Г.Ганбагана : Намар

Ангилал: Шүлэг Зохиогч: Шүлэг Оруулсан: Ганбагана Огноо: 2026-08-13 21:00:03
Аниргүйхэн намар алсын уулсыг түшээд,
Аяны шувуудын далавч дэвэх нь алсад бүдгэрэн үзэгдээд, 
Манхайх будан хөндий дүүртэл сүүмэлзэн хөвөөд,
Мөчир дээрх навчсыг салхи аяархан шүргээд, 
Лянхуа адил бадамлах сэтгэлийн гэрэлд гуниг минь цэцэглээд, 
Лавширсан бодолдоо би хань эрэн ганцаардаад, 
Өр өвдмөөр саарал тэнгэр улам улам намсаад, 
Энгүй их гуниг зүрхний минь чимээг дараад,
Нойтон өвсний үнэр агаар салхинд шингээд, 
Норсон дэлээ сэгсэрч, адуу намуухан эвшээгээд, 
Алмайсан сарны доор тал нутаг минь нам гүмд хучигдаад, 
Өнөө, маргаашийн тухай эргэцүүлэхэд чамайгаа би энэрээд, 
Энэ намар хичнээн өөр вэ, 
Чимээгүйхэн надад шингээд... 

Ганболдын Ганбагана