BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Нямдорж Ачиймаа

Ачиймаа 	 Нямдорж	 Шүлэг: Н.Ачиймаа : БАЙДАГ
Оруулсан admin on 2025-06-18 11:41:09 (5748 уншсан)

Түймэр мэт шатах сэтгэл гэж байдаг
Тэрэг шиг өнхөрөх итгэл бас байдаг
Түлэгдэж гандах хүсэл гэж байдаг
Тамирдан унах тэвчээр бас байдаг.

Эргэлдэн хөврөх бодлууд гэж байдаг
Эцэшгүй зовоох гунигууд бас байдаг
Ээнэгшүүлж орхих найдвар гэж байдаг
Эргүүтүүлж хаях худал бас байдаг.

Бадран оргилох эрэл гэж байдаг
Буйргүй тэмтчих айдас бас байдаг
Бахдан дурсах мөч гэж байдаг
Баяргүй гуниглах цаг бас байдаг.

Оволзон галзуурах ой ухаан гэж байдаг
Овилоггүй загнах нас бас байдаг
Оройг ухах  мэдлэг гэж байдаг
Оодрон шогших тэнэг бас байдаг.

Хайрлаж чадалгүй дурлах гэж байдаг
Хайлуулан урсгах харц бас байдаг
Харуусч хайлалгүй алдах гэж байдаг
Хуулан хаях үнэн гэж байдаг.


Зохиогч: Нямдоржийн Ачиймаа. Дуучин Баясгалангийн "Хос хун" дууны үгийг зохиосон.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ачиймаа Нямдорж | )

Ачиймаа 	 Нямдорж	 Шүлэг: Н.Ачиймаа : ХҮҮХЭЛДЭЙ БИТГИЙ БОЛ
Оруулсан admin on 2025-06-18 11:39:18 (5657 уншсан)

Чи алхаж явна. Гэтэл чи энэ мөн үү?
Ганган дэгжин хувцас чинь чамайг илтгэх үү?
Гадагш хандсан инээмсэглэл чинь чиний зүрхнийх үү?
Гэдийж яваа байдал чинь үнэн төрх чинь мөн үү?

Хүнтэй яриад инээмсэглэхдээ
Чи өөр юм бодон сууна
Болж байгаа мэт дүр эсгэн
Шаналж байгайгүй мэт царайлна...

Хэнийг бид нар хуурах гэж 
Энэ орчлонд ирээ вэ?
Хаашаа ч харсан дүрүүд
Хүн нь хаана байна вэ?

Бодол санаа зүрх чинь
Хоорондоо зөрөөд байна
Болж байгаа мэт амьдрал чинь
Үнэндээ там байна

Хүнд л сайхан харагдаж гэж
Энэ орчлонд төрөө юу?
Хүний бодлоор амьдрах гэж
Энэ хорвоод ирээ юу?
Дотор гадар хоёр чинь
Газар тэнгэр мэт ээ
Дулаан сайхан байдал чинь
Худал хуурмаг дүр ээ..

Инээж байхдаа чи
Дотроо шаналж байдаг
Хүн л мэдэхгүй бол
Өөрийгөө хуурч байдаг. 

Өөрийгөө олооч ээ
Хүний сайхан хорвоод
Өрөөлийн бодолд захирагдан
Хүүхэлдэй битгий болооч.

Үнэнээрээ байя, хүмүүс ээ
Өөрөө өөрсдөөсөө урвахгүй байя!
Үйлийн үртэй энэ орчлонд 
Өөрөө өөрсдийгөө зовоохгүй байя.


Зохиогч: Нямдоржийн Ачиймаа. Дуучин Баясгалангийн "Хос хун" дууны үгийг зохиосон.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ачиймаа Нямдорж | )

Ачиймаа 	 Нямдорж	 Шүлэг: Н.Ачиймаа : БИТГИЙ ГОЛ
Оруулсан admin on 2025-06-18 11:17:41 (5673 уншсан)

Битгий гол өөрийгөө, хэзээ ч битгий гол!
Хамаг юмны утга алдагдсан ч битгий гол
Хүн болгонд муу хэлэгдээд байсан ч битгий гол
Хүүр болъё гэж бодогдоод байсан ч битгий гол

Битгий гол өөрийгөө, хэзээ ч битгий гол!
Хамаг нандин итгэлээ алдсан ч битгий гол
Хар муу санаатныг таниагүй ч битгий гол
Халаасандаа мөнгөгүй тэнүүчилж явсан ч битгий гол

Битгий гол өөрийгөө, хэзээ ч битгий гол!
Хамаг сайхнаасаа хагацаж хоцорсон ч битгий гол
Хүний өмнө царай алдаж явсан ч битгий гол 
Хашхирч орилж уйлж, дуулсан ч битгий гол 

Битгий гол өөрийгөө, хэзээ ч битгий гол!
Өрөөл бусдыг ч гэсэн нэгэн адил битгий гол
Өрөөлийн бус өөрийн хайрыг өөртөө бэлэглэ
Өөлөх бус, өөдлөх сэтгэлээр амьдралд ханд

Битгий гол өөрийгөө , хэзээ ч битгий гол!
Байгаа бүхний сайхныг харах гэж оролдоод үз
Бас дээрээс нь нэмж бүтээх гэж хичээн чармай 
Битгий гол өөрийгөө, хэзээ ч битгий гол!

ЧИ ЧАДНА, БУРХАН ИВЭЭНЭ, БИТГИЙ ГОЛ!

Зохиогч: Нямдоржийн Ачиймаа. Дуучин Баясгалангийн "Хос хун" дууны үгийг зохиосон.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ачиймаа Нямдорж | )

☕ Кофе авч өгөх