Таван хэмжээст ертөнц
Ч. Өлзийням
Сониныхоо энэ булангаар уншигч таныг нэр, ажлаа нууцалсан ч сэтгэлээ огт нуугаагүй нэгэн залуутай уулзуулж байна.
Солгой гарын зураг
Эрүүл мэндийн төвийн үүдээр холхих олон хүмүүсээс нэгэн өндөр залуу нүдэнд тусав. Машинаасаа буулгүй би тэр залуугийн үйлдэл бүхнийг нь удаан харлаа. Ар араасаа тамхи татан хэнийг ч үл ажран гагцхүү сэтгэлийн гүнтэйгээ ярилцаж байна уу гэлтэй. Харцандаа нуусан гунигаа надаас нууж үл чадав. Тэрээр эмнэлгийн хаалгаар ороод тун удалгүй эргэж гарч ирээд машиндаа суув. Явах нь уу гэтэл явсангүй. Аз болоход түүний машин миний машины өөдөөс харсан байв. Хөдлөх нь үү гэтэл тэгсэнгүй суудлаа арагш болгоод хэвтээд өгөв. Тэгснээ удалгүй өндийж ярвайна. Дахиад л тамхи. Тамхиа татах зуур нь бараг миний хэзээ ч харж байгаагүйгээр, тийм өр өвдөм дүр зургийг харах нь тэр. Өндөр хянга хамрынх нь хажуугаар чимээгүй урсах нулимс... үгээр хэлэхийн аргагүй бодлогширсон харц, нулимсаа эгшээх гэсэн юм шиг тамхиа шуналтай сорсон ч хамрыг нь даган урсах дусал татарсангүй. Тамхиа татаж дуусах үед нь цэвэрхэн горзгор бүсгүй түүнийг чиглэн очоод “ Ирээгүй байна аа” гэх нь надад сонстов. Тэр нулимсаа арчиж амжсан байна. Муухан инээгээд: “ Хүлээж л байхаас” гэв. Одоо харин надад бүсгүй сонин байлаа. Залууг бодвол нэлээн дүүмэд тэр бүсгүй бас л суудлаа хойшлуулаад хэвтээд өгөв. Тэд ямар нэг зүйлийг удаан хүлээсэн нь илт байв. Миний таамагласан зөв бол тэд эхнэр нөхөр биш дэг ээ. Залуу дахиад л тамхи асаав харин тэргэндээ татахыг хүсээгүй бололтой буув. Эмнэлгийн хайсан дээр цааш харан суугаа түүнээс би харцаа салгасангүй. Одоо түүний нүүр биш шанаа хамар нь л хажуунаас нь харагдаж байна.
Би шийдлээ. Энэ хүн хэн болохыг, миний хэзээ ч хараагүй тийм шаналал дүүрэн харц, нууж унагасан нулимс ямар учиртайг мэдэхээр шийдлээ...
-Сайн байна уу?
- Сайн... Юу? - Энэ тийм их хамаатай юм уу өөрт чинь?
Түүний энэ шазруун хариунаас нь би эхэндээ цочирдов. Гэвч би ч бас эмэгтэй хүн гэдгээ түүнд мэдрүүлэх гэж бас ч үгүй шаралхан, машиндаа унагасан нулимсыг нь хараагүй хүний дүрээр яг өөр шиг нь хэгжүүн байхаар шийдлээ.
-Үгүй л дээ. Гэхдээ би өөрөөр яаж мэндлэх байсныг хэлж өгөөч.
- Надтай мэндэлж яах гэж байгаан?
- Сайхан залуу гэхээрээ ийм их зантай байдгийм байх даа.
Би түүнтэй ингэж харилцах нь дээр гэж бодов., Энэ үгний ард нүд нь юу хэлэхийг харах гэж тэсэн ядав. Түүний унагасан тэр нулимсыг би булангийнхаа шигтгээ болгож тэр л гунигтай нүдийг уншигч олноо тайлж өгөх туйлын хүсэл минь намайг бяцхан зальтай болгов.
-Их зантай аа? Тэр энэ удаад миний энэ үгэнд мэгдэн, бас ч үгүй сайхан залуу гэсэн үг харцыг нь түр ч атугай цэлмээв. Тэгснээ хоромхон зуурт дахин ундууцан:
- Бүсгүй ингэхэд та хэн бэ? Хэн болоод надтай ингэж яриад байгаан?
- Хэн ч биш ээ. Зүгээр өөрөөсөө ийм өндөр хүнтэй мэндэлж болдгүй юм уу? гэж инээхдээ би түүний нүдэнд оч гийх эсэхийг харах санаатай зориуд ингэж хэлсэн билээ. Залуу хариу дугараагүй ч харц нь мөн л цэлмээд ирэв.
Бидний яриа ингэж эхэлсэн. Одоо харин би түүний тухай мэдэж болох бүгдийг мэдчихээд байна. Нэр, ажлыг нь нууцална гэж байж сонинд бичих зөвшөөрөл түүнээс авлаа. 38 настай, цагтаа усанд сэлэгч хийж байсан залуу./мэдээж тохиролцсон ёсоор би ажлыг нь нууцлав/ 5 жилийн өмнө эхнэр болох гэж байсан бүсгүй нь хаяж одсон. Хаяж орхисон бүсгүй залууг ийм “ хэцүү нэрт” өвчтэй гэдгийг нь мэдээгүй байхдаа салсан ч залуу харин энэ өвчнөө хаяад явсан бүсгүйд хэлээгүй явуулжээ. Хожим найз нөхдөөс нь сонссон гэдгийг мэдсэн ч эргэж ирээгүй тэр бүсгүй энэ залууг ийм шазруун болгосон байх. Эмэгтэй хүнд тэгтлээ гомдож энэ ертөнцийг харанхуйгаар төсөөлөх болоод удаж байгаа залуутай танилцаж ярилцаж учир зүйгээ олох, булангийн зочноо болгох амаргүй байлаа. Харин нууж уйлсан сэтгэл эмтлэм агшинг нь олж харсандаа би түүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм. Үгийн сэжүүр бүрийг нь асуултаар булж байж би түүнээс мэдье гэснээ мэдэж, авсан яриагаа доор сийрүүллээ.
Харин уншигч та жаахан тэвчээрэй. Бас л өвчин үхэл гэж битгий бодоорой. Хавдар гэх аюул дагуулсан аймшигт өвчнийг дэлгэж эсвэл хэн нэгнийг өмгөөлж, хэн нэгнийг буруушаах гээгүй юм. Хэнийг ч хэзээ ч хөнгөхөн гунигт, бас гэгэлгэн баярт автуулж байдаг хайрын хүчийг тэртэй тэргүй энэ ертөнцийг орхихоор бэлдэж “морио эмээллэсэн” нэгний сэтгэлийн орон зайгаар харуулъя гэсэн юм.
Залуугийн яриа:
Энэ муухай өвчнөөр өвдөж иймдээ тулаагүй байсан бол би 2 жилийн өмнөөс интернетээр найзалсан тэр бүсгүйгээ одоо аваад суучихсан байгаа. Анхны найз бүсгүйтэйгээ ханилж амжаагүй цээжээрээ дүүрэн хөндүүртэй хэнийг буруутгахаа мэдэхгүй хуурамч инээмсэглэлээр гунигаа нуун явахад минь сэтгэлийн гүн дэх бүгдийг минь надаар хэлүүлгүй мэдэж, байгаагаар минь хайрласан тийм сайхан бүсгүйтэй золоор би учирсан юм. Өмнө нь нэг удаа хагацаж хаширсан болохоор түүнийгээ таних гэж удаан нөхөрлөсөн дөө. Яг сэтгэлийг нь таниад, түүнээс өөр хэнийг ч хайрлаж байгаагүй мэт түүндээ дасч, үгээр хэлэхийн аргагүй жаргалтайгаар өглөө бүр сэрж, яаралгүй түүнтэйгээ болзоно гэж бодож ирэхийн цагт миний энэ онош тодорч... хэвтэрийн хүн болсон юм даа. Эхэндээ түүнтэйгээ цаг алдалгүй уулзаж байдаг байж гэж бодож харамссан боловч, дараа нь харин ч уулзаагүйдээ баярласан. Хэзээ мөдгүй хорвоог орхих, морфин хэмээх хар тамхиар өвчнөө намдааж, мансуурч, хоног хоногоор энэ хорвоогоос холдож байгаа над шиг хүнээр тэр минь яах ч билээ. Угаасаа хүнд муугаа үзүүлэх дургүй би гэдэг хүн энэ удаан хугацаанд өөрийгөө үл ажран, ээжийн тустай хүү байх гэж хийгээгүй ажил байхгүй ээ. Тэгээд хүмүүсийн хүсдэг бүхнийг авч, суръя гэсэн сургуульдаа сурч, сайхан ажил хийж,найзууд ч олонтой жаргалтай л байсан байх. Харин энэ оргилд нэг бодлын хурдан хүрсэн ч, нөгөө талаар надад амар байгаагүй юм. Тийм ч болохоор би өнчин өссөн, ээжийнхээ группын мөнгөөр амьдарч байсан тэр үеэ байнга санаж, эгэл амьдралыг л хайрлаж ирсэн. Тэр минь л анхны бүсгүйг намайг орхиход хүргэсэн байх. Хэт цамаан өссөн тэр хүнд үзэл бодол минь зөрчилдөх нь ч аргагүй. Хэнийг ч буруутгах билээ...
Харин хожим дассан бүсгүйдээ би дэндүү хайртай болжээ. Ямар их хайртайдаа одоо хэр нь уулзалгүй худлаа хэлж суух вэ. Хэзээ мөдгүй үхлийн хаалга татах би түүнийхээ амьдралыг хайрласан хэрэг. Өөрийгөө “хөлгүй суугаа хүн” гэж ойлгуулаад сэтгэлээ татаж ав гэж хатуухан хэлчээд 3 сар болж байна даа. Тэр минь хөлгүй байсан ч хамаагүй уулзана гэж зүтгэсэн гээд боддоо. Над шиг амьтанд дэндүү ахадхаар сайхан сэтгэл шүү... Угаасаа уулзаагүй болохоор нетэд л таарахгүй бол тэр хүн намайг олохгүй л дээ. Харин түүний тухай би бүгдийг мэднэ. Ажил, мэргэжил, хаяг утас,....бас түүний минь явуулсан олон бичлэг надад би. Тэр минь сайхан бүсгүй...
Тэгээд л хэмжээтэй, хугацаатай ирдэг морфиноосоо хоцорчихвий гэхдээ өдөржин эмнэлэг сахиж, ганцаардалтай хуримлаж, тамхитай ханьсаж сүнсээ халихыг хүлээж сууна. /тамхи асаав/ Өчигдөржин ширтсэн таазаа маргааш бас ширтэнэ. Хэнийг ч хүлээхгүй зөвхөн үхлийг хүлээж хэвтэх... тэгсэн хэрнээ шууд бас үхчхэж чадахгүй хоргодон, эм тариа хэрэгтэй гэснийг хийлгэх ч нэгэнт Бурхан байсан ч аварч чадахаасаа өнгөрсөн энэ хувь заяаныхаа цуурчихсан хэлтэрхий бүрийг цуглуулж аваад авсандаа орохсон гэвч ...бас л миний мэдэх зүйл биш...чадахгүй амьдарсаар....
“Яг одоо та ийм байдалд ороогүй, эрүүл саруул байсан бол хайртай бүсгүйнхээ төлөө юу хийх байсан бэ?”гэсэн сэтгүүлч миний асуултанд тэрээр үгээр хэлэхийн аргагүй гуниглан байж эхэлсэн яриагаа жаргалтай дурсамж мэт хүүрнэн дуусгасныг нь ийн сийрүүлэв.
Сониндоо бичвэл бич ээ. Сүүлд хайрласан бүсгүйдээ ямар их хайртай байснаа яаж ойлгуулахаа мэдэхгүй байсан юм. Боломж гарч байх шиг байна. Бас Бурханаас зөрж өөрөө зурсан бол би амдьралаа ингэж л зурах байлаа. Бурхан миний амьдралыг солгой гараараа зурсан шиг байгаам. Би өөрөө нэг зураад үзье яахав.
Мөрөөдөл-1
Анхны болзоондоо би түүндээ тэргэнцэртэй очно. Машиндаа тэргэнцрээ ачаад цагаасаа эрт очин тэргэнцэртэй суугаад хаанаас яаж гарч ирэхийг нь нууцаар харна. Тэр намайг “суугаа хүн” гэж итгэж байгаа болохоор нэг их цочирдохгүй байх. Гэхдээ л эрэмдэг байх ямар сайн байх билээ. Тэргэнцэртэй минь түрж насаараа намайг хайрлах хань минь болох хүнээ их шалгана даа. Би түүндээ: “ эрэмдэг гэж гололгүй хайрласанд чинь баярлаад гүймээр байна” гэж хэлнэ. Түүний занг би сайн мэдэх болохоор тэр намайг түшээд босгох гэх байх. Тэгэхэд нь түшч хөл дээрээ хэсэг зогсоод хөлд нь унах юм шүү. Тэгээд нүдээ аниад хэвтээд байна даа. Айлгаж айлгасны эцэст би түүнийгээ тэврээд машиндаа суулгаад аваад явна. Яаж баярлаж бас уйлах бол доо. / санаа алдана./
Мөрөөдөл-2
Миний хайр амархан гомддог ч, хэзээ ч уучламгүй алдаа хийсэн ч уучилж чадах зөөлөн бүсгүй. Амьдрал ийм үнэтэй байхад би түүнээсээ юу ч харамлахгүй ээ. Өдөр бүр үхэлд ойртож хэвтэхдээ юу эсийг мөрөөдөх билээ. Би түүнийгээ ажлаас нь ирэхэд нь ээжтэйгээ хуйвалдаж байж гомдоогоод гараад явахаар нь нэг сюрприз барина даа. Ээж маань хүүгээ ханьтай болохыг хүлээж ирсэн хүн. Бэрдээ сайн байна байх. Тэгээд ч миний хайртай бүсгүй манай ээжийн хайрыг татаж чадах ухаантай бүсгүй. Түүний гомдох үгийг ээжээр хэлүүлээд гараад явахад нь халаасанд нь түлхүүр зурвас хийлгэнэ.
Зурвас.
Яасан? Хэлэх ч үггүй гараад гүйж байна уу миний хайр. Миний ээж сайн жүжиглэжээ. Энэ захиаг чи минь уншиж байгааг бодоход. Хэний ч төсөөлөхгүй тэр их хайраар намайгаа хайрлаж хөлгүй байсан ч хамаагүй насаараа хөл минь болох тийм сайхан сэтгэлтэйгээ ирсэн чамайгаа би болж өгвөл явган явуулахгүй ээ. Халаасанд чинь байгаа түлхүүр дэндүү сайхан сэтгэлээрээ намайг хайрласан чамдаа барих миний бэлэг. Байрны гадаа байгаа 07-17 дугаартай цагаан тэрэг одоо миний хайрынх. Чинийхээ төрсөн өдрөөр машины чинь дугаарыг авсан юм. Эргэж оролгүй шууд унаад ир. Анх бидний уулзахад тэргэнцэртэй намайг түрээд баярлаж байсан тэр газраа хүрээд ир. Хайр нь тэнд хүлээж байя. Би чамдаа хайртай. Үнсье.
Шазруун яриатай, барагтай бол дугарахгүй өвчин шаналалдаа тамирдсан залуугийн хайрынхаа тухай ингэж ярихыг сонсоход сэтгэл хөдлөхгүй байж чадаагүй юм. Хичнээн романтик сэтгэл вэ? Тийм дээ, сэтгэлийн ертөнц, хайрын ертөнц гэдэг үхэл амьдралын зааг дээр ч ийм гэгээн байдаг аж. Нэр ажлаас бусдыг нь нуугаагүй хүнд өвчтэй энэ залуугийн сэтгэлийн ертөнц рүү өнгийхөд ийм байна. 7сарын 17-нд төрсөн бүсгүй та хайртай залуутай чинь дураараа ярилцсан сэтгүүлч намайг өршөөгөөрэй. Яагаад тэр залуу танаас зугтсан гашуун үнэнийг одоо ухаарсан байх. Бүсгүй танд хайртай гэдгээ хэлэх гэж манай сонины нуугдмал зочин болж орсон юм шүү. Үнэхээр ч түүний хэлснээр солгой гарын зураг шиг амьдралд хэн нэгний сайхан үгээр цангах нэгэн хаа нэгтээ бас алхаж л яваа байх даа. Гэвч амьдрал үнэндээ баян шүү дээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-087.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4537
B3-044.JPG Хэмжээс: 450x600 66k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4416
khuv5-049.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4933
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: