Тэнэгэр орчлонгийн зулайд
Тэмдэгрэх юмгүй зэлүүд
Тэнгэр уулын халилд
Тэвчээр алдам дүнсгэр
Нүүгэлтсэн цохионоос өөр
Нүдэнд торох бараагүй
Шуурга цаснаас бусдаар
Шувуу ч нисэхгүй буйд
Цан хүүрэг татсан
Цавчим өндрийг хэжиж
Морьт цэргийн цуваа
Могой шиг мурилзан өгсөнө
Зургаан мянган алдын
Зурайх замгүй хяр өөд
Зэвийн таван мянгат
Чинээ мэдэн зүтгэнэ
Хүний царай танигдахгүй
Хүлгийн зүс ялгагдахгүй
Хүйтэн зэгэл салхиар
Хөшиг татан шуурна
Амьсгалах тоолон цан цохиж
Ам хамар луу цас шигнэ
Хүнтэй чацуу хунгарыг
Хүрзээр сэтэлж урагшилна
Цантсан нүүр, хөхөрсөн уруул
Зангирсан хөмсөг, татсан шөрмөс
Цэврүүтсэн хацар, гөлөрсөн нүд
Бадайрсан гар, балартсан ухаан...
Ам нь зуурч, бөмбөгнөн чичрэх
Агтны хөлийг эсгийгээр орооно
Арьс нь биржийж, осгосон эрсийг
Адууны шээсээр шавшиж өгнө
Үрэгдсэн цэргээ оршуулах сөхөөгүй
Үлдсэн хүнээ бүртгэх чөлөөгүй
Булчирхайгаа цочтол цас малтаж
Булуугаа цуцтал урагш мацна
Хөнөөлгөсөн элчийнхээ араас
Хөмхийгөө зуун тэмцэж явна
Тастуулсан аргамжаа залгахаар
Тасхийм жаврыг сөрж явна
Хаан хүн үгэндээ хүрдгийг
Харийн эзэнд мэдүүлэхийн төлөө
Сартуулын шахаас ял асууж
Санаагүй зүгээс нь гэнэт очно
Хэрэг зоригоо бүтээж байвал
Хэзээ үхэх ялгаа юун
Хааны зарлиг биелж гэмээнэ
Хаа үрэгдэх ч юуны хамаа
Сартуул улс мөхөх хүртэл
Санаа зориг мохох ёсгүй
Эцэж туйлдахын эцэст хүрэвч
Эзний цэрэг зогсох ёсгүй
Тэнэгэр орчлонгийн зулайд
Тэмдэгрэх юмгүй зэлүүд
Тэнгэр уулын халилд
Тэвчээр алдам дүнсгэр...
Бумбат 2026 он. До.Болдхуяг
“Үндэсний дархлаа” төслийн захиалгаар бичив.