М.Гантулга : Энэ өдөр, тэр өдөр

Ангилал: Шүлэг Зохиогч: Шүлэг Оруулсан: Гантулга Огноо: 2026-08-07 20:23:00
​Ааг нь намдаагүй арын уулын агь цэцэг,
Ааль нь эвдрээгүй айлын тэр сувдан чимэг.

​Шунал бугласан соёоны харанхуй ёзоорт,
Шимж ханаагүй уруулын нандин зөөлөнд,
Сийлж амжаагүй уран тэр үдшүүдэд
Сэтгэл шүгэлсэн би гэгч бузар амьтан...

​Өдөр бүр арван бодол толгой руу хөнхөрч,
Шөнө бүрийд зуун гаслан цээжинд нэрэгдэнэ.
Дотор гаднагүй мундах тэр сүүдэр дунд
Сүнс бүхэн мянган бачуурлаар ангалзах юм.
​
Өөрөө өөртөө чимээгүй дайсан болж хувираад,
Өөдөсхөн түүнд насны жигшүүр үлдэв үү дээ.
Муу бүхнийг түүний зүгээс зайчуулж
Миний хүзүүг олсон зангиагаар гоёоч.

​Өгч чадаагүй хайрын минь гэмшлийн эрчлээс дэндүү хатуу,
Өршөөгдөх хүсэл минь ичгүүрээ даван алдахад,
         гэгээн өндөр тэнгэр л ганцхан аврал болов.
Биелүүлж чадаагүй болзооны төлөвлөж бичсэн ноорог,
Хэлж чадаагүй үгсээр аргадсан, хэзээ ч түүнд морилохгүй захидал.

​Гомдол хорсол нь түүний минь сэтгэлд хурж,
Гэмт намайг зүхэн тарчлаах тэр бүхэн
Гагцхүү надтай учрах л түүнд дутав гэж үү,
Гэнэн түүний насны гувчуур нь би өөрөө байж.
​
Надад үлдээсэн түүний тушаалыг ёслоод,
Наснаасаа урьтаж үхлийн үүдийг татаж,
Алаг туузтай тэр л оосрын үзүүрт
Амь минь тасрахдаа зүсээ олохсон...

Мөхнжаргалын Гантулга