|
|
Өгүүллэг: Үдо Тошио : Анхны Дурлал
Оруулсан admin on 2011-08-30 03:12:18 (9320 уншсан)
Дайн дуусах дөхөж байлаа. Би 19 хүрчихсэн, Рёжүн дэхь ахлах сургуулиас гараад Даирэнд аав ээж дээрээ ирээд байлаа. Онцын хийх зүйлгүй, цэргийн зарлан ирэхийг хүлээсэн шиг өдөр хоногийг өнгөрөөж байв. Ио арал дахь хамгаалах арми бут цохигдож Окинава гол аралд америк цэргийн бааз хэдийнээ нэвтрээд Коисо засгийн газар тарчихаад байлаа. Гэхдээ миний хувьд түр зуурын амгалан үргэлжилж байв. Хотод хуайс мод цэцэглээд цагаан цэцгэн дэлбээ нь анхилуун үнэртэй. Би найз охингүй байсан даа тэр үү нэг л уйдаж цухалдаад болохгүй байв. Тийм болохоор ээжээс Чиогийн тухай сонсоод хурдхан уулзах хүсэл төрж билээ. Тухайн үед надад дурлалт бүсгүй биш юм аа гэхэд цэрэгт мордоход минь үдэж өгөх аав ээжээс өөр хэн нэгэн, ялдам нэгний дүр хүрэгтэй байв. Чиогийн тухай санаж үлдсэн юм огт байсангүй. Ээжээс дуулвал бид хоёр бага сургуульд орон ортлоо хоёр гэр хөрш байсных дандаа цуг тоглодог байсан гэх. Чио их сэргэлэн цовоо, цугтаа тэмээлзгэнэ барихаар явахдаа тороо дээр өргөөд эргүүлэн гүйхэд нь би араас нь сагс барьсаар дагаад гүйдэг байсан гэнэ. Гэхдээ бид хоёрыг дунд сургуульд орох үеэр манайх өөр тийшээ нүүж, цуг тоглож чадахаа болиод яваандаа аав ээжүүд ч тэгтлээ уулзалдаад байж чадахгүй болжээ.
Түүнээс хойш арав гаруй жилийн турш Чиотой дахиж нэг ч уулзаж байсангүй. Ээж Чиогийн тухай яриа гэнэт гаргаж ирсэн нь түүнийг уушигний сүрьеэгээр өвчлөөд эмнэлэгт хэвтэж байгааг хаа нэгтээс дуулж ирснийх бололтой. Тэрнээс гадна эдгэшгүй өвчний уршгаар гэр бүлийнхэнээсээ ч тусгаарлагдаад байгаа гэж сонсчээ. Тийм юм дуулаад ээж Чиог өрөвдсөн биз. -Чиочанг эргэхээр явдаг юм билүү. Миний хүү бас цуг явахгүй юу? Багын найз юм чинь , гэж намайг уриаллаа. Тухайн үед сүрьеэ амархан халддаг, түүгээр зогсохгүй нэг халдвал эмчилгээгүй гэгдэж, хүмүүсийн айж сэжиглэдэг өвчин байлаа. Ээж ч бусдын адил сүрьеэгээс айж байгаа нь дамжиггүй болохоор жир цагт бол уушиг нь өвдсөн, өвдөх өвдөхдөө эдгэх найдлагагүй гэгдэхээр хэмжээнд сүүлийн шатандаа орсон өвчтэй охинлуу тэр охины тухай ор тас мартсан хүүгээ дагуулаад явахгүй байсан байх. Ээж минь богинохон хугацаанд эмнэлэгт эргэх төдийд сүрьеэ авах эрсдэл бага гэж тооцсоны дээр, эмчилгээгүй өвчний оронд хадагдсан Чио болоод төд удалгүй дайны талбарт цөлөгдөх хүүгийнхээ хамтын ирээдүйгүй хоёр залуугийн учралыг үүлэн чөлөөний завсарт тохиох үлгэр болгон ургуулж бодсон чиг юм болов уу даа.
Би ээжийн уриалгыг дуртайяа хүлээн авлаа. Багын найз гэхээсээ илүү уушиг нь өвчтэй охин гэсэн төсөөлөл тэр төсөөллөө олигтой ч төсөөлөөгүй байгаа миний сэтгэлийг хөндөв. Ээжийг дагаад эмнэлэг явах замдаа би аль хэдийнээ сэтгэл дотроо Чиог дурлалт бүсгүйгээ болгож шийдээд ой санамжинд байхгүй түүний царайг янз бүрээр зураглана. Би түүнийг үзэсгэлэнтэй охин байгаасай гэж бодож явлаа.
Эмнэлгийн өрөө 4 ортой, хаалгаар оруут зүүн эргээд ханан талын орон дээр Чио цонхруу хараад хэвтэж байлаа. Дан эмэгтэйчүүд хэвтэж байгаа өрөө гэхэд гоё ганган зүйлгүй нэлэнхүйдээ цагаан өнгө давамгайлна. Чиогийн толгой дээрх цонхны тавцан дээр саванд суулгасан шимтэглэй цэцэг улаан дэлбээ цэцэглүүлээд, тэр нь цусны өнгө санагдуулан уй гуниг төрүүлнэм. Ээж бид хоёрыг орж очиход Чио зөвхөн толгойгоо өндийлгөөд асуух мэт лавлан харлаа. Долгиотсон хар үс, уран ялдам шанаа цагаан царайг хүрээлээд, тэр дунд том нүд дүрлийнэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж би бодлоо. Чио манай ээжийг даруй таньсан бололтой алгуурхан өндийгөөд, энгэр тушаанаа гараа санамсаргүй аваачснаа тэр гараараа урт үсээ хөнгөхөн засаад ээжийн яриаг хүлээлээ. Цагаан дэвсгэр дээр хар хөх цэцгэн хээтэй юката өмссөн Чиогийн туранхай цээж салхинд өлгөсөн зураг шиг чимээ аниргүй. Ээж танимхайран яриа өдөнгөө түүний тийш дөхөж очлоо. Чио бас муухан инээмсэглэн ээжийг угтлаа. 10 гаруй жил хол байсан хэдий ч ээж Чио хоёр хэд хэд уулзалдаж байсан бололтой. Ээж намайг тэр дор нь Чиогийн тийш аваачаад
- Энэ Тоши шүү дээ. Санаж байна уу? Та хоёр цугтаа их тоглодог байж билээ.
Би сурагчийн дүрэмт хувцас өмсөөд, биеэ барьсан байдалтай орноос жаахан зайдуу зогсч байв. Намайг Чио тоомсоргүй байртай хэсэг ажснаа тэнд би гэдэг хүн зогсч байгаагүй юм шиг л нүдээ буруулав. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа Чио арай хийн надад сонсогдохуйц аяархан дуугаар хэллээ: -Санаж байна!
Ямар ч сэтгэл шингээгүй жирийн л нэг үг. Гэхдээ л би бүр хөөрч орхиод, түүнлүү харж үл ялиг толгой дохин тал заслаа. Гэхдээ Чио нөгөө тийш харсан хэвээр байсан л даа. Тэглээ ч гэсэн би сэтгэл дүүрэн байлаа. Миний тухай санаж байна гэх төдийд хангалттай. Хариуд нь би өөрийнхөө дурсамжийг яаран сандран ухав. Даанч санах юм нэг ч байсангүй. Эцсийн дүндээ тэр өдөр би нэг ч үг хэлж чадалгүй эмнэлгийн өрөөнөөс гарч ирж билээ. Чиогийн нялх багынх нь төрхийг санаж чадаагүй ч оронд нь түүний шинэ төрхийг олж аваад. Тэр шинэ төрх миний эх захгүй хоосон төсөөллийг төө давсан үзэсгэлэн байлаа. Тэр эрхэмсэг уран шанаа, цэцгэн хээнд хучигдсан туранхай өрөвдөм дүр нь миний сэтгэлд тов тодхон зурагдав. Би тэр дүрийг сэтгэлдээ алдхааргүй бат бэхлэж ивээс болгоод аймшигт дайны талбарлуу аянд гарч чадах юм шиг бодогдлоо.
Нүүрэн дээрээ ил гаргахгүй ч айдас түгшүүрт автсан цэрэг татлагын зарлан хүлээх өдөр хоногуудын дунд миний сэтгэл яахын аргагүй ямар нэгэн зүйлийг эрж хайгаад байлаа. Тов тоймгүй сэтгэлийн шуургыг торж тогтоох юу нэгэн хэрэгтэй байсан юм. Тэгтэл Чиотой уулзаж түүний сайхан төрхийг сэтгэлдээ шингээж авснаар тэр ямар нэгэн зүйлээ олсон юм шиг санагдав. Ээжид ч, Чиод ч талархал гэмээр сэтгэл төрж билээ. Гэртээ хариад би сэргэлэн цовоо дуугаар ээжид хэллээ: - Бодсоноос сайхан бүсгүй байна тээ. Тэгээд ч намдуу дөлгөөн, сахилгагүй охин байсан гэхэд итгэмээргүй юм.
-Өвчтэй байгаа юм чинь арга байж уу. Яасан ч өрөвдмөөр юм бэ дээ, тэгээд, гэж ээж бодлогошронгүй хэллээ.
Түүнээс хойш сар гарны дараа би ганцаараа Чиог эргэхээр явлаа. Ээжид хэлээд нормын хүнсний Моринага сүүтэй ирис 20 ширхэгтэй том хайрцаг авч очихоор болов. 6 сар гэхэд халуун өдөр байсан хэдий ч сурагчийн дүрэмт хувцасаа толийлгож өмсөөд халаасанд нь иристэй хайрцгаа хавчуулав. Чиогийн өрөөг мэдэж байсан болохоор сувилагчийн зөвшөөрөл энээ тэрээ гэлгүй шууд яваад орлоо. Үд тэгтлээ хэвийгээгүй цаг, корридорт ч нэх хүнгүй хоосон оргиж байв. Эмнэлэг тэр аяараа унтаж байна уу гэлтэй. Би өөрийн хөлийн чимээнд эвгүйрхэн алхсаар өрөөнийх нь хаалганд тулж очоод нэг гүн амьсгаа аваад хаалгыг нь тогшлоо. Хариу байхгүй болохоор аргагүйн эрхэнд хаалгыг нь нээгээд дотогш оров. Амралтын цаг болохоор тэр биз, 4 өвчтөн бүсгүй бүгдээрээ чимээгүй унтацгааж байна. Дэндүү анир чимээгүй орчинд цалгардаад хаалган тушаа хөшиж орхив. Чио ч бас чимээгүй чанх дээшээ харан хэвтээд намайг ирснийг анзаарсан шинжгүй. Нимгэн хөнжил нөмөрсний доороос шилбэ нь цухуйна. Тэр нимгэн хөнжилд нь цагаан бүтээлэг нөмөргөсөн байсан болохоор Чиогийн ор нь даавуу, дэрний уут, Чиогийн царай, бүтээлэг, шилбэ дээр нь хажуугийх нь хана нь ч мөн адил бүгд цагаан өнгөтэй. Тэр дан цагаан өнгө цэвэр цэмцгэр гэхээсээ илүү хүйтэн, алслагдмал, бага зэрэг уй гашуу хүртэл төрөм уур амьсгал бүрдүүлнэ. Тэгээд тэр үү огт хөдөлж чадахгүй юм шиг санагдаад явчихлаа. Гэтэл Чиогийн хажуу талын хижээл эмэгтэй намайг анзаарч түүнд хэлж тус боллоо. Чио дэрэн дээрээ толгойгоо аяархан эргүүлж надруу харав. Би дохио авсан юм шиг байрнаасаа урагш алхаад түүний дэр толгой тийш дөхөж очлоо. Чио анх эргэсэн өдрийх шиг өндийе гэсэнгүй дэрэн дээрээсээ дүрлийсэн нүдээр надруу ширтэн харав. Түүний харцанд би дорхноо дальдарч нүд буруулав. Гэсэн хэдий ч түүний царайг хармаар байсан болохоор харц тулгарахгүйг хичээнгээ нүдийг нь тойруулан сэмхэн харна. Хөмсөг нь ч сормуус нь ч чих нь ч уруул нь ч, хамрын угалз нь ч тэр цөм эелдэг ялдам санагдана. Түүнчлэн түүний царай аль ч хэсэг нь ялгаагүй адилхан өнгөтэй байв. Хаалганы тэндээс цагаан харагдаж байсан царай нь яах аргагүй цагаан боловч арьс нь үнэн хэрэгтээ хөхөлбөр туяатай тунгалаг хийгээд, өнгөн хэсгээс гурав дөрвөн миллмитер гүнд цас шиг хүйт даасан цагаан өнгө хунгарлан байнам. Чиогийн нүдрүү дахин хараад намайг ширтсэн хэвээр байгааг мэдлээ. Шоолох, шүүмжлэх, эсвэл ямар нэгэн зүйл хэлэх, асууж хайхын аль нь ч шингээгүй ямар ч илэрхийлэлгүй ердөө л харах төдий болж байгаа тэр харц ямар ч цог жавхаагүй нууцлаг өнгө цацна. Би дахин харц буруулж эв хавгүй хөдөлгөөнөөр халааснаасаа иристэй хайрцгаа гаргаад түүний дэрний хажууд зөөлхөн тавьлаа. Цээж өөд ямар нэг юм огших шиг, эсвэл хамаг биеийн голоос гал гарах шиг сонин мэдрэмж төрнө. Даанч Чио бас л нэг ч үг дуугарсангүй. Тэгээд хэдэн минут, аягүй бол бүр арван хэдэн минут цагаан хана харан зогссоор хананы цагаан өнгө хийгээд анир чимээгүйг тэсэхээ болиод дув дуугүй эмнэлгийн өрөөг орхиж гарч явлаа. Хаалгыг нь хаахын өмнө Чиогийн зүг дахин нэг харвал холоос харсандаа ч тэр үү анх удаагаа Чиогийн нүд гэрэлтэж байх шиг санагдсан.
Харих замд миний дотор ердөө ч баргар байсангүй. Эцсийн дүндээ нэг ч үг солилцож чадаагүй ч гэлээ анх эргэсэн үеийнх шиг л, эсвэл бүр тэрнээс ч илүүтэйгээр утга учиртай, сэтгэл дүүрэм мөчүүд байлаа. Би Чиогийн царайг ойроос харж чадаад, бас яагаад тийм үзэсгэлэнтэйгийн нууцыг мэдэж авсан. Чиогийн мөнөөхөн уран ялдам нүүр, цасан цагаан өнгө хоёр бол аль аль нь энэ хорвоогоос халин алдаж буй хүнд л байж болох дулаан хийгээд хүйтний хоршил байлаа. Тэр өдөр гэртээ харихад цэргийн зарлан ирсэн байв. Цэрэгт мордох өдөр хүртэл долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдэв.
Армид нэгдэхийн өмнөх өдөр би дахиад Чиогийн эмнэлэгрүү явлаа. Энэ удаа бол эргэлт биш хагацлын үг хэлэхийн төлөө явав. Ганцаараа ч гэсэн өмнөх удаагийх шиг айж сандарсангүй. Өөрийн ирээдүйн тухайд айдас, түгшүүр байхгүй гэж хэлэхгүй ч энэ удаад би сэтгэл нь тогтносон эр хүний хувиар түүний дэрэн тушаа зогсож байлаа. Чио бас л өндийх гэлгүй дэрэн дээрээсээ намайг ширтэнэ. Тэгээд хэсэг зуур анир чимээгүй чанх дээшээ харан хэвтсний эцэст надад хандан анх удаагаа үг дуугарав: -Та юуны төлөө над дээр ирдгийн? Тэр үгээ бага багаар зөөн, аяарханаар, гэхдээ бага зэрэг шүүмжлэх өнгө сүлсэн дуугаар асуулаа. Хэлж дуусмагцаа амаа бага зэрэг нээж ядарсан байртай хүнд амьсгаадав. Мөнөөхөн хөхөлбөр туяатай тунгалаг арьстай хацарт нь аажим аажмаар сакура цэцгийн өнгө бууж ирэв.
-Юун төлөө... гэж би ямар ч утгагүй давтав.
-Би ч ер нь.. гэснээ Чио үгээ таслаад хүнд амьсгалав. Тэгээд намжихаа хүлээзнэж байгаад үргэжлүүлэн – Тийм охин хараад сонирхолтой байна уу?
Түүний юу хэлэх гээд байгааг ойлгов. Гэсэн ч шүүмжлэл ч байна уу, эсэргүүцэл ч байна уу ямартай ч харилцан яриа хийж байгаадаа би баяртай байлаа. Би анх удаа нүдээ буруулалгүй түүний нүдрүү эгцлэн ширтэв. Харцаараа түүний нүдний хязгааргүй гүнрүү нэвтрэн ширтэв. Хайр гэж нэрлэсэн ч болохоор халуун дулаан сэтгэл намайг нөмөрлөж, тийм дулаахан адилхан сэтгэлээр Чиог ч бас нөмөрлөмөөр санагдав.
-Одоо дахиж ирж чадахгүй болохоор. Тэгээд..
Чио улам ахиулан ширтэхэд түүний нүдний гүнд гэрэл гялалзах шиг. Тэр гэрэлд хоолой зангирангаа би товчхон хэллээ: - Маргааш цэрэгт явна.
Чиогийн хүүхэн хараа огцом жижигрэснээ аажим аажмаар томорч ирлээ. Тэгээд надаас нүүр буруулж ханаруу хараад аяархан ханиав. Тэр чигтээ хөдлөхөө болиод наашаа эргэж харсангүй. Ямар нэгэн сайхан үг түүнд хэлэхсэн гэж санав. Эргээд учрахгүй хагацал юм бол хагацлын үг нь хайрын үг байх ёстой гэж бодлоо. Тэгээд тийм үг хайлаа. Даанч олдсонгүй. Надад цаг байсангүй. Үлдсэн цаг богинохон байсан хэдий ч амжиж уулзаад баяртай гэж хэлж чадлаа. Чиогийн хана бараадсан зөрүүд дүрийг хэсэг харж зогсоод, сэтгэл шулуудаж гарч явахаар хөдлөв. Гэтэл яг тэр үеээр Чио гэнэтхэн эргэж хараад үгээ таслалгүй огцом дуугаар хэллээ:
-Үхэл ирэх зам янз бүр юм тээ.
Надад гайхах зүйл байсангүй. Эсрэгээрээ тэр үг Чиог өдөр тутам чухам ямар зүйлтэй нүүр тулгарч ирснийг хэлж өгөх шиг санагдав. Миний Чиог эрж, эмнэлэгийн өрөөг нь тэмцэж ирэх нь ч тэр нэг хальс хуулахад л түүнтэй адилхан зүйлтэй тулгарч яваагийнх минь биш гэж үү. Тэр бол өвдөх нэгэн ч тэр, тулалдаанд татагдаж орох нэгэн ч тэр хэний янаагүй нүүр тулахаас өөр аргагүй түүхийн эргүүлгээс оноосон түгшүүр, айдас байлаа. Хоёр биес харилцан нэг нэгнээ тийм айдастай тулгарч явааг мэдэлцэх гэдэг нь ерөнхийдөө миний хувьд хайр байлаа.
-Яваандаа миний биед юу тохиолдохыг мэдэхгүй. Гэсэн хэдий ч тантай учирсны ачаар үхлээс айхгүй болсон. Ядаж л маргааш айж тэвдээд байлгүй аянд гарч чадна. Баярлалаа! Таныг мартахгүй санаж явна аа. Та ч бас биеэ бодоорой. Намайг ширтэх Чиогийн нүдийг нулимс бүрхсэн байв. Тэр нулимсийг би ардаа хийлээ. Хоёр гурав алхсан миний арыг түүний үг гүйцэж ирлээ.
-Ирис, их баярлалаа.
Би зогсолгүй, эргэж харалгүй тэр чигтээ өрөөнөөс гарав. Цулгуй корридороор алхам бүрээ бат чанга гишгэн алхсаао эмнэлгийн хаалгаар гараад толгой өргөн дээш тэнгэр ширтэв. Цэв цэлмэг тэнгэр зах хязгааргүй өндөрт алслаад, тэр алс өндөрт тэнгэрийн өнгөнд хувилсан ганц онгоцны бараг хөдөлгөөнгүй сүүдэр тэнгэр бохиртуулан бөртийж үзэгдвэй.
Зохиогч Үдо Тошиогийн зөвшөөрлөөр нийтлэв.
Орчуулсан Б.Болор-Эрдэнэ.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Өгүүллэг )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|