Яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уул баймаар”

Ангилал: Шүлэг Зохиогч: Лхагвасүрэн Бавуугийн Оруулсан: Bataka Огноо: 2025-10-09 16:45:32

Яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уул баймаар”

Би уул баймаар 
Бэлийн цэцгээ эрхлүүлсэн
Битүү мананд эргүүтсэн 
Сүргээсээн хоцорсон хурга шиг
Сүрдмээргүй бор толгод баймаар 
Би уул баймаар аа
Би ус баймаар
Огцом эргэсэн тохойгоон
Огин огин мөргөсөн
Булингараан үргээсэн тунгалаг устай 
Бодол болсон горхи баймаар
Би ус баймаар
Би зэргэлээ баймаар
Хэнгуайн хөөрхөн охиныг 
Хүнийх болгохгүй гэж адгаж 
Өөрийн минь нүднээс бусдад
Өөдгүй харагдахаар далбилзуулж
Хэлбэрийг нь эвдэж эрвэлзсэн
Хэвтээ цэнхэр зэргэлээ баймаар
Би зэргэлээ баймаар
Би чулуу баймаар
Урт жилүүдийн нар салхинд нэг л ааштай элж
Уул тэнгэр хоёртойгоо өнгө адилхан байж 
Уйлахад норж хашгирахад жингэнэсэн
Урт өнжүүлийн хөх чулуу баймаар аа
Би чулуу баймаар
Би мод баймаар
Намрын цагт дахиад ургахгүй юм шиг гуниж
Навчаан сэгсрэн гудайж
Хаврын сүүл сардаа хагдрахгүй юм шиг сагсалзсан
Мөнх хөх тэнгэрийн жилдэм цэнхэр дэвсгэр дээр 
Монгол орны газрын зургийг мөчрөөрөөн зурсан
Салаан завсраар нь сар багтсан 
Сарийсан майга улиас баймаар 
Би мод баймаар