|
|
Өгүүллэг: О.Генри : Цагдаа ба бишгүүрийн дуун
Оруулсан admin on 2008-06-29 00:57:11 (5642 уншсан)
Медисон цэцэрлэгт гудамжнаа өөрийнхөө сандал дээр Сопи жихүүцэн хавчилзав. Зэрлэг нугасны сүрэг шөнийн тэнгэрт тэртээ дээр ганганан зэллэж, далайн муурын арьсан дээлгүй хүүхнүүд нөхөртөө хошуу дэвсэн наалинхайтаж, цэцэрлэгт хүрээлэн дэх өөрийнхөө сандал дээр Сопи хавчилзаж эхэлсэн нь өвөл хаяанд ирсний дохио билээ. Ганц шар навч Сопигийн өвдөг дээр унав. Энэ бол Өвлийн өвгөний нэрийн хуудас. Медисон гудамжны байнгын оршин суугчдад энэ өвгөн өөриймсөг, элгэмсүү ханддаг бөгөөд энүүхэнд айсуй яваагаа тэдэнд ийнхүү мэдэгддэг бүлгээ. Оршин суугч нар нь бэлэн зэлэн байг хэмээн тэрбээр "Задгай тэнгэрийн дор" нэртэй буурчийн газрын хаалгач, Умардын салхинд энэхүү нэрийнхээ хуудсыг дөрвөн гудамжны уулзварт хүндэтгэлтэйеэ гардуулдаг юм. Намрын айсуй хүйтнээс өөрийгөө хамгаалах арга зам, хөрөнгө мөнгийг сүүхээлэн олох зөвлөлийг толгой даан байгуулах тийм цаг яах ийхийн завгүй тулж ирснийг Сопи ойлгов. Тийм ч учраас мань эр өөрийнхөө сандал дээр жихүүцэн хавчилзжээ. Сопигийн өвлийг өнгөрөөх төлөвлөгөөнд нэр төр хөөцөлдсөн юм даанч үгүй. Неаполитанын буланд зууртаа буудаллаж тухлаад Газрын дундад тэнгисээр далбаат завиар аялах тухай ч юм уу, үгүй дээ гэхэд Өмнөдийн тэнгэр, нарны тухай мөрөөдөхтэй манатай. Арал дээр, шоронд гурван сар амар жимэр суухсан. Сэтгэл зүрхэнд нь шатаж буй ганц мөрөөдөл энэ. Гурван сар найдвартай толгой хоргодох оронтой, гэдэс цатгалан, санаа амар, сэтгэл нийлсэн улс дунд, Борея, цагдаа цуухын халамж халдлагаас алсхан байх нь Сопигийн мөрөөдлийн дээд байлаа. Тэгээд ч арал дээрх зочломтгой тухлаг шорон хэдэн жил ч түүний өвлийн харш болов доо. Мань хүнээс арай илүү жаргалтай эх орон нэгтнүүд нь Флорида ч юм уу эс бөгөөс Ривьера руу одох тасалбараа авч байгаа юм шиг Сопи жилийн жилд Арал руу одох аяллын бэлтгэлээ төвөггүй базаадаг юм. Цаг нь ч аргагүй тулж иржээ. Бүтэн сайны гурван сониныг урд шөнө мань эр ямар сайхан хуваалаа, нэгийг нь хүрмэн дороо дэвсэж, нөгөөхөөр нь хөлөө тунтуйлж, гурав дахиар нь өвдгөө хучлаа. Гэтэл жавар хаасангүй, усан оргилуурын дэргэдэх сандал дээрээ зэвэргэн шөнийг арай гэж барав. Тэгэхээр Арал авралын орон, нөмөртэй аятай санагдалгүй яахав. Сопигийн омог төгөлдөр сэтгэлд өглөг буяны юм ямар их шаналан авчирдаг гээч. Өглөгч буянтны гараас авсан өчүүхэн ач тусын төлөө мөнгө төлдөггүй юмаа гэхэд тэдэнд өрөвдүүлж, басамжлуулж, дорд үзэгдэх энүүхэнд. Цезарьт Брут байсан шиг буяны ор хэвтэш бүхэн заавал ч үгүй усанд оруулах мэттэй холбоотой, үмх талханд нь хүртэл сэтгэлийг нь ичгүүргүй шүлсдэх савирдас шингээстэй. Тэгсэн дор бол шоронгийн хадаас байсан нь хамаагүй дээр. Мэдээж тэнд юм бүхэн хахир чанд журамтай, гэхдээ эр хүний амин хувийн хэрэгт хэн ч шүлстэй хошуугаа дүрэхгүй. Өвлийн улирлыг арал дээр өнгөрөөхөөр шийдсэн Сопи өөрийнхөө санасанд хүрэх ажилдаа даруй оров. Амар хялбар олон зам шорон руу хөтөлнө. Тэр дундаас хамгийн аятай зам нь зоогийн газраар дайрна. Та тансаг чамин зоогийн газар таатай сайхан үдийн хоол захиалж, амаараа гартал лавичихаад төлбөрийн чадваргүй гээд орилчихно. Таныг цагдаагийн гарт чимээ имээгүйхэн тушааж, олон үгтэй шүүгч сайн санааны үзүүрт тос гэдэг шиг эл буянт үйлийг гүйцээнэ. Сопи босч, Бродвей, Тавдугаар гудамж хоёрын уулзварын барагшин далайгаар тожир тожир туучив. Уугуул сийвэн, торганы хүр хорхой, усан үзмийн бутны өгч чадах хамаг сайн сайхан бүхэн үдэш бүр хуран чуулдаг, гэрэл гэгээнд умбасан кафены дэргэд тэр саатан зогслоо. Гэхдээ хантаазныхаа доод товчноос дээшээ Сопи өөртөө итгэлтэй байлаа. Тэр сахлаа мөлчийтөл хусчихсан, бас өмссөн хүрэм нь хээнцэр. Гоё хар эрвээхэй зангиаг нь Талархлын баярын өдрөөр шашны доншуур сурталч хүүхэн түүнд бэлэглэсэн юмсанж. Хэрэв тэр зоогийн ширээнд ажиг сэжиггүй хүрч чадсан бол санасан хэрэг нь төвөггүй бүтэх байлаа. Ширээн дээгүүр харагдах түүний бие махбодын цээжин хэсэг зөөгчид сэжиг төрүүлэхгүй. Шарсан нугас, дээр нь ганц шил шабли дарс гэж Сопи халуун шүлсээ залгин бодов. Дараа нь бяслаг, аяга хар кофе, навчин тамхи, ганц долларын навчин тамхи байхад болно доо. Кафегийнхан хорсол юугаан тайлах онцгой харгис арга сэдэхээр тийм ч их тооцоо гарахгүй. Тийнхүү донжтойхон зоог барьчихаад, тамшааланхан, таатайхан өвлийн ичээ рүүгээ хөдөлнө. Гэтэл Сопиг зоогийн газрын босгоор алхав уу, үгүй юү, зохион байгуулагчийн ажигч өлөн нүд гялайчихсан хуучин өмд, майжгий гутлыг нь олоод харчихаж. Бярлаг, шалмаг гар түүнийг яах ийхийн завдгүй хамж эргүүлээд, чимээгүйхэн гудамжинд гаргаж хаясан агаад тийнхүү хөөрхий нугасыг нөмрөн айсуй гунигт хувь тавилангаас аврав. Сопи Бродвейгээс эргэн одов. Арал руу очих түүний замд сарнай цэцэгс дэвсээгүй бололтой, яая гэхэв. Одоо яах вэ! Цэнгэлийн манлайд хүрэх өөр арга хайхаас... Зургадугаар гудамжны буланд чамин гоё хураасан бараатай шилэн лангууны хурц гялаан гэрэл нааш цааш сүлжигчдийн нүдийг хужирлаж авай. Сопи том чулуу шүүрч аваад, лангууны шил рүү чулуудаж орхив. Булангийн цаанаас хүн зон үргэсэн адуу шиг пижигнэлдэн гарч ирсэн бөгөөд бүхний өмнө цагдаа харайлгаж явав. Сопи халаасандаа гараа чихчихээд ягжийн зогсож, зэс товчны гялбааг инээмсэглэн тослоо. -Хэн ингэв? гэж цагдаа шав шувхийн лавлав. -Та арай намайг ийм юманд орооцолдчихно гэж бодоогүй биз дээ хэмээн Сопи энгүүхэн бус ч, агуу их завшаанаа тосч буй аятай найрсаг асуув. Цагдаа Сопиг бүр сэжиг таамгийн чинээтэй ч хүлээж авахыг хүссэнгүй. Тэгээд ч чулуугаар дэлгүүрийн лангуу хага цохидог улс хуулийн төлөөлөгч нартай ингээд хэлэлцээ хийгээд, ярьж хөөрөөд байдаггүй. Тэд ум хумгүй хөлөө гартаа аван арилдаг. Хорооллын цаахантай трамвайн араас гүйж яваа хүнийг цагдаа харчихжээ. Тэр бороохойгоо толгой дээрээ өргөөд, түүний араас гэдэн годон харайлгав. Сопигийн ой гутан цаашаа сажилав. Ингээд хоёр удаа чадхийчихлээ. Гудамжны эсрэг талд онцын гомдол саналгүй нэгэн зоогийн газар харагдана. Энэ харин ёстой бэл нимгэн, бэлчээр уужимтай улсад зориулагджээ. Эндхийн сав суулга, агаар нь хүнд өтгөн, харин ширээний бүтээлэг, тавагтай шөл нь нимгэхэн, шингэхэн. Ходоод амирлуулагч энэ сүмд бүхнийг өгүүлэгч өмд, жигшмээр гуталтайгаа Сопи саадгүй нэвтрэв. Тэр ширээний ард тухтайхан сууж байгаад бифштекс, баахан сам боорцог, хэдэн цагираган боов, зүсэм бялуу дор нь залгижээ. Дараа нь харин зоогийн газрын зөөгчид хамгийн бяцхан диц зоос бид хоёр өчүүхэн ялгаагүй гэж сүртэй хэлэв. -Одоо түргэл! Цагдаа дууд! Шалавлаач. Ийм сайхан эрийг ингэж хүлээлгэх гэж хэмээн Сопи уугчив. -Цагдаатай цагдаагүй болно -гэж зөөгч цацлагатай талх шиг зөөлөн зөөлөн дуугарснаа, коктейльд хаясан интоор шиг хархан нүдээ баясгалантай гялалзуулан: -Хөөе, Кон. Алив хамжилцаач! гэлээ. Хоёр зөөгч ухаан мэдрэхүйгүй Сопийг зүүн чихийг нь дэрлүүлээд хүйтэн чулуун зам дээр эвтэйхэн хэвтүүлчихсэн байлаа. Тэр дөрвөн мөчөө мужааны эвхдэг модон шугам шиг нэг нэгээр нь татаж чангаасаар арай гэж босч ирэв. Гавлуулах л баясгалант мөрөөдөл нь мэт түүнд санагдана. Арал бол бүр алсын зэрэглээ мэт холджээ. Хоёр байшингийн Цаахантай зогсоо цагдаа түүн рүү инээчихээд, цаашаа алхчихав. Ахиад нэг азаа үзээд алддаг юм билүү гэж зориг орлоо Сопи таван байшин өнгөрөөд тап тэп алхаж явлаа. Энэ удаа түүнд гуяа алгадам сайхан завшаан тохиолдов. Даруухан донжтой хувцасласан залуу бүсгүй дэлгүүрийн шилэн цонхноо нүдээ наачихаад, бэхний сав, сахал хусдаг түмпэн мэтийг бүлтийтлээ харж, түүнээс хоёрхон алхмын цаана бярлаг нүсэр, догшин адгуу байрын цагдаа галын шахуургат хоолой түшээд гиюүрэн зогсож байлаа. Сопи бүхний сэжиг хүргэсэн, ой гутам, гудамжны шалиг эрийн дүрд тоглохоор сэтгэл шулуудав. Сонгосон золиосных нь номхон томоотой гадаад төрх, сүрдмээр цагдаагийн ойрхон байгаа, цагдаагийн хүнд гар мөрөндөө одоохон хүрэхийг мэдэрч, дулаахан арал дээрх өвлийн амралт юухан байхав гэсэн итгэл түүнд хайрлажээ. Шашны доншуур сурталч авгайн хайрласан бэлэг-зангиагаа засч, цамцныхаа дуулгаваргүй ханцуйг бурхны илгээсэн гэрэлд бахтайяа ил гарган, бүрхээ хавтай гэгч нь хазгай тавьчихаад, Сопи залуу бүсгүйг чиглээд алхчихлаа. Мань эр түүн рүү жоготой нүд ирмээд, гангар гунгар дуугарч басхүү малилзтал инээгээд, гудамжны шалиг эрийн хамаг сонгодог арга мэхийг эрээ цээргүй гүйцээв. Цагдаа түүний араас нүд салгалгүй харж байгааг Сопи нүднийхээ булангаар харлаа. Залуу бүсгүй хэдэн алхам холдсоноо, мөнөөх сахал хусдаг түмпэнгээ ахиад ухаан жолоогүй цоо ширтчих юм. Сопи түүний араас дагаснаа ичгүүргүй зэрэгцэж зогсоод бүрхээ толгой дээрээ өргөснөө, -Хөөх, ямар дур булаам бүсгүй вэ, та! Явах уу? Цагдаагийн нүд дүгрэглээд иржээ. Доромжлуулсан залуу хатагтай хуруугаа ганц гозосхийлгэхэд Сопи чимээгүй боомт руу очих замаа хөөх байлаа. Нэг мэдэхийн бүр цагдаагийн хэсгийн тохь тух, халуун дулаанд манарчихсан суугаа мэт санагдвай. Бүсгүй Сопи руу эргэснээ, гар сунган, ханцуйнаас нь тас атгаад авав. -Тэгэлгүй яахав, Майк! -гэж тэр дуу алдаад: -Шар айргаар сагатал дайлах уу? Би уг нь аль түрүүн чамтай ярих гэсэн цагдаа хялалзаад, гэв. Царс хэрсэн ороонго шиг залуу бүсгүй Сопиг гараараа хэдэнтээ ороож чанга тэвэрсэн агаад нөгөөхтэйгээ зууралдсаар мань эр журам сахиулагчийн хажуугаар баргар царайлан өнгөрөв. Яая гэхэв, эрх чөлөөтэй явах ялаар түүнийг шийтгэсэн юм байлгүй. Ойрхны нэгэн гудманд тэр зам нийлэгчээ төөрүүлж орхиод, хар гүйхээрээ арай гэж зайлав. Зар сурталчилгааны гэрэл гэгээнд умбасан гудамд, бодол сэтгэл, ялалт амжилт, аялгуу хөгжим аль аль нь хөнгөхөн яруухан тийм гудамд тэр амсхийжээ. Ангийн үсэн дээлтэй хүүхнүүд, дулаан дээлтэй эрчүүл хүйтэн салхинд хөөр хөгжөөнтэй дүнгэр дангар ярилцах ажээ. Сопи гэнэтхэн айдаст автав. Магадгүй, ямар нэгэн муу ёрын илбэ жилбэ түүнийг цагдаатай манатай ингээд хорлоод байна уу? Тэр айсандаа арай л дагжсангүй, харин театрын гэрэлтэй хаалганы өмнө зогсоо сүрлэг цагдааг харав уу, үгүй юү "олон нийтийн газар танхайрах" ял авахаар шийдэв. Сопи сөөнгө хоолойнхоо чадлаар ямар нэгэн завхай дууг хөлчүү мэт уугчин орилов. Тэр гудамжинд сарвалзан бүжиглэж, хашгирч, цамнаж, амгалан тайвныг чадлаараа түйвээлээ. Цагдаа бороохойгоо эргүүлэн үймүүлэгч рүү нуруугаараа эргэснээ, дэргэдүүрээ өнгөрөгсдөд хандаж: -Энэ Йэлийн оюутан. Эд нар өнөөдөр Хартфордын коллежийн хөл бөмбөгийн багийг бут авсан ялалтаа тэмдэглэж байгаа юм. Шуугилдаж л байг. Энэний аюул гэж юу байхав. Эдэнд гар хүрэвзэй гэсэн захирамжтай юм, бид гэж хэлж байлаа. Тайтгарлыг үл ологч Сопи хэнд ч хэрэггүй цамаа өндөрлөлөө. Үгүй, ядахнаа ганц цагдаа түүнийг заамдаад авдаггүй юм байх даа. Арал дээрх шорон түүнд хэзээ ч хүршгүй Аркадий* шиг санагдаад явчихав. Тэр нимгэн хүрмээ лавхан товчлов. Жавар хамаг биеийг нь нэвт жиндүүллээ. Тамхины мухлагт хийн цоргиураас навчин тамхиа тааваараа асааж буй нэгэн ноёнтныг тэр олж харав. Тэр өөрийнхөө торгон шүхрийг хаалганы дэргэд орхичихлоо. Сопи босго даван, шүхрийг шүүрч аваад аядуухан холджээ. Навчин тамхи зуусан эрхэм түүнийг шалмаг аргагүй дагав. -Наадах чинь миний шүхэр гэж тэр эрсхэн хэллээ. -Арай үгүй байлгүй дээ хэмээн Сопи жижиг хулгай дээрээ бас доромжлол нэмэн ичгүүргүй инээж: -Та яагаад цагдаа дуудахгүй байгаа юм бэ? Тийм ээ, би таны шүхрийг авчихлаа. Цагдаа дууд л даа! Тэр буланд зогсож байна гэв. Шүхрийн эзэн явдлаа алгуурлав. Сопи ч бас тэгэв. Хувь заяа нь түүгээр дахиад даажин хийж буйг тэр мэдчихэв. Цагдаа тэднийг сониучирхан харна. -Тэгэлгүй яахав, гэж навчин тамхитай эрхэм хэлснээ: -Тэгнээ тэр, та... ийм эндүүрэл бас байдгаа... би... Хэрэв энэ таны шүхэр бол... та намайг өршөөх байх гэж итгэж байна... би өнөө өглөө үүнийг зоогийн газраас сэм авчихсан... хэрэв та өөрийнхийгөө гэж бодож байгаа бол... яая гэхэв... би танд итгэж... гэхийн сацуу: -Тийм ээ, энэ миний шүхэр, гэж Сопи хилэнтэйеэ дуугарав. Шүхрийн хуучин эзэн хойшоо ухарлаа. Харин цагдаа хачин гоё ангийн үсэн дээлтэй, өндөр, шаргал үст хүүхэнд туслахаар ум хумгүй ухасхийсэн бөгөөд хоёр байшингийн цаахантайгаас трамвай харагдсан болохоор түүнийг гудамж хөндлөн гаргаж өгөх ёстой болжээ. Засварт зэрэмдэглүүлсэн гудамжаар Сопи дорно зүг эргэв. Тэр шүхрээ нүх рүү хорсолтойёо чулуудаад, дуулга бороохой агссан улсуудыг хараалын муугаар булж явлаа. Тэдний саварт орохыг юутай их хүснэм, гэтэл цагдаа нар түүн рүү нүгэл хилэнцгүй Ромын пап руу харж байгаа юм шиг дүрлийтэл хараад байх юм. Сопи хэл хөс, шуугиан түчигэнээн барагтай бол үл хүрэх буйдхан гудманд сая нэг хүрч, Медисон цэцэрлэгт гудамжны зүг замнав. Цэцэрлэгт хүрээлэнгийн ганц сандал орон гэр нь болох тэр цагт ч, хүмүүнийг төрөлх орон руу нь хөтөлдөг тэр мэдрэхүй бөхдөггүй аж. Гэтэл чимээгүй нэгэн гудамжинд Сопи гэнэтхэн зогтусав. Тэнд шовх оройт дээвэртэй, хуучин сүм бараантан харагджээ. Ягаан шилтэй цонхнуудынх нь нэгний чанадаас дулаахан зөөлөн гэгээ цацарна. Бишгүүрчин хишиг өдрийн залбирлын аялгууг тоглож гүйцээхээр хөгжмийнхөө ард хоцорсон бололтой, сэтгэлд өег хөгжмийн эгшиг Сопигийн чихэнд хүрч, мань эр сүмийн ширмэн сараалжинд наалдаад алмайрчихжээ. Амгалан, гэрэлт цагаан саран мандаж, сүйх тэрэг, хүн зон олонгүй агаад цонхны янз модон дор бор шувууд нойрмогхон жив жув жиргэхийг сонсвоос хөдөөгийн оршуулгын газар зогсож байна гэж хүртэл бодогдмоор. Бишгүүрчний тоглож буй аялгуу Сопиг ширмэн сараалжиңд бүр хадаж орхив. Учир нь энэ аялгууг тэр урьд нь олонтаа сонсож байсан, түүний амьдралд ээж, сарнай, зоримог шийдмэг төлөвлөгөө, найз нөхөд цайлган гэгээн хүсэл, цав цагаан зах гээд олон сайхан юм байсан, тэр л өдөр хоногуудад энэ аялгууг хичнээн ч олон удаа дуулж явлаа даа.. Хуучин сүмийн цонхоор дуурсах хөгжмийн аялгуунд ховсдуулсан Сопигийн сэтгэлд яах ийхийн завдгүй гэнэ сэнэгүй, гайхамшигт өөрчлөлт нижигнэв. Тэр унасан нүхнийхээ ёроолыг айдас дүүрэн тэмтчин харсан бөгөөд ичгүүрт өдөр шөнүүд, олиггүй өчүүхэн мөрөөдөл, санаашрал, горь тасарсан итгэл, үнэ хүндээ алдсан авьяас чадвар, адгийн сэрэл сэрэхүй гээд өдгөө амьдралыг нь бүрдүүлж цогцлоож буй бүхнийг гэнэт олж үзэв. Зүрх нь энэ шинэ сэрэхүйтэй нэгэн эгшгээр цохилж буйг бас мэдэрчээ Даажинтай хувь тавилантайгаа ана мана үзэлцэх хүч тэнхээг тэр сэтгэлдээ гэнэт мэдэрчээ. Тэр балчиг намгаас мөлхөөд ч болтугай гарна, тэр ахиад хүн болж, түүнийг боолоо болгосон тэр гай түйтгэрийг ялж гарна. Цаг ч яахаа алдчихаагүй, нас ч танагтай байна. Тэрбээр урьд хождын сайхан мөрөөдлөө сэтгэлдээ амилуулна, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө бүхнийг хийнэ. Сүр жавхлантай, сэтгэлд өегхөн бадралт бишгүүрийн аялгуу ийнхүү түүнийг нэг мөсөн эргүүлж орхив. Маргааш өглөө тэр хотын ажил хэргийн дүүрэгт очиж, ажилд орно. Арьс үсний нэг худалдаачин хэзээ ч билээ түүнд хөтөчийн ажил санал болгож байсан. Мань хүн маргааш түүнийг эрж олоод, тэр албыг чинь залгуулъя гэж гуйна. Тэр хүн болохыг хүсчээ. Тэр... Хэн нэгний гар мөрөнд нь хүрэхийг Сопи мэдэв. Дав дэвхийн сэрж, эргэж хараад, цагдаагийн малигар царайг олж үзжээ. -Та энд юу хийж байгаа юм гэж цагдаа асуув. -Юу ч хийгээгүй гэж Сопи хариуллаа. -Тэгвэл явъя гэж цагдаа өгүүлвэй. -Арал руу, гурван сар хэмээн маргааш өглөө нь шүүгч зарлиг буулгажээ.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Дэлхийн уран зохиол )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|