Одоо түүнд уйлах утгагүй санагдаад явчихав. Хэдхэн мөчийн өмнө цурхиран уйлж цээжин доторхи бүхнийг урсган гаргачихмаар байсан. Дуусчихлаа, сэдэв дуусчихлаа гэж хэнд ч юм өгүүлээд өмнөхөөсөө бүр ч халуухан нулимсыг урсгаж гарав. - Юу дуусчихсан юм. - Сэдэв. Бодох сэдэв. - Бодоход бас сэдэв хэрэгтэй гэж үү ? - Хэрэгтэй л байдаг юм байлгүй. Ямар ч гэсэн одоо сэдэв дуусчихлаа л гэмээр байна. - Утгагүй юм. Бодол чинь өөрөө ямар ч сэдэвгүй, гарчиггүй бүр магадгүй ямар ч утгагүй зүгээр л интернэтэд бичдэг сэтгэгдэл шиг байхгүй юу? Харин нэг гэм нь тэр сэтгэгдлийг хэний ч юм үл үзэгдэх гар бичээд байдаг юм. - Дуугай бай, амаа тат. Бүүр ч хорсолтой нь аргагүй уйлж гарлаа. - Чи ер нь өөрөө бодох сэдэв гээч утгагүй зүйл бодож олчихоод юундаа уйлаад байгаа юм. - Уйлмаар байна, уйлмаар байна. Цаана чинь цаг хугацаа намайг орхиод нисч байна. - Чамайг орхиод оо, тэр хэнийг ч орхиогүй. Чи түүнээс зүүгдээд л нисч явна. Утгагүй гэдэг нь уйлмаар байна. Уйлмаар байна. Би ч бас уйлмаар болчихлоо. Нэг хэсэг нам гүмхэн болчихлоо. Тэр хоёр, үнэндээ бол тэр тэмцэлдэхээ болиод нулимсаа ч бас арчжээ. Юу болж байна аа, арчаагүй нь аргагүй ялагдаж байна гэж үү. Нүүрээ угаахаар угаалгын өрөө рүү алхав. Олно доо, заавал олно. Бодох сэдэв олж л таарна. Шөнө дунд угз татан сэрээчихэв. - Би унтмаар байна шүү дээ. - Унтмаар байна гэж үү. Нүдээ чинь анихгүй байгаа биз дээ. Чи унтмаар байсан бол би сэрээхгүй л байх байсан. - Унтмааргүй байна. Би яаж унтах юм. Одоо болтол олоогүй. - Юуг? - Бодох сэдэв. - Бод л доо, сэдэв байгаа шүү дээ. Яагаав, тэр өдөр чи самар аваад амтархан идэж явсан яг тэр үед. Гэхдээ тийм ч бүрэн болоогүй түүхий самар . . . - Аааааааааааааааааааааа. Чимээгүй бай. Бодохоо боль. Үүний оронд сэдэв олоогүй нь дээр. Бодмооргүй байна. Энэ сэдвийг мартмаар байна. - Тэр самар, хачин амар амгалан, харанхуй, эмч, харин дараа нь . . . - Үгүй, гуйж байна. Битгий үүнийг бодооч. Чихээ дарав. Нүдээ анив. Үнэндээ ямар ч ялгаа алга. Энэ “бодох сэдэв” үнэхээр тарчлаан байлаа. - Ерөөсөө цэцэгний тухай бодъё. - Мэдэхгүй, цэцэг сайхан. Гэхдээ бодох гэхээр мэдэхгүй. Бас л мухардаж орхилоо. Гэтэл тэр аяархан шивнэж эхэллээ. - Үзэн ядахаа, өширхөн гомдохоо л больчих. Тэр хоёрыг “Бодох сэдэв”-ийнхээ жагсаалтаас хасчих. Бүүр ор тас мартчих. Тэгээд л гэрэл гэгээ цацраасан нартай бороо шиг “бодох сэдэв”-үүд бидэн рүү хөврөөд л ирнэ. Тэр чинь үнэндээ мөрөөдөл юм шүү дээ. - Чадахгүй, үгүй. Тэр хоёр миний хичнээн мөрөөдөл, хичнээн цаг хугацаа, хичнээн олон амьд эсийг минь хөл доороо гишгэлсэнийг чи мэдэх үү? - Тоогоо алдсан. Би ч тэднийг үзэн ядмаар л байна. Би ч, би ч, би ч бас .......зөндөө олон аялдан дагах чимээ. Тэглээ гээд яах билээ. Чи тэдэн дээр нэмээд хичнээнийг устгах болно. Гарцаагүй чиний аварч чадах, түшин босгож ирж чадах аварга том барилгын гол нуруу одоо чиний гарт байна. Эцэс төгсгөлгүй гомдол цөхрөлөөр хучих, инээд амар амгалангаар шавардах алин болохыг чи өөрөө сонго. - Мартах, мартах. Мартахааргүй сорви надад байгаа. Маргааш би амьд байвал мартахгүй түүнийг тэмтрэх л болно шүү дээ. - Үгүй ээ, уучлан өршөөх гээч. Мартахгүй. Чи хэзээ ч мартахгүй. Түүнийг уучлан өршөөж л чи чадна. Тэгснээр чи тэднийг чөлөөлж, өөрөө амар амгалан үлдэх болно. Харин сорвиндоо лент наачих, хэсэг ч гэсэн чи түүнийг харахгүй. - Үгүй , тэгэж өөрийгөө хуурч чадахгүй. Лентийг хараад л сорвийг санана. Сорвийг бодохоор тэдэнд гомдож эхэлнэ. - Тэгвэл кремдчих, - Ялгаа байхгүй. Кремний илбүүрийг хараад л би сорвио кермдсэнээ бодно. Сорвийг санахаар тэдэнд гомдож эхэлнэ. Ерөөсөө сорвийг ч өршөөчихье. Тэр хангалттай их тарчилсан сорви. - Яг зөв, чи одоо л зөв ярьж байх шиг байна. Гэхдээ би зөв ямар байдгийг мэдэхгүй л дээ. Хүмүүсийн ярьдаг зөвтэй би уулзаж байснаа огт санадаггүй юм. Учир нь зөв дандаа хувьсдаг юм гэнэ билээ. Гэхдээ чи уучлан өршөөж чадвал тайван унтаж чадна гэдгийг л би тааварлаж байна. - Би чадах болов уу. Одоо уучлах шалтгааны эрэлд гарах болох нь. Шалтгаантай үг сольж байж л би өршөөх байх. - Бод л доо, тэр самрыг бэлэглэсэн шүү дээ чамд, чи тэгэхэд баярлалаа гэж хэлсэн. Энэ аравхан хоромын л өмнөх явдал шүү дээ, нөгөөхөөс. - Тийм шүү, уучлах шалтгаан гомдох шалтгааны хажууханд байжээ. Бас тэр намайг өвдсөн байхад цай өгөөд хоол авчруулсан шүү дээ. - Тэгэхээр өршөөчих, үнэндээ чи өөрийгөө л өршөөж байгаа хэрэг. Энэ өршөөл, уучлал гэдэг чинь их хүчтэй. Очирваань бурхан шиг л. Тэр агуу том барилгын гол нурууг дор нь бат нягт гээч нь сүндэрлүүлэн босгочихно. - Нүд анилдаад байна. Уучлан өршөөх гэдэг чинь ийм амар амгалан юм уу. Тэр хүн ч бас зовсон шүү дээ. Гэхдээ л гомдож байна. Энэ өөдгүй гомдлыг ч бас хурдхан өршөөхгүй бол гайхамшигт уран барилгыг минь сүйтгэчихэж мэднэ. “Бодох сэдэв” ингэж үргэлжилсээр амтат зүүдэнд умбаж гарлаа. Бүүр хоёулаа гээч. Сэрсэн, сэрээсэн хоёулаа. Мэдээж хоёулаа байлгүй яахав. Гурвуулаа , дөрвүүлээ ер нь хэдүүлээ ч байж мэднэ, Бурхан багш бол 84 мянга гэсэн. Ямар ч гэсэн нэгэн охины сэтгэл дэх хэд хэдэн бодлууд, эсвэл нэгэн охины сэтгэлийн хэд хэдэн төлөвүүд уучлал өршөөлөөр бүүвэйлэгдэн нэгдэж бөх гэгч нь нойрсжээ. Түүнээс хойш охины нойр хулжсангүй. Бодлууд үнэхээр сэдэвтэй юм уу, сэдэвгүй юу. Тэд хоорондоо хүүрнэдэг болов уу. Магадгүй тэд заримдаа огтлолцож, зэрэгцэж хааяа зөрөлдөж эсвэл ээдрэн мушгиралдах 4н хэмжээст гэрлэн утас ч байж мэдэх юм.
2010.01.26
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-023.JPG Хэмжээс: 600x400 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5013
ubr-007.JPG Хэмжээс: 1280x960 584k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4662
Худалдаа Хөгжлийн банкны 801-р салбар Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5449
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: