Ш.Лхамноржмаа : Чиний явсан мөр

Ангилал: Шүлэг Зохиогч: Лхамноржмаа Ш Оруулсан: admin Огноо: 2007-02-27 21:21:46

Нүднээс минь доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.
Шархадсан баатар шиг шаналан
Дурлалдаа халуурч
Шамбалын орон гэж андууран
Чи над дээгүүр явж өнгөрсөн байна
Харцны минь сүүдэрт сэрүүцэж
Халуурахад минь бүлээцэж
Хараа алдарч хайртаа дарлуулсан
Хүүхэн хүний зүрхэн дундуур
Чи явж өнгөрсөн байна
Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна
Ихэр саран зүүдэлж үүрээр жиндсэн шөнө
Энэ бас чиний л явсан мөр байна
Балд шунах эрвээхэй шиг
Аалинд согтож
Бүжгийн тэнхим гэж андууран
Бүдэрч босч явсан байна, над дээгүүр
Инээдний минь эгшигт хоргодож
Ихэмсэгт минь татагдаж
Ижил үгүйлж хайр хүлээсэн
Их хүний тархин дундуур явж өнгөрсөн байна, чи
Нүднээс доглон нулимс унасан нь
Чиний явсан мөр байна
Нүцгэн модны мөчирт ганц навч дүүжлэгдэх нь
Чиний амласан хайр байна.

"Болор цом" -2003 тусгай байр