BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Н Мөнхсайхан

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Шинэ жил
Оруулсан admin on 2025-12-22 14:09:42 (10359 уншсан)


Цэцгэн хээтэй болор жүнзэнд дарс сөгнөөд
Цэвэрхэн бүсгүйчүүд цэмцэгнэн алхах нь хун шувуудтай ижил ээ
Гоо сайхан тансаг эрхэмсэг бүрдсэн
Гойд нэгэн орой шинэ жилийн үдэш ээ.
Хөлчүүхэн залуус хөөрхөн охидод санаархаад...
Цаадуул тоохгүй шаралхан
Цангинтал хундага тулгаад...
Цагаанхан даашинз эргэлдхэд
Гоё охидын хөл гялалзаж
Гоё харагдаад....
Шинэ жилийн үдэш ээ гэж .....



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Хавар
Оруулсан admin on 2015-04-03 19:09:29 (7825 уншсан)

< Үрийн минь сэвлэг шиг үнэртэй
Хавар үүдэнд ирээд
Болзох уу, болзох уу гэж аальгүйтээд
"Богинохон шүү, богинохон шүү залуу нас" гэж
Босгоны гадна зогсчихоод......

Н.Мөнхсайхан



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Бусад: Цагаанхан инээмсэглэл цацруулан чи над руу ирдэг байсан ...
Оруулсан admin on 2014-08-14 16:10:59 (9006 уншсан)

Цагаанхан инээмсэглэл цацруулан чи над руу ирдэг байсан
Цагаахан мөрөөдөл дэлгээд би чамайг угтдаг байсан
Цагаахан гуниг үлдээгээд чи надаас явсан
Цагаахан цасан дунд би зүрхээ тэврээд үлдсэн.

Цагаахнаар эхэлсэн бидний дурлал
Цагаахнаар төгссөн
Цагаахан гунигт аялгуу
Цагаахан цас болж бударсан.............



( Дэлгэрэнгүй... | 0 | Бусад | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Нутгаа харамлах сэтгэл
Оруулсан admin on 2013-10-15 12:01:18 (8454 уншсан)

Толгой дотор түмэн бодол түг түг 
Түмний өмнөөс миний зүрх лүг лүг 
Миний толгой ч яах вэ? 
Оюу толгой л хайраан 
Төрийн бөөснүүд ч яах вэ 
Монгол түмэн яана вэ?

Засаг төрийн тархи хэний төлөө ажиллана вэ
Зарж үрээд дууслаа эх нутгийн минь баялагийг 
Задарсан муусайн улс төрчдөө, салаавч өгье та нарт
Завхай хүүхний өвөр биш шүү миний нутгийн хэвлий.

Загас мэт хүлцэнгүй дуугүй хүмүүс ээ
Дорой явсан чинь төлөөсөнд доромжилж байна аа тэд
Долоон сарын нэгний айдсаа давж чадахгүй бол 
Долоон үеэрээ бид гуйлгачин болох нь ээ таминь ээ

Харийн хүмүүс гэдэг 
"Хадны хар мангаа" шүү
Ханаж цадахыг мэдэхгүй
Хар хорын бирд шүү

Тэдэнтэй нийлсэн тэжээвэрүүдийг 
Тэрэгний аралд тэгнүүлье
Монголын хөрснөөс арчиж 
Тамын хаалга руу илгээе 


Нүгэл нүглийн дээд нь 
Нутгаа зарах болой
Буян буяны дээрх нь
Бусдаас харамлах билээ

Нүгэлт амьтад Монголоос минь тонилтугай
Нүүрээ нуугаад үтэр түргэн одтугай
Сүүдэр нь байтугай сүнс нь бүү үлдтүгэй 
Сүүлчийн шуналтан яг одоо мөхтүгэй. 

Н.Мөнхсайхан 2013 он. Дорнод аймаг.



( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Яруу найрагч
Оруулсан admin on 2013-08-02 15:10:53 (7772 уншсан)

Яруу найрагч
Дорнод талын найрагч ах, агсан Баттөмөрийн Тайван ахдаа зориулмуй
Яруу найрагч бусдын зовлон шаналалыг яс махаараа мэдэрч
Янгинатал  хайрхад нь даарахдаа
Гашуун идээг хүртэж
Гал шиг шатаж, ус шиг урсдаг юм

Яруу найрагч бусдын баяр жаргалыг өөрийнхөө гэж хүлээж авдаг болохоор
Яруу тансаг бүхнээр магтаж
Сэтгэлийнхээ гэрлээр орчлонг гийгүүлүүлээд
Яргуй шиг хагдарч, навч шиг хийсдэг юм.

Яруу найрагч бусдын мэдрээгүй гоо сайханг олж харж чаддагтаа
Бүсгүй бүхнийг сайхан гэж хэлдэг
Эх хүний бурхан чанарыг таньсан болохоор
Эгэлгүй тансаг үгсийг тэдэнд л зорилж бичдэг ээ

Яруу найрагч өнгө мөнгийг шүтдэггүй болохоор
Алт төмөр хоёрыг адил нүдээр хардагтаа
Харц мэт амьдарч хаан мэт жаргадаг аа
Харин тэдэнд хаад ноёд л дургүй байдаг юм. 

Яруу найрагч эх орноо хэнээс ч илүү хайрладаг болохоор
Өвс, шороо, гол усаа
Өндөгөө дарсан эх ангир мэт
Өмгөөлөн хамгаалдаг юм
Өчүүхэн амьтас тэрнийг нь ойлгодоггүй юм.

Яруу найрагч цаг үеийнхээ алдааг түрүүлж хардагтаа
Яагаад ч эвлэрч чаддаггүйдээ
Үнэнийг нь хэлээд ад болж
Үгийг нь сонсохгүйд гунигт живж
Дарс найраг хоёртоо
Шартсан шиг шартаж
Шатсан шиг шатдаг юм аа
Ялихгүй шалихгүй хүн сүрэг ээ.

Н.МӨНХСАЙХАН. Чойбалсан хот. 2013.07.25



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Бүсгүй хүн
Оруулсан admin on 2013-03-07 15:21:26 (8011 уншсан)

Бүсгүй хүн тэр чигээрээ ундарсан их хайр

Бүлээн дулаан, халуун зөөлөн илч

Энгэрээс нь сүү оргилсон амьд булаг

Тэндээс нь хүн амилсан авралт бурхан.

2013,03,07

 



( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнсайхан : 4 мөрт
Оруулсан admin on 2012-09-27 12:47:43 (8470 уншсан)

Намар намраар л би дурладаг
Навч шиг үст бүсгүйг хайдаг
Найраг шүлгийн бадгандаа гунигийн дуу исгэрээд
Налгархан намрын шувуудад дурлаад буцаадаг аа ...

Жил жилийн намраар би дурладаг
Жимс шиг улаахан уруул амталдаг
Жирийн бус тасагхан сэрэл огшдог
Жинхэнэ үнэнч хайр хайдаг аа ...



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Шүлэг
Оруулсан admin on 2012-07-01 12:54:59 (8692 уншсан)

Балын амттай уруул байлаа
Шидэнд нь согтоод халуурчээ
Бороо зүсрээд тэнгэр уярчихсан
Бодол хуйлруулсан үдэш байлаа
Гоо сайхан хийгээд ялдам ааль зүрх гижигдэж
Тэсгэл алдан тэвэрчээ
Тэр миний буруу өршөөгөөрэй

Гоё сайханд тэмүүлдэг нь хүмүүний араншин
Гоёл зүүсгэлгүй нүв нүцгэн ертөнц
Жаргал цэнгэлийн дээд гэж
Хэн хэзээ хэлсэн юм бол оо,,,,,,,,,,,,,,,,,,



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Бороо
Оруулсан admin on 2012-04-19 21:45:59 (7977 уншсан)

Жаргалтуяа-д

Цасан бороо цасан бороо

Цаг хугацааны хоёр туйл

Царайлаг чи минь царайлаг чи минь

Миний сэтгэлийн хоёр дахь наран

Нартай бороо нартай бороо

Намрын өнгөn

Наалинхай чи минь сэтгэлийн хөг

Зүрхэнд шиврэх зөөлөн бороо

Бодолд дуслах гэгэлгэн гуниг 

Бороонд би хайртай

Бодлыг минь зөөлөлдөг болохоор

Түүндээ би хайртай

Сэтгэлийг минь дулаацуулдаг болохоор,,,,,,



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Тал
Оруулсан admin on 2011-02-25 21:19:08 (8333 уншсан)

Гал улаан наран
Газар доороос ургав уу гэлтэй
Гайхамшигт сайхан өглөөг
Мэнэнгийн талаас харлаа
Ийм сайхан нутгийн эзэн болж төрсөн
Энгүй их хувь тавиландаа талархнам.

Хараа үл гүйцэх халхын шаргал тал
Хамаг үзэмж нь бүрдсэн өнгө тунамалын туйл
Хаа ч байхгүй баян эрдэнэ хадгалсан авдар
Хаадын минь онгоныг дархалсан
Хэн ч мэдэхгүй оньсого

Нэгэн өдөрт туулж баршгүй уудам
Нэгэн зуунд үл хувирах диваажин
Монголын их тал мөнхийн цэлгэр
Монгол гэр талын чимэг
Зээр гөрөөс нь тэнгэрийн сүрэг
Зэрэглээ манан нь гайхамшигт зураг

Жигүүртний даль цуцаасан номин хөх огторгуй
Жихүүцсэн бүхнийг ээсэн илчит алтан наран
Тал, тэнгэр, нар гуравын хүйн холбоо
Тахин шүтэх байгаль эхийн өнгө зохицол оо .

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Эгчмэд бүсгүй
Оруулсан admin on 2011-02-17 15:57:42 (13284 уншсан)


Надаас өмнө хүнд дурлачихсан эгчмэд бүсгүй
Насаараа гуйгаад ч бүтэхгүй тавилангийн зөрөө
Бурхны андуураад дарчихсан хайрын тамга
Бусдад алдчихсан миний нандин эрдэнэ
Харж л явж зүрхээ дэвтээдэг
Хайрын минь элч
Харцаараа энхрийлж зүүдэндээ үнссэн уруул
Буруу өгөх эрхгүй 
Бүсгүй заяа
Бурхан надаас харамласан
Бусдын эхнэр.
Ханийнхаа өвөрт эрхлэх
Хар нүдэн бүсгүй
Харж л явах тавилантай 
Миний хайрын тэнгэр


( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхсайхан Н | )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Бухимдал
Оруулсан admin on 2011-02-15 12:02:45 (10233 уншсан)

Баагисан халуун нарнаар
Багтарсан бухимдалтай
Барайсаар алхсаар
Байдаг цагаа үрлээ
Энэ хорвоогийн элдэв бурангуйг
Эсэргүүцэн шүлэглэсээр
Эрхтэн дархтны эцсэн бодлыг
Элэглэж шүүмжилсээр элээж явна даа
Энэхэн насаа би

Ядуу амьдралын зовлонгоор ноёдууд
Янз янзаар тоглоод
Ядарсан олон түмнээ нохойноос дор үзээд
Ямбандаа задарч яадгаа алдаад
Яг одоо бол “малаасаа” дордоод
Манийгаа хуураад
Явж байна л байна даа зайлуул


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : ХЭРЛЭН
Оруулсан admin on 2011-02-15 11:58:37 (10172 уншсан)

Уяран талимаарах сайхан бүсгүйн харц
Уянгалан эгшиглэх ардын дууны хөг
Уулсаа эмжсэн номин цэнхэр хадаг
Удмаар минь ундаалсан ариун тунгалаг рашаан
ХЭРЛЭН
Хэдэн зууны турш хөрс шороог минь тэтгэж
Хэтний цахиур шиг дээдсийн минь
Хээрийн цангааг тайлж хүний зэрэгт хүргэсэн
Хүйн холбоотой амьд эрдэнэ минь ээ
Хиргүй ариун таныг минь
Хэрмэл тэнэмэл харийхан хэзээ ч бүү бузарлаг
Хэтэрхий “ухаантай” түшээдийн тааллаар
Хэрчигдэн тасарч бүү зовог
Мянга мянган жилээр урсдгаараа урсаг
Миний Монголыг ундалдгаараа ундлаг аа
Хэрлэн минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Нэргүй мөртүүд
Оруулсан admin on 2010-11-10 12:17:39 (9596 уншсан)

Шүр улаан нар тал дундаас мандана
Шүлэг минь харин бодол дундаас төрнө
Хорвоо ертөнц дэндүү удаан орших юм
Хорсол өшлөө хурдан түргэн аваасай
Хүн төрөлхтнөөс.............

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайханы хашгираан : Харуусал
Оруулсан admin on 2010-09-27 22:36:00 (9600 уншсан)

Хайран сайхан нутийн минь
Хамаг баялгийг
Харийн муусайн тонуулчид
Хамж аваад дуусгалаа
Өлссөн араатан мэт төмөр мангасууд
Өссөн төрсөн өлгийг минь
Өрөвдөлтэйгөөр тасар татахыг харахаар
Элэг зүрх минь
Эмтрэх юм
Араатан хүртэл төрсөн үүрээ хамгаалдаг байтал
Аяа бид тэднээс дор гэж үү
Арав таван цаасны төлөө
Ариун дагшин өлгийгөө сүйтгүүлэх гэж үү

Үгүй л байгаасай төр засаг минь


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Бурханаас гуйх гуйлт
Оруулсан admin on 2010-09-22 11:01:47 (10084 уншсан)


Мөнгөөр гулгисан төрийн
Мөнгөгүй шүлэгч би
Эрдэнээр дүүрсэн газар шороогоо
Элсээр шуурахыг харж байна
Бусдад байтугай
Бурханаас ч харамладаг эх нутгийг минь
Будааны тагтаа шиг харийнхан
Бужигнуулахыг харж байна

Бурхан минь би чамаас гуйя
Бузартсан энэ төрийг цэвэрлээд өг
Эх орноо худалдаж зүрхэлсэн
Эрх мэдэлтнүүдийг
Эрлэг там руу илгээгээд өг

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан :Нэргүй мөртүүд
Оруулсан admin on 2010-09-22 11:00:32 (9937 уншсан)


Сайхан бүсгүйг харахаар шүлэг төрөх юм.
Сарны нөлөөт орчлонд
Саатан удмаар болох юм
Зүүдэлгүй хөх тэнгэрийнхээ доор
Зүрхэндээ шаналал тээхгүй л юмсан.....
*******
Сар жилүүд сая живаагаар алсарч ээ
Саяхан л надад хайртай байсан бүсгүй
Шал ондоо болчихож ээ
Сайхан ч юм шиг…..
Саруул ухаан,
Цагаан сэтгэлтэн ховордоо юу даа
Энэ орчлонд
Санаа муутнууд л олон тааралдах юм
Шал өөр ертөнцөд ирчихсэн юм шиг…..
*** *** ***** ******

v

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Нар
Оруулсан admin on 2010-09-16 11:44:54 (10454 уншсан)


Надтай хамт байхаараа чи нар байдаг
Надаас холдхоороо чи сар болчихдог
Намраар чи надаас хийсээд навч болчихдог
Нартад би чамаар дутаад найраг бичдэг.
— — — — — — —
Сэтгэлийн минь гүнд ургасан цэцэг
Сэвгүй хайрын минь цагаан аялгуу
Хайрт минь чи минийхээ хамгийн үнэт эрдэнэ
Хамт бүхнийг туулах халуун цусны минь хагас.

Хоёр дахь наран

Зуны сүүл сарын намуухан тэр үдэш
Зургийн хуар шиг чи
Энгэрт минь эрхэлж хоносон
Зулай дээр мичид гялалзаж
Зуны шөнө богинохон байсаан
Зууван улаан наран удалгүй мандаж
Зураг сайхан өглөө болсон
Өвөр дээрээс минь чи
Өглөөн нарыг харсан


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Аавдаа сөгдөх сэтгэл
Оруулсан admin on 2010-08-16 11:23:11 (9991 уншсан)

Хүрэн торгон дээлийн эмжээр сэмэрч урагдсаар
Хүний орчлонгийн жамаар магнайнх нь үрчлээ нэмэгдсээр
Хасаг тэрэгний гол шиг амьдралын эргэлтэнд элэгдсээр
Хан буурал аав минь насан сүүдэрт дарагджээ....

Сайхан залуу нас нь тэртээ хол хоцорч
Сүүдэрт хорвоогийн тоос зүс царайг нь гундааж
Сүүмэн цэнхэр орчлонд үхэхээс бусдыг үзсэн
Сүмбэр уул мэт аавдаа шүлгээ сөгдөж айлтгъя

Голомтыг тань залгуулах үр тань болж төрөхдөө би
Гунигийн энэ ертөнцөд ганц л удаа баярлуулж дээ таныгаа
Түүнээс хойш түвэг удан зөндөө зовоосон ч
Түүнийг минь харин та уучилж өнөөг хүрсээн

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )


Мөнхсайхан 	Н	 Шүлэг: Н.Мөнхсайхан : Цаг нь болохоор ...
Оруулсан admin on 2010-08-16 11:03:46 (9745 уншсан)


Цаг нь болохоор миний шүлгүүд
Цаг хугацааны зөнч болно
Цаглашгүй их ухаарал хайр түгээн
Цасан мэт ертөнцийг бүрхэж хүн төрөлхтөнийг ариусгана.

Өвсөн доторхи шувууны өндөг хагарч
Өд сөд нь ургаж гүйцээд
Өргөн дэлхийг хэсэн тэнүүчилж
Өндрөөс өндөрт халин нисдэг шиг
Шүлэг минь шувууд шиг тарж хорвоог хэмжинэ ээ
Цаг нь болохоор..



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхсайхан Н | )

☕ Кофе авч өгөх