BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Б Ичинхорлоо

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Зуун намар
Оруулсан admin on 2026-09-30 10:17:09 (16217 уншсан)

                    Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
                    Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
                    Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
                    Амгалан царайг чинь догдлон ширтээд
                    Аялгуут үгсийг шагласаар л байх болно

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо: Намар цагийн шүлэг
Оруулсан admin on 2026-09-30 10:16:54 (17234 уншсан)

Ядуухан оюутны амьдрал
Алтан утас шиг хөвөрсөөр
Яруухан шүлэгчийн сэтгэл
Хийлийн чавхдас шиг хөглөгдсөөр
Дөрвөн хаврын ногоо гандаж одохын үесээр
Дөлгөөн нүдэн чамайгаа санаж суухын аясаар

( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоогийн Амьдрал шүлгийн Англи орчуулга (Албан бус)
Оруулсан admin on 2012-10-03 15:32:53 (48375 уншсан)

 

Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.

Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.

Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал

Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг

Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

" I have seen life" are words of senior people.

Some hasty ones rushing to get the taste of Life, say

"I have found my life" astonishes me my friend.

But I think there is no need to rush for it.

Is life a drama or movie that you see?

Is it goodies that we enjoy?

Is it jewelry one discovers?

Or is it transports that you make wait for you

I thought once what is life?

And found that I have a full life.

Feeling, tasting, exploring and rushing

On each day, hour and moment for it



( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Амьдрал
Оруулсан admin on 2008-12-23 02:37:52 (9986 уншсан)


Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2008-12-23 02:36:37 (8521 уншсан)


Би мөнгөн сарны анд билээ
Бичгийн ширээн дээр цагаан цаас
Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
Тийм догдлонгуй
Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
Би мөнгөн сарны анд билээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Эх нутаг
Оруулсан admin on 2008-10-23 03:54:24 (13144 уншсан)


Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шүлэгч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасч
Элгээ өмлөн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мөчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цөөхөн байгаасай гэмээр яг энэ орой л
Цөмөврөв үргэчихлээ шүү, сэтгэлийн хун шувууд...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б. Ичинхорлоо : Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Оруулсан admin on 2008-06-29 01:42:31 (11479 уншсан)


Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь...
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм

( Дэлгэрэнгүй... | 8 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Салхиний хэлээр
Оруулсан admin on 2008-06-29 00:59:33 (10838 уншсан)


Хана налан зогсоод салхинд зам тавьж өг
Харамсахгүй ээ, тэр хүрэх газраа хүрэг
Сайхан нүдтэй мөнөөх эрийн
Шанхан дээр үнсэг
Цаг хугацааг модны мөчирт өлгөлөө
Цааш юу болох нь хамаагүй ээ
Энэ модыг хэний ч юм дурсамж
Элэнцийн ч юм уу гуниг тэжээж ургуулдаг
Өндөрсөх модны сүүдэрт алдаагаа булахаар
Өнөөх эр дандаа ирдэг

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Чамдаа
Оруулсан admin on 2008-02-19 21:40:01 (23324 уншсан)

Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар
Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн
Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээнэ
Уулга алдан айсуй
Үгүйдээ хайрт минь би мартаж чаддаггүй
Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй
Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад
Хаврын шувуудын дуун эцээд болдоггүй ээ

( Дэлгэрэнгүй... | 17 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Р. Ичинхорлоо : Тэнгэр
Оруулсан admin on 2007-04-14 05:20:00 (25618 уншсан)



Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.


Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

 

1990 оны "Болор цом"-д уншсан тэргүүн байрын шүлэг



( Дэлгэрэнгүй... | 15 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Бодол
Оруулсан admin on 2007-04-10 02:24:26 (11794 уншсан)

                        Нэгэн цагт
                        Нэгэн цагт би тэнд хүрнэ
                        Нэлмэгэр хөх гэрэлд татагдаж
                        Тэнэг жаахан охин шиг дурлаж
                        Тэр одны зүг дэнгийн эрвээхэй шиг нисэж хүрнэ
                        Тэр сондгой ганц одны зүг
                        Тэнхээ барагдталаа дэвьж хүрнэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Сарны анд
Оруулсан admin on 2007-04-10 02:23:12 (10473 уншсан)

                    Би мөнгөн сарны анд билээ
                    Бичгийн ширээн дээр цагаан цаас
                    Биеийг нь элээхийг хүлээж аниргүй
                    Их хурын өмнө амьсгал түгжих тэнгэр шиг
                    Тийм догдлонгуй
                    Тэнгэрийн цэнхэрээс зээлж авсан бэхээр
                    Охин биеийг хөндөх эрийн энхрийлэлээр
                    Орчлонгийн мөрийг би сарны дор үлдээж
                    Одоо энд цаас өөрийнхөөрөө дуулж байна
                    Би мөнгөн сарны анд билээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Намрын хүүхэн
Оруулсан admin on 2007-04-10 02:19:40 (9115 уншсан)

                        Би намрын хүүхэн
                        Хүсвэл өгч үнсүүлэх
                        Хүйтэн уруултай
                        Хүүхэн
                        Хүнд зовхийн доор
                        Гал гялбах
                        Харцтай
                        Шар хилэн хувцастай
                        Шалигүй эмзэг
                        Маргааш болоход
                        Мартагдах ... тийм хэрэггүй
                        Намрын хүүхэн
                        Юухан ч биш жаахан гуниг
                        Ерөөл зохихгүй бардам зан
                        Цээжинд минь шувуу шиг үүрлэсэн
                        Цэнгэх хүсэлтэй дууч зүрх
                        Амьдрахын тулд үхэхийг л чадах
                        Амь...
                        Ай, энэ би
                        Намрын хүүхэн


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Цаг
Оруулсан admin on 2007-04-10 02:10:31 (11411 уншсан)

                        Урьдын гунигт түүх
                        Улирсан
                        Уруулын минь өнгө
                        Бүүдгэрсэн
                        Тийм мартам дурлал
                        Тийм хурц өнгө
                        Тэр цагийнх байсан ...

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Тохуу
Оруулсан admin on 2007-04-10 02:06:34 (9108 уншсан)

                        Та миний хайр биш
                        Тэнхэл зүрхний гуниг биш
                        Ууж дассан дарс шиг
                        Ужи хөнгөн зугаа юм
                        Үгийн аясаар бөмбөрдөг
                        Араншиныг чинь би өр өвддөг
                        Үйлэр тантай нөхөрлөсөн
                        Алдаа гэж боддоггүй
                        Та бид хоёрын дунд
                        Там эсвэл диваажин
                        Хязгааргүй орон зай буй
                        Хагацал гэж байхгүй
                        Хайр бас сэрэхгүй
                        Сэтгэл хүлэх хүндэтгэл
                        Сэмхэн ч болов үргэхгүй
                        Та миний хайр биш
                        Тавилан заяаны тохуу юм

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үл үзэгдэгч хүмүүс
Оруулсан admin on 2007-04-10 02:05:28 (9127 уншсан)

                    Үл үзэгдэгч хүмүүс замын тоос хөндөн
                    Өндөр тэнгэрийн дор чимээгүйхэн алхана
                    Аньсга сормуус цантах өвөл ирснийг мэдээд
                    Алчуур болгож хөнгөн үүлсийг зангидна
                    Мөр нь үлдэхгүй хүмүүс удаан хөгширнө
                    Мөнгөн шөнийн зүүдэнд ч үл ирнэ
                    Нялх өвс бүлээн оргиулан өлмий тэмтрээд
                    Нарны гэрэл нөмөрч харганын нөмөрт унтана
                    Үл үзэгдэгч хүмүүст цаг тоолол хамаагүй
                    Үе олны дунд аниргүйхэн алхалсаар байна
                    Үхширч гандсан орчлон үүдээ хаахад
                    Үл үзэгдэгч хүмүүс л ертөнцөд үлдэх болно .

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хайр
Оруулсан admin on 2007-04-10 02:03:38 (9619 уншсан)

                        Доошоо ширтээд харцаа нуугаарай
                        Догдлоод би уйдамхай шүү
                        Инээдэн цаанаа үгээ дэвсээрэй
                        Итгэхгүй ээ, би хайртай шүү
                        Эмзэг зүрхийг минь чи аваарай
                        Энэ минь сүүлчийн бэлэг шүү
                        Элдэвлэж тунисан үгийг минь гээгээрэй
                        Ээ дээ, надад гуниг зохихгүй шүү
                        Хайрт минь чи ганцаараа ирээрэй
                        Хамаг итгэлийг минь өөрөөсөө хайгаарай
                        Цэх ширтээд уравснаа хэлээрэй
                        Цээжний минь нөмөрт алдаатайгаа багтаарай.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Хавар - Би
Оруулсан admin on 2007-04-10 02:02:48 (9271 уншсан)

                        Нэг орсон бороонд хоёр норж болохгүй
                        Нэгэнт дурласан хүнээсээ хоёр урваж чадахгүй
                        Чиний араншин хэнийх вэ
                        Миний араншин хаврынх аа
                        Хатуу цэвдэг хөрсөнд ургах л гэж ургана
                        Хайлган намар цагаар унах л гэж унана
                        Чиний тавилан хэнийх вэ
                        Миний зовлон цэцгийнх ээ
                        Олны дунд эрхэмсүү ч сэтгэлээрээ ганцаардана
                        Одны гэгээнд ханьсавч ч амархан уйдна
                        Чиний гуниг хэнийх вэ
                        Миний гуниг сарных аа



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Үгүй
Оруулсан admin on 2007-04-10 01:51:59 (11227 уншсан)

                    Чиний зүгээс солонго татаж, чиний зүгээс бороо орно
                    Чиний зүгээс үүлс нүүж, чиний зүгээс салхи дэгдэнэ
                    Чи ирэхгүй
                    Үгийн гоёыг дэвсээд, болор гунигаа асгавч
                    Үгүй, надад итгэхгүй
                    Алдсан бүхэн минь дэндүү үнэтэй
                    Агшин хормууд, нүдэн балай явдлууд
                    Анзаараагүй өнгөрөөд эргэж харахдаа гайхсан
                    Алдаа минь хайраасаа илүү хүчтэй

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

Ичинхорлоо 	Б	 Шүлэг: Б.Ичинхорлоо : Өвсний чимээ
Оруулсан admin on 2007-04-10 01:45:45 (9026 уншсан)

                        Шарланга өвсдийн дунд
                        Шаналан минь байдаг
                        Надад уйтгар дурлахад
                        Намар болдог
                        Хэц хөндийн саран
                        Хээр хоносон байдаг
                        Хэлгүй гуниг манан
                        Хөмөрч хоносон байдаг
                        Хэн гуайн хүүгийн морь
                        Улдаж хоносон байдаг
                        Хэлээгүй хайрын үг
                        Цантай үлдсэн байдаг
                        Намхан өвсдийн дунд
                        Нас минь байдаг
                        Намайг тоссон харгуйд
                        Заяа минь байдаг.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ичинхорлоо Б | )

☕ Кофе авч өгөх