Найраглал: Р.Чойном - Буриад (Найраглал)
Оруулсан admin Огноо: 2008-08-22 23:53:34 (18730 уншсан)
Р.Чойном: БУРИАД
Хээрийн гөрөөс шиг насны минь Хээтэй хоргой шиг намтар дунд Арилшгүй мөрөө үлдээсэн Аяа миний буриад.
Шүлэг бидэн хоёрын ханилсан Шүр сувд шиг жилүүдийн хэлхээнд Алтанхан эрх болж үлдсэн Аяа миний буриад.
Дураар задгай амьдралын минь Дундуур дүүрэн хундаганууд дунд Аагтайхан сархад болж амтлагдсан Аяа миний буриад.
Урган төлжих насны минь
Ум зандан шиг цогцсонд Эйдельвайсын цэцэг болж дэлгэрсэн Энэ миний буриад.
Өндөр оройтой малгайд чинь Өргөн эмжээртэй дээлд чинь Утсан цацагтай бүсэнд чинь Улаан сөөхий гуталд чинь
Ойд хангинах сүхэнд чинь Ононг гатлах бирваазанд чинь Мойлтой тос зөөхийд чинь Монцгор мөнгөн трубканд чинь
Булиа хүрэн хүзүүнд чинь Бух юлдэн хутганд чинь Уяхан эршүүд аашинд чинь Угийн ажилсаг аясанд чинь
Хадуур тармуур анжсанд чинь Хашаа амбаар бууцанд чинь Хатгуур мөөртэй тэргэнд чинь Хатирч морьтой чарганд чинь
Нэр минь, зүрх минь, шүлэг минь Нэг л эрхгүй татагдаад байна л Мэнд амараа! Буриад зон.
Тагш дүүрэн мэлтийлгэж барьсан Таван шимийн дээжнээс чинь Ядам хуруугаараа сүслэн өргөж Яруухан Онондоо сэржим цацаж
Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ Бат түшин жаргаж суухад Ариухан ерөөлийг зүрхэндээ шившээд Амьсгал татан хөнтөрч орхиё.
Халх гэдэг их сансарт Ард түмэн гэдэг однууд дунд Буриад гэдэг нэгэн эрхсийн Будант мандалд алхан орж
Өвөрмөц гадаргуунд нь хөл тавьж Өвөр гүн уруу нь нэвтрэн орох Эрдэнийн алтан түлхүүр болсон Сэмжүүхэй Элэг зүрхнээс минь гарамгүй
Хол үнэнтэй ариун дуртгал Холдоо толирсон алтан Ононой Хонгиохон дуугаа намдаа дуулыш Холширхон зантай Сэмжүүхэй минь.
Мүнгэн шөнийн наргиантай намиан соо Мүльхэн сэсэг хангир жингэр Мөрөөдөл дүүрэн юндэн соо нь Мэшид олон гялар ялар.
Уучлаарай бусдын хэлэнд хуруу дүрж Ур муутайхан дөрвөн бадаг хэллээ. Буруу байх аваас жинхэнэ Буриадаар нь болгон хэлнэ биз.
Ямар ч гэсэн хориод насандаа Ялалтын буудлага шиг бадарч явахдаа Чамбайхан басганы хайрын сэтгэлд Шатаж байсан тэртээх шөнүүд
Цэнгэлийн дугарааг нэгмөсөн Цэлэлзүүлэн бялхаагаад хөлчүүрэх шиг Ааш болоод баяр гунигаар Арван жил шархалсан юм шиг
Одоо хүртэл зүрхэнд хөндүүр Олон дуртгал сэтгэлээс өндийнө. Онон минь, буриад минь уучлаарай Овилгогүй ч явлаа, залуухан ч явлаа
Хүрэн улаан түүдэг галын туяанд Хөвгүүд охид цогтой шоволзож Хатираа бүжих хөлийн нь сүүдэр Ханын шийрний шүүдэр шиг цацарна.
Тал бүр тийшээ хувь заяаны Таавар зөн шиг хувилан одож Тас харанхуй шөнийн хэвлийд Танай манайгүй уусаж байсан.
Уран цэнгүүн ёохорын аяс Ургаа модны үзүүр дамжин Уран овоо хөлийн өлмийнүүд Угалзрах голыг тойрон дэвсэлж
Намжир шидэх адтай нүдний Нарийн давхраанд зүрхээ хавчуулж Хархан гэзэг уургын хуйв шиг Хацар дундуур шилбүүрдэн эргэж
Аминдаа махлаг зөөлөн гар нь Ассан дөл шиг халуу дүүгэж Надтай хамт буриад басган Наадам зугаанаас албаар төөрөв.
Чийг даасан Ононгийн шөнөөр Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж Чийрэг болоод зузаан уруулаар Чимээ нь ихтэй таалж байсан
Натгар жаахан Сэмжүүхэй нь Намайг одоо мартаа болов уу? Насан ахиж үс нь бууралтсан ч Наалинхай зан нь хэвээрээ болов уу?
Харин би яасан ч мартаагүй Халуун залуу насны минь дуртгал Хал үзээгүй диваажингийн орон Харанхуй шөнүүд минь мандтугай !
Мөнгөн саран уулын цаанаас Мөрний усанд зоос цацахад Мөнхийн уснаас зүүдлэн тамшаалж Мөргөцөгийн эрэг уруу халит жийх нь
Баргажин төхөмийн буриад самганы Балиусаар хуссан загасны хайрс Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй Туссан гэрэл нь бүжиглэн байхад
Зүрхэм ни, зүрхэм ни, инаг нь Зүгээр инеэхдээ яанавши Yжин Эльдэн баархамни Yглөөдөр бүү ябаарай гэж
Ононой жаахан Сэмжүүхэй Онцгойхон надад шивнэж билээ Хацар нүүрээ зүрхэнд минь Халуун дүүгтэл наалдуулж билээ.
Дуугүйхэн ингээд наалдаж байх нь Дух нь хамраасаа төвгөрхөн ч юм уу даа. Хайрлан хайрлан гэмшихийг нь үзвээс Халхын хүүхнүүдээс эрххэн ч юм уу даа.
Аяа хөөрхий Сэмжүүхэй Алтан ононой Сэмжүүхэй Аашны чинь хөөрхөнд би чинь Арга ч үгүй автсан юм сан.
Хайр хайрынхаа илчинд Хайлах шахам шатаж байдаг Самрын боргоцой шиг жаахан басган Сайн хүүхэн байж билээ.
Эгзэгтэй цагт түшиг болж Эргэж буцашгүй шийдэж чаддаг Эрэмгий зантай буриад басган Эгэлгүй хүн байж билээ.
Сайхан сэтгэлтэй тэр бүсгүйтэй Сайн нөхөр минь танилцуулсан юм. Ам нээвэл уушиг нээнэ гэдэг Аавын минь үг үнэн юм байна.
Дайны талбарт нэг нэгнийгээ үүрэх Дайчны ёсоор тэр бид хоёр Ярайсан шүлгэн сумаа бүсэлж Яруу найргийн талбарт гарсан юм.
“Натгар жаахан Сэмжүүхэйд минь Зуун зүрх тэмүүлээ юм биз. Найзаас минь хойш Ерэн ес нь шархлах юм биз”
Хэнтийн дунд сургуулийн Хээгүй найз минь хэлсэн сэн Заяаныхаа оргилыг байлдан эзлэх Замаа тэндээс эхэлсэн сэн.
Харин би буриад биш ээ Халх Боржгоны үр сад Хаяа нь алдрах талын тэртээ Хазаарт морин дээр өссөн хүүхэд ээ.
Тоглон дэвхцэх бяцхан хөлдөө Тоногт бойтог өмсөө нь үгүй Цанхаалж өссөн толгой дээрээ Цацагт малгай тавиа нь үгүй
Би өөрөө буриад биш ээ Бишгүй дээ л би олон удаа Биндэр, Дадал, Батширээтийн Бяцхан буриад хөвгүүдтэй
Хэнтийн сургуулийн довон дээр Хэмх нанчилдаж өссөн хүүхдээ Ялаа ч үгүй, ялагдаа ч үгүй Яамай тэр нь хамаатай биш.
Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг Буруу биш зөвөөр нь таньсан Дуутай шуутай тэр жилүүд минь Дунд сургуулиас ч илүү санагдана.
Хими, физик, алгебрь, геометрийн Хэцүү томъёонуудаар яах юм бэ Хэрлэн Хэнтий хоёрын завсарт Хэнтэй нөхөрлөхөө мэдвэл болоо биш үү.
Халх хүний бүдүүн бараг амьдралд Халбага шөлнөөс илүү үнэгүй Буруу номын үсгээр мэдрэлээ нүдүүлснээс Буриад нударгаар хамраа нүдүүлсэн нь
Алсдаа дээр байсан юм нээрээ шүү Амьдрал гэдэг чинь ном биш шүү дээ Алтанхан Ононой буриад басганд Алгебраар захиа бичихгүй шүү дээ.
Хайртай жаахан Сэмжүүхэйг минь төрүүлсэн Халуун элгэн буриад зон Хан Хэнтий, Онон, Хурхын Хатуу сахиус буриад зон.
Наалдаж дасахгүй цэрвүү явбал Нанчилдхаб гээд өрж ч мэднэ. Хуудуу гаргаж хундага залилбал Хутгалхаб гээд дүрж ч мэднэ.
Зангий нь мэдэхгүй сониуч хүнд Зайдуу газраас сонжин харвал Тосон будгаар ур муутайхан Товшиж зурсан зураг шиг
Дээлийнхээ арыг ганц нугалж Дэргэр суран бүс бүсэлж Дэрвэгэр шилтэй шовгор малгай өмссөн нь Дэрсэн овоохой шиг харагддаг биз.
Хоёр гар нь тэрэгний мөөр шиг Холуур дугуйрч бээлий нь унжаад Хөмөн гутлаа гадагш нь өшиглөж Хөвөөтэй мөрөө үлдээж алхахыг Хатуу мохоор хуурай зажилж Хаясан шүлс нь шарлаж хоцрохыг
Энд тэнд харсан төдийгөөр Эндүү хуудуу дүгнэж болохгүй Эл хуль хөвчийн эзэн болсон Эрдүү түмэн тэд нар мөн.
Балт сүхээ гэрнээс нь авч Бавайсан сахлаа нэг шувтарч Барвайсан алгаа хэд нулимснаа Баруун хөлөө гэдрэг нь гишгэж
Аажуухан далайсан хүдэр эрийн Алиман сар шиг сүхний ир Агаар тэнгэрийг зүсэн бууж Арын модонд цуурай хадаж
Хар модны дүнгэнэсэн биед Хагас сөөм шигдэх сацуу Хүч алдах тунгалаг давирхайгаар Хүний өмнө байгаль уйлна.
Аглаг ууланд мод бэлдсэн Ажилсаг буриадын өмбүүл урцанд Аагтай цай, соодтой ёпоошигий нь Амтлан суух нэгэн жаргал аа.
Зуны тэнгэр хураа татаж Зугаатай цэцгийн тоос дэгдэх Хадлангийн цагт нар хүн хоёр Халуунаа булаалдан тулгарч байдаг.
Халиурсан өвстэй цэнхэр талд Ханарсан жагсаал цэгцрэн давшиж Хадуурууд хагас гортиг татаж Ханарсан мөр гөвийн үлдэнэ.
Нарны цацраг шугаманд бичсэн Наймтийн задгай нотууд шиг Хар ногоон бухлууд ярайж Ханхар том нуруунууд өндийхөд
Сэрвээ сайтай буриад эрчүүд Сэрээ барьж өвс шордоно. Бүдүүн улаан самгад нь Бүтэн бухлыг өргөх дөхнө.
Орой болоход газар зуухнаас Олгойдох утаанаар цай ханхална. Өөрсдийн барьсан амттай талханд Өтгөн шаргал зөөхий түрхэнэ.
Хожуухан гарсан хоридын саран Хойргохон юм шиг мэлэрч байхад Майхны амны хоёр баадан Майга хөл шиг дугуйрч байхад
Хэдийнэ унтсан Төөдаагийн хамар Хэдгэнэ адил дүнгэнэж байхад Баавайн гаансны бохь нь буцлаад Батгана адил жингэнэж байхад
Шүүдэр буусан ногоон дээгүүр Сүүдэр адил чив чимээгүй Халуун сэтгэлт нөмгөн басган Хайрын болзоонд гүйгээд ирнэ:
Хоёр хөлийнхөө бүдүүн шилбийг Хормой хотоороо ороон сууж Дураа өссөн хөвгүүний цээжинд Духаа нааж ийнхүү шивнэнэ.
“Бууралхан бааваймни унтана үгүй л даа Буцалсан трубканий нь намжаа нь үгүй л даа Бодохо гэхэдэмни болно үгүй л даа Борхон зүрхэмни тэснэ үгүй л даа
Ийгэж л би шамдаа ирээб Ирэх л гэж би заалхаа ирээб” “Аяа шамдаа л адил басганыг би Онон худар эреэд эреэд Олохгүйб даа “ гэж Омголон залуу санаа алдана.
Хөндийн адаг уруу хадланч залуусын Хөгжилтэй ёохорын дуу хадна. Барх, Хурхын хатан урсгалыг Бялхаж үерэлтэл бүжин хатирна.
“Yндэр хадын саанахаа Yүрэй сайтар хатаръя л Yе тэнгийн залуушууд Зугаалангүй яахам найб”
Нарсны шилмүүс найган бүжнэ Наадам зугаа тэднийг дуудна. Наргиантайхан, долгиотойхон Энэ л буриад гэгч хэн бэ.
Цагаан сараар эхнэр хүүхдүүд нь Цангинатал дуулж бөөн бөөнөөрөө Yүр цайтал айлаар наргиж Yхрийн халуун нэрмэл уудаг
Уран цагаан хуруугаараа Утас ээрч оймс нэхдэг Ууж наргихдаа хүүхнүүд нь бэрх Угийн буриад гэгч хэн бэ ?
Алтанхан тайгын ар шилийг Анчны нүдээр дуран шиг харж Идэр есөөр хүрэн баавгайг Ичээн дээрээс нь зангадан дардаг
Баргажины хэрэм, Дагуурын сувд Байгалийн булга, Ярууны хандгайгаар Бахархан дуулах анчдыг төрүүлсэн Энэ буриад гэгч хэн бэ ?
Байгаль далайгаар нутагтай л гэдэг Баргажин төхөмөөс гаралтай л гэдэг Баялаг түүхийн эртний бичгүүдэд Балар ойн иргэд гэдэг.
Заншил нь содон, байдал нь сонин Зан нь эршүүд сэтгэл нь цагаан Заяаны энэ буриад зон Түүхийн бэрхэд үүссэн билээ.
Умар зүгийн ян хөвчид Ургасан удам, торнисон угсаа Уйлсан уянга, дуулсан дуу Урссан цус, дусалсан хөлс
Якут, Тувагийн цус холилдож Яагаад тунгус, хамниган болж Ямар учраас баргууд тасарч Явдал нүүдэл үүсэн өнгөрснийг
Хатуу жилүүдийн амьд гэрч Хашир баавайнууд хүүрнэнэ үү гэхээс Хадмын аясаар жолоо татсан Халхын түүхчид мэдэхийн аргагүй.
Адуу малын билчээр дагаж Амд түвдийн уншлага цээжилж Арван долоогоос хорь дахь зуунд Аниастай ирсэн халх түмэнд
Эх дэлхийн соёлоос эмтэлж Энэ буриадууд үүрч ирсэн юм Оёдол тааруу тансар дээлдээ Орос хэлийг өвөрлөж ирсэн юм.
Бараан тоонотой хөмөн гутлаараа Балрын ёсыг зориглон өшиглөж Тэрэгний төмөр ширгээдэг дөшиндөө Тэмцлийн илдийг давталцаж өгсөн юм.
Зориг нь дэндэж цагаан, бароны Золиосонд давхиад буруутаж үзсэн юм. Зогсолт бол үхэл мөн гэсэн Ленины үгийг Зогсоогоороо орчуулж өгөөд буудуулж явсан юм.
“Революция гэж мэдэхгүй бол Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж Монголоор хэлээд ойлгохгүй этгээдүүдтэй Модон хуйтаар ярьж явсан буриад,
Гаминд ч буудуулж Баронд ч буудуулж Лам нарт бороохойдуулж
Газар орныг минь чөлөөлөлцөж өгсөн юм. Газар орныг маань чөлөөлөлцсөний шанд Ганц морио унаад туугдаад явсан юм.
Мянга есөн зуун гучин хэдэн оныг Миний бие нүдээр үзээгүй ч Өвгөд хөгшдийнхөө тухай уйлан дурсах Өчнөөн олон Сэмжүүхэйг би үзсэн.
Будантай манантай тэр жилүүдийн Буутай манаатай яам тамгуудын Буруу зөвийг нь тунгаах гэсэн юм биш Буриадыг өмөөрөөд тулах гэсэн юм биш.
Гайхамшигт энэ тэмцлийн үед Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн Эрин цагийн соёл иргэншилд Эхний жигүүр нь бололцож өгсөн
Хэлмэрч, сургагч, комиссар Хэл бичгийн ухааны доктор Ууган эмч, хөгжимчин, дуучин Улсын гавьяат багш
Тэргүүний хадланч, агротехникч Тээврийн жолооч, автын механик Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат Амжилт бүтээлийн эздийг дуулнам.
Халиурсан их талыг хагалана, хагалахгүй гэж Хамтрал коммун байгуулна, байгуулахгүй гэж Мархайн Бат сүр бадруулан дэвж Шархайн Болд сүх барин дэлж
Буруу зөв хоёрын торгон зааг дээр Буриад нь буриадыгаа цавчиж унагасан Ангийн тэмцлийн ширүүн жилүүдэд Араас нь бид сажилж явсан
Аягүй бол одоо ч гэсэн сэхээтний Анкетыг үзвэл буриад олон биз. Ажилсаг энэ буриад зонууд Ард түмэнд минь ихийг өгсөн юм.
Ид цэцэглэх хориод насанд минь Их зүйлийг ойлгуулж өгсөн юм.
Хараацай гэдэг жигүүртэн шувуу Хадан дээгүүр нисээд байна аа хө. Хамгаас хайртай миний алдрай Хаахна газрын үр юм бол доо гэж
Насны залуу, нарны эртэд Найзлан дассан миний алдрай Намайгаа санаж суугаа болов уу, Натгар жаахан Сэмжүүхэй минь.
(
Сэтгэгдэл бичих? |
Найраглал |
Чойном Ренчин
|
Шинэчилсэн огноо: 2025-10-01 18:34:51
)
| Санал сэтгэгдэл |
2013-03-22
goy shuleg shuu
|
|
|