Өгүүллэг: Бүсгүй ухаан
Оруулсан admin on 2018-02-24 23:16:44 (9322 уншсан)
Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.
Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.
Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.
( Дэлгэрэнгүй...
|
0
|
Өгүүллэг |
Пүрэв Санж
|
)
|