BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Н Минжинсайхан

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан : Тэргүүн шүлэг
Оруулсан Bataka on 2025-11-27 22:50:00 (4405 уншсан)

“Болор цом” 43 яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнээр Монголын Радиогийн редактор, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Нямжаргалын Минжинсайхан тодорлоо 

БОЛОР ЦОМ-43 | Тэргүүн шүлэг - "ҮГ"

Хамаг хайрыг би үгнээс авч
Хамаг хайраа би үгэнд юүлсэн
Үг миний үндэс хөрс
Үг миний өвөг дээдэс
Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй
Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй
Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй
Үггүйгээр би өргөн олон, өрөөл бусдыг ч хайрлаж чадахгүй
Үг миний мөргөлийн сүм
Үг миний өргөлийн сум
Үг миний өстөн дайсан, бас хань нөхөр
Үг миний өрөвч зан, бас тэсвэр тэвчээр
Дардам мөртөө замаа олоогүй үгэнд
Зам болж
Далавчтай мөртөө тэнгэрээ олоогүй үгэнд
Тэнгэр болж явдаг би



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Н.Минжинсайхан : АМЬДРАЛ ГЭДЭГ
Оруулсан Bataka on 2025-11-27 10:49:28 (4131 уншсан)

Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!
Элээ пин дээрээс ааруулын өөдөс шүүрээд
Эргэн нисэхдээ шонхорын салхинд алгадуулж
Хуучин ноосон малгай шиг хийсэн хийссээр
Худгийн цаад барзан хад руу тээглэх юмгүй уначих шиг 
Эргээд дурсахад амьдрал гэдэг
Ээ дээ мөн ч шогийн шүү!


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан : ҮҮЛЭН ДЭЭР БИЧСЭН ШҮЛЭГ
Оруулсан Bataka on 2025-11-26 23:49:26 (4109 уншсан)

Далавчлан нисэг ээ сэтгэл, хэмжээ хязгаараа мэдэг
Дахиад ийм дурлал гэвч сэтгэлийг минь ээрэх ч билүү
Давилуун гэнэн нас минь хором хормоор дундрана
Дасан дурлаг ээ сэтгэл, гоо сайхны гүн цүнхээлд унаж нэг үзэг!

Хайлан урсаг ээ сэтгэл, ундрага чадал, тамир хүчээ таниг
Хайр - харууслын гэрэлт замд дан цамцтай гүйж нэг үзэг
Дов сондуул сүлжиж хүүхэд мэт нялхарч, туньж, эрхлэг
Долоон бурханы дор мөсөн уул шиг хайлж нэг үзэг ээ!


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан: ЭГЧМЭДХЭН
Оруулсан admin on 2010-11-22 20:44:25 (7715 уншсан)


Тас хар нүдэн, эрхлэнгүй харцат минь
Таны тухай би их олныг боддог юм
Бодох тусам та нэг л аашаараа байдаг ч
Босго өндөр тавилан улам л холдсоор байдаг юм
Ихэмсэг хийгээд даруухан тэр төрх
Илүү дутуугүй бүсгүй л хүний сайхныг
Өөрөө та надад төрүүлээд байдаг болохоор
Өөрийн чинь тухай би зөндөө ихийг боддог юм
Өмссөн насаа өлмий дээрээ өчүүхэн төдий өргөхөд л
Өөртэй чинь би уг нь чацах учиртайсан
Эхэлж харсан харц нь минийх л байсан болохоор
Эгчмэдхэн та надад л заяах ёстойсон
Гэвч гэнэн томоогүй харцан дундуур минь болзоонд яаран гүйж
Гэм зэмгүйхэн сэтгэл дээр минь та өчнөөн удаа гишгэлсээн
Өр эмтэлж өмнө минь бусдын өвөрт эрхэлж
Өрөөсөн ээмгээ гээж зүүдэнд минь хүртэл ирсээн
Эгчмэдхэн минь
Тэр бүхнээ гэвч мартуулахын цаана мартуулж
Өөрийнхөө тухай та дандаа л сайхныг бодуулдаг
Маргааш маргаашийн холд таныг л би бодох ёстой нь
Магад таньд илүү ч гоё зохидог болоод тэр биз ээ
Тас хар нүдэн, эрхлэнгүй харцат минь
Таньж чадаагүй холын хол бодол минь
Тархи зүрхнээс холдохын төдий л өнчрөх
Та миний цор ганц эгчмэдхэн


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Нямжаргалын Минжинсайхан: Ээжээ...
Оруулсан admin on 2010-11-22 20:43:37 (7489 уншсан)

Ээжээ
Ам цагаан хулгана
Альхан зүүдэнд минь ирэх вэ
Ам цангаад байна
Ээжээ
Асаасан лааны дөл
Юуг тэглээ зураглана вэ
Сүүдэр нь агшаад байна
Ээжээ
Харанхуй өтгөрөх тусам би айгаад байна
Ээжээ
Хар дарсан зүүд хаалга тогшоод байна
Айх тусам миний
Ам цангаад байна
Нулимсан дусалдаа орж
Нуугдаж суумаар байна
Ээжээ
Ам цагаан хулгана
Альхан зүүдэнд минь ирэх вэ
Ээжээ
Ам цагаан хулганы
Ам нь цангавал яах вэ


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Залуу яруу найрагч Н.Минжинсайхан : Дусал гуниг
Оруулсан admin on 2009-12-28 21:20:42 (9071 уншсан)

Намар буцсан шувууд хаврыг авчирахаар явсан
Насаа тайлсан өвөө минь аавтайгаа уулзахаар одсон
Намайг орхисон бүсгүй ухаан суухаар явсан
Найргийн шат нэмэхээр надаас бүгд холдсон

Тоодон дээлээ орхиод хүүхэд нас минь явсан
Том оо сууж эр болноо хэмээн анд минь цэрэгт мордсон
Тоомгор алаг нүдэнгүүд айлын болоод явсан
Тоонот гэрийн минь дээгүүр шувууд ч нисэхээ больсон


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Минжинсайхан Н | )

Минжинсайхан  	Н	 Шүлэг: Н.Минжинсайхан : Цагаан нулимстай өдөр
Оруулсан admin on 2009-12-28 21:14:53 (8651 уншсан)

Хаяа хатгаж нүүж буусан өдөр
Хамт чамтай усанд явсан өдөр
Харихаа мартан чулуугаар тоглосон өдөр
Хамаг бурууг нь над дээр тохсон өдөр

Аавын зэмлэл суран бүсний
Амт нь хайрынх байсан
Тэвчээрийн толинд минь чи л харагдсан болохоор
Тэгэхэд би нулимс унагаагүй ээ


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Минжинсайхан Н | )

☕ Кофе авч өгөх