Хөх чоно хөөрхий чоно Хөх түүхийн минь Бөртэ чи л мину
Хаврын дунд сарын сэрүүвтэр өглөө.Би Улиастай хотоос (Завхан аймгийн төв) Эрдэнэт хот орох дизель түлш зөөдөг Зил-130 машинд сууж хөдлөв. Улиастай хот дизелийн цахилгаан станцтай бөгөөд түлш зөөдөг сестерн Эрдэнэт-Улиастай хоёрын хооронд байнга явдаг байж билээ. Хэдэн зууны тэртээ Манжийн ноёрхолын үед баруун хязгаарыг захиран товхинуулж байсан сүр дуулиан ихтэй Улиастайн манж амбаны шавар хэрэм жилээс жилд улам л намхан болж, элэн улирах цагын салхинд, өвөлдөө цасанд даруулж, хавартаа цастай хамт хайлан урсаж, улам л жижгэрсээр онцлон анхаарч хаана байна? гэж сонирхвол юу юм бэ? Гэхээс хүний нүдэнд бараг өртөхөөргүй болжээ. Хариас ирэн монголын ард олныг басамжлан дорд үзэж байсан амбан захирагч нарынхаа адилаар орчлон хорвоогийн улиран өнгөрөх жамын дагуу улам л жижгэрсээр... Аймгийн төвөөс чанх хойш гараад алдарт Загастайн давааг зугуухан өгсөж эхэлнэ. Олон зууны тэртээ яг л энэ даваагаар эзэн Чингис хааны алтан ургын ханхүүг манжуудаас зугтаалган эх нутагт нь авчирч байсан гэлцдэг бөгөөд нэхэн хөөж явсан манж цэргүүдийг яг л энэ даваан дээр гүйцэж байх үед нь гэнэт аянга цахилгаан нүргэлж, аадар бороо цасан шамарга холилдон нүүр нүдгүй, шууран манжийн онцгой бэлтгэлтэй шигшмэл цэргүүдийг бүгдийг нь энэ орчлонгоос тонилгон, бэлээр нь урсах догшин урсгалт Чигэстэйн голд амь сүнсээ гээсэн цогцос юугий нь тушаачихсан гэлцдэг бөгөөд Загастайн даваанд ам гарч болохгүй, догшин савдаг сахиусыг нь хилэгнүүлчих вий? Хэмээн жолооч нар гэлтгүй давааг давж яваа хүн болгон эмээн наминчилдаг билээ! Уулын хажууг тэгшлэн зам тавьсан бөгөөд том машинууд шууд зөрөн өнгөрөх боломжгүй бөгөөд хэсэг яваад зөрж өнгөрөхөд зориулсан зогсоол гаргасан байх. Нэг нь зогсож нөгөөх нь алгуурхан зөрнө. Тэртээ дор модны орой харагдаж, ширүүн урсгалт Чигэстэйн голын урсгал том том үхэр чулуунууд руу цохилж тэрүүхэн хэсэгтэй цайран замхарна. Зугуухан зүтгэсээр давааны оройд гарах бөгөөд уруудахдаа алгуурхнаар шигүү ургасан гацуур голдуу модтой сүрлэг уулсын хажуугаар уруудана. Хичнээн салхилж хүйтний эрч сулраагүй ч гэлээ, ирж яваа цаг гэсэндээ уулын энгэр ээвэр газраар харлан цоохортоно. Машины мотор жигдхэн хүнгэнэж, бид хэд элдвийг хөөрөлдөн явна. Жолооч маань дунд эргэм насны тохьтой сайхан эр байлаа. Надтай хамт нутгийн нэг залуу тавь орчим насны нэгэн эгч хамт яваа билээ! Эгч маань ам хуурай явахгүй, нутаг орны сонин хачин, нутгийнхаа хөгтэй хөгжилтэй хүмүүсийн тухай, нүдэнд харагдтал ярина. Тас тас хөхрөн биднийг хөгжөөнө. Хөдөөгийн эгэл малчин энэ эгч маань монгол хэлний гайхамшигтай сайхныг харин надад мэдрүүлж явлаа. Загастайн даваанаас буугаад өргөн хөндийгөөр давхин, машины моторын жигдхэн хүнгэнэх дуу, урдаас улээх моторын халуун элчинд өөрийн эрхгүй нозоорно. Хааяахан уулын энгэрт хэдэн мал бэлчээрлэх, өвөлжөөнөөс нүүж буй айлууд адуу малаа тууж, гэр хогшлоо тэмээнд ачин, явах нь тааралдана. Өнтэй өвөлжсөн айлын мал тарга тэвээргээ алдаагүй тэнхлүүн сайхан. Ачаа аччихсан тэмээд хаврын зөөлөн салхинд зогдор ноос нь сэвсийж үнэхээр сүртэй амгалан сайхан харагдана. Хаврын нар аль хэдийн хэвийн, өндөр уулсын сүүдэр бууж, өнгө дүрс нь улам ч тодрон сүрлэг онгон төрхөөрөө гайхуулана. Моторын усаа жоохон хөргөе! хэмээн бид бууцгаан түр саатав. Тэртээд өндөр сүрлэг хүрэн уулс дүнхийж, нам гүмхэн, хөдөөгийн эхэл аниргүй хирнээ сэтгэл сэртхийлгэм намуухан орчин намайг эзэмдэнэ. Тэртээх дүнсгэр сүрлэг уулсын бэлээр зурайх хуучин морин зам, шугуй дундуур шурган урсах ширүүн урсгалт гол, олон зууны үүх түүхийг хадгалан үлдсэн өвгөн буурал, өндөр сүрлэг уулс... -Чи ч юуч мэдэхгүй байна даа! -Чамтай юу ч ярихав дээ! гэх шиг.... Тэртээ алсаас анхааралтай, тэгээд бас эцгийн минь харц шиг зөөлөн харцаар ширтээд ч байх шиг... Нам гүм. Энд би л хамгийн их дуутай нь гэх шиг өндөр хүчдэлийн шугам жигдхэн хүнгэнэнэ. Бидний хөдлөх үед нар аль хэдийн уулсын цаагуур орох дөхөн өнөөдөртөө сүүлийн удаа хараад авья гэж сэтгэл хоргодон байна уу? гэлтэй тэртээх өндөр хүрэн уулсын энгэр цохион дээр алтан шаргал туяагаа тусган гялбуулана. Удалгүй нар жарган гэгээ алгуурхнаар тасран тасарч гүн харанхуй шөнө халаагаа авлаа. Машины мотор жигдхэн хүнгэнэж, хүмүүсийн ярилцах нь багасан багассаар нойрны ноёрхолд аргагүй автав. Явсан ажил бүтэмжтэй, жолооч маань найдвартай хөдөөгийн энэ л сайхан замаар сэтгэл тайван аялж явна. Жигдхэн давхих машины явдалд бүүвэйлэгдэн удалгүй гүн нойронд умбацгаав. Гэнэт машин огцом сэгсчихэд бид цочин сэрцгээв. Жолооч маань эгц урагшаа гөлрөн бөхийн залуур дээрээ бараг хэвтээ явна. Тэрээр –Чоно гэж амандаа дуулдахтай үгүйтэй шивнэн хурдаа улам нэмлээ. Энэ л үед жолооч маань машин биш морь унаж яваа хүн шиг харагдаж билээ. Мориныхоо дэлэнд бараг наалдан нэг гараараа жолоо цулбуураа атган нөгөө гараараа ташуураа чанга атган, дөрөөн дэрээ босоо боловч цээжин бие нь мориныхоо хүзүүнд наалдан морь хүн хоёр хоёр биенээ туйлын дээдээр ойлгоод, өмнөө амь тэмцэн зугтан яваа амьтныг маш хянуур болгоомжтой бөгөөд гавшгай элдэн явах шиг... Бид гурав сая л сэхээ орж урдаа яваа амьтныг олж үзэв. Машины гэрэлд нилээд том чоно чадлаараа сунан харайна. Эргэн нэг хараад толгойгоо бөхийлгөн улам хурдлана. Магадгүй хээрийн энэ зэрлэг амьтанд хойноос нь хөөж яваа гэрэл цацруулсан нүдтэй маш том биетэй хүнгэнэсэн хачин дуутай муухай үнэртэй амьтан ёстой л эрлэгийн элч болж харагдаа биз! Анх хараад л нуруу руу хүйт оргин, нөгөө сайхан зүүд нойр минь ор мөргүй арилж, байгалийн зөнгөөрөө ч юм уу? Урдаа сунах амьтныг үг дуугүй гөлрөнө. Машины хурц гэрлийн эрхшээлд бүрэн автаж, гэрэлнээс мултарч үл чадан яг л урд явна. Хэсэг яваад замгүй газар бартаа ихтэй, том том чулуутай ховил гуутай болж жолооч маань өөрийн эрхгүй хурдаа хасав. Холдож байгаагаа ч чоно сайн мэдэрч угийн хашир ухаалаг амьтан болоод ч тэр үү? Энэ лав буудахгүй нь гэдгийг мэдэв үү? гэлтэй ойрхон ойрхон эргэж харах нь багасав. Машин маань нэгэн ховил руу орж займчин, гэрлийн тусгал энд тэнд тусч донслон ховил өнгөрөөгөөд бид чоноо алдав. Жолооч маань дуугүй мушилзан машинаа зогсоож, -Одоо нэг газар нуугдчихаад бид нарыг басаад зогсож байгаа даа! Тэр уул руу явах вий гэж аяархан хэлэв. Харин миний хувьд чоно гэдэг амьтныг цирк, амьтны хүрээлэнд л харсан бөгөөд тийм нэг гулбилзсан саарал амьтан гэсэн төсөөлөлтэй л байсан. Хотод өссөн надад онгон зэрлэг байгальдаа өөрийнхөө эрх дураар өөрийнхөө эр чадлаар яваа чоно хэдийгээр зугтаж явсан ч гэлээ цаанаал нэг эрх чөлөө эр чадлыг илтгэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Чоно дайралдсан болохоор бүгд л баярлан, билэгшээнэ. Чонын тухай яриа харин хөвөрлөө... Ер нь Монголчууд чоно малын дайсан гэдэг боловч чоно мал барилаа! гээд халаглан харамсахаасаа илүү тэнгэр сахиус уул усны эзэн савдагтай өргөл барьцаа өргөн, уучлан өршөөхийг гуйн залбирдаг билээ! Уул усны эзэд хилэгнэн, элч юугаа илгээв хэмээн сүсэглэн бодоцгоож, газар дэлхий тэнгэр бурханаа тахидаг бөгөөд нүүдэлчин монголчууд уул ус нутаг газартайгаа хүйн холбоотой билээ. Тэртээд Мөрөн хотын гэрэл гүн харанхуйд тэнгэрийн одод газарт буугаа юу гэлтэй гялалзан анивчина. Хотын гэрэл тодрон ойртох дутам надад явж өнгөрсөн зам, өндөр сүрлэг өвгөн уулс, цөнгөө түрж, шинэ улиралыг угтан золгож буй дайчин урсгалт голууд, тэр дундаас үс нь сорлон гялалзах хээрийн онгон саарал чоно тодоос тод нүдний минь өмнө тодрон тодрох шиг... Чонын амьдрал үнэхээр тэмцэл юм. Байгалийн хатуу хуулийн дор чоно гэдэг амьтан үржлийнхээ үеэр ч аль хүчтэй, аль эрэмгийн нь үр төлөө үлдээж, гурван есийн хүйтэн эд тачигнаж байх үеэр гичий чоно гөлөглөж, аль хөдөлгөөнтэй цовоо нь чоно болж чаддаг. Чоно хэдий муу нэртэй ч хэрвээ чоно байхгүй бол өвчин тахал ан амьтад, мал сүргийг нэрвэх аюултай. Тиймээс ч чоныг байгалийн эмч, цэвэрлэгч гэдэг болов уу? Байгалийн хууль угаасаа л ийм юм. Аль хүчтэй аль их тэмцсэн нь аль ухаалаг нь үлдэнэ. Хүмүүс! Улам хөгжин шинэ шинэ техник тоног төхөөрөмжийг бүтээсээр, эрих цаг улиран өнгөрөх дутам улам хөгжин сайжирсаар... Эх дэлхийгээ улам л хөнөөн улам л мөлжсөөр... Эргүүүлээд унаган төрхөнд нь оруулж яагаад ч чадахгүй билээ...! Хөөрхий чоныг хаа тааралдсан газар нь дайснаа дарж байгаа мэт хайр найргүй хороож эд бахаа хангадаг болжээ! Амьдрал нь ийм юмдаа чонын! Аюул хоол хоёр нь нэг дор байдаг. Хашир туршлага арга залиараа хоолоо олж иднэ. Сэрэмж болгоомжоо жаахан алдахад үхэлтэй нүүр тулдаг. Хот руу ойртох дутам чонын тухай бодол улам эзэмдэнэ. Уул хангайдаа эрх чөлөөтэй давхан яваа уул усны эзэн, хийморь зоригийн жишээ. Хөх чоно хөөрхий чоно Хөх түүхийн минь Бөртэ чи л мину
1996 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-098.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4378
Мөнхжин Хэмжээс: 600x372 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4720
erd-018.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4761
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: