Шоп! хийтэл дуугарган хүүгийнхээ амнаас хөхөө сугалж авсан ээж нь - За ингээд миний хүү нэг хэсэг байж бай. Өө! энэ баадайгаа өмсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал түүчихээд ирье гээд арван сартай хүүгээ орны толгойноос уясан бүсний үзүүрээр бэлхүүсээр нь ороож тооно тушчихаад босоход “Өө! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгүй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билүү. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” хүүгийн ам нь өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив. - За ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье. Ийм том хүү чинь уйлдаггүй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь өмнө гэсэн шиг яаран гарав. Пад! гэх дуунаар хүү хаалганы зүг харж, газар суусаар хоцроод гэрийн эргэн тойрныг эргэцүүлэн харав. Гэрт нам гүм. Тооноор сүвэгчилж туссан нар хүүг уясан баруун хойд ор луу чиглэж, үл мэдэг тоосонцор гэрлийн дагуу шугам татуулан бужигнана. Зууханд гал шажигнан дуугарахаа больж цогшиж эхлэнэ. Дээр нь хөнгөн цагаан данхтай цай тавьжээ. Хаалга хаагдахад доргионд нь зүүн чагтаганаас өлгөсөн шанага санжигнан хөдөлж байснаа зогслоо. Хүү хэсэг чимээгүй сууснаа дахин “уйлдаг ч юмуу” санагдаж өмөлзөн хоёр гараа савах янзтай хөдөлгөтөл гарт нь бариатай тоглоом дуугарахад сатааран дуугай болов. “Энэ чинь юу вэ?” амруугаа хийж үзээд, “Нөгөө л шажигнуур. За энэ ч яахав” Цааш мөлхөн өөр нэгийг барьж аван амандаа хийнэ. Тэгсэнээ нарны гэрлийн тусгалыг барих гэж оролдон болохгүй болохоор орон дээр туссаныг барих гэж орны бүтээлэгнээс татан өндийлөө. Арай гэж босоод түүндээ баярлан ход ход инээн, гараараа ор балбана. Тэгээд ороо түшин хөлөө эвгүйхэн гишгэлэн, бойтогныхоо хонхыг жин жин дуугарган нар туссан хэсэгт ирээд, барих гэтэл болсонгүй. Нар туссан газар бүлээхэн, дулаахан ажээ. Хүү барьж болохгүйд гайхан эргэж хартал нүүрэн дээр нь нар тусаадхав. Нүд нь гялбаж, тархи нь маналзаж, хамар нь шархирч байснаа - Айн...Айн...Айтший! гээд л нилээн сүрхий найтайгаад хүчиндээ бөгсөөрөө газар уначихав. Хамар амнаас нь нус шүлс зэрэг үсэрчээ. Хүү гараараа шударсан нь аманд нь зарим нь таарч бяцхаан хэлээ цухалзуулан амсана. Гадаа сэр сэр салхилж, яндан бага зэрэг хүнгэнэн, өрхний оосор гэрийн дээвэр дээр пад пад дуугарна. Хүү бас нэг тоглоомыг “үзэх” гэж авах гэсэн нь гараас нь мултраад жаахан цаашилчихав. Хүү гараа сунгаад сунгаад хүрсэнгүй. Араас нь нэг юм чангаагаад болох биш. Дахин нэг оролдов болсонгүй. Дотроос нь нэг юм огшоод бас л уйлмаар болов. Тэгсэнээ больчихлоо. Эргээд буцаад суусан нь нүдэнд нь бойтогны хонх нь харагдав. Хүү булцгар гараа явуулж авах гэсэн нь дийлсэнгүй. Могжгор хуруугаа гозойлгон баахан оролдсоноо “үзмээр” санагдаад болдоггүй ээ. Тэссэнгүй бөхийгөөд амаараа үмхэж “үзсэнээ” “дуугархаас цаашгүй нэг их олигтой эд биш бололтой” больчихлоо. Гэхдээ л хөл нь хөдлөх тоолонгоор торр торр гэж дуугараад хараа булаагаад болохгүй л байгаам даа. Тэгжээ юм юм “үзэж” яваад нэг боорцог амандаа хийгээдхэв. “Зүгээр ч юм шиг” үүдэн дөрвөн цахиураараа оролдсон чинь жаахан үүрмэг амруу нь оров. Жижигхэн хэлээ бултагнуулж байгаад гаргасан, идсэн алин болох нь мэдэгдсэнгүй алга болов. Гэхдээ л гоё. Баяр хүрээд ход ход инээж, хоёр гараараа савлан хөдлөв. Дахиад амандаа хийх гэсэн чинь нүдэнд нь өөр юм харагдахад сатаараад боорцогоо алдчихав. Өнөөхийг аваад амаараа “үзсэн” чинь түрүүнийхийг гүйцэхгүй юм. Дахиад л дотроос нэг юм огшив. Яг уйлж эхэлсэн чинь дороос нь нэг юм жирвэгнэж, газраас халуу дүүгээд явчихлаа. Толгой нь санжигнаж байна. Хүү доошоо салтааруугаа харав. Тэнд халуун, бүлээн бас нойтон. Хүү “энэ юу вэ?” гайхан алгаараа чал чал алгадав. Ийш тийш үсчээд нэг л гоё. Ход ход инээв. Дахиад л алгадаад байв. Гэтэл гадаа хөлийн чимээ гарснаа хаалга онгойлоо. Нэг их салхи орж ирээд хүүг амьсгаадуулав. Хүү “мөөм” гэж бодон харвал арай биш. Аав нь хүүгээ харснаа - Хүүе миний хүү шээчихээ юү дээ? гээд авахаар дөхөв. “Мөөм” биш. Гэхдээ танил дуу. Аа, тийм аймаар хатгадаг. Аав нь хүүгээ уяанаас нь тайлж дээш өргөв. Хүүгийн нүүрэн дээр дахин нар тусахад нүдээ анивчуулан байж - Айн...айн...Айтший... Дахиад нус. Аав нь - Еэ, базалвааний... Булхан өлшөө... Даль эх өлшөө... гээд эрхий долоовороор нусыг нь авав. “Ёо ёо л доо” гэмээр. Аав нь их ширүүн бололтой. Тэгсэнээ хүүгээ - Ходго, Ходго гээд хүзүү хоолойг нь шунаглан үнсэв. “Тээр ингээд хатгаад” Тэгсэн ч бас инээд нь хүрэн ход ход инээнэ. Дахин дээш нь өргөж гүзээн дээр нь пурр пурр хийлгэн үлээв. “ Ёо, ёо төвөгтэй ч гэсэн инээдтэй” ход ход хийв. Аав нь хүүдээ бор тагшинд бүлээн цай хийж уулгав. “Энэ мөөм биш” гэхдээ муугүй санагдаж асган цутган ганц нэг балгав. Аав нь хүүгээ орны тэнд дахин аваачив. “Бас биш болоод явчихлаа” Өнөөхөөсөө уяаад авлаа. Дотор нь харлаад уйлмаар санагдлаа. Санагдлаа ч биш уйлна яадийн. Хүү гараа савчин уйллаа. Аав нь - Алий, алий. Миний хүү уйлдагүй шүү. Том баатар уйлахгүй дээ гэж дуу шиг юм гиншигнэн аялан байснаа - Өө, энэ нэг боорцог байна. Миний хүү намь намь гээд идээрэй. Аав нь явахгүй бол болохгүй нээ. Ээж нь удахгүй ирнэ дээ. Хүү мөөм байдаг газрыг сарлан маажив. Даанч түүнд байхгүй л дээ. “Энэ мөөм биш” гэдгийг хүү дуугаар нь, гараар нь, үнэрээр нь мэднэ. “Мөөм”-ийг бол гарцаагүй мэднэ. Хүүг дахин суулгаад, аав нь хаалга пад хийлгэн гарав. Тэр доргилтонд өнөө шанага дахин санжигнан хөдлөсөөр үлдэв. Энэ шанагыг хүү хүн орж ирэхэд хардаггүй, гарахад нь л хардаг юм. Хүү дахиад ганцаараа. Дахиад бүхнийг эхнээс нь... Гэхдээ саяын жаахан цайнаас болоод хүү “мөөм”-ийг санана. Бодно. Дахиад л уйлмаар. Гэвч авдран дээр байгаа цаг чаг чаг дуугарахыг сая л анзаарав. Хүү түүнийг авч амаараа “үзмээр” санагдана. Гэсэн ч яагаад ч хүрэхгүй. Хүрэхгүй байх тусам улам гоё. Гэнэт хүүгийн нүд нь аргаад байгаа юм шиг анилдахад хоёр гараараа могжигнуулан нухсанаа, гэнэт цухал нь төрнө. Хэвтмээр, босмоор, унамаар, уйлмаар бүр мэдэхгүй ээ. Ямар нэгэн юм үгүйлж, түүнийгээ амандаа хиймээр шиг. Юу юм бол? Магадгүй мөөм. Мөөмөө ирэхгүй их уджээ. Хүү санан санан байгаа. Хүү уйллаа. Уйлах нь арай дээр байна. Дахиад хүчтэй уйллаа. Аргалаа буулгаж байсан эхийн хөх чим чим чинэрэн энгэрийг нь нэвтлэн саамшилаа. “Хүү уйлах нь уу дээ” гэж бодохын сацуу гэрт хүүгийн уйлах дуу сонсогдлоо. Хүүхэн хөхөө нэг дарсанаа гэрлүүгээ яарлаа. Гадаа хөлийн чимээ дуугарч хаалга онгойн гэр дүүрэн нар тусав. Хүүгийн нүд гялбаад харж чадсангүй. Үнэндээ бол нүдээ аниад уйлж байсан л даа. Гэхдээ л уйлсаар... - Еэ, миний хүү яасан бэ? гэх гоё, танил, зөөлөн дуу. Хүү харлаа. “Мөөмөө” мөн байна. Ирээгүй удсан тул айлгаж улам чанга уйллаа. Ээж нь уяанаас нь тайлж өвөр дээрээ аваад, нус нулимсыг нь арчив. Түрүүний хатгадагаас хамаагүй зөөлөн ажээ. - Ээжийн булхан яасийндээ. Өлсөө юү? Ам нь цангаа юу? гээд өнөө бор тагшинд дахин цай хийж аманд нь барив. “Бишээ” Хүү хойшоо цахлан чарлав. Ээж нь - За за алий алий гээд энгэрийнхээ товчийг тайлахыг хүү уйлж байхдаа харчихав. Тэрүүхэн тэндээ хэсэг газар норсон энгэр ярагдаж булбарай зөөлөн, сүү үнэртсэн том цагаан мөөм гарч ирэв. Гэтэл хүү гэнэтхэн - Мөө-Мөө гээд амаа ангайн дайрч ховдоглон үмхээд хэд хэд гуд гуд сорсноо амьсгаа нь давхцана. Эхийн царайд хэмжээлшгүй их баяр гэрэлтэж - Үнэн үү, аль эсвэл би худлаа сонсовуу, миний хүү “мөөмөө” гэх шиг болох чинь гэж өөрөөсөө асууснаа, яагаад ч юм хамрых нь угаар шархирч, хоёр нүдний нь аяганаас халуухан нулимс мэлмэрч ирэв. Хүүгээ харлаа. Хайрлан хайрлан харлаа. Хоёр хацраа бумбагануулан хөхөх тоолонгоор хүүгийн аманд бүлээн сүү сад сад хийн орж ирнэ. Сүүтэй хамт ээжийнх нь өхөөрдсөн, эгдүүцсэн, өөр бусдаас харамнасан сэтгэл, аз жаргал, хувь заяа тэр чигээрээ хүүгийн амруу урсан орж, бүх бие мэдрэхүйгээр нь дүүрэн тархана. Хүүд яг энэ мөчид юу ч хэрэггүй. Заримдаа амьсгаа авах ч зай алга. Ёстой гоё. Ийм мөөм хоёр байгааг хүү мэднэ. Нөгөөхийг нь өрөөсөн гараараа баримаар санагдана. Хайлаа. Ээж нь дор нь ойлгож нөгөө хөхөө гаргаж бариулав. Хүү түүнийг барьсан ч харж амжихгүй хоёр нүд нь анивалзав. Ээж нь хүүгээ тэврэн хойш урагшаа ганхан ганхан - Бүүвэй...Бүүвэй... “Ёо ёо энэ дууг сонсохоор хамаг бие алдраад, сул оргиод явчихдагиймаа” Дуу цааш үргэлжлээ л... - Бүүвэй...Бүүвэй... Ээжийн үр бүүвэй Бүүвэй... Бүүвэй... Эргэх дэлхий бүүвэй... Хүү мөөмөө хөхөх нь удааширан нөгөө мөөмөө барьж байсан гараа алдлаа. Хамаг бие нь халуу дүүгээд л... Гадаа хөлийн чимээ гарч, хаалга онгойн аав нь орж ирлээ. Хүү цочсондоо татвасхийв. Ээж нь тэврэлтээ жаахан чангатгаад хуруугаа амандаа гозойлгон барьж - Чишш! гэж хань руугаа дохиод - Хүү сая “Мөөмөө” гэж хэлсээн гэж царайндаа гэрэл цацруулан шивэгнэв. Аав нь гайхсан харцаар харж - Нээрээ юү? - Нээрээ! бүр Мөө-Мөө гээд аягүй тод хэлсэн гээд инээмсэглэхэд - Тийм үү? гэж шивнэн асуунгаа хүүгээ үнэрлэв Нүүрэнд нь юм хүрсэнд хүү жаахан сэрвэлзэв. Ээж нь цааш нь үргэлжлүүлэн - Бүүвэй Бүүвэй Энхрий үр минь бүүвэй Бүүвэй Бүүвэй Энэ хорвоо бүүвэй Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй... Бүү...вэй...Бүү...үү...вэй...Бүү...үү...вэй...
http://bumerdene.blogspot.com/2007/12/blog-post.html
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-016.JPG Хэмжээс: 600x450 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5624
art_07.jpg Хэмжээс: 600x605 140k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4079
IMG_1033.jpg Хэмжээс: 600x800 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4002
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: