BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ч Чагнаадорж

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР ГЭДЭГ ТОСГОНД
Оруулсан Bataka on 2026-10-09 12:45:41 (142 уншсан)


Намар гэдэг тосгонд санаашрал минь суудаг
Навчис гэдэг бодлууд нэг нэгээрээ хийсдэг
Байшингийн гадаах сандалд уйтгарууд нарладаг
Бялзуухай нисэн ирээд өвлийн тухай ярьдаг

Намар гэдэг тосгонд сүмийн хонх дуугардаг
Намхан тагтны цоорхойгоор сүүлчийн бороо дусалдаг
Нойтон модны утаа сэтгэлийн цонхоор гардаг
Ногтруу шувуу буцахдаа дурсамжийн өдөө орхидог

Намар гэдэг тосгонд цагаан хуснууд байдаг
Нарийхан мөчир дээр нь олон зүрхнүүд цохилдог
Сар луу ниссэн тогорууны шаргал ганганаа цуурайтдаг
Сагстай бүсгүй алхахдаа ганц алим гээдэг

Намар гэдэг тосгонд миний төгөл байдаг
Намайг тэнд суухад алчуур хийсэн ирдэг
Танил сүрчигний үнэр хайрын цэцгэнд шингэдэг
Тайван суусаар би цас орохыг хүлээдэг

Намар гэдэг тосгонд миний ертөнц байдаг
Намар гэдэг тосгонд чиний инээд байдаг
Бид хоёрын алхсан тэртээх жим байдаг
Би чамд дурласан тийм улирал байдаг

Намар гэдэг тосгонд...
 
Монголын Зохиолчдын Эвлэлийн (МЗЭ) шагналт яруу найрагч Ч.Чагнаадорж 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР АА...
Оруулсан Bataka on 2026-09-30 21:42:39 (128 уншсан)



Зурагдаагүй гунигийг минь ямар гоё зурна вэ намар аа
Зул өвснийхөө үзүүрээр ямар гоё сийлнэ вэ намар аа
Хөнгөдсөн шаналанг минь яагаад иймээр бүтээнэ вэ намар аа
Хөл дүрсэн шүүдрээрээ яагаад ингэж ариусгана вэ намар аа

Бичигдээгүй уйтгарыг минь ямар нууцхан бичнэ вэ намар аа
Бийр зуусан шувуудаар ямар чимээгүй урлана вэ намар аа
Хэвлэгдээгүй бодлыг минь ямар аажуухан хэвлэнэ вэ намар аа
Хээр талынхаа салхиар яасан зөөлхөн сэврээнэ вэ намар аа

Хайртын минь үсийг ямар тансаг хийсгэнэ вэ намар аа
Хар нүднийх нь сормуусыг ямар аниргүй чийгтүүлнэ вэ намар аа
Дээлнийх нь өнгийг ямар хурдан гандаана вэ намар аа
Дэн бөхдөг үдшээрээ яагаад түүнийг ганцаардуулна вэ намар аа



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ААВ
Оруулсан Bataka on 2025-12-01 11:26:06 (4815 уншсан)


Цэцэг ургаагүй зунаар горхи шиг урсаж явсан
Цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав минь
Цэнхэр бороотой өдрөөр гал шиг дүрэлзэж байсан
Цээж дүүрэн омгийн чинь цог нь дээр ирлээ аав минь

Гэрэл харанхуй хоёрыг нэгэн өнгөөр зурдаг
Гэгээн саруул ухааны чинь дөлөн дээр ирлээ аав минь
Гэмшил хөөрөл хоёрыг адилхан хэмээр тоглодог
Гэмгүй цагаан сэтгэлийн чинь зучил дээр ирлээ аав минь




( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : Аав хэмээх алхдаг уулын ...
Оруулсан Bataka on 2025-12-01 11:10:46 (4133 уншсан)

Аав хэмээх алхдаг уулын
Нуруунд авирдаг гөрөөс байлаа
Буурал тэргүүнд нь дураараа хүрдэг
Бурхнаас хайртай үр нь байлаа
Нөмөр уул минь нурснаас хойш
Нүцгэн талд даардаг болсон
Одоо намайг ганцхан тэвэрвэл
Орчлонг цууртал уйлах байхдаа
Аав хэмээх сүрлэг модны
Мөчирт суудаг шувуу байлаа
Зүрхэн дээр нь жиргэж буусан
Цолмонт үүрийн болжмор байлаа
Сүрлэг мод минь унаснаас хойш
Сэрүүхэн салхинд жиндэх болсон
Гэнэтхэн ирээд хүүгээ тэвэрвэл
Гэгээ цууртал дуулах байхдаа
Аав хэмээх өргөн мөрний
Цалгианд хөвдөг ангир байлаа
Жаахан далиа мандалд нь дүрээд
Жаргал үсчүүлэн нисдэг байлаа
Өргөн мөрөн минь ширгэснээс хойш
Өөрийн эрхгүй цангадаг болсон
Дэндүү холоос алхаад ирвэл
Дээлийнх нь үнэрт тайтгарах байхдаа


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч. Чагнаадорж : Би Ижийнхээ
Оруулсан Bataka on 2025-09-27 12:24:17 (6072 уншсан)


Ч. Чагнаадорж : Би Ижийнхээ

Би Ижийнхээ
Хээтэй дээл өмсөлгүй хэр удаан явсныг нь
Хэдэн үрсээ бүлээцүүлж хичнээн өглөө боссоныг нь
Хээнцэр биеэ эвдэж хээрээс аргал түүснийг нь
Хэтэрхий их ядрахдаа хааяа өвддөг байсныг нь
Мэднэ.
Би Ижийнхээ
Ядруу биедээ ахадсан ямар их хаттайг нь
Ялдам сайхан зан нь яасан их гэгээтэйг нь
Яаруу давчуу ажилд яагаад тайван байдгийг нь
Явсан суусан хүмүүст яаж тус хүргэдгийг нь
Мэднэ.
Би Ижийнхээ
Нулимсаа залгисаар байгаад нуруу нь бөгтөр болсныг нь
Нууцхан гунисаар байгаад буурал сор суусныг нь
Дэнгийн гэрэл ширтэхдээ дэндүү их залбирдгийг нь
Дэлхий цангахаа больтол дээжээ үргэлж өргөдгийг нь
Мэднэ.
Дурсан дурсан дуулах дууны хөг эцэхгүй бол
Дулаан шөнөөр хүүрнэх дууль домог төгсөхгүй бол
Буурал ижийнхээ тухай үрээс үрд хуучилна би
Бурхан багшийг сонстол үхэн үхтэл ээжийгээ дуулна би.


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ХОЁУЛАА
Оруулсан Bataka on 2025-09-27 11:47:33 (4859 уншсан)

Ч.Чагнаадорж : ХОЁУЛАА
Уншсан О.Оюун ( СТА)


Уртаас урт амьдралд удаан ханьсая хоёулаа
Уйлахад дусдаг нулимсаа элбэж арчия хоёулаа
Ийм сайхан орчлонд эгэл амьдрая хоёулаа
Инээж уярдаг зүрхээ эрхлэж арчлая хоёулаа


Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн
Үлэмж нандин хань минь


Алсын алс ирээдүйг хамтдаа туулая хоёулаа
Алаг сайхан үрсээ хөтлөөд орчлонд жаргая хоёулаа
Амь нэгтэй зүрхээр амьдрал туулая хоёулаа
Айлын дайтай амьдарч өтөл болоё хоёулаа


Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн
Үлэмж нандин хань минь


Хаяа гунихын цагтаа биесээ аргадая хоёулаа
Хамгийн сайхан хайраар биесээ хайрлая хоёулаа
Хормын төдийд ч уйдамгүй биесээ тэврэе хоёулаа
Хосын цагаан тавиланд домог шиг амьдрая хоёулаа

Өр зүрхэнд дэлгэрсэн 
Өнө мөнхийн хайр минь
Үргэлж дэргэд эрхэлсэн 
Үлэмж нандин хань минь



Үгийг: Ч.Чагнаадорж
Аяыг: Б.Пүрэвсүрэн /МУСТА/
Дуучин: Ц.Амарбаяр /Ноён бондгор
                Б.Золзаяа


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : ЭЭЖИЙНХЭЭ...
Оруулсан Bataka on 2025-09-27 11:17:37 (5279 уншсан)


Нойтон өвсний шүүдрээр цай чанах минь ч яамай
Норсон дээлтэй ээжийнхээ илч нь болж явахсан
Номин эрдэнийн гоёлоор гангалж гоёх минь ч яамай
Номхон даруу ээжийнхээ эм нь болж явахсан
Төөрөг заяанд аархаад наргиж суух минь ч яамай
Төлөв төвшин ээжийгээ нутгийн цэцгэнд алхуулахсан
Аз жаргалд омогшоод унаж босох минь ч яамай
Ангир сүүтэй ээжийнхээ гэрэлт өлмийд мөргөхсөн
Хээгүй залуу насандаа хайрлан дурлах минь ч яамай
Хээр алхсан ээжийнхээ аргалыг түүж өгөхсөн
Үймээн ихтэй орчлонгоос үнэнийг хайх минь ч яамай
Үйлээ мэтгэх ээжийнхээ хараа нь болж суухсан
Бүтэлгүй дурлалд ороолгуулж гуниж суух минь ч яамай
Бүрэнхий шөнөөр ээждээ дэнгийн гэрэл нь болохсон
Мөнхийн амьдрал зөгнөж хоосон мөрөөдөх ч яамай
Мөнгөн сортой ээжийнхээ урт нас нь болохсон.

Ч.Чагнаадорж



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : Чи
Оруулсан Bataka on 2025-09-27 11:15:23 (4885 уншсан)


ЧИ...
Сэтгэл минь гол шиг урсвал чи сэлэх үү
Сэмрэн гуниглавал чи дагаж урагдах уу
Хайр минь модод шиг нахиалвал чи арчлах уу
Харцаараа чамайг татвал чи зүрх рүү гулсах уу

Үгсээрээ диваажинг зурвал чи мөнх зочлох уу
Үсээ буурал болговол чи хамт будалцах уу
Инээхийг хүсвэл чи аз жаргал болох уу
Уурлаад дуусвал чи дуу дуулж өгөх үү

Өглөө бүр нойрмог дүрээс минь залхахгүй сэрж чадах уу
Өтөл болтлоо зөрүүд занг минь тэвчиж чадах уу
Цаг хугацаа дүрийг минь зурж дуустал чи дэргэд байх уу
Цагаан чулуутай булшин дээр үхтлээ уйлахын тулд хамт амьдарч чадах уу?
Чадна гэвэл миний ертөнцөд тавтай морил!



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чагнаадорж Ч | )

☕ Кофе авч өгөх