BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Наранзаяа
Оруулсан admin on 2026-09-30 10:40:21 (11271 уншсан)

 
Хар-Ус нуурын хөвөөнд. Хоёр жилийн өмнө билээ. Наймдугаар сарын нэгэн налгархан өдөр усны долгио ширтэж суусан юм. Аясаар дөлгөөхөн бидэртэх нуурын мандлыг харж суух амгалан жаргалтай. Хэзээ ч юм бэ, үл мэдэх нэгэн өдөр ингэж суусан мэт санагдах нь хачин сан. Тэгэхэд манай аяллын багт өнөө Оскарын шагналд "Ингэн нулимс" нь дэвшиж асан найруулагч Д.Бямбасүрэн нар явсан юм. Тийнхүү  хэдэн хоног явж ирээд "Бүгээн" хэмээх эсээ тэмдэглэл бичиж уншигч­дадаа хүргэсэн билээ. Үүнийг дурдахын шалтгаан гарлаа.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /төгсгөл/
Оруулсан admin on 2026-09-30 10:39:54 (10558 уншсан)


Зулцэцэг надтай тун ойрхон мөртөө маш хол байлаа. Миний сургуульд явах цаг ойртсоор… Би Зулцэцэгээс өөр бараг юуны ч тухай бодохоо болив. Би урьд нь хэд хэдэн хүүхний тухай бодож сониучирхан шохоорхож тэднийг харьцуулан цэгнэж, чухам хэн нь илүү сайхан хүүхэн болохыг тааж ядан ийнхүү олон хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу гэж гайхдаг байв.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Тэнгэрийн ташуур
Оруулсан admin on 2026-09-30 10:36:33 (9938 уншсан)


Манай анги нэгтгэл шинэ цэргийн баазаа нүүлгэж ирээд удаагүй байсан намар цагсан. Салаан дарга маань бүрээн дуутай зэрэгцэн өөрийн салааны шинэ цэргүүдийг түргэхэн жагсаах гээд гарахдаа малгайгаа орхисноо мэдээд буцаад өрөө рүүгээ гүйж явахдаа, хн сандарч ядаж байхад миний энэ адгууг яанаа хэмээн өөртөө бурууг өгөн цэргүүд рүүгээ гүйлээ.

Түүнийг ирэхэд нь будилуу мунгинуугаараа дуудуулдаг хэдэн цэргүүд нь жавхайтал эгнэн жагссан буйг ажаад маадгар маадгар алхсаар тэргүүн эгнээнд очин зогслоо. Хажуу салааны хэдэн нөхдүүд хүн нь гүйцэхгүй нааш цаашаа сандран байхыг хараад дотроо яасан ч их удах юм бэ дээ хэмээн ундууцан бодон зогслоо.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ану : Намар...
Оруулсан admin on 2026-09-30 10:17:54 (10561 уншсан)

Энэ үгийг хэлэхээр хүүхэд байхад хичээл л санаанд ордог байждээ. 9 сарын 1-нийг хүлээж миний яарах, өдөр хоног өнгөрч өгөхгүй уяж хичнээн удах хоёр ёстой нэг тэнгэр газар хоёр шиг л болно. Үгүй тэгээд нээх тэгтлээ их сурахын хүслэнтэйдээ биш  ямар  юундаа тэгтлээ яардаг байсан юм бүү мэд. надад ямар үерхэж дотноссон найз гээд байх хүн ч байсан биш. Гэхдээ л хэдэн жил харсаар дасчихсан ангийнхаа хэдэн хэл амтай охид, хэрэг тарих дуртай хөвгүүдээ харах гэж яардаг байсан юм болуу даа. Арван жилийн минь тэр хуучин барилга саруулхан танхимууд, урт коридор, будсан ширээ сандалын хамар цоргисон хурц үнэр, гоё дээлтэй цэцэг барьсан дөлгөөхөн зантай багш минь... энэ бүгд л намайг эрдэмд дууддаг байсан даа.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Өгүүллэг | )


Өгүүллэг 		 Өгүүллэг: Оюутны намар
Оруулсан admin on 2026-09-30 10:12:15 (10612 уншсан)


Би энэ жил сургуулиа төгсөх гээд оюутан цагийн сүүлчийн намартаа баяртай гэж хэлж чадахгүй хоргодон хоргодон явна. Жил бүрийн намар нэг өглөө босоод харахад л навчис шарлаад газраар нэг хөглөрчихсөн байдагсан. Харин энэ жил 8-р сар дундаа ороо юу? үгүй юу? хорчгор шар навчис онгироо салхины аясаар тал тал тийшээ хийсэж, хөл доогуур гүйлдээд намарт дэндүү яарсан гэлтэй. Харин би намарт яараагүй ээ. Үргэлж л оюутан хэвээрээ байгаад баймаар санагдаж байна.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ю.Төгөлдөр : Цэнхэр цэцэг
Оруулсан Төгөлдөр on 2026-08-24 02:06:45 (363 уншсан)

Үүлс оршуулгын цуваа адил хөвхөд түүний цонхоор нэгэн эмэгтэй уйлж байх шиг чимээгүй, дүнсгэр бороо. Тэрхүү бороон дуслууд цонхоор үзэгдэх бүхнийг сарниулах бөгөөд миний урд талын суудалд суусан ээжтэйгээ яваа хүү л хэн нэгний нулимсыг арчих адил дуслаар тоглоно. Хүүгийн нүдэнд усан бөмбөлгүүд уралдаж, урд хойноо орж, хэн нэгнийг нь дэмжиж байгаа. Харин надад тэдгээр дуслууд дээрээс унахдаа бусад жижиг бөмбөлгүүдийг түүсээр түүндээ тогтохоо байсан хүний гуниг эсвэл уур хилэнг л бодогдуулна. Хүн магадгүй амьдралыг томьёог хайж эхэлсэн цагаасаа амтыг нь мартдагийг эндээс харж болох байх. Автобусанд өнөө хүүгийн ярин шулганахаас өөр чимээ анир бараг гарсангүй.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Дашдооров : Тэнгэрийн дуун
Оруулсан Bataka on 2026-06-19 11:08:49 (343 уншсан)



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Цэргийн нууц
Оруулсан admin on 2026-03-18 15:59:23 (12999 уншсан)

   Сая л бүртийх үүлгүй анивчин гялалзаж байсан од мичдийг хоромхон зуур бараан үүл бүрхэж, алсад тэнгэр нижигнэж
 цахилгаан цайлсхийх нь удахгүй энд бороо орно гэдгийг илтгэх мэт.Хэд хэдэн салхивч онгорхой боловч олны бүлээн амьсгалтай бүгчим агаар бас хөлс,шивэр,хулмасны үнэр холилдсон тэр гээд хэлэх аргагүй эвгүй үнэр,хамар цоргин мэдрэгдэвч энэ нь Хүрэлбаатарт огтхон ч хамаагүй дасал болсон үнэр танар байлаа.Хүрэлбаатарын нойр аль хэдийнээ хулжиж,хий дэмий тийчлэн хэвтэхдээ,хорвоо ертөнцийн элдэв хачин эх захгүй,эрээвэр хураавар бодол сэтгэлийг нь үймрүүлнэ.Арваад хонгийн дараа халагдах болсон  Хүрэлбаатарын яарсан сэтгэлд  арван хоног арван жил шиг санагдмой.

( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Далхаагийн Норов : Цасны бэлэг
Оруулсан Bataka on 2025-12-17 17:19:22 (3658 уншсан)



Төрийн шагналт, зохиолч Далхаагийн Норовын “Хэрээний нулимс” өгүүллэг

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж өнгөрлөө. МЗЭ-ийн 91 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норов "Хэрээний нулимс" өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлжээ.

Хөөе та минь ээ, доройтсон нүдэнд юу сайныг та нар дуулсан уу? гэж яншаа ёнгинуур дуугаар орилсоор Баярт гуай ирж явна. Халуун зун үстэй дотортой зузаан ултай гутал, хөвөнтэй торгон өмд цамц өмсөөд, нэг гартаа зөөлөвчтэй сандлаа барин нөгөө гараар таягаа тулсан, тас хар шил зүүсэн майцгар өвгөн тийн дуугарсаар ойртон ирэхэд сэхээвчинд суугаа хөгшчүүд тоглоомдоо улайраад хариу дуугарсангүй, шуугилдана.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: ШАГЖ ГЭЛЭН : Луйварчин
Оруулсан Bataka on 2025-12-17 16:57:28 (3653 уншсан)

Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан их, бага луйварчид амьдардаг газрыг Улаанбаатар гэдэг билээ. Эдгээр нэг сая гаруй луйварчины нэг нь би билээ. Анх би социализмд буюу 1980-аад оны эхээр баруун гартаа нэг юм атгаж төрсөн нь салаавч байсан гэдэг. Багш нарын цалинг архиар тавьж, хүүхдүүд галлагаатай ангид сурч, хүнс картаар тараадаг байв. Биеийн тамир, гадаад хэл, соёлын хичээлүүд заах багшгүй байв. Монгол бичиг, латин бичиг хоёрт самруулав. Монгол хэлээ асар муу сурав. Дүлийгийн урд эгнээ, хамуугийн 3-дугаар салаанд тус тус алдар цолоо дуудуулж суусаар бага ангиа төгсөв.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Маяа
Оруулсан Bataka on 2025-12-10 15:14:55 (3571 уншсан)

 Маяа охин галуун цувааг даган үүлэн дээгүүр нисэх бөгөөд доош харвал дүү нь гараа даллан түүнийг гүйцэхийг хичээн гүйх нь харагдана. Гэнэт өөрөөс нь том хөлс даасан хүйтэн гар бугуйнаас нь татан авахтай зэрэгцэн зүүднээсээ сэрэхэд эцэг Мейр нь түүнийг энгэртээ тэврэн шатаар яаран буух бөгөөд охин өөрөө бамбаруушаа тас тэвэрчээ.

Угтаа бол ээж нь түүнийг үнсэж сэрээх юм уу, аав нь түүнийг өхөөрдөх дуугаар өглөө болгон эхэлдэг ч энэ удаад тийм зүйл байсангүйд охин гайхна. Маяа ааваа гэж хэдэнтээ дуудсан ч эцэг нь сонссонгүй. Уг нь үүнээс ч сулахан дуудахад тэр сонсдог юм. Эцэг нь ийш тийш ямар нэг зүйл хайж сандран гүйхдээ охиныг улам чангаар тэврэх нь Маяад хэцүү санагдан энэ удаад ээжийгээ дуудав. Мөн л хэн ч түүнийг сонссонгүй.



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka on 2025-12-01 15:30:57 (4263 уншсан)

Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.

Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.

Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.

Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Марал-Үжин : Чөтгөрт дурласан бурхан
Оруулсан Bataka on 2025-11-02 21:17:47 (4632 уншсан)

Тэнгэрийн хаяанд цагаан жигүүрээ дэлгэсэн нэгэн охин байлаа. Түүний инээмсэглэлээс гэрэл цацарч, хаа хүрсэн газар нь салхи намуун, одод хүртэл бөхийдөг байв. Харин доод ертөнцөд тамын дөл дундаас хар далавчтай нэгэн хүү алхаж гарчээ.
Түүний нүдэнд шөнө, дуугүй гуниг шингэж, амьсгал бүр нь утаа мэт зүрхийг хорсгоно. Хоёр ертөнцийн хил дээр, гэрэл ба сүүдрийн заагт тэд учирчээ.
Тэр мөчид тэнгэрийн охин анх удаа харанхуйн гоо сайхныг мэдэрч, харин тамын хүү анх удаа гэрлийн дулааныг мэдэрсэн юм.
Хориглох бүхнийг үл тоон, тэд хамт байхыг хүсэв.
Гэвч тэнгэрийн хууль, тамын гинж хоёр тэднийг салгах тавилантай байлаа.
Хоёр ертөнцийн хүч тэдний хайрыг дарж, тэнгэрийн хаалга хаагдаж, тамын гал буцаж асав.
Тэд өөрсдийнхөө хайр дурлалын төлөө
Амиа золиослохоор шийдэж
Сахиусан тэнгэр охин өөрийн энх тайвны бэлгэдэл болох далавчаа тайрч 
Чөтгөр хүү өөрийн сүрлийн бэлгэдэл эврээ хугалж далавчаа шатааж хорон муу санаагаа ойрхон 
Хайрынхаа төлөө тэмцэнэ
нар сар шиг
учрах тавилангүй мөртлөө
мөнхийн хайрын бэлгэдэл болгож өөрсдийн зүрхээ сугалан нэг цул болгов...

Н.Марал-Үжин
2025.10.22


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Номинчимэд : ӨР ДАРСАН НЬ
Оруулсан Bataka on 2025-09-18 13:56:30 (5004 уншсан)



1980-аад оны дундуур, Намхай хүүг зургаадугаар анги төгсөх хавар юмдаг, тэднийх гэнэтхэн арван таван мянган төгрөгний өртэй болж хоцорлоо. Аав нь 350 төгрөгний цалинтай, ээж нь 120 төгрөгний тэтгэвэр авдаг. Нэг кило хоёрдугаар гурил, шар будаа 80 мөнгө, литр бензин ганц төгрөг байсан цаг. Гэтэл бүр арван таван мянган төгрөг шүү. Аав Сандаг нь сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны нярав байсан юм. Тэтгэвэртээ гарах болж, ажлаа хүлээлгэж өгөхөөр тооллого хийтэл хэсэг бараа сох дутжээ. Дахин тоолохоор болж, бүр аймгаас ч хүмүүс ирсэн санагдана, дахин тооллого бараг л долоо хоног үргэлжилсэн юмдаг. Эцэст нь яах ч аргагүй 15 000 төгрөгний бараанд акт тавьж, 45 хоногийн дотор төлөх улаан канттай бичиг үлдээчихээд явчихжээ. Хугацаанд нь барагдуулахгүй бол шоронд л явах юм байх аа.
Үүгээр түүгээр хөл хөс, тоглоом наадам, зодоон цохионтой бүхнээр би л дутчих вий гэсэн аятай бултагнан, хоёр нарны хооронд гэртээ бараа нь харагддаггүй Намхай хүү хүртэл гэр тойрон эргэлдэх болов. Аав нь мод толгойгоо угсруулан нэрж, ээж нь зуухныхаа өмнүүр шуухитнана.
- Хачин юм даа, тэгэж сох дутдаг нь? Аваад идэж уучихсан бол ч яая гэхэв. 
- Би ч нэг гурав дөрвөн зуу орчим төгрөг дутна л гэсэн таамагтай байсан, гэтэл... гээд аав гаансныхаа үнсийг ёодууны булан дээр тог хийтэл цохив.
- Яахаараа гурав дөрвөн зуун төгрөг гэж... 
- Яах юу байхав, өнгөрдөг намар тарваганыханд хоёр авдар калийбрийн сум л тараачихгүй юу, увуулж цувуулж өгсөөр байгаад одоо хэдхэн хүний л тооцоо үлдсэн байгаа. Сэлнээн Дэлэг, Мухар Гүржав, за байз, бас Халзан Намхайд хоёр хайрцаг сумны тооцоо, гээд бас мэр сэр юмс үлдсэн үлдсэн. 
Нээрээ аав нь ногоон төмөр авдартай сум задлаад хүмүүст тараагаад байсан юм. Гэхдээ лав л данс тооцоо хөтөлж харагдаагүй. Нэг авдартаа лавтай 40-50 хайрцаг сум багтдаг байх, Намхай чүү дааж билээ. Харин нэг хайрцгандаа 50 ширхэг сум байдгийг бол тэр андахгүй.  
- Үгүй тэгээд тэр дутсан бараа чинь нэр төрлөөрөө гардаггүй юм уу?
- Гаралгүй яахав. 
- Юу юу дутчихаа вэ?
- Том үнийн дүнтэйгээс 4000 төгрөгний үнэтэй хоёр орлоон марл... Нийлээд 8000...
- Пээ, тэр их марлыг чинь тэгээд хааш нь хийчихдэг хэрэг вэ? Хоёр зуугийн поошигноос л том юм харагддана чив лээ.
- Харин тийм. 
- Чи хүнд өгчихөөд мартчихсан юм биш үү?
- Яалаа гэж, дөрөв таван метр марл бол мартана гэхсэн, тэр чинь нэг орлоондоо 500 метр байдаг юм. 
- Ээ яалаа. Саклаадын чинь хаалга, хана зүгээр үү? 
- Зүгээр зүгээр. Хулгайч тэр том юмыг чинь яаж даадаг юм. Ямар Сохор Данваа биш. Данваа бол сугавчлаад алхчихсан гэх. Уржнан жил хойт хоолойд бараа ачиж явсан аймгийн трээстийн машин унаагүй юу. Тэгээд шөнө талаар нэг тарчихсан барааг нь цуглуулж ачаад ирсэн. Жолооч нь бие тааруу, эмнэлэг хурдан бараадна гээд байхаар барааг нь нэг бүрчлэн тулгаж аваагүй юм. Тэр жаахан тийм шиг, золиг гэж...
- Хмм, Яагаад тэр билээ?
- Сүүлд сонсохнээ нь тэр жолоочийг нааш сумын төвд хэл дуулгахаар тэмээ барьж унаад явсан хойгуур замын хоёр ч тэрэг түүгээр дайраад гарсан юм билээ. 
- Арай ч үгүй байлгүй дээ, нэг нь машин тэрэгтэйгээ унаж ядаж байхад, түүнээс нь хумсалж байдаг тийм монголоо алдсан амьтан гэж хаа байдаг юм.
- Харин тийм, би ч бас тэгээд л бодчихгүй юу. Тэгтэл хойт сумдаар эзэнгүй бараа нууцхан зарсан сураг байсан. Мэдсэн бол тэр дариуд нь хялтсийн төлөөлөгчид хэлээд шалгуулчихдаг байсан юм.
- Яасан дүүрчихсэн улс гэгч вэ тэд чинь, тэгээд хоол хош нь дүүрдэг л юм байх даа... Чи аймгаас бараа татуулахдаа падаантайгаа тэр бүр тулгахгүй л байх шиг харагддаг. 
- Хүнд дайж бараа авчихаад, ямар чи замаас нь авчихсан уу гэж байгаа юм шиг падаан тулгаад сууж байлтай нь биш.
- Нэрэлхэхээс нэрээ ид гэдэг. Алба алба гээд л хэнхэглээд байдаг юм билээ, жинхэнэ хэнхэглэх юм чинь тэр л байж дээ. 
- Аа бас, түрүү жил нярав Олби Шаравсүрэнг шилжихэд барааг нь тоолж авсан даа. Тэнд ч бас зарим нэг лоосуутай юм байж магадгүй болоод явчихсан шүү. За тэгээд алдсан хүн арван тамтай гэж үнэн лүд юм аа, хавийн амьтныг хардахдаа тулах нь. Хэцүү юм чинь энэ л байна гээд аав нь толгойгоо сэгсрэв. 
- Шаравсүрэнг манай сумынхан ямар андах биш, чи мэдсээр байж хашир байхгүй дээ. Лонхтой юм харахаараа л ахаа, ижии болоод явчихдгийг чинь далимдуулаа биз.
- За за, тэгээд л хоёр үг ч сольж болдоггүй юм шүү.
- Чиний л араншин шүү дээ, би ямар санаанаасаа зохиох биш. Ингэхэд Ламжав агентад өгсөн падаанаа чи шалгадаг юм уу даа? Тэр бараа авах бүрдээ л чамд шил юмтай ирэх юм билээ. 


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвжавын Пүрэвсүрэн : Өмхий хүрэн
Оруулсан Bataka on 2025-09-17 20:06:57 (5213 уншсан)


Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн буурал энэ түүхийг надад ярьж өгсөн юм. Тэр үедээ зүгээр л сонсоод өнгөрсөн боловч өдий болтол санаанаас гарсангүй. Сэтгэлд тод үлдсэн юм заавал нэг гунигтай байдаг болохоор өнөөдөр буулгахаар суусан минь энэ билээ.
...Манай энд бүдүүн Аюур гэдэг нэг их баян хүн байв аа. Тэрүүн шиг баян хүн энэ нутагт хэзээ ч байгаагүй юм гэдэг. Хонь нь түм хүрч, бод мал нь мянга хол давж байсан даа. Эхнэр нь хүртэл хоёр байсан юм шүү. Хонь малыг нь олон ядуу айл хариулан гэдэс тэжээдэг байв. Гэртээ хөгшин залуу хоёр зарцтай. Настайг нь Цоорхой гэнэ. Түүний завьж нь цоорхой хүн байсан. Юм идэхдээ тэр завьжаа алгаараа дарж байж иднэ. Жинхэнэ нэрийг нь хэн ч үл мэднэ. Бас таг дүлий, хэлгүй ер нь л зовсон амьтан байсан даа. Залууг нь Дулам гэдэгсэн. Бүсгүй хүний нэртэй ч гэсэн сайхан эр байв. Цоорхой ус, түлш, унага татах, айраг бүлэхээс эхлээд гэр зуурын бүх ажилд борви бохис хийлгүй зүтгэнэ. Дулам адуу маллаж, гадуур хийх юм болгоныг амжуулна. Аюур бол идэж ууж, даалуу тоглож суудаг ямбатай эр. Олон жороо морь сэлгэн унаж, айл хэсэж, авгай хүүхэн эргүүлнэ. Намхан нуруутай, жигтэйхэн бүдүүн тэр гуншаа эрээс нутгийн охид хүүхнүүд үргэж зугтавч, хээр гадаа дайралдвал гараас нь гардаггүй байсан гэлцдэг юм. “Баян хүн гурван хаанд нүүртэй” гэдэг үгтэй юм газар. Түүний хатуу гарт орж, хэмхлүүлсэн бүсгүйчүүдэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч л болно биз. Харин тэрний доор орсноо нуун, дотроо л өөрийгөө жигшиж явдаг байсан байх. Арвайхээрийн нэгэн баянтай наймаа хийж, эр, эм хоёр сайхан залууг өрөнд авсан гэдэг юм. Сүүлдээ эмийг нь бага эхнэрээ болгов. Эр нь тэр Дулам билээ. Бага эхнэр Пагма гэдэг үйлийн үргүй хөөрхөн амьтан. Нэг нутгаас ядуу зүдүүгийн эрхээр худалдагдан ирсэн Дуламдаа сэтгэлтэй байсан юм гэж манай нутгийн авгай нар ярилцдаг байсан юм шүү. Тэрнээсээ болж хожим нь үйлээ эдэлсэн байх л даа. Хувьсгал гараад хэдэн жил болж байсан боловч зах зайдуу нутагт баячуудын эрх дарх хэвээрээ, тэр байтугай өр ширэндээ хүн хүртэл авч байж шүү дээ.
Аюур уул нь тийм их баян айлын голомт залгасан хүн биш. Эцэг эх нь амь зуулгын хэдэн малтай айл байж. Харин түүнийг гэв гэнэт хагартал баяжуулсан хүн нь Цоорхой юм гэж ярьцгаана. Цоорхой Аюуртай нас ойролцоо. Нэг хотонд төрж, хар нялхдаа өнчрөөд, Аюурын аавын хаяа бараадан нохой шиг өсчээ. Аюурыг хорь гарч байхад эцэг эх нь хорвоог орхиж, тэр юмны эзэн, сумны занги болж өрх тэргүүлэн, нутгийнхаа Лхам гэдэг хүүхэнтэй суув. Цоорхой тэднийд ердөө л бурхнаас заяасан зарц болжээ.


( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цэрэнжамц : ЭХИЙН ЗӨН \өгүүллэг\
Оруулсан admin on 2025-01-06 09:51:05 (6744 уншсан)

Хүнд өвчинд шаналж, уруул нь омголтон хатаж,хамаг бие нь дагжин чичирч,байж ядан амьсгаадах ижийгээ, ясан хэдрэг болтлоо турж эцсэн жаал хүү гархилж ширгэсэн өлмөн зэлмэн нүдээр харж, ээжээ идэх юм өгөөч дээ, би өлсөөд байна ээжээ хэмээн халтартаж сайртсан жижиг гараа сарвайхуйд,халуундаа дэмийрэх шахам байсан залуухан эхийн гунигтайхан нүдэнд нулимс цийлэгнэж,цээжнийхээ гүнээс санаа алдлаа.- Би чинь гараасаа хөтлөх ганц үртэй хүн шүү дээ , нүд минь хөдөлж байгаа цагт би орноосоо босож хүүдээ идэх юм олж өгөх ёстой . Хүүгээ хооллоод зогсохгүй би орхиж үхэх ёсгүй.Хүүгээ л сайн хүн бараадуулах юмсан хэмээн орноосоо хүчлэн босож, учир мэдэхгүй бяцхан үрийнхээ гараас хөтлөн ядуу оромжноосоо гарч, өөрийн эрхгүй гуйвах хөлөө арай ядан зөөн хэд алхсанаа, хүүгээ гараас нь хөтлөвөл халуун минь хүүд халдварлана хэмээн бодонгуут ханцуйнаас нь хөтлөн сажлав.Зүүнтэйгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа.Ойролцоох хотыг харийн цэргүүд эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тарж,тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүх зар хэдэн өдрийн өмнөөс тараасан боловч,өвчинд шаналж зүдэрсэн эх төрлөх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явах ч тэнхэл байсангүй. Харийн цэргүүд замдаа тааралдсан хот, тосгодыг эзлэн дээрэмдэн тонож,хүн зоныг хүйс тэмтэрч байна гэх чимэггүй үгс ам дамжин тархсан хэдий ч яагаад ч юм эхийн сэтгэлд айдас хүйдэс ердөө ч хурсангүй.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : ТАМГА
Оруулсан admin on 2023-12-12 12:39:03 (7875 уншсан)

"Утгын чимэг-2023 он" богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг

       “Хар гарт”  хэмээх  дархан  Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс  савж  унах шахан  гарчээ. “Ээ сахиус минь...цөс  цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин  хашийг  зэрэмдэглэсэн   чамд  цаазын ял  онооно. Өвгөд   дээдэс   сэлэм удааж чилээсэн  дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү?  Ташаандаа  тамгагүй чөдрийн ганц морь  ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан  одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи.  Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад  үүл манан дунд  хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж,  чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж  бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа. 



( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
Оруулсан admin on 2023-10-18 17:41:26 (7701 уншсан)


Хотын захиргааны шийдвэрээр аав, охин хоёр амьдарч байгаад сураггүй алга болж, хожим хүмүүс сүнстэй хэмээн дөлөх болсон хоёр давхар байшинг нурааснаар сонин жигтэй энэ явдал ил болсон юм.
Барилгыг нураасан ажилчид барилгаас эвтэйхан зассан цаасан хайрцаг дотроос хүний алганаас зүг том хэмжээтэй хүнийх шиг дүрстэй зүйл/шарил/, бас нэг үхэр оготны араг яс олсон байна. Тэр даруйдаа албаныханд мэдэгдсэнээр шинжлэх ухаанч байдлаар хандаж эхэлжээ. Маш ховор олдвор гэдэг нь илт боловч чухам юу болохыг нь баталж чадалгүй, хэсэг бүлэг эрдэмтдийн таамаг төдий л байв. Үхэр огодой мөн гэдгийг нь манай шинжлэх ухааны биологийн салбарын нэртэй эрдэмтэд дуу нэгтэй баталсан бол хүнийх шиг дүрстэй зүйлийг нь чухам юу гэдэг дээр санал нэгдсэнгүй. Тиймээс олон улсын эрдэмтдэд хандаж, тэд ч яах аргагүй хүний ДНК-тэй таарч байгааг нь, энэ бол ХҮН гэдгийг баталжээ. Гэвч өмнө нь ийм олдвор дэлхийн аль ч өнцөгөөс олдож байгаагүй учраас ийм жижигхэн хүн байж болох эсэх дээр маргаантай байсаар өнөөдрийг хүрчээ. Одоо бол хаа нэг шар сонингууд борлуулалтаа нэмэх зорилгоор зургийг нь ашиглан элдэв цуурхал тараахаас хэтэрхээ байж дээ.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Догмид :
Оруулсан admin on 2023-03-18 15:29:39 (17247 уншсан)

Гониогийн манай хоёр олон жил хаяа хатган айлсч, хүн малгүй ижил дасал болсон байлаа. Ганц удаа салж нүүсэн чинь нохой маань хүртэл хоёр гэрийн хооронд гүйгээд сүүдэрт хэвтэхээ больсон тул дахин эргэж айлсав.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (8893 уншсан)

Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа.
Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.

Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон,
Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй:
- Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга.
- Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ.
Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.


( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )

☕ Кофе авч өгөх