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Газрын үг
Оруулсан Bataka on 2008-02-23 23:18:00 (15679 уншсан)

Болор цом-2008 тэргүүн байрны шүлэг "Газрын үг"

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Чамд хэн хэлсэн юм бэ?
Оруулсан Bataka on 2007-03-14 05:01:18 (14089 уншсан)

Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

Лхамноржмаа Ш Шүлэг: Ш.Лхамноржмаа : Холын уулын цэцэг
Оруулсан Bataka on 2007-02-27 21:24:00 (9937 уншсан)

                Тэрмэн дээлийнхээ нугалаасанд шүлгээ хоргоож
                Тэн жилийн шөнөөр одод буулган тэвэрч
                Тэртээ холын нутагт зүүдээ илгээж хоноод
                Тэнгэрийн доорх хайрыг тэрсүүд заяанд даатгалаа.
                Эзэнтэй хайрын суран жолоо атгуулсан
                Эрхэмсэг нэгэн цэцэг зунаар хагдраагүй л байгаа даа
                Эгээ л нойрт минь үе үе зүүдлэгдээд
                Энэ бүсгүй ээж болчихоо юмуу даа
                Үсээ самнаад эргэхдээ үйл заасан ур
                Өрхөө татаад ороход нь үг шидсэн зориг
                Салхи сүлжин урлах хайрын цэцэг бүтээгээд
                Сарнаар ханьсах сэтгэлийн дэрэнд ивээд орхихдоо
                "Галзуу" зүрхний гунигаа нэрмэлийн дайтай аягалж
                Ганцхан чамд л хайртай гэж аниргүй алсад шивнэсэн
                Холын уулын цэцгийг тасалж аваад мордмоор оо
                Ханьтай бүсгүйн сэтгэлийг эхнэртээ үзүүлж уйлуулмаар
                Зүйргүй чиний л төлөө цэцэг болоод ургамаараа

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Лхамноржмаа Ш | )

☕ Кофе авч өгөх