Хаахнаас ч юм бэ нисэн ирж
Харуулын бяцхан шовгор дээр минь
Хээрийн хөөрхөн болжмор суугаад
Хэсэг юм шулганан хэллээ
Зүрхнээс ч жаахан энэ амьтны
Зүрх нь бас догдлон байна
Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл
Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ
Ботгоных шиг уяхан нүдтэй юм
Болоочгүй бас түүндээ нулимстай юм.
Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм
Буурал сөд өдөн дунд нь байх юм
Навчин чинээхэн далавчаа эцээн
Наад хөөрхөн зүрхээ булгиулан
Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн
Борхон шувуу минь юу гэж ирээв.
Үүрийн ягаан жаварт хөөрхий
Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа
Өөр шигээ үүрийн жавраар
Өндөрт зогсоо намайг гайхна уу
Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор
Өдөт борхон минь чамд би үг хэлье !
Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн
Хархан нүдтэй нялххан монгол
Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг
Тооноор нь чи хараад ирэв үү
Агьт талын адуун сүргээс
Алиахан унага унтаж хоцроход
Амраг эх нь эрэгцэн хайрлахыг
Ажиглаж чи үзээд ирэв үү
Баатар нь тэр тоглон зүүдэлж
Хүлэг нь тэр томоогүй унтаж
Эр цэрэг би хилийн харуулд
Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.
Хүүгийн бие цээнд хүрэх цагт
Хүлгийн унага шандас чангарах үед
Хүүгээн би сэрээж гэртээ харина
Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно.
Эх орныхоо энхийг хамгаалж
Энэ харуулд тэднийг зогсоход
Өөр унага талдаа бас унтаж
Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ
Эх орноо ухаант хүн гэдэг
Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм
Өглөө бүрий нь амгалан байлгах гэж
Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна
Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт
Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор
Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү
Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!
1971 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-025.JPG Хэмжээс: 600x450 142k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4651
zam-035.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4521
trlj-006.JPG Хэмжээс: 600x800 251k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4447
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: