BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өөрийгөө ялах нь 		 Сургамж: М.Тулгат : Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь
Оруулсан Bataka Огноо: 2005-03-24 12:53:00 (21066 уншсан)

Өөрийгөө ялж, биеэ дайчлах нь
Эрин М.Тулгат

Өөрийгөө одоо хир ялж чадаагүй хүн энэ сэдвээр удиртгал бэлдэнэ гэдэг зохисгүй хэрэг байх. Гэвч өөрийгөө төгс ялсан нэгнийг хүлээгээд суувал энэ чухал сэдэв хөндөгдөхгүй удах биз ээ. Иймд ядаж ярианы сэжүүр гаргахын тулд өөртөө ялагдсаар ирсэн миний бие үзэг хүргэхээр шийдлээ.
Их хүний нийтлэг шинж
Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхээс сонирхцгооё. Тэд янз бүр. Зарим нь нийтэч, зарим нь зожиг. Ааш араншин, гарал үүсэл, гаднах төрх нь гээд тоочвол есөн шид. Харин тэдний дунд цор ганц нийтлэг чанар ажиглагддаг. Тэр бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэж ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг байнам. Английн найрагч Теннисон:
“Өөрийгөө хүндэлж, өөрийгөө мэдэж, өөрийгөө захирахуй,
Өндөр их суудал өөд залж өгөгч нь гагцхүү энэ гурав билээ.”
"Self-reverence, self-knowledge, self-control,—
These three alone lead life to sovereign power."
гэж шүлэглэсэн байдаг. Бүх хүн суу алдартан болох албагүй, бас боломжгүй. Гэвч бүх хүнд сайн сайхныг хүсэх хүсэл нуугдан байдаг учраас өөрт нь энэ сэдэв хамаагүй гэх хүн үгүй бизээ.

Уруу татах хүч
Би багадаа “өөрийгөө ялах л хамгийн хэцүү” гэх юмуу, “өөрийгөө ялвал тэр чинь хамгийн том ялалт болно” гэх мэт үгийг бишгүй сонсдог байлаа. Тухайн үед “тийм л байх” гэж бодоод өнгөрдөг байсан ч, одоо эргээд санахад яг нарийн утга учрыг нь тунгааж мэдрээгүй явжээ. Харин Японд ирээд байхдаа нэг удаа сургуулийнхаа эрхлэгчийн яриаг сонссоноос хойш энэ талаар нухацтай бодох болсон юм.
“Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу Татах Хүч”-нд ялагдсанаас болдог” гэж тэрээр хэлээд “зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадсан үед хүн амжилтанд хүрч чадна” гэж хэлж билээ. Түүнээс хойш “за яадгийм”, “дараа болъё” гэж бодох бүрд энэ “уруу татах хүч”-ний тухай яриа тархинд минь зурсхийдэг болсон юм.
“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Аминдаа үүнтэй тэмцэж янз бүрээр үзэж тарж ирлээ. Ялж, бас ялагдсаар энэ тэмцэл дундаас зарим нэг “байлдах урлаг” хүртэл төрж гарсан юм. Арга барилаа олохгүйгээр энэ дайсантай тэмцвэл их хүнд бэрхийг туулах бололтой.
Нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад хүн нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. “Эрч хүч”-ээр жигүүрлээд “уруу татах хүч”-рүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. “Эрч хүч” унтарч, “уруу татах хүч” ноёрхлоо.
Yнэндээ энэ “эрч хүч” гэдэг юм сэлбэж байхгүй л бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд ажээ. Гэтэл “уруу татах хүч” бол үргэлж хүчтэй, хаа ч явсан сүүдэр мэт дагана. Иймд бид “эрч хүчийг” үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй болно. Жишээ нь, ухаалаг сайхан хүнтэй ярихад хүн маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж, хийж бүтээх хүсэл төрүүлэх ном унших арга юм. Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай адил хэрэг болно.
Цаг мөч бүрийг мэдрэх
Цэнэг авсан үедээ бид жишээ нь “өнөөдрөөс эхлээд өдөрт 2 цаг англи хэл үзнэ” гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин түүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхийн зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл залуу нас тэрчигтээ өнгөрнө. Ихэнх хүн дахиад залуу болох юмсан гэдэг шүү дээ. Би лав эргээд нэгдүгээр курсын оюутан болвол ингэх байсан, тэгэх байсан гэж одоо харуусан боддог юм. “Жар хүрч ухаан суугаад жаран нэг хүрч нас барав” .
Энэ бүхэн юуг хэлээд байна аа? Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж, мэдрэхээс эхэлнэ.
Хянах хүснэгт
Магистрт орох шалгалтанд бэлдэж байх үедээ би өдөр бүрээ хянахын тулд тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Энэ нь өдрийн тэмдэглэлээс ялгаатай ба уг тэмдэглэлд зөвхөн тэр өдөр ямар хичээл хийснээ бичих юм. Гол зарчим бол олигтой юм хийгээгүй байлаа ч гэсэн түүнийгээ бичих. Эхний гурван өдөр юу ч хийгээгүй байхад л өнгөрчихөв. Тухай бүрд нь:
“4 сарын 2. Юу ч хийсэнгүй.”
“4 сарын 3. Юу ч хийгээгүй” гэх мэтээр бичээд байлаа. Гэтэл энэ нь ядаж харахад үзэмжгүй учир 4 дэх өдрөөс нь аргагүй хичээлээ барьж авч билээ. Энэ арга барил өөрт минь үр дүнтэй санагдсан тул хэсэг хугацааны дараа илүү боловсронгуй болгож долоо хоногт хэдэн цаг англи хэл хийсэн, хэдэн цаг онолын хичээл хийсэн гэх мэтийг нарийвчлан гаргадаг хүснэгт болгосон юм. Өдөр бүрээ “мэдрэх” болсноор өдөр бүрийн хийх ёстой ажлууд маань илүү бодитой харагдах болсон билээ.
Яваандаа энэ хүснэгтэнд хичээлээс гадуур хийх ёстой ажлуудыг ч тусгав. Нэг өдөрт заавал гүйцэтгэх ажлуудыг дугаарлаж, өдөр бүрийн биелэлтийг тэмдэглэдэг болсон. Жишээ нь би орой шүдээ угаахаас залхуурдаг байлаа. Гэтэл ажиглаад байхад цэвэрч бус байдал гэдэг хүнд залхуурлыг авчирдаг ажээ. Протестант шашинтнууд цэвэрч байхыг эрхэмлэх ба их хөдөлмөрчөөрөө алдартай. Япончууд ч адилхан цэвэрч бөгөөд шоргоолж мэт хөдөлмөрч улс билээ. Өөрийгөө ялах өчүүхэн мөртлөө маш чухал алхам бол цэвэрч байдлыг сахих явдал юм байна гэдэгт би бат итгэв. Заваанаас залхуу, залхуугаас арчаагүй үүснэ. Ард түмэн маань “Бага залхуугаас их залхуу” гэж сургасан нь юутай үнэн. Хөл маань амархан шивэртдэг тул орой болгон хөлөө угаах гэх мэтийг ч тусгав. Эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж, яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм.

Тэвчээр
Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь “байнга үргэлжлүүлэх” өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Дээр бичсэн, бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог. Yргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчсэний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээнд удаан сууж чаддаггүйг оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртлээ өөрийгөө албадаж, хүчлэхээс аргагүй.
Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм. Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдгийг бид мэднэ. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад, “үзүүлээд өгье” гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон: “Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” (Great works are performed, not by strength, but perseүerence) гэж хэлжээ.
Бас билгүүн шүлэгч Чойномын:
“...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй,
хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй.
Харсан, зорьсон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй...”

гэж өөрийнхөө тухай тэрлэсэн ганган мөрүүд байдаг.

Мөрөөдөл
Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бутцохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол “мөрөөдөл” билээ.
“Тэнэгүүд л хоосон мөрөөддөг” гэж хэлэх хүн байдаг. Харин дээр дурьдсан ёсоор ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна.
Том том юм ярьж мөрөөдсөн хир нь хийх ёстой наад захын ажлаа хийдэггүй хүн байдаг. Эсвэл бодол санаа нь шавьжны ертөнц мэт өчүүхэн бөгөөд гагцхүү амиа аврахын тулд нүдэнд харагдах зүйлийг үхэн хатан хийх хүн байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ? Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай.
Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” (Impossibility: a word only to be found in the dictionary of fools) гэсэн алдартай үгийг та бүхэн сонсч байсан байх. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна.

Хүсэл эрмэлзэл ба дур хүсэл
“Хүчтэй эрмэлзэл байсан цагт, хүрэх зам аяндаа тодорно” гэсэн үг бас бий. Энд “хүсэл эрмэлзэл”-ийг “дур хүсэл”-ээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүсэл эрмэлзэл бол хийж бүтээх, сайн сайхныг цогцлон байгуулах чин эрмэлзэл бөгөөд, дур хүсэл бол хувь хүний аминч хүсэл юм. Хувь хүний аминч хүсэл бол муу муухай зүйл бишээ. Жишээ нь ирээдүйд өөрийн гэсэн том байшинтай болох юмсан гэж мөрөөдөж болох ба энэ нь хүнд амьдралынхаа төлөө тэмцэх эрч хүчийг өгдөг. Харин иймэрхүү дур хүслийг амьдралын үнэт зүйл мэтээр огоорвол гутамшиг болох бөгөөд ийм хүн хорхой мэт өчүүхэн чигээрээ үлддэг. Гэтэл одоо монголд мөнгө, эрх мэдэл зэргийг амьдралын утга учир мэт санаж, түүнийг сохроор шүтэх залуус олширчээ. Хүний аминч хүсэлд хязгаар байхгүй ба, энэ нь өөрийгөө ялахаас илүү, бусдыг ялахад чиглэгдсэн байдаг. Сайн үйл, зөв шударгын төлөө хатуу зогсч, сайн сайхан зүйлийг мөрөөдөж яваа хүнд явах зам олдох болно.
“Жинхэнэ хүч чадал гэдэг бол тэвчээр юм
Жинхэнэ зориг гэдэг бол зөв үйлийг хийх явдал юм”
гэж Японы соён гэгээрүүлэгч Нитобэ Иназоо хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн “Санаа сайтын заяа сайн” хэмээн хүсэл зоригийн ариуныг дээдэлж ирсэн ард түмэн билээ.

Санаа зүгшил
Хүсэл мөрөөдөлтэй байхад түүний дор бидэнд тодорхой зорилтууд тавигддаг. Гэтэл бид өөрийнхөө зорилтыг мэдсээр байж зуун хувь биеэ дайчилж чаддаггүй. Яаж ийм байдлаас гарах вэ? Миний хувьд өөр дээрээ туршиж байгаа нь “санаа зүгшил” гэж өөрөө нэрлэсэн нэг арга юм. Гол санаа нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл ба яг ойрын зорилт, хийх ёстой ажлуудыг өглөө бүр өөртөө сануулж байхад оршино. Эзэн Чингис Хаан “Тангуд улс мөхөөгүйг өглөө бүр надад сануулж бай” гэж тушаасан байдгаас санаа авсан юм. Өглөө бүр өөртөө сануулдаг хамгийн эхний маань үг “Өөртөө хатуу бай” гэдгээр эхэлдэг. Өөртөө хатуу байна гэдэг хэлэхэд амар боловч, хэрэгжүүлэхэд туйлын хэцүү даалгавар. Гэхдээ өглөө бүр бодоод байхад аяндаа өөрийн мэдэлгүй хөтлөгдөж ирэх болов уу гэж би найддаг.
Жишээ нь турахыг хүсдэг эмэгтэй бол “өнөөдөр ч гэсэн бага идэх” гэж өөртөө сануулж байж болох юм. Бас шалгалтанд бэлдэж байгаа бол “би биеэ хангалттай дайчилж байна уу?” гэсэн асуултыг өглөө бүр өөртөө тавьж болно. Харин үүнийг өглөө бүр хийж байтал сүүлдээ улиг болоод, санаа зүгшил маань хэлбэр төдий болж болох юм. Ингэж хэлбэр төдий болгохгүй байхын тулд түүнийг шинэ шинэ агуулгаар баяжуулан, үр дүнтэй байлгахын тулд үргэлж эрэл хайгуул хийх хэрэгтэй.
Хүсэл мөрөөдлөө өөртөө сануулахын чухлыг тамирчдын хийдэг имиж-дасгалаас (image training) харж болно. Хөлбөмбөгч бол яг гоол хийх мөчийг санаандаа ургуулан, боксчин бол шийдвэрлэх цохилт хийж байгаа дүр зургийг дотроо төсөөлнө. Хүсэл мөрөөдлөө нүдэнд харагдтал бодох хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлэлгүй, тогтсон богинохон хугацаанд.

Дайснаа нөхөр болгох нь
Уруу татах хүчтэй тэмцэх явцад хүн маш их ядардаг ба хэрэв зогсолтгүй ингээд явбал нэг өдөр л ядаргаанд орж, юу ч хийх чадваргүй болно. Уруу татах хүчийг өөрийнхөө нөхөр болгон ашиглах боломж бас байгаа юм. Би өдөрт тодорхой цаг хичээл хийж байж дараа өдөр нь өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийх дүрэм тогтоосон. Уруу татах хүчийг “шагнал” болгох аргын тухай ярьж байна.
Ингэвэл уруу татах хүчийг харин ч өөрийн талын хүч болгон ашиглах боломжтой болж байгаа юм. Маргааш нь дуртай зүйлээ хийхийн тулд хүн хичээнгүйлэн ширээний ард суух бөлгөө. Мөн ингэж “их үнээр” олдсон баяр баясгалан нь хүнд их амралт болдог шиг санагддаг.
Харвард гэх мэт нэгдүгээр зэрэглэлийн сургуулиудад оюутнууд нь суух үедээ суусан шиг сууж, амрах үедээ амарсан шиг амардаг гэлцдэг юм билээ.
Ер нь ямар ч сонирхолгүй, чадалгүй болж ядарсан үедээ бол урд байгаа ажлаа хэсэг хаяж, өөрийгөө амраасан нь дээр. Хүн төгс байх албагүй ба гол нь төгс байхын төлөө тэмүүлж байвал болох нь тэр.

Өөртөө хатуу, өрөөлд эелдүү
Зарим хүн маш хатуу, зарчимч байх ба бусад хүн түүнээс дөлнө. Ийм хүмүүс ихэвчлэн өөртөө ч хатуу байдаг. Зарим хүн зөөлөн зантай ба уужуу сэтгэлээр амьдарна. Гэтэл энэ нь өөртөө ч уужуу загнаж, өөрийгөө өөгшүүлэхэд хүргэх нь бий. Харин маш цөөхөн хүн өөртөө ган мэт хатуу, бусдад боорцог мэт зөөлөн байдаг байна. Энэ бол гайхамшигтай чанар бөгөөд амьдрал дээр хэрэгжихэд хамгийн хүнд нь юм. Эцсийн нэг хувилбар бол бусдад ширүүн дориун хирнээ өөртөө зөөлөн, өөрийгөө бөөцийлдөг хүн байх бөгөөд ийм хүн бол адгийн шаар гэсэн үг.
Өөрийнхөө муу явааг өөрөөсөө биш, бусдаас хайдаг, гадаад орчинтой холбодог хүн бидний дунд их байдаг. Бизнес эрхэлж байгаа хүн ажил урагшгүй байгаагийн учрыг “арай илүү хөрөнгө оруулалт орсон бол”, “гадныхантай холбоотой ажилламаар байна, даанч холбоо тогтоох боломж алга” гэх ч юмуу гомдоллоно. Гэтэл өөрөө үд болтол унтах ба гадны компанитай хамтарна гэчихээд гадаад хэл үзэхэд шамдахгүй байх жишээтэй.
Мэйжигийн эхэн үед Японд уригдан багшилж байсан Америкийн сурган хүмүүжүүлэгч Капитан Жейнс “Япончууд та нар гадны аюул биднийг заналхийлж байна, гадаадуудаас болж байна гээд байдаг, үнэндээ танай оронд нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өөрсдийн тань харанхуй бүдүүлэг байдал болоод байна шүү дээ” гэж сургаж байсан гэдэг.
Түүн шиг монголчууд бид ч гэсэн энэ ч орон манай ноолуурын үйлдвэрүүдийг унагаах бодлого явуулж байна, тэр ч орон бидний газарт санаархаж байна гэж улиглацгаадаг. Хэрвээ бид өөрсдөө соёлжиж, өөрсдөө биеэ дааж чадахгүй бол хүссэн хүсээгүй даяарчлагдаж байгаа ертөнцийн төвөргөөнд няц даруулах болно.
Хувь хүний амьдрал ч бай, улс орны хувь заяа ч бай, гагцхүү өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрөөсөө бүтэхээс хамаарна билээ.
Жинхэнэ амжилт бусдыг ялснаар биш, гагцхүү өөрийгөө ялснаар ирдэг ажгуу.

2004 он 01 сар 05 өдөр



( Сэтгэгдэл бичих? | Сургамж | Өөрийгөө ялах нь | Шинэчилсэн огноо: 2025-10-31 18:26:54 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2018-02-11 баярлалаа
2013-07-22 баярлалаа тулгатаа
2013-01-15 Сайхан бичсэн байна. Баярлалаа. Кайф авлаа. Амжилт хүсье найз аа.
2012-06-21 Сайн уу, үүнийг уншсан хүн эрч хүч, урам зориг авахаар үнэхээр сайхан нийтлэл
байна. Одоогоор энэхүү нийтлэлийг 7384 хүн уншсан байна. Эдгээр 7384 хүн бүгд
үүнээс эрч, урам зориг авч чадсан гэдэгт би итгэлтэй байна. Зүгээр л хий
хоосон зөвлөгөө биш жинхэнэ амьдрал дээр үзэж туулсан бүхнийг бичсэн учраас
сэтгэлд маш ойр тусаж байна. Хэдийгээр энэ нийтлэлийг 2005 онд, одоогоос 7
жилийн өмнө оруулсан ч үүнийг олж уншсандаа би үнэхээр баярлаж байна.
Хүмүүсийн сэтгэгдлээс харж байхад энэхүү нийтлэл нь ном болон хэвлэгдсэн
байд
2012-04-01 yag hj bsan zvilee olj unshlaa hesegtee l sxan tseneglgdj avlaa mash ih bayrlalaaaaaaaaa hun ugasa ooriigoo ylj bj hamgiin ig az jargal.g
mdreh bhda
2011-12-05 би эдгээрийг эртнээс уншиж байсан ч сэтгэгдлээ огт бичээгүй хүн бүрт санаа,
сэтгэлийн их энерги өглөө дахин их зүйл нэмж бичээрэй залуус аа
2011-05-30 sain baina uu ene nomiig bi mgl d baihdaa hudaldaj avaad unshaad ih erch hurch orj baisnaa sanaj b,aa odoo buur martchihaj. dahij unshsandaa ih bayartai bainaa, margaashnaas murduj bieluulnee .saihan bailaa bayarlallaa.
2009-10-21 Сайн уу. Хэдийгээр таны энэ нийтлэл 2004 онд бичигдсэн ч гэлээ одоо уншиж байгаадаа баяртай байна. Би хэдэн хоногийн өмнө нэтээс олж уншиж байлаа. Тэгтэл Нацагдоржийн номын санд хэвлэгдээд гарчихсан ном нь байдаг юм байна лээ ш дээ. Тэрнийг бүр эхнээс нь л уншлаа. Их гоё ном болсон байна лээ. Сэтгэгдэл бичсэн Эрка
2008-09-03 Iim l yum unshih gej haij yavlaa. Uneheer goyo uram, uhaaral hairalsand bayarlalaa. Bi google.com-oos uuriiguu yalah ni gej haij eniig olj unshsan shu. Iim niitlel bgaa gej bodooguie, zugeer l nadad yamar neg uram hairlah zuil heregtei bsan yum. Uchir suuliin buten neg jil, zugeer l ursgalaaraa amidarsaar zalhaad, neg goyo nom, esvel hunii helsen ug haij bsan yum, Yag haij bsan yumaa olj unshlaa. Bayarlalaa. Tand amjilt husiye.
2008-09-03 Ene niitleliig umnu ni heden jiliin umnu "Uuriiguu hugjuuliye" gedeg nomon deerees unshij bsan yum shig bnaa. Gehdee ter uyed bichsen bsan deeree zunduu yum nemchihsen yumuu esvel bi ter uyed olj haraagui zuilee odoo olj harj bh shig bna. Uneheer goyo boljee. Ta unen mundag yumaa. Iim yum bicheed suuj bgaa hun mundag l bj taaraa. Bas ih daruuhan bololtoi. Bi ch bas uuriiguu yalj, diilmeer bna.
2008-09-03 Uneheer goyo sanaanuud baina, bayarlalaa. Zondoo l nom unshij ooriigoo oorchilii gej bodson ch ogt chaddaggui, tanii helsneer neg l medehed "uruu tatah huch"-niihee bool ni bolj yavsaar onoodriig hurlee. odoo harin ene zovlogoonuudiig chin "onoodroos" heregjuulj ehelnee. thanks
2008-07-05 Shiver<br />
Shiver zuvkhon odor bur ugaasnaas arilakhgui ee.<br />
Orgon zar hureetei bodood shiveree undeseer n arilga:<br />
Shivertteggui sain chanariin shiren, arisan gutal ba hovon (cotton) daavuun oims avch oms. Ingej ariun,zever yum heregle. <br />
Kholoo haaya parfumgui zever puder (powder)-eer untakhiin omno puderd. <br />
oyutan@ymail.com <br />
2008-04-09 Дөрвөн жилийн дараа л олж уншсандаа харамсаж байна. Хүмүүсээ аль таньдаг мэддэг хүн бүртээ энэхүү бичлэгийг уншихыг зөвлөөрэй. Эх ороноо би бус, бид хөгжүүлнэ. М.Тулгат ахдаа өөрийгөө төгс ялах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
2008-03-20 Hi. uneheer heregtei zuil bichsen bna. iim buyntai uil hiij bga ta buhend ajliin amjilt husie.
2007-01-18 ЭНЭ БОЛ ХҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭРИЙГ ШАЛГАХ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ШАЛГУУР БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ҮНЭХЭЭР МОНГОЛ ХҮН БҮР ДОР ДОРОО ЭНЭ ЗҮЙЛИЙГ БОДОЖ МӨРДӨЖ БАЙВАЛ МАНАЙ УЛС ХӨГЖИНӨ ШҮҮ ДЭЭ... ЗААВАЛ УЛС Ч ГЭЛГҮЙ.. ГЭР БҮЛ ХУВЬ ХҮН БҮР ТӨРДӨЖ ДАГАЖ ЧАДВАЛ ГЭР БҮЛИЙН УУР АМЬСГАЛ ХИЧНЭЭН САЙХАН БАЙХ БОЛОО. УЛАМ БАТЖИЖ ЧАДНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЯДАЖ Л ОРОЙ АЖЛААСАА ТАРЖ ИРЭЭД ХӨЛ ОЙМСОО УГААХ, ӨГЛӨӨДӨӨ ЭРТЛЭН БОСЧ НӨХӨРТӨӨ ЦАЙ ЧАНАЖ ӨГДӨГ БОЛЧИХВОЛ.. ТЭЭ... ИЙМ ЗУРШЛЫГ ХҮН БҮР ӨӨРТӨӨ БИЙ БОЛГООСОЙ.. БИ Ч ГЭСЭН ХИЧЭЭНЭЭ.. ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙДАГ ШҮҮДЭЭ..ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ ГЭДЭГ.. ЖИШЭЭ НЬ Л ГЭХЭД НЭГ НОМОН ДЭЭРЭЭС САЙХАН БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ ДАСГАЛ УНШААД ТЭРИЙГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ ХЭДЭН ӨДӨР ЭСВЭЛ ХЭДЭН 7 ХОНОГ БОЛООД Л БОЛЬЧИХДОГ..<br />
ЗА ТА БҮХЭН ХИЧЭЭГЭЭРЭЙ.. БИ Ч БАС ХИЧЭЭНЭЭЭ
2006-08-20 Tulgaa chamd bayarlalaa! 1996 ond MUIS-d neg angid orj bsan angiin chin ohin bnaa. Naiz ni ajil deeree suuj bgaad unshlaa. Chamtai uulzsan yum shig goyo bnaa. Hulan<br />
2006-04-18 Тийм байна! Чи vнэн, гоё vг хэллээ. Англиар нь болLater better than NEVER!&nbsp;
2006-03-03 Хэрэгтэй зүйл бичиж. Хамгийн хэцүү өөрийгөө ялах аргыг заавал хэрэгжүүлж эхлэх болно.<br>
2005-11-04 wow, uneheer gaigaltai, bi er ni suuliin ued buh zuil tsalgar nazgai negl sonin, bas ymarch uram zoriggui, hiih zuils mini todorhoigui bolcihood setgeleer unaad yaah uchraa ch olohgui yavj b.san yum, harin odoo hicheeh bolnoo, iim heregtei niitlel bichsen Tulgatdaa bayarlalaa, bugdeeree hicheegeerei hmuusee, uragshaaaaaaaaaaa
2005-09-14 Tsatsaa Сайн уу, би өөрийгөө өдөр бүр ялдаг. Чи ч бас хичээгээрэй. Чамд үр дүн нь мэдэгдэнэ э.<br />
Баярлалаа. Сэтгэгдлээ хуваалцсанд.
2005-08-24 ene niitleliig unshaad l baimaar...Bugd amidral deer baigaa gashuun unen.Tand bayarlalaa.
2005-07-04 mash heregtei zuil bichsen bnaa ok bi ch cesen ooriigooo ylahiin toloo uragshaa...
2005-06-30 thank you<br />
2005-06-29 hi tani bichcen zuil mash ih taalagdla osho ih conirholto ogoojtei um bicheech
2005-06-15 Лучше поздно чем никогда.<br />
6 сарын 15, олж үзсэндээ би баяртай байна.<br />
Оюунаа
2005-05-29 Ene niitleliig Uuriiguu hugjuuley gedeg nomnoos avsan baina
2005-05-10 үнэхээр сайхан нийтлэл байлаа. би ч бас өөрийгөө ялахын төлөө тэмцэж тэр маань талаар өнгөрөөд сэтгэлээр унаад байж байсан харин энэ нийтлэл надад маш их урам зориг өглөө. үүнийг бичсэн эзэнд маш их баярллаа<br />
таньд аз жаргал хүсье <br />
21 настай бүсгүй<br />
2005-05-06 үнэхээр сайхан нийтлэл байлаа. би ч бас өөрийгөө ялахын төлөө тэмцэж тэр маань талаар өнгөрөөд сэтгэлээр унаад байж байсан харин энэ нийтлэл надад маш их урам зориг өглөө. үүнийг бичсэн эзэнд маш их баярллаа
таньд аз жаргал хүсье
21 настай бүсгүй
2005-05-03 bi eniig odoonoos amidraldaa heregjuuleheer shiiidlee.ingeed minii tulaan ehellee.
☕ Кофе авч өгөх