Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: Аяны жолоо дээшээ байна
Оруулсан admin on 2008-06-05 05:49:38 (4325 уншсан)

...Санасан зорьсон хэрэг бүтэх
Алтан шар зам тийшээ байна
Сайхан үйлс зэрэг бүрдэх
Аяны жолоо дээшээ байна...
Билгийн тооллын арван зургаа дугаар жарны модон бар жил (Аргын тооллын 1974 оны өвөл) гарах гэж байлаа. Малчны гэгддэг болоод удсан Монголын цагаан сар болох гээд, хэдийгээр хотод хориотой боловч айл бүр л дор бүрнээ бууз, баншаа чимхэн хөлдөөж, хэвийн боов, таваг засах чихэр жимс гээд бөөн ажилд дарагдаж байсан тэр үед юмсан. 

Гэхдээ л хориотой нэртэй боловч ямар ч байсан цагаан сарын өмнөхөн нар хамба, нандин чавга, маньдрийн (мандерин- бэрсрүүт жүрж) маримлаад (мормеладь- жимсний тунгаамал, царцмаг), модтой чихэр (Уг нь ч модтой чихэр биш л дээ, модон иштэй чихэр) гээд ховрын бараанууд дэлгүүр хоршоогоор худалдаанд гардаг, зардаг байсан нь ямар нэгэн учиртай л байсан байж таараа гэж одоо энэ цаг үед бодоход үнэхээр хачирхалтай, сонин л санагдаж байна.
Хүүхэд бидний хувьд яах вэ дээ, баяр болно гэдэг чинь баяр л юм чинь битүүхэндээ хоног тоолон хүлээсээр маргааш битүүн гэж байхад хамаатны нэгэн жаал манайхаар шургаад гарсаны дараа аав, ээж хоёр гэнэт хөдөлгөөнд орлоо. Хоёр том эгчийг маань Ши агаагынх руу “Одоо, даруй түргэн явж очиж ажилд нь туслалц” хэмээн яаравчлан явуулахад “Арай хэн нэг нь бурхан болчихоогүй байгаа даа?... Үгүй ээ, тэгвэл ааваа байг гэхэд ээж усан нүдэлж байх ёстой... Аль эсвэл хэн нэг нь өвдсөн юм болов уу?”... гэсэн сониучхан асуулт өөртөө тавин хариулт олохоор хайж байтал нэг их удсангүй ээж:
-Миний хүү ээ, цагаан сараар өмсөх хувцасаа өмсөөрэй, Толгойт явъя. Дотуураа сайн дулаан хувцаслаарай! Гэхэд нь ямар ч байсан баяр болдогоороо болох л юм байна. Харин яагаад манайд биш, хамгийн бага нагацынд маань байдаг билээ гэж гайхашран бодсоор аав ээжийн захиснаар бага эгчийгээ сургуулиас нь амдаж агаагынх руу дагуулахаар гарлаа. Тухайн үед хөл хөнгөнтэй хүүхэд багачуул л айлуудын хооронд, ах дүүсийн хооронд жадгадан одоогын энэ гар утас, утсан харилцаа гээч юмыг оролдог байсан бөгөөд жинхэнэ утгаараа үнэгүй мессеж (Хэдийвээр автобусанд хүүхэд 20 мөнгө төлөх ёстой боловч бид ч төлдөггүй, мөнгө хураагч ажаа нарч нэхдэггүй байсан юм. Хаа нэг эрэгтэй өвгөчүүл голдуу мөнгө хураагч байх. “Аман хуур” киноны Соном өвгөн чинь долоон буудлын автобусны мөнгө хураагч байсан юм шүү дээ) гээч юмыг дамжуулдаг байсны тод жишээ нь хамаатны жаал, бид хоёрын энэхэн хоёр үйлдэл л харуулчих болов уу даа.
Эгчтэйгээ явсаар Ши агаагындаа иртэл том бага хоёр гэр нь ч, хашааны хойдтой байх зуны амбаарыг нь ч дүүгтэл галлан хамаатан садны хүмүүс цуглан энд тэндгүй л дор бүрнээ ногоо төмс арилган, мах шөл болох нь их л хөлтэй явдал болох шинжтэй. Олон хүн цугласан газар, үеийн хөвгүүд нийлэхээрээ яадаг л билээ дээ, би ч өөрийн үеийн хэдтэйгээ нийлэн түлээ модхон дөхүүлж өгөнгөө, завсар зайгаар нь хэдэн эгч нарынхаа ар өврөөр эргэлдэн арын хаалгадан галавсай (колбаса-хиам), өгөрций (огурцы- өргөст хэмх) зэрэг ховрын идээ олон амталж, улаан усаар даруулж дөнгөлөө. Тэгж, ингэсээр байтал шөнө орой болон энэ, тэрүүгээр зай завсраа ололцон багачуул нь унтацгааж нэг л мэдэхэд өглөө болсон байлаа. Төд удалгүй бүрхүүлтэй гурван ч гуч машин (ЗИЛ-130), хоёр ГАЗ-69, нэг хар Волга ирсэнээр хүүхнүүд голдуу хэсэг хүн үлдэж бусад нь бүрхүүлтэй гурван гучид суусаар хөдөллөө. Суугаад хөдөлсөн хойноо л анзаарвал модоор янз зангидан эсгийгээр бүрэн хойд буланд нь жижиг зуух тавин галласан нь халуу дүүгэн тун таатай ажээ. Нэг гэм нь цонхгүй битүү учир гадагшаа юу ч харагдахгүй, зөвхөн яндан шургуулсан гөлмөн төмөрний завсраар жаал гэрэл орох ба хойд унжсан эсгий үүдний завсраар хаа нэг хажуугаар зөрөн өнгрөх машины бараа л хальт харагдана. Тэгсхийгээд хүрэх газраа хүрэв бололтой зогссон боловч гадаа хүйтэн байна, багачуул дотор дулаан байж бай гээд биднийг буулгасангүй. Бид ч бүдэг гэрэлтэй харанхуйд баясах аргаа олон ноололдож, хааяа томчуулд зандруулан хэсэг нам сууснаа эргээд л сэмхэн ноололдож эхэлтэл гаднаас “Ирлээ, ирж байна” гэсэн хэн нэгний дуугаар бид ч уралдан гарцгаалаа. Буугаад харвал хотоос дөнгөж гараад л зогссон, Буянт- Ухаагын цагаан хаалганы урдхан талд байж байлаа. Томчуулын хараа тавин ширтэх баруун урд зүгрүү харвал тээр цаанаас цасан цагаан тал дундаас нүүгэлтсэн хар юм наашилсаар ойртон ирэх нь дүнхийтэл нь өвс ачсан авто машины цуваа байлаа. Нөгөө хар Волга, хоёр 69-ээр заларч ирсэн улсууд нь бүгд албаны хүмүүс бөгөөд дуу хураагч, дуран авайгаа зэхсэн төвийн сонины сурвалжлагчид болон мөнгөн аягатай сүү, хадаг зэхсэн кракул захтай хар драпан пальто, өнгө дагуу хоршуулсан кракул малгай тавьсан эрхэм нь баазынх нь дарга бөгөөд нэг л сүртэй болоод сүрдмээр. Эхний машины бүхээгний ард хөндлөн татсан улаан лоозон тодрон, тодорсоор уншиж болохоор ойртоход нь уншвал “БНМАУ-ЫН 1973 ОНЫ ТЭЖЭЭЛ ТЭЭВРИЙН АВАРГА, САЯТАН ЖОЛООЧ Д.ШИ...” гэсэн үг дурайхад л сая Ши агаа маань аварга болсон юм байна шүү дээ хэмээн өөрийн эрхгүй агаагаараа бахархах сэтгэл төрлөө...
* * *
Хүмүүн болсоор хамгийн анхны санадаг юм маань ясли байсан юм. Би тэгэхээр тэр үед хэдтэй байсан байж таарах вэ? Бөө мэд, гэхдээ л би яслид явж байснаа яагаад ч гэсэн санадаг л юм. Аав, ах хоёрынхоо аль нэгээр нь хар даавуун өнгөтэй, гар хийцийн хөвөнтэй уутан хөнжилд босоогоороо үүрүүлэн явсаар нэг давхар намхан ягаан байшингын хаалгаар ороход л бөөн майлаан дунд орон өөрөө ч хоолой нийлүүлэн чадлаараа майлсаар үлддэг байснаа санадаг юм. Уйлсаар хүн, майлсаар мал болдог гэж ардын үг байдаг аа даа? Бөөн майлаанд яваад ороход л тээр тэр цаана хонгилын мухрын хананд хүүхдээ тэвэрсэн, улаан дээлтэй ээжийн хөрөг байх. Цаана нь өнгө, өнгийн цэцэг, бөмбөлгүүд өнгө алаглуулан зурсан энэ хөрөг дээрхи ээж миний ээжтэй хичнээн адилхан гэж санана...
-Айн? Аль яслид вэ, хаана тэр вэ гэж үү?... Аан, зуун айлдаа. Зуун айлын хүнсний дэлгүүрийн урд залгаа Улаан булангын урд талын “Г” хэлбэрийн дан ягаан байшин л даа. Тэр үед ясли байсан юм. Урд талд нь мөн түүнтэй өнгө ижил жижигхэн дан ягаан байшин бол манай хэсгийн эмнэлэг байсан юм даа...
...Хонгилоор зүүн эргэн явсаар хамгийн баруун урд мухрын урагшаа харсан хоёр, баруунтай харсан хоёр цонхтой цэлгэр том танхим бол манай анги бөлгөө...
...Гэхдээ 1990-өөд оны дунд үед зүүн тийшээ замруугаа харсан хаалга гарган алт, мөнгөний дархан, гуталчин, тохиролцооны дэлгүүр гээд баахан үйлчилгээний газар нээчихсэн байх үед нь орж харахад тийм ч том танхимууд байгаагүй л юм. Өөрийнхөө майлж байсан танхим руу ороход бяцхаан гэхэд дэндүү бяцхан хоолны газар буюу гуравны нэгээр нь таллан хувааж лангуу босгон наад талд нь ердөө л дөрвөн хүний суудалтай дөрөвхөн бичикхээн ширээ байрлуулсан байсан гээд бодохоор аль зэрэг цэлгэр байсан нь мэдрэгдэх болов уу даа. Харин одоо байдаг үгүйг нь би мэдэхгүйб л...
Энэ танхимд хэдий хугацаагаар майлсныг минь өдгөө, ах болон том эгч хоёр минь л мэдэх байх, өөр мэдэх хүмүүн одоо үгүйб. Нэгэн орой асрагч багш маань хоёр сугандаа нэг, нэг алдрай хавчуулан хаалга зүгэлсний нэг нь би вээр байсан ч энэ удаа хаалганы хавьцаа аав минь ч, ах минь ч бас ээж минь ч биш огт танихгүй нэгэн хар уутыг минь бариад зогсож байсанд хэдийвээр хар уутаа таньсан ч огт танихгүй хүн байсных эргэж цахдан нөгөө салахын түүс болдог асрагч багшаасаа тас зууран бүхий л чадлаараа орилон тэмцэлдсэнийх эргэж ангируугаа орж дөнгөлөө. Балчирхан, бяцхан ухаанд минь аав, ах, ээж гурав л эргэлдэхээс огт танихгүй тэс өөр нэгэн авахаар ирсэн нь нэг л санаанд багтахгүй. Аав, ах, ээж гурвын хэн нэг нь авах болов уу? Гэсэн зовнил сэтгэл маажиж хоёр багшаасаа дөлөн, дөлөн холдож хамаг чадлаараа орилон, мэлмэрүүлэн асгаруулж байснаа одоо хир нь санадаг л юм. Тэгж байтал ээж минь ирж тэвэрт нь багтан мөөмрүүгээ гар минь явж байх тэрхэн хоромд хар уутан хөнжлийг минь барьсан түрүүний нөгөө үл таних хүн инээмсэглэн, ээжтэй маань ярилцан машиндаа суулган гэрт минь хүргэсэн нь хожим нь миний хамгийн хайртай агаа болсон Ши агаа байсан ажгуу. Ингэж би хамгийн бага нагац Ши агаатайгаа танилцсан юм. Бас хамгийн анх удаа моторт хүлгийн нуруунд үүрүүлсэнээ өөрөө мэдэрсэн минь тэр болой.
Ши агаа маань үл ялиг хазгардуу, үргэлж л инээмсэглэж явдаг уурлахыг огт мэдэхгүй нэгэн. Хожим нь хээр хөдөө, өвөр түрийдээ орон агаадаа эрхэлж явахдаа анзаарахад баруун хөлийнхөө гуянд айхтар томоо гэгчийн хонхорхой сорвитой байсан нь Бороогын алтны уурхайд ажиллаж байх үед нь бэхэлгээ муутай уурхай нуран дарагдаж азаар амьд үлдсэний ул мөр нь байсан юм билээ. Түүгээр ч тогтохгүй миний гурван нагац ахын хамгийн том нь л уурхайд удаан ажиллаагүй эрдэм номын мөр хөөсний учир ганц төрсөн охинтой байсан ба хоёр бага нагац агаа нар маань арваад наснаасаа хорь гаран нас хүртлээ алтны уурхайд өмхий муу хятадуудад барлагдан зүтгэснийх хоёулаа өөрийн гэх үнэрлэх үргүй байсан бөлгөө. Мэдээж оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүршгүй гаслан алт гээч юмыг өөрийн төлөө биш, өрөөлийн төлөө, өмхий муу хятадуудын төлөө олзворлон зүтгэснийх үр удмаа үлдээх хувьгүй болсон нь үнэхээр гаслантай. Одоо энэ цаг үед бол худалч хүнд өдөр өнжилгүй л энд, тэнд мөнгөн ус илэрлээ хэмээн чих дэлдэх нь эмзэглэхгүй байхын аргагүй.
...Тэгэхэд Ши агаагын маань намайг аван суулган дүнгэтэл нь хаазлан давхисан машин нь уртаа гээчийн хамартай бөмбөгөр бүхээгтэй “ЗИЛ-164” маркын машин байсан юм. Хаалган дээрээ хэдийг бүү мэд, ямар ч байсан хоёр эгнээ нэг л олон цагаан таван хошуутай, урд салхины шилэн дээр нь ч бас хоёр эгнээ час улаан таван хошуу зурсан тийм л машин байсан нь анхны гэдэг утгаараа тэр үү одоо хир нь нүдэнд минь тодоос тод, өнгөтөөр харагддаг л юм.
Тэр л өдрөөс хойш өмссөн өөдөсхөн шаахайгаараа машин хийж “Үүдэн, үүдэн...” хэмээн амаараа хаазлан тоглох цоо шинэ тоглоомтой болсоноо ч одоо хир нь би мартаагүй ээ.
Манай Ши агаа Бороогын алтны уурхайд 13- хан настайгаасаа хятадуудад зарагдан ажил амьдралынхаа дардан бус замыг эхэлсэн нэгэн. Уурхайн шороо зөөх Ээм бикаав (ГАЗ- М, Pikap) машины хятад жолооч өвгөнийг уйгагүй ажиглан харж, хар бор ажилд нь боол мэт зүтгэсээр нэг л мэдэхэд жолоо мушгиж сураад Уурын тэрэгний хэрэг эрхлэх газарт жолооч болох хүсэлтээ гаргасан боловч 18 нас хүрээгүй, албан ёсоор дагалдаагүй шалтгаанаар жолооч болж чадсангүй. Гэвч хүн гээч амьтан дуртай юмандаа үнэнхүү сэтгэл гаргадагынх агаа маань нэг үеэ бодвол нас биед хүрснийх Бороогын алтны уурхайг орхин Бүгд найрамдах улс тунхагласны хоёрдугаар онд (1925 он) байгуулагдсан “Тээх нэвтрүүлэх газар”- аас салбарлаж гарсан “Тээх нэвтрүүлэх 1-р бааз” буюу ачаа, шуудан тээврийн баазад АМО хэмээх полу (хагас ачааны) тэрэгний дагалдангаар орон Монголын анхны жолооч нарын нэг Дагалдан хочит Даваа гэдэг өвгөн жолоочоор заалган жолооч болох замаа эхэлсэн юм гэсэн. Харин Аваргын даваа маш их бартаатай, саадтай байсан ч ямар ч л байсан аварга жолооч болсон нь үнэн түүх бөгөөд энэ тухай өгүүлсүү.
Хомуунизм, социализмын материал техникийн бааз (???) байгуулж байсан дээр үед мэдээж хэрэг салбар бүрт л аварга, гавшгайч, баатар гээд манай үеийн тэргүүний хүмүүс байх. Гэхдээ ихэнх нь баатар, аварга болохоор зориулалтын төрсөн хүмүүс байсан юм. Чухам юу гэсэн үг вэ гэвэл хүссэн болгон, сайн ажилчин болгон аварга болдоггүй, харин дарга нарын тоочиклосон төлөвлөсөн тийм л хүн аварга, баатар болно. Харин өөрийн бор зүрхээр бөндөгнөн зүтгэж амжилтанд хүрсэн хүмүүс тун ч нэг ховор байсан бөгөөд тийм хүмүүсийн нэг нь манай Ши агаа бөлгөө.
Аварга, баатар болохоор төлөвлөгдсөн хүн нь гарал угсаанаасаа эхлэнэ. Харц ард гаралтай, болж өгвөл бүүр хөл нүцгэн, жинхэнэ лүмбэн порилтаар (Люмпен пролетарь) байвал маш сайн, энгийн малчин ардын хүүхэд байх ёстой. Жаахан хөрөнгөтэй, сэхээтэн гаралтай бол бас ч гэж хохирох магадлалтай. Хамгийн тод жишээ гэхэд хоёр монгол хүн сансарт нисэхээр бэлтгэгдэж байсны малчных нь хүүхэд хэдийвээр сэхээтний хүүхдээсээ дутуу дулимагхан байсан ч үзэл сурталжин сансарт нисчих жишээтэй. Тэр үеийн хүмүүс энэ тухай хоорондоо л шивнэлдэн “Уг нь Ганзориг нь бэлтгэл сайнтай байсан, сэхээтэн гарал нь л гай боллоо доо” хэмээгээд л өнгөрсөн нь үнэн түүхтэй бөгөөд олны яриа оргүй биш л байдаг болохоор энэ ганцхан жишээ олныг өгүүлэх болой.
Гавшгайч, аварга, баатар болох зориулалтын хүний бүх юм нь бэлэн, зам нь дардан. Баатар, аварга болох хүн хамгийн үнэлгээ сайтай, хамгийн сайн техник, хамгийн сайн материалаар тасрах ёсгүй. Жишээ нь би токорьчин байгаад гуулин гулдмайгүй материалаар суучихаад, сул зогсоод байхад аваргын ширээний дэргэд тэр өдөр хийхгүй ч гэсэн гуулин гулдмай бэлэн зэхээстэй, овоолоотой байж л байна.
Нагац эгч минь манайд ирчихээд аав, ээж хоёрт минь “Дахиад л төлөвлөгөөгөө тасалчихлаа. Дөчин номероор суугаад, нэг бол гучин номероор оёж гологдол хийх болчихоод, тэгэхэд тэрмуу монхойсон “Цэхэр ногоон” л ганцаараа дөчин номероор тасрахгүй юм” хэмээн гомдоллон уйлж байсныг би санадаг юм. Тэр “Цэхэр ногоон” нь бол далаад оны үед ид мандаж байсан, ганцхан жилд хоёр, гурван жилийн ажил хийчэхдэг лут мундаг оёдолчин баатар л даа. Нэрийг нь дурьдах гэснээ тэртээ тэргүй саяын хэлсэн монхойсон цэхэр ногоон гэдэг алдраар нь баргийн хүмүүс мэдэхийн учир түдгэлзэж орхилоо гэж.
…Нараа дагавал даарахгүй
Намаа дагавал алзахгүй…Нээрээ намаа дагасан хүн алздаггүй, намын даргыг дагасан хүн бүүр ч алздаггүй, бүр манддагын тод жишээг би өөрийн биеэр үзсэн харсан хүн шүү. Манай станцын намын үүрийн дарга За гэж хүн байлаа, түүний нууц амраг нь,( За даа нууц ч гэж дээ ил амраг нь гэвэл таарах юм болов уу даа, манай станцын бүү хэл системийн хүмүүс ихэнх нь мэддэг ил, далд шивнэн ярилцдаг л байсан юм чинь) Ян гээд нэг эгч байлаа. Хоёр, гурван ч намын их хурлын төлөөлөгч, дэвдаат (депутат), гавшгайч, Түлш дамжуулах цехийн кранист Ян гээд л цол гуншин нь бол явж өгнө. Яагаа вэ нөгөө дуучин Дуламсүрэнгийн “Тэнгэрт суудалтай бүсгүй” гээд дууны клипэн (Манайхан ерөөд оноос л клип хийдэг болсон гээд байдаг боловч дал, наяад онд ч клип хийдэг л байсан юм шүү дээ) дээр гардаг кранчин бүсгүй шүү дээ. Хамгийн инээдтэй нь Түлш дамжуулахын краны бүхээг нь хоёр гинжит дугуйн дээрээ л шүү дээ, нэг ёсондоо газарт суудалтай бүсгүй л дээ. Хамгийн гол нь Ян бол хоёр, гурван их хурлын төлөөлөгч, дэвдаат, гавшгайч гэгдэн мандан бадарч явсан хүний хувьд үзэл сурталдан клипэнд тоглочихож байгаа нь тэр. Түүнээс биш тэнгэрт суудалтай бүсгүйчүүд чинь, уг дууны утга, өгүүлэмжинд нь таарахаар хүмүүс бол их барилгын салбарт өдий төдийгөөрөө байсан байх ёстой. Уг дуу нь ч тэр л хүмүүст зориулж хийсэн дуу байсан юм. Хэрвээ заавал манай станцаас “Тэнгэрт суудалтай бүсгүй”-г авах байсан юм бол Турбины кранист нь Ян…г бодвол ядаж л овоо дээр суудаг, гүүрэн кранч шүү дээ. Гэвч клипэнд жирийн кранч биш “Манай үеийн тэргүүний, шилдэг хүн” байх ёстойн учир хэдийвээр газарт суудалтай ч тэнгэрт нэртэйгээрээ Ян эгч тоглосон хэрэг л дээ. Гэрэлт хомуунизм, социализмын үзэл суртлын мөн чанар нь энэ ажгуу. Гэтэл социализм задрах гээд “Өөрчлөн байгуулж” байсан тэрхэн үед нэг гоё онигоо төрөв өө. Ямар гээч? Ямар вэ гэвэл манай Ян эгчийн нэг жилд буулгасан, зөөсөн нүүрс нь манай станцын хоёр жилийн хугацаанд хэргэлдэг байсан нүүрсний хэмжээтэй дүйсэн тооцоо гарч ирэн бөөн онигоо болон намын дарга За, ил амраг Ян хоёр нүүрээ хийх газаргүй болсон юм даа. Манай түлш дамжуулах цех чинь Ян эгчээс гадна ээлж болгондоо буюу нийт дөрвөн кранчинтай. Тэгэхээр нөгөө гурван кранчин нь зүгээр л цагаа бүртгүүлээд цалингаа аваад л явдаг байсан харин Ян эгч бол гав ганцаараа л нүүрс крандаад байсан болж таарах нь ээ, хэ хэ…
Тиймээ, тэр үед тийм л байсан юм. Яаж ч бодсон нэг жилд хийж л байгаа ажил бол нэг л жилийн ажил баймаар. Гэтэл таван жилд тэдэн жил, төдөн сарын ажил хийсэн гээд гавъяа шагнал, алдар нэр хүртэх. Еөр ойлгодоггүй юм. Гэхдээ би өөрөө ч гэсэн цаг үеийн бүтээгдэхүүний учир, цаг үеэ дагаад би өөрөө ч гэсэн бас л “Социалист уралдаанд шахуу үүрэг” аваад л явдаг байсан. Харин биелэлт бол байхгүй. Яаж ч байх билээ дээ. Бүх юм урсгалаараа явдаг болохоор адилхан л дунд нь ороод урсчихна.
-Хэн ахаа “үүрэг” –ээ өгөөч, дүү нь үүргээ авчихаад өгье… гээд л гүйцээ, хуулж бичээд л хувилж аваад л үүрэг авчихаж байгаа нь тэр…
-Айн? Харин өнгөрсөн жилийн соц- уралдааны үүргийн биелэлт яасан бэ гэж үү? Яаг адилхан, хэдэн тоогы нь сольж хуулаад л дангын газар даа. Ажилчин болсныхоо хоёр дахь жилдээ үүрэг авах болсон чинь хүн бүр хуримтлал хийх гэсэн заалт байлаа. Архаг ах нараасаа л асуухгүй, зөвлөхгүй өөр ч яах вэ дээ. “Тэр амархаан, ахтайгаа хамж” гээд нэгэн архаг машинч заагаад өгсөн, би ч хийсэн, хоёулаа айхтар их мөнгөн дүнтэй хуримтлал хийсэн. Тэр нь юу вэ гэвэл “Шаматын нунтаг” гэж нэг юм хэдэн тонныг хийсэн юм. Энэ нь хуучин зуухны тоосгоноос бүрэн шаталтанд орон хөнгөрсөн тоосго цуглуулж тээрэмдэн нунтаглах л даа. Гэхдээ түүгээр юу хийдгийг би л лав мэдэхгүй. 1983 онд миний хийсэн “Шаматын нунтаг” 1993 онд станц зогстол хэн ч, бүр хэн ч биш шүү гар хүрэлгүй тэр л хэвээрээ байж л байсан юм. Харин ч би жил болгон нөгөөхөөрөө хуримтлалд, жилдээ л 800-900 төгрөгийн “мөнгөн хуримтлал оруулаад” л байсан юм шүү.
Өө хөөрхий, зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр юу ярих гээд өөрийнхөө мундарыг дурдчихав аа? …Аан тийм, аварга болох хүн тусдаа төрсөн хүн байдаг гээд эхэлж байсан юм байна. Төдөн жилд өчнөөн жилийн ажил хийсэн гээд явж байсан юм байна.
Сургуульд ордогын урд жилээ (1971 оны зун) зун нь хоёр сар гаран, бараг гурван сар шахуу Ши агаатайгаа тээвэрт тэнэсэн юм. Тэр үед намайг хамгийн их залхаасан зүйл бол Агаа маань ачих ачаагаа олох, ачсан ачаагаа буулгах гэж уртаас урт дараалалд чилийтэл заримдаа хоёр, гурван хоногоор ч хүлээх, эргээд ачих ачаа олох гээд аймгуудын бараа баазын хэдэн нярав, нягтлангуудын аргыг олох гэж хойгуур урдуур нь ээрүүлдэн гүйх үе л байсан юм. Харин ч нэг залхаана даа. Хамгийн сайхан үе нь ачаагаа ачаад замд явах нь л, тэр дундаа бартаагүй цагаан замд агаагынхаа өвөр дээр суун турьхан гараараа жолоо мушгих… Аяншиж ядарч байгаагаа өөрөө ч мэдэхгүй нэг сэрээд л, нэг унтаад л яваад байна. Дахиад л нэг аймаг орно, чилийсэн урт дараалалд зогсох л ядаргаатай.
Хамгийн анхны ачаа нь өвс ачиж Улаанбаатараас Увс аймгын Зүүнхангайд “Улсын фонд”-ын өвс буулгах байлаа. Кампаанит (???) ажил учир маш олон тэрэг уртаас урт дараалалд зогсож ачаагаа буулгах ээлжээ хүлээж байтал нэгэн тэрэг дөнгөж ирэнгүүтээ дэргэдүүр дайрчих шахан өнгөрч, хамгийн урд байсан тэрэгтэй зэрэгцэж түрхэн зогссоноо шууд яваад орчихов. Худалч хүнд ороод л эргэх шиг болсон ачаа нь буучихсан гарч ирээд л тоос татуулан давхиж одов. Энэ бол гавшгайч, саятан жолооч, аварга Бат-Эрдэнэ байсан ажгуу. Намайг төрөхөд энэ хүний нэрийг өгсөн юм гэдгийг би тэгэхэд Ши агаагаасаа анх сонсч билээ.
Тиймээ, аварга болохоор тоочиглогдсон (точка-цэг) хүн ачаа бараагаар тасарч, дараалалд эргүүтэж таараагүй. Тэгсээр найман сарын сүүлчээс будаанд гүйлээ. Байдал бас л яг адилхан. Аварга тариаланч болох комбайнчны ард нь тэрэг хоёроороо даган гэлдэрнэ. Харин энд, тэнд фүнкр нь дүүрсэн комбайнууд талбайн дунд торойн ачих тэргээ хүлээн зогсох нь харагдана. Агаа маань гавшгайч, аварга тариаланч, комбайнч Да гуайг дагах томилолттой, үүрэгтэй байсан нь ч хожим нь өөрөө аварга жолооч болоход нь бас ч гэж багагүй хувь нэмэр болсон байх ёстой. Өөр хоёр тэрэгтэй ээлжлэн аваргын араас тасралтгүй даган урд тэргээ дүүрээд хөдлөнгүүт араас нь орон хоёр тэвшээ дүүргэж аван хөдлөн үтрэм дээр очиход том модон хүрз барьсан шижигнэсэн залуус шуугин орж нүд ирмэхийн зуур л буулгаж орхиж байлаа. Чухам тэнд хэд хоносноо одоо ч би санадаггүй юм. Гэхдээ л тэр хэд хоногт Агаа маань нөгөө ачаа авах, буулгуулахын зовлонгүй ажил нь шажигнаж байсныг бяцхан ухаан минь ойлгохтойгоо л байсан юм. Уг нь дандаа том жижиг хоёр чиргүүлтэй зүтгүүлэн байдаг хүн энэ хэд хоногт ганцхан жижиг чиргүүлээрээ зүтгүүлсэнийг тухайн үедээ гайхаж байсан ч одоо бодохноо тэр талбайн зөөлөн хөрсөнд яагаад ч хоёр чиргүүлтэй явахгүй, ганц чиргүүлтэй явахдаа ч үгүй ядаж том, хулхи ногоонтойгоо явах боломжгүйг хожим өөрөө жолооч болон алсын замд жолоо мушгиж эхэлсэн тэр л үедээ ойлгосондоо. Ургацанд гээд л ачаагаа банз нэмэн өндөрлөж, таараар доторлон чигжээс хийсэн нь долоохон настай миний нүд л дөнгөж дээгүүр нь цухуйх төдий өндөр байсан юм. Мэдээж талбай, үтрэм хоёрын дунд холхих богинын эрээсэнд (рисэнд) аварга, баатар болох хүн холхиж таараагүй, аль л алс холын, үнэлгээ сайтай замд хатирна. Агаа маань хэдийвээр жинхэнэ харц ард, лүмбэн порилтаар байсан ч гэсэн аварга болох зориулалтын хүн биш байсан ч яалт ч үгүй өөрийн хичээл зүтгэлээр аварга болсон юм. Яс юман дээрээ 1971,1972 онд ч аваргын болзол хангасан ч эхний жил архи уудаг хэмээн пялуулж, дараагын жил нь архиа хязгаарлан өөрөө хэдийгээр мэрийсэн ч олон нийтийн ажилд хойрго оролцдог, сонин уншлага (Энэ нь тухайн үед бичиг үсэгт тайлагдсан хүмүүс ховор учир тухайн үеийн улс төрийн байдлыг өглөө болгон ажилчид, албан хаагч нарт сонины тойм унших маягаар тоймлон хүргэдэг байснаас үүдэлтэй нэр болно) , улс төрийн лекцэнд суудаггүй, нам бус гэсэн шалтгаануудаар мөн л хасагдаж орхисон юм. Ядаж байхад “нам” ч үгүй бичиг үсэг ч үгүй. Хэдийвээр бүх хүн зуун хувь бичиг үсэгт тайлагдсан хэмээн пиарддаг ч манай ээж, миний Ши агаагаас өгсүүлээд зөвхөн цалингын цэсэнд л гарын үсэг ч гэж дээ нэрээ дуурайлган зураг зурах маягаар мутарладаг хүмүүс маш олон байсан юм шүү…
…(Намын гишүүн бус, тэр үед ганцхан МАХН л байсан юм чинь нам, нам бус гэж ярьдаг байсан юм) Мэдээж хотод ганц хоёрхон хоног тэргэндээ засвар үйлчилгээ хийгээд л алсын тээвэрт гараад явчихдаг хүн хэзээ, хэдий завандаа сонин уншлага, лекцэнд суух вэ дээ. Зүгээр л аварга болох зориулалтын гарууддаа л боломж олгож байгаа нь тэр. Харин 1973 оны хувьд гэр бүлийнх нь хүн баазын диспетчерээр ажиллаж байсных тэр зэргийн асуудалд хувийн зохицуулалт хийн, мөн ар өврийн хаалгаар аль болох алс зам олж бэлдэх зэргээр бага боловч нөлөө үзүүлж байсан нь болон хамгийн гол нь яалт ч үгүй гурван жил дараалан аваргын болзол хангасных яалт ч үгүй “Аварга жолооч” болгосон нь тэр дээрхи эхлэл хэсэг л дээ.
Харин яаж ямар аргаар тэгж аварга болсон бэ гэвэл…
Агаа маань эхлээд ганц чиргүүлтэй явдаг байсан аа бас дахин нэг чиргүүл өөрөө босгон хоёр чиргүүл чирдэг болсон юм байж. Тэр үед жолооч болгон л хоёр чиргүүлтэй явдаг байсан болохоор яаж ч матийсан их л бодож ижил хэмжээнд очно. Тийм болохоор “Яаж ахиухан ачаа тээх вэ?” гэсэн ганцхан бодол л өдөр шөнөгүй толгойд нь эргэлдэж байв. “Гурван чиргүүл???... Дүрмэнд байхгүй…Тэгээд ч бартаатай хөдөө замд боломжгүй…Тэргээ сольж пүүлэн (Ганц голтой 10 тонны урт чиргүүл) болгох уу?... Үгүй ээ, ачаа бүр ч багасах юм байна…Аан, харин арван тонны нэг, жижиг нэг том жижиг хоёр чиргүүл???... Шийдэл нь энэ л юм байна… Санаснаа хэрэгжүүллээ. Гэвч тэрэг нь хүчирдэггүй, яахаа мэдэхээ болин байсан тэр үедээ манайд нэг удаа ирсэн юм байж. Хашааны хаалгаар ороод ирэх тэр үед нь аав маань эгчийг маань загнаж таарч…”Бүдүүн бөгсөлчихөөд, хөдөлж ядаад. Бөгснийхөө хирийн чадал гаргаж чадахгүй байна уу чи?...” Агаа маань “Бөгс, бөгс… бүдүүн бөгс…” хэмээн амандаа үглэсээр гэнэт эргэн “Аль вэ, миний хүү тэр ногоо оруулаадах” гээд тэргэн дээрээсээ шуудай төмс, шуудай байцаа хоёр буулгаж хаячихаад тэр чигтээ тэргэндээ орон хөдлөөд явчихлаа. Ээж, аав хоёр “Үгүй, энэ Ши чинь өвчин туссан юм шиг яагаад аяга цай ч амсахгүй гэнэтхэн яваад өгөвөө?” гээд үлдэж байсан нь Ши агаа маань өөртөө алдарт “Эврика” олчихоод түүнээ хэрэгжүүлэхээр яаравчилсан нь тэр юм байж. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн, түүгээрээ ч аваргын болзол хангаж аварга жолооч болсон нь ч гарцаагүй үнэн түүх бөлгөө.
Хүргэн ахынхаа хүүхдээ загнаж байсан ганцхан үгнээс сэдэв авсан тэр зүйл бол
“ЗИЛ-130” машины бөгс буюу редуктрыг “МАЗ” маркын хүнд даацын машины бөгсөөр сольсоноор нэг амиар хорин тонн ачаа тээвэрлэх боломжтой болгосноор бусад хүмүүсээс нэг явалтандаа таван тонн ачаа илүү тээвэрлэж байсных эзэн хичээвэл зая хичээдгийн үлгэрийг үзүүлж аварга цолыг гуйж биш гуядаж авсан нь тэр. Манай нутаг чинь өргөн уудам, өндөр өндөр даваа гүвээ ихтэйн учир хоршоо нөхдийн хамжаа, дэмжээ байж л байсан. Жишээ нь Солонготын давааг хэрхэн яаж давж байсныг нэхэн өгүүлсүү.
Хоёрт ордог зунаа Завхан аймаг руу агаатайгаа хамт нэг удаа явсан юм. Ганзагын нэгийн (Авто тээврийн 1-р бааз, хөдөө орон нутагт шатахуун тээдэг дандаа бензиний цистернь болохоор жолоож нар нь илүү, дутуу ачаагаа цистернийхээ хоёр талд унжуулан ганзагалаж явдаг учир ийм хочтой болсон бөлгөө) Гунгаа ах гээд гуншаадуу яриатай ч дуулахдаа мундаг сайхан дуулдаг бүдүүн ахтай Агаа маань зам нийлэн Гунгаа ахын бүхээгэнд албаны нэг хүнтэй дөрвүүлээ замд гарваа. УГЖ, дуучин Банзрагч гуай ч уг баазаас төрөн гарсан юм гэсэн. Тэр үед хөдөө гадаа албан томилолтоор явж байгаа улсууд тээврийн тэргээр албан ёсоор хөл дүүжилдэг байсан юм. Олон хүн сайнтай муутай, харин энэ удаа явсан ах их яриа хөөрөөтэй наргианч эр байсан ба байсхийгээд л “За нэг сайхан тамхилаадхъя” гээд намайг оролдон ичээж, төв суурин газар тааралдвал жаран мөнгөний бичээн (печень- цайны жигнэмэг), дөчөн мөнгөний талх, долоо дөчийн чихэр атгаар нь авч өгөн дайлж явсан хүн бол радиогын сурвалжлагч Барааннасан гуай байсан бөгөөд нь одоо хир нь сэтгэлд тодхон. Заримдаа ярвалзсан, янтайсан ихэмсэг зантай, биеэ тоосон гарууд тааралдан албаны тэргээр хүүхэд тээлээ хэмээн өөрийн ая тухыг бодон илүү үзэхэд Агаа маань “Өөрөө үнэрлэх үр хүүхэдгүй юм шиг, өөдөсхөн үрийг минь ад үзээд бай, битгий хуц! Энэ дөрвөлжиндөө хэнийгээ тээхээ чамаар заалгах болоогүй, хэлдэг газар нь хэлж, сурах газраа сураарай!” хэмээн аядуухан хирнээ гүдэсхэн шулуун хэлчихдэг нь одоо хирнээ сонсдох шиг болдог юм.
Явсаар нэг их өндөр, модтой уул давахаар зүтгүүлж эхэллээ. Сурвалжлагч агаагын суран оосортой ширэн гадартай нэгийн унших бичиг хоёрыг давхарласны хирийн жижигхэн, хөөрхөн соронзон хальсны дуу хураагуур, гялалзсан шилэн нүүртэй тас хар өнгөтэй гоёмсог “Зенить” аппаратанд татагдан Гунгаа ахын бүхээгт голдуу шигдэн хөгжим сонсч явсан би өөрийн агааг зогсонгуут гэнэт өөрийн үүргийг ухамсарлан гарч гүйн замын хажууд бэлэн байх тавын бортогон чинээ мөлгөр хар чулууг хамгийн арынх нь дугуйн доор ивлээ. Мөн эргэж чавхдан Гунгаа ахын тэргэн дээр ирэхэд аль хэдийн сурвалжлагч агаа миний үүргийг орлон, уртаа гэгч чиргүүлийг нь тэрэгнээс нь салгаж хоёр чиргүүлээ тэнд нь орхиод Ши агаагын тэрэгтэй ган татлагаар холбон дөрвүүл цааш хөдөллөө. Хоёрын хоёр гуч машин усаа халтал ёнгинуулан пиардуулсаар үе, үехэн зогсож хамраа сөхөн хөргөсөөр даваан дээр гарлаа. Даваан дээр хэсэгхэн амарч хоёр тэргээ жаал хөргөж аваад сурвалжлагч агаа бид хоёр даваан дээр үлдэж замдаа унагаасан голгир бурхиар боодог хийхээр болон үлдэж, нөгөө хоёр маань Гунгаа ахын чиргүүлийг авчирахаар буцлаа. Намайг чулуу түүн, гал түлэх хуурай гишүү, хэсэгхэн аргал бэлдэх хооронд Барааннасан гуай аль хэдийн нөгөө муу хулгарыг эд бад хийн тулмалж өвчөөд дуусч байлаа. Хээрийн хойморт хоёул тухлан агаагын примусэн (бензинээр ажиллах аяны тулга) дээр цай үйн, Гунгаа агаагын поялникаар (мөн л бензинээр ажиллах цоргиур тулга) тарвагаа хуйхлан болгож байх хооронд би гэртээ бэлтгэж авчирсан хайрч хэрчсэн гурилаар гал дээр дараа идэх цуйван хийж байх хооронд хоёр агаа маань ирлээ. Хээрийн хоол амттайг хэлэх үү, тэр дундаа найман сарын голгир бурхиар боосон боодогны амтыг ч юу хэлэх вэ. Даанч өөхнөөс айдаг өөдөсхөн бие маань хараас нь шилэн хэсэгхэн зулаад дараа идэх цуйванлуугаа бохир гараа дүрэх үеэр Гунгаа агаа Ши агаагын тэргээр үлдсэн чиргүүлийг авчирахаар явж Ши агаа маань Гунгаа ахын тэрэгний цахилгаан үүсгүүрээс утас татан сурвалжлагч агаагын дуу хураагуурыг чадвал бүр, эс чадваас ямарч байсан энэ удаагын аяныг дуустал зай хураагуурыг нь цэнэглэхээр ноцолдон үлдлээ…
За даа, энэ бол тэр үеийн тээвэрчдийн жирийн л нэг явдал. Тэр болгоныг дурьдана гэвэл үнэхээр үзэг цаас (нэг их үзэг цаас хэргэлдэг ч юм шиг худлаа бурав) хүрэлцэхгүй буйзаа.
Харин нэг сонин тохиолдлыг дурдваас алдарт Эгийн давааг арван гуравныхаа жилдээ өөрөө ч мэдэлгүй мөн л Агаагынхаа тэрэгтэй давж орхисон юм. Долоод ордог жилээ мөн л Ши агаатайгаа Увсын замд гарваа. Тэр үед агаа маань алдар нэртэй, аварга тээвэрчин болсон байсных үнэлгээ багатай, тулга тойрсон намрын будаа мэтийн богинын тээвэрт явах нь эрс цөөрчихсөн байсан үе л дээ. Тэр үед баруун аймгуудын засмал зам дөнгөж л Лүн өнгөрөөд явж байсан юм. Өөдөөс ирэх жолооч нартай одоогын залуустай адилгүй “Хир хурдан давхиад ирэв” биш “Зам ямар байна даа” –г асуун урдуураа шавар, шавхай ихтэй суух магадлал ихтэй зам муугын учир хойгуур Мөрөнгөөр явах шийд гарган цааш хөдөлсөн юмсан. Тэр үед би суудал өнцөгдөн сууж хоёр хөлийнхөө үзүүрээр гурван гишгүүр ээлжлэн жийж, залуурын хүрдэн завсраар өлийн өмнөх зам хараад явахтайгаа болчихсон байсан үе л дээ. Энэ удаагын ачаа нь савалгаа ихтэй дүнхийсэн өвс биш, тэрэгний хашлаганаас жоохон өндөр, тогтвортой ачаа буюу шуудайтай багсармал тэжээл учир хотоос гараад л ихэнхдээ би жолоо мушгисан юм. Агаа маань ч дуртай юм нөгөөхөө зулан заримдаа дэргэд суугаагаараа хурхирч, гайгүй уначихаагүй үедээ “Машин жолоодож сураагүй байж давхих гэлээ” хэмээн намайгаа химлэж явсан нь яг л өчигдөрхөн юм шиг.
“Эгийн даваанаас
Идэрийн даваа хэцүү (тухайн үеийн баруун замын гол зангилаа Элсэн тасархайн автын байцаагч нэгэн) гэж чи мэдэх үү. Миний хүү Эгийн даваа хүрэхээрээ зогсоорой хө” хэмээгээд Мөрөн хот өнгөрөн Дэлгэр мөрөн хөвөөлж явах үедээ өнөөхөөсөө балгасаар Агаа маань төд уналгүй унаад өглөө. “Эгийн даваа, алдарт Эгийн давааг үзнэ дээ” хэмээн сэтгэл догодолсоор намхан боловч чулуу, бартаа ихтэй нэгэн хөтлийг мацуулсаар ямарч байсан дээр нь гарч орхив. Мэдээжийн хэрэг хүнд ачаатай тэрэг өгсүүрт ус халахын учир гүвээн дээр дөнгөж гараад л усаа хөргөхөөр зогсон хамраа сөхөж орхичихоод хуурай аргал, хомоол түүж ирэн цай чанаж суутал Агаа маань ч босч ирсэнээ:
-Өө хө, чи бас мундаг эрээ, Эгийн давааг ажрахгүй давчихдаг. Агаагынхаа шийрийг хатаах хүү дээ... гэж байсан нь яг л өчигдөрхөн мэт.
Тиймээ, Ши агаа минь. Таны зээ хүүгийн чинь ч аяны жолоо Арлын Наран нутагт ч өөдөө байгаа шүү...

С.Б.Бат-эрдэнэ Япон, Ивай 2008-06-03



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 337 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-08.jpg
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4924


erd-007.JPG
Хэмжээс: 600x414 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3830

Хүрэлтогоот
khureltogoot-18.jpg
Хэмжээс: 600x450 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5005


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn