BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ц Жамбалгарав

Жамбалгарав 	Ц	 Шүлэг: Ц.Жамбалгарав : Маршалын хөшөө
Оруулсан admin on 2010-11-08 11:17:29 (8056 уншсан)

Өмнө зүгийн бараан тэнгэрийг ширтэх
Өрлөг жанжны баргар чулуун хөшөө
Өршөөлгүй хөмсөг зангидсан харц
Өвдөг чичрэм догшин царай
Боржин гараар боржин энгэрээ ярсхийж
Бодлынхоо хүндэд чулуу болсон мэт
Цагаан гантигт цав гартал дэвсэж
Цангинатал зандран хилэгнэх мэт
Жаварлаг хүйтэн өвлөөр хяруу дараастай
Жанжны очир дээр цагийн хөв суужээ.
Улсынхаа сүлдэт жаахан баганыг түшин
Улаан маршал мөс болон хөрчээ.
Холгүйхэн эзгүй цэцэрлэгийн буланд
Хорз архины хоосон лонх хэвтэнэ.
Хошой баатрын хүрэл хөшөөний өлмийд
Будаг нялсан бутархай цаас хөглөрнө.
Харуул манаагүй энэ бяцхан талбай
Хашаа хэрэмгүй эзнээ хүлээсэн талбар
Дүнсгэр хөшөө лүндэн буулгавч сонсохгүй
Дүлий чулуун баганат харанхуй харш
Ноход энэүүхэнд шөнө дөлөн яргиж
Ноорхой ядуу эр хааяа нэг ирдэг юм
Үйрмэг цасан дээр санаа алдан сууж
Нойрмог нүдээр ширтэж байгаад буцдаг юм.
Ял гавьяа хоёр эн зэрэгцсэн
Яруу тодорхой он цагийн хүү
Улаан маршалын баргар чулуун хөшөө
Улсын сүлдэт жаахан баганыг түшээстэй.

1995 он Баянтүмэн



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Жамбалгарав Ц | )

Жамбалгарав 	Ц	 Шүлэг: Ц.Жамбалгарав : Би
Оруулсан admin on 2010-11-08 11:15:39 (8203 уншсан)

Цэнхэрийн цэнхэр талд амьдардаг би
Цэцэн гөрөөс, эртэч шувуухайн нутагт аж төрдөг би
Цэцгийн илтэс таалан сатаарсан шиг
Цэнгэлийн хур буулгаж зугаацсан шиг
Цэгээн үүлсийн чөлөөнд салхин мэт жаргадаг би
Асар хүйн их талдаа дуулж явдаг би
Аргил бугын урамдахыг сонсон дуугаа зохиодог би
Арван хоёр салаа эврийг харшилдуулсан шиг
Амин голын хайртай амрагаа харамласан шиг
Аяланхан дуулж чаддаг би
Томоо шаргал наран доор зүүдлэнхэн нойрсдог би
Толгой эргэм аз жаргалын гүнд хөлгүйеэ сэлдэг би
Тоост орчлонгийн тохиосон зайгаа эзэгнэнхэн суугаа би

Үлэмжийн уужим хөх тэнгэрийг өглөө бүхэн хардаг би
Үүл сүвлэн бууж ирэх үлгэрийн гоо сайхныг хүлээн зогсдог би
Үнэний хэлтэрхий дээр үгийн шигтгээ тааруулсан шиг
Үзмийн дарсанд бурмын амтыг шингээсэн шиг
Та нараасаа тасран оддог би
2008 он



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Жамбалгарав Ц | )

Жамбалгарав 	Ц	 Шүлэг: Ц.Жамбалгарав : Чимээгүйн дуун
Оруулсан admin on 2010-11-08 10:59:09 (8173 уншсан)


Тэнгэр хийгээд газар эх минь чив чимээгүй
Тэргэл саран авхай ч мөн чив чимээгүй
Аюул занал, алаан хядааны энэ орчлонд
Аугаа их юм бүхэн чив чимээгүй.
Нөхцөж одсон баатруудын сүнс чив чимээгүй
Нөмөр дулаан талын хөх уулс чив чимээгүй
Галзуурч ганирсан, тэнэг мунагийн энэ орчинд
Чин хайр, үнэн журмын нөхөд минь чив чимээгүй.
Булшин дээр зүүрмэглэгч хүн чулууд өнөөг болтол чив чимээгүй
Бурханд цогцолсон гуниг ухааарал чив чимээгүй
Хараалаар тургилсан хотын ханзархай хэрмэн дотор
Хамгийн эрхэм дотно бүхэн минь чив чимээгүй.
Янагхан чиний минь бадам уруул чив чимээгүй
Ялдамхан гарын чинь ядам хуруу чив чимээгүй
Яадгаа алдсан задгай садар наргиан дунд
Хөөрхий чи бидэн хоёр л чив чимээгүй.
Дэнж нугын өвс ногоо чив чимээгүй
Дэлгэр зуны дунд сарын хөхөө шувуу чив чимээгүй.
Дэлхий дөжрөөсөн үймээн шуугиан хирээс хэтрэвч
Миний гэсэн бүхэн аанай л мөн чив чимээгүй.
Гариг даяарын дуу хоолой минь чив чимээгүй
Гандуу сэтгэлийн гэгээн гуниг минь чив чимээгүй
Гаарсан ноход хуцалдах тэнэгүүдийн баясгалантай энэ хорвоод
Надаас бусад нь, надаас бусад нь чив чимээгүй.
2008 он


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Жамбалгарав Ц | )

Жамбалгарав 	Ц	 Шүлэг: Ц.Жамбалгарав : Шүлэг илгээхийн учир
Оруулсан admin on 2010-11-08 10:57:00 (9928 уншсан)

Ц.Жамбалгарав : Шүлэг илгээхийн учир

Үе үехэн сэвэлзүүр салхитай, дэн бүрээстэй гэрт бол жиндэж хонохоор намрын энэ сэрүүхэн өдрүүдэд би өөрийн дуугаа дуулмаар байна. Түм бужигнасан Улаанбаатарын хөл үймээнээс тэртээ зайдуу, Мэнэн, Тамсагийн их талын хормой дэрлэн орших бяцхан хотоосоо, эрх чөлөөтэй амьдрахын жаргал, зовлонг мэдэрсэн аз хийморь дүүрэн хорин жилийнхээ тухай нэгээхэн ч гэлээ сайхан үгийг хэлмээр байна.

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Жамбалгарав Ц | )


☕ Кофе авч өгөх