Шүлэг: Ц.Хулан : Хаврын дуу
Оруулсан admin on 2025-09-10 17:46:20 (14040 уншсан)
Идэрхэн танхилхан нас мин надад ирэхгүй Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла Хар үсны минь долгионд хөл алдаж Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогсоо
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг Би, бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг
Хаврын өдөр богинхон цэцгээ дэлгэж одно Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай Намайг инээж явахад дурлах хүн олон Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай
Би яг л тэр намар шиг, намрын гундсан цэцэг шиг Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг Бидэртэн урсах гол мөрний урсгал шиг Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг
( Дэлгэрэнгүй...
|
8
|
Шүлэг |
Хулан Цоодол
|
)
|