BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шарав Сүрэнжав

Сүрэнжав 	Шарав	 Шүлэг: Ш. Сүрэнжав : Нэр
Оруулсан admin on 2020-10-29 11:26:55 (36307 уншсан)

Чигчийн чинээ байхад чинийх гэж 

Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр

Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар

Хөл нүцгэн дэгдсэн нэр

Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа

Торниун насанд цэргийн батлах дээр байлаа

Орь насанд захидлын дугтуй байлаа

Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа

Өөрт оногдсон нэрээ

Өшиглөж хугалаагүй

Өрөөл бусдад худалдаагүй

Өнгө зусрын ширээн дээрээс

Өвдөг доороо ивээгүй

Гэгэлгэн цайлшан энэ нэрээ

Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа

Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа

Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа

Өөрт оногдсон нэрээ

Өргөж явбал бахархал

Өмчилж яваа энэ нэрээ 

Өеөдүүлж унагавал гутамшиг

Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж

Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл

Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж

Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй

Сайн хүн нэрээ гэдэг

Сайхан шувуу өдөө гэдэг

Алсын газар алдрыг тань дуудахад

Улсын далбаа уралдан босно

Уяралын нулимс зовхинд хурж

Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж

Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ

Эцгийн чинь нэртэй хамт яригдана

Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий

Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий

Орчлонд ганцхансан

Олдсон ганцхан нэр

Овхий номин тэнгэрт

Од шиг гялалзсан нэр

Утаа гарсан шинэхэн голомтын

Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ

Уянга нэмсэн өлгийн бүүвэйний

Аялгуунд цацарна

Нартыг баясгаж настныг жаргаах

Нандин сайхан энэ нэр

Нацагдоржийн дуулсан 

Миний нутгийнхны нэр

Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн

Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан

Заяасан үрсдээ овоглох нэр

Залгамж хойчдоо өвлүүлэх нэр

Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн

Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Сүрэнжав Шарав | )

Сүрэнжав 	Шарав	 Шүлэг: Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Оруулсан admin on 2010-05-10 04:11:52 (254796 уншсан)

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм


( Дэлгэрэнгүй... | 23 | Шүлэг | Сүрэнжав Шарав | )

Сүрэнжав 	Шарав	 Шүлэг: Ш.Сүрэнжав : Ерэн баатрын дууль
Оруулсан admin on 2009-07-28 00:42:00 (25437 уншсан)

Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй



( Дэлгэрэнгүй... | 24 | Шүлэг | Сүрэнжав Шарав | )

☕ Кофе авч өгөх