Өгүүллэг: Шуурайн СОЛОНГО : ТӨМӨР МҮСТЭЙ СУМ
Оруулсан admin on 2024-12-27 11:47:13 (6210 уншсан)
 МЗЭ-ийн шагналт зохиолч Шуурайн СОЛОНГО: ТӨМӨР МҮСТЭЙ СУМ (өгүүллэг) Цасны ус шалбалзан урсах гүн тайгад хаа нэгтээ бархирах шувуун дуунаас өөр чимээгүй. Тийн атал эл нам гүмийг цочоож, мод шажигнан унах нь сүрхий содон дуулдав. Удалгүй тэр зүгээс хугархай хус чирсэн нэгэн бээр нойтон цас хөглөрүүлэн гарч иржээ. Буй төрх нь оргодол босуулын шинжтэй агаад гөлийсөн хүйтэн харц, амнаасаа үг унагаж үзээгүй болов уу гэмээр хөрзгөр царай, хэтийдтэл ургасан сахал самбай, ширэлдэж сэгсийсэн их үс нь түүнийг тийм төрхтэй болгожээ. Шөрмөс, хялгасаар хэлгэж торгоосон арьсан дээлэрхүү хувцсаа нарийн агсаргаар чанд ороож, түүнээс нь цөөвтөр сумтай хоромсoг унжаад нумаа хөвчөөр нь өрөөсөн мөрөндөө угласан түүний хөлөө боож тунтарсан нэхийг гутал гэхэд хэцүү. Тэрбээр чирч ирсэн модоо газар орхиод нойтон цасан дээр өвдөглөж, цас суваглан жирэлзэх уснаас аажуухан шимэн уух нь хүртэл нэг л хүмүүн бусын аягтай. Даахирч бөөмнөрсөн үс нь усанд дүрэгдэн хөвөх үес сайхи хүмүүн сая сэхээ орох мэт өндийж, хүйтэн усаар нүүрээ хэдэнтээ шударч норгоод, усаа гоожуулан моддын үзүүр ширтэж хэсэг сатаарав. Хүйтэн гөлгөр харцанд нь ямар нэгэн бодол санаа үл илэрнэ. Тэгснээ гүнзгий санаа алдаад бүсэндээ хавчуулсан чандага мэтийг суга татан, хажуудаа тавих мөртөө авчирсан модныхоо нарийн хуурай мөчрийг хугачин, цасны чийг нь арилж, энэ хавьдаа урь ханхлуулан харлах товгор дээр зэргэлээд өврөөсөө хэт цохиур уул гарган, яах ийхийн зуургүй түүдэг асаав. Чингээд гутал орлосон баглаатай нэхийнийхээ түрийнээс бяцхан хутга гарган, мөнөөх чандагаа дор нь янзалж, гэдэс дотрыг нь чулуудаад, нимгэн зулмагар арьсыг хуу татах нь тун ч сурмаг. Хоромсогноосоо нэг сум сугалан авч, туулайны шулдан биеийг нь туушид нь шорлоод дүрэлзэж буй түүдгээ яльгүй дарж, утаа манаргаж түүнийгээ дээр нь тавилаа. Чухам л шорлогт зориулсан мэт сумны төмөр мүс /иш/ галын илчинд өнгөө хувиргахыг ажсаар мөнөөх эр бодолд дарагдав. ... Цэргийн бүрээн дуу гэнэт хадсан ч тэр ядах юмгүй бэлдэж, яаравчлан аравтдаа нийлсэн нь саяхан атлаа элэн хулангийн үе мэт санагдана. Тэдний зуут хөтөлгөө морьдтойгоор өдөр шөнөгүй довтолгож нэгэн их хүдэнт хангайд тулж ирэв. Хуй салхи шиг явсан болохоор газрын баримжаа ч байсангүй. Морьдоо орхин цааш явган замнахыг тушаасан тул ойн захад эгнэн зогслоо.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Солонго Шуурайн
|
)
|