Намрын шаргал нар зөөлөн ээхэд үл мэдэгхэн намуун салхинд моддын навчис ганц нэгээр хийсэн одно. Доржсүрэн гэрийн зүг гунигтайхан алхах зуур халаасандаа гараа хийтэл цаас тэмтрэгдэн түүний бие зарсхийлээ. Хэдхэн минутын өмнө ажлынхаа ширээний ард тухтайхан нь аргагүй сууж энэ сард хийсэн ажлынхаа гүйцэтгэлээ харж суутал үүд чихран нээгдэж үл таних нэгэн хүн орж ирэн түүний нүүр өөд ширүүн хараад ширээн дээр дугтуйтай цаас тавьчихаад дуугаралгүй гарч одлоо. За байз энэ чинь юу билээ гэж бодон дугтуйг задлан харвал П.Доржсүрэнг Дотоод Явдлын Яаман дээр ирэхийг тушаасан байлаа. Энд түүний ажил албан тушаалыг ч бичээгүйгээр үл барам он сарыг ч тавиагүй байлаа. 10-аад хоногийн өмнө түүний багын найз Баярааг ажил дээрээс нь дуудаад явсан ч өдий хүртэл тэр гэртээ очоогүй. Өчигдөр оройхон эхнэр нь ирж сураглаад явсныг санан өнөөх цаасыг шүүрэн авч халаасандаа хийгээд бослоо. Тэрээр яаж ажлаасаа гарснаа ч мэдсэнгүй. Ямартай ч болов гэртээ харьж эхнэр, гурван охинтойгоо уулзахаар ийнхүү алхжээ. Ээлжийн ажилтай эхнэр нь өглөө ажлаасаа буусан болохоор охидуудтайгаа гэртээ амарч байгаа гэж бодон алхахдаа би гэм хийгээгүй шүү дээ гэж өөртөө чанга хэлэн зоримогхон алхлаа. Гэртээ ирэхэд эхнэр Оюунчимэг нь хоёр охинтойгоо бууз хийхээр бэлдэж, бага охин нь хоймрын орон дээр тайван унтаж байлаа. Аав ажлаасаа эрт ирлээ гээд хоёр охин эрхлэн гүйлдэж ирэхэд тэрээр, доош суун охидуудаа үнсэхэд эхнэр нь миний хань хувцсаа тайлаад цайгаа уу хэмээн түүний гадуур хувцсыг тайлж өлгөхөөр дөхөж ирэхэд Доржсүрэн эвгүйцэн байдлаа аль болохоор мэдэгдэхгүйг хичээн хань нь өнөөдөр хээрийн сургуульд явахаар болсон. "Цэргийн хүн" гэдэг чинь эх орны тушаалаар явдаг юм шүү дээ. Би 10 гаруй хоноод ирэх байх гээд унтаж байгаа охиноо үнсэхээр зүтгэлээ. Хоорондоо үг зөрж хэрэлдэх нь бэтгий хэл бие биенээ эвгүй ч харж байгаагүй эвтэй аз жаргалтай хоёр бие биенээ маш сайн ойлгож хүндэлдэг учраас Оюунчимэгт ямар ч сэжиг төрсөнгүй. Хэлээ хөхөн хоёр хацар нь бумбалзан нойрсож байгаа охиноо үнэрлээд эргэхдээ эцэг хүний совингоор эргэж ирэхгүй гэдгээ мэдэж байлаа. Эхнэрээ духан дээр нь үнсэн баяртай миний хэд, сайн сууж байгаарай гэж хэлээд гарлаа. Эргэж харвал түүний элэг зүрх нь шимшрэн уйлах гээд байлаа. Хашааны хаалганы хонх дуугарахад Оюунчимэг үгүй би чинь эр нөхрөө ажилд явж байхад гаргаж өгдөггүй юм уу... гэж бодон дээлээ нөмгөн өмсөн хаалган дээр гүйн ирэхэд нөхрийнх нь шинелийн хормой цухалзан гудамжны булан тойров. Том охин нь ээжийнхээ дэргэд ирснээ ээжээ аав яагаад цай хоол идэхгүй яараад явчихав гэхэд гэнэт Оюунчимэгийн цээж өөд юм хөөрөөд ирэх шиг сонин болоод явчихав. Тэгснээ миний охин гэртээ ороод хоёр дүүгээ харж бай, ээж нь булан тойроод аавыг нь хараад ирье гээд ухас хийлээ. Шинельтэй нөхрий нь бараа харагдсангүй, танихгүй хүмүүс л гудамжаар хөлхөлдөн байлаа. Өдөр шөнө ээлжилсээр нэг л мэдэхэд арав гаруй хоножээ. Түүний нойр хулжиж яагаад ч юм санаа зовон өдөр шөнөгүй чимээ чагнан миний хань инээгээд ороод ирнэ дээ гэж хүлээнэ. Ажилдаа явахдаа хүртэл намайг ажлаасаа ирэхэд тэр минь гэртээ ирчихсэн хүүхдүүдтэйгээ унтаж байна даа,эсвэл охидуудтайгаа тоглож сууна гэж бодоод явна. Дөнгөж хөлд орж байгаа бага охин нь орой болохоор гэрийнхээ үүд рүү харан аав гэж шулганахад аавыгаа тэсэн ядан хүлээх гурван охиноо харах эхийн сэтгэл үймэрч уйлмаар санагдавч ханиа яасныг нь мэдэхгүй байж нулимсаа урсгаад юу хийхэв хэмээн бодно. Шөнө гурван охиноо унтахаар ганцаардан гарч орж байж ядна. Өдөр хоног өнгөрсөөр Оюунчимэг ажилдаа явж хүүхдүүдээ асран бөөцийлсөөр хавартай золголоо. Тэрээр Доржсүрэнгийн ажил дээр хэд хэдэн удаа очиж нөхрөө сурагласан боловч хэн ч нөхрийнх нь талаар олигтой үг хэлсэнгүй. Бас гайгүй сайн найз байсан нэг ажилтнаас нь асуухаар очтол тэр мэндийн зөрүү ч үгүй өнгөрөв. Гайхан цөхөрч энэ байдалдаа итгэж ядан нойр хулжин ханхай гэрт ганцаардаж өдөр хоногийг өнгөрүүлсээр л байлаа. Нөхрөө ирнэ гэж хүлээсээр л итгэл тасрахгүй, тэр минь бид дөрвийг орхиод хэзээ ч үүрд явахгүй, миний энхрийхэн гурван охинд аав нь ирнэ. Маргааш нөгөөдөр заавал ирнэ, тэр заавал ирнэ, би уйлахгүй, ханьдаа нулимс урсгахгүй, тэр минь хаана нэгтээ байгаа. Бүтэн жил өнгөрч том охин тавдугаар ангид дэвшин орлоо. Хичээл эхлээд хэд хоносны дараахнаас том охин нь нэг л гунигтай ямар нэг зүйлд санаа зовоод ямар нэгэн юм нуугаад байгаа болов уу гэмээр санагдахаар байлаа. Аавыгаа санаад тэр биз. Хүний том хүүхэд арга ч үгүй биз дээ гэж бодно. Намар оройхон Оюунчимэг бага охиноо эмээгийнхээс нь аваад гэртээ иртэл хоёр охин нь хичээлээсээ хараахан ирээгүй байлаа. Галаа түлж хоолоо хийхээр бэлдэж жаахан охин нь хоймортоо тоглож суутал гэнэт хашааны хаалга дуугарав. Хийж байсан зүйлээ орхин ухасхийн бостол дунд охин нь уйлчихсан орж ирээд ээжээ, эгчийг нөгөө ангийн охидууд эсэргүүний хүүхэд гээд явуулахгүй, эгч уйлаад суучихсан байна. Би айгаад холуур тойроод ирлээ гэхэд нь золтой л ухаан алдан унасангүй. Юу гэнээ гэснээ гараад гүйлээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-013.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6503
khongor025.jpg Хэмжээс: 600x476 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5573
Гэр бүл Хэмжээс: 472x600 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5817
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: