Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан : Гэрэл гэгээг хүснэ.
Оруулсан admin on 2006-07-07 09:36:01 (4262 уншсан)

Нэгтээ өнгөрсөн эгшин хормын явдал ч онцгой тод санагдах нь бий. Сэтгэлийн тэр дурдатгал, бодлын хөх шувуу нисч ирэхийн үеэс эхлэдэг гэж Мөрөн санадаг байв. Бодлын жижигхэн хөх шувуу гүн цэнхэр тэнгэрийн доогуур нисч нисч, их амьдралын хөлгүй бужигнаан дунд гэнэт буудаг билээ. Тэгэхэд л өөртэй нь яах аргагүй холбоо шижимт амьдралын тэрхэн үеийн тухай Мөрөнгийн бодол эхэлдэг байв. Харин өнөөдөр мөнөөх бодлын хөх шувуу, Мөрөнг галт тэргэнд явахуйд гэнэт нисч иржээ. Тэр хөх шувуу, өглөөхөн хоршооноос худалдаж авсан нимгэн цэнхэр алчуурнаас нисч гарсан ч байж мэдэх юм. Хаврын тунгалаг тэнгэр шиг цэв цэнхэр өнгөтэй тэр алчуур одоо, охиндоо зориулж авсан алгын чинээ жаахан гутлын хамт тээшинд яваа.
Мөрөн алчуурыг авахдаа “эхнэртээ өгөх мөч ирж магадгүй” гэж бодсон юм. Ер эл мөчийг ирээсэй гэж ямагт хүсч явдаг даа...
Мөрөн нутаг буцах болж нөхдийн хамт галт тэргэнд суугаад байтал гаднаас нэг залуу өрөөнд нь орж иржээ. Өвлийн нэлэмгэр пальтоны энгэр задгай тавьж тарваган малгай хулгавчилсан залуу шууд пиугаа гаргаж эсрэг талын суудлын дугаартай тулгаж үзсэнээ эргэж,
- Цэцэг ээ! Энд байна. Оллоо шүү! хэмээн хаяж гээчсэн зүйлээ олсон шиг баярлан хашгирах нь тэр. Цэцэгээ гаднаас орж ирэв. Үүдэн тушаа зогсоод толгой дохиж мэнд ирнэ. Өвлийн малгайн дороос цухуйх тайрмал хар үс, бас энгэр задгай тавьсан үслэг дээлтэй, нарийхан шилбэтэй бүсгүй байв. Мөрөн бүсгүйг харуут “эхнэртэй минь хачин төстэй юм аа даа” гэж яагаад ч юм боджээ. Эхнэрийн нь ихрийн өрөөсөн юм уу, үгүй дээ эгч дүүс гэж хэлэхээр. Гэтэл эхнэр нь үнэндээ ихэр бус, аз дутахад охин дүү ч үгүй болой. Харин эгч нь болох намхан шар хүүхэн бол эхнэрээс нь тэс өөр, ерөөс царай муутай ч нэгэн билээ. Бүсгүй, Мөрөнг, бас галт тэрэг хөдлөө ч үгүй байхад хэдийнээ унтахаар зэхсэн нэг нөхрийг хараад,
- Ашгүй чи минь сэргийлэгч улстай явах нь байна шүү гэлээ. Залуу инээмсэглэж,
- Санаа чинь амрав уу даа? гэж үнэн сэтгэл, тоглоом наадмын алин нь бүү мэд хэлэв. Ингээд суудлыг сөрөж тээшээ хийхдээ,
- Эхнэр хүн л ингэж санаа зовсон улс байдаг юм болов уу гэж хэнд хандаж байгаа нь мэдэгдэхгүй ярина. Залуу гадуур хувцасаа сурмаг тайчиж тавиад эхнэрээ дагуулж гарлаа. Эхнэрээ буулгах гэж байгаа даг аа. Гэтэл зхлуу хоёр, галт тэрэгний давчуу хонгилд зогсоод ярилцах нь онгорхой үүдээр тод дуулдана.
- Юм ууж золигтов доо! Энэ улс чамайг дор нь буулгаад хөөж тууж орхино шүү дээ! Лутаа минь хичээж үзээрэй гэж бүсгүй захиж байв. Хошууч үүнийг дуулах ч сөгөөгүй, дээдэх орыг засч унтахаар хажуулжээ. Бүтэн өдөржин явах юм хойно жаал унтаж авъя гэсэн шиг. Настай хүн арга ч байж уу даа гэж Мөрөн бодов. Хэдэн өдрийн хуралдаанд Мөрөн ч бас ядарсан шүү. Хуралдана гэдэг дасаагүй хүнд сүрхий хэцүү алба юм даг аа. Гэвч Мөрөн үүнээ анзаархгүй энэ тэрийг эргэцүүлэн явав. Мөнөөх гил хар үстэй, нарийхан шилбэтэй Цэцэгээ хүүхэн түүний бодлын шувууг сэрээжээ. Хэдэн өдөр гайгүй бөх унтаж явсан хөх шувуу эхнэртэй нь жигтэй адил харагдах Цэцэгээ хэмээх бүсгүйг сая ирэхүй нойрноос цочин сэрээд бодлын тэнгэрт хөөрчээ. Зам туршид ингэж нисч ч мэдэх юм. Бодлын шувуу нисч нисч хэдэн жилийн тэртээх нэгэн богинохон түүхийг тээж авчирав. Тэгэхэд Мөрөн эхнэрээ анх харж билээ...

Сэргийлэгч болчихоод явж байх юм гэж тэгэхэд зүүдлээ ч үгүй юм явав. Цэргийн хүн болно гэсэн аль багын хүслэн л сэтгэлд далдын далд нуугдан явдаг байжээ. Наймдугаар анги төгсчөөд илгээлтээр барилгын газар ажиллах болов. Сумын төвд дөрвөн жил шахам барилга барьж явж сая нэг арайхан цэрэгт тэнцэв. Цэрэгт очоод эхний хоёр жилд урьдын бодлоо орхисон нь үгүй. Албаа хааж дуусаад улирч ажиллана даа гэж бодсоор явжээ. Харин тэгтэл сүүлийн нэгэн жилд энэ бодол эрс эргэх нь тэр. Эрс хувирах нь тэр. Хачин юм шүү, тийм амархан... Мөрөн ч үүндээ гайхдаг билээ. Гэвч гайхаад гайхаад яахав, өөр зам байгаагүй шүү дээ... Юу гэвэл Мөрөн тэгэхэд эхнэртэйгээ учирсан юм. Тас хар тайрмал үс, нарийхан шилбэтэй Баялагмаа бүсгүй бодлыг нь эрс эргүүлж чадсан л юм даа... Ийм л явдал болчсон юм...
Зуны сүүл сард Мөрөнгийн ангийнхан аж ахуйн төвд шинэ сургуулийн барилга барьж байжээ. Ажил дуусч ашиглалтад хүлээлгэх цаг ч дөхөж ирэв. Хүүхдүүдийн хичээл эхлэхээс урьтаж ажлаа дуусгах ёстой байв. Санасанаар ч болов. Цэргүүд барилгын ажлаа дуусгаж, гадна дотногүй сайхан тохижуулжээ. Хэдэн өдөр нааш цааш шогшиж явсан багш нарын сэтгэл ч амрав. Хүүхдүүдийн, ер бүгдийн хүсэн хүлээж байсан хичээлийн шинэ жилийн эхний бөдөр ирэв. Шинэ сургуулийн нээлтийн ёслолд цэргүүд оролцож Мөрөн үг хэлэх болжээ. Дарга нар чухам яагаад түүнийг сонгосныг мэдэхгүй. Лав ажлаараа шалгараа биз ээ. Харин Мөрөн өөрөө тэгж бодсон нь үгүй. Яахав үг хэлэх л болж дээ. Хэдэн үг бэлтгэж шүлэг мэт цээжилж явав. Ингэж зогсч байгаад тэгж хэлнэ дээ гэж бодож ч явав. Ёслолд оролцохоор аж ахуйн төвийнхөн хамгаар цугларч, бас намрын ургац хураалтын ажилд туслахаар ирсэн оюутнууд ч үзэгдэн, ер нэг их том баяр болж байгаа шинжтэй. Шинэ сургуулийг багачуулд хүлээлгэн өгөх ёслолд байлдагч Мөрөн оролцож үг хэлэхээр сургуулийн өмнөх өндөр талбиун довжоон дээр багш нарын дунд зогсоно. Гоёж гоёчсон үзэгдэнэ. Дориухан илтгэгч шиг уран гоё хэдэн үг хэлчихье дээ гэж бодож зогсчээ. Чингэтэл багш эмэгтэй урт нарийхан төмөр дээр зоосон чанга яригчийн өмнө зогсоод,
- Одоо байлдагч Мөрөн үг хэлнэ гэжээ. Гэтэл тэр зэгзгэр хөлтэй чанга яригчийн өмнө очоод Мөрөн ихэд сандрав. Багш эмэгтэйг зарлах тэрхэн хооронд ухаан санаа нь хямарч, нөгөө бодож тогтоож байсан хэдэг үг нь хаашаа ч юм дайжиж оджээ. Мөрөн чанга яригчаар өмнө нь ярьж үзээгүй байжээ. Дунд сургуульдаа урлагийн үзлэгт оролцож явахдаа нэг хоёр удаа дуулж байсан биз. Дайжиж одсон үгс дахиж санаанд орж ирсэн нь үгүй. Чанга яригчийн өмнө бөгтийн зогсоод хэлэх үгээ эргэцүүлэвч, ухаан санаа нь олигтой төвлөрөхгүй, ор мөргүй алга болсон хэдэн үг нь дахиж орж ирэхгүй байжээ. Эл учир уужрах санаатай ганц сайн амьсгаа аваадахтал үхэр шуухитнах шиг эвгүй дуун хавиар нэг хүнгэнэх нь тэр. Амьсгаа даран хүлээж байсан аж ахуйн төвийнхөн, цэргүүд, оюутнуудаар нэг инээдэм болов. Мөрөн ичиж гүйцээд цааш нэг ч үг дуугарч чадсан нь үгүй. Шинэ сургуулийн нээлтийн сүрхий ёслолд ингэж л оролцсон юм даа. Нөхдийн дунд ороод зогсч байхдаа туйлгүй ичсэн хэвээр, хүний өөдөөс ч эгцэлж харахаас зовж байжээ. Гэтэл энэ санаа зовнил, энэ ичингүйрэл нь хэн нэгэнд таалагдах юм гэж тэр огт санасангүй. Юу гэвэл нэг бүсгүй өөрийг нь тэртээгээс нууцаар ажиглаж байжээ. Мөрөн ч мөн бүсгүйг олж харав. Бүсгүй үл мэдэг инээмсэглэнэ. Аж ахуйг тариагаа хураахад нь хүч хамжихаар ирсэн бүсгүй хот газар яваа шиг богинохон банзал, шовх өсгийтэй гоё шаахай өмсчээ. Бүсгүйн сайхан инээмсэглэл, сониуч харц сэтгэл зүрхийг нь төөнөв. Баялагмааг анх ингэж л харсан юм даа. Мөрөн бусдад дурлаж үзсэн нь үгүй. Юу гэвэл урьд өмнө хэн нэгэнтэй учраад, сая Баялагмааг үзээд сэтгэл догдолсон шигээр догдолж байсангүй. Харин шохоорхож явсан уу гэвэл шохоорхож явсаан. Нутагтаа барилгын газар ажиллаж байхдаа өөрийн хэсгийн нэг жаахан охиныг их шохоорхдог байв. Гэтэл тэр охин өөрийг нь огт үл тоож, инженертэй сууна гэж дээгүүр загнасан юм. Одоо тэр жаахан охин хэдийнэ хэдэн хүүхдийн эх болоод тэднийгээ өсгөх гэж зовж явдаг болсон. Ямар юмных нь инженертэй суух вэ дээ... Одоо Мөрөн түүнийг үзээд өрөвдөнө үү л гэхээс шохоорхохгүй дээ...

Галт тэрэг аль түрүүний хөдлөөд хотын захад дөхөж явав. Мөрөн, өрөөний цонхоор гадагш ширтэн зам дагуух байшин барилга, хүмүүс, машин тэрэг хэрхэн сүлжилдэж, хэрхэн ард хоцрохыг ажсаар явав. Хошууч бөх гэгч нь унтжээ. Зэргэлдээ өрөөнүүдэд бас хэд гурван нөхөд нь явж бий. Тэд чимээ аниргүй, нааш орж ирэхгүйг үзвэл бас унтацгаасан даг аа...
Лутаа одоо хэр нь алга. Эхнэрээ буулгах гэж байж хоцорчихсон юм биш байгаа даа. Үгүй дээ тэр залуу хоцрохгүй биз. Тийм хүн бол унаа тэрэгнээс ер хоцордоггүй. Тийм хүн эхнэрээ уужуухан буулгачаад зууртаа явуулын зоогийн газарт тухлаж суугаад л сая нэг ирвэл ирнэ дээ... Мөрөн ингэж бодож явав.
Хаалга сэвхийтэл нээгдэж хэн нэгэн орж ирлээ. Мөрөн цонхноос харцаа салгаж эргэж харахын завсар залуу суудалдаа лагхийтэл суугаад,
- Яваад байж дээ... гэв.
... Харин хожуу нь тэрээр чанга яригчаар олонтаа ярьсан. Дөнгөж хоёр хоногийн өмнө хүртэл ярьсан шүү. Олны нэрийдсэнээр цэнхэр дэлгэцээр ч гарч, хэлсэн ярьсан нь улс даяар түгсэн дээ... Тэгж ярьж байхад самгараж ээрч түгдэрсэн нь үгүй. Харин бага зэрэг сүрдсэн тал бий. Хэлж ярьсныг нь хол ойрын нутгийн таних танихгүй олон улс сонсоо биз. Харин Баялагмаа сонсоо болов уу? Уг нь ганц үгийг нь ч болов сонсож дуулсан бол сайн юмсан. Ажил өөдрөг явааг нь мэдэж, амьдрал энэ тэр нь сайн сайхан байгаа юм байна гэж бодсон бол сайн юмсан...
Залуу дуутай нь аргагүй эвшээгээд,
- Танай нөхөр ч бөх нойрондоо заларчээ гэлээ. Мөрөн бодол болсоор явав. Залуу хариу хүлээж ядаад ер дуугай явах шиг хэцүү зүйл үгүй гэж үзэв болтой.
- Зөвлөгөөнөөс буцаж явна уу? гэж өмнөхөөс чанга асуулаа. Мөрөн сая бодлоосоо салж,
- Харьж явна аа гэв.
- Хоёул уу?
- Зэргэлдээ өрөөнүүдэд бас яваа.
Лутаа хэмээх сониуч эр толгой дохив. Дахиж үг дуугарсан нь үгүй. Сонин нь буугаа биз... Хана налан бодлогошрон сууна. Мөрөн түүнийг сайтар ажаад дотроо таасан нь “урилга заллагаар л яваа болов уу?”

Баялагмаатай анх учирсан даруйд Мөрөн шөнө нь унтаж чадаагүй билээ. Шөнөжин эргэж хөрвөхдөө Баялагмааг бодож, бүсгүйтэй хэдэн мөч ярилцсанаа л санасаар байжээ. Намрын урт шөнийг сэрүүн хэвтэж өнгөрүүлэхдээ “тэр бүсгүйд дурласан шиг байна даа” гэж бодов. Зүрхэн тусаа дарж үзэхүл “сайхан хар гэзэг, сайхан шилбэтэй дулаахан инээмсэглэсэн бүсгүй минь ээ! Ухаалаг үгтэй бүсгүй минь ээ! Би чамд дурлаж, чамайг хүсч, чамтай учрахсан гэж бодож шөнө дүл ч унтаж чадахгүй байна аа” гэсэн шиг түг түг цохилж байжээ.
Хэд хоног өнгөрсөн боловч бүсгүйг л бодсоор явав. Баялагмаа аж ахуйн төвд дахиж үзэгдсэн нь үгүй. Мөрөн тариан талбай руу явдаг ч юм бил үү? гэж бодож байв. Шинэ барилгаа хүлээлгэж өгчсөн учир тэдний анги хэд хоногоос тариа хураалтад туслахаар очиж ч юуны магад. Гэтэл тэд тариа хураалцсангүй. Мөрөнд ч тийш очих зав олдсонгүй. Харин өөр тийш шилжин нүүх болов. Эл учир сэтгэл нь нэг хоёр хоног бүрэнхий тэнгэр мэт дүнсгэр байлаа. Сангийн аж ахуйн төвд дэмий сэлгүүцэж асан оюутан залуутай азаар таарч Баялагмаад зурвас явуулжээ. Нэг хоног өнгөрөв. Хариу алга л байв. Хоёр хоног өнгөрөв. Хэл чимээгүй л байв. Гэтэл анги нүүдэллэхэд бэлэн болж хамаг юмаа ачаалаад гагцхүү цэргүүд унаа тэргэндээ суух үлдээд байтал хариу зурвас иржээ.
“Сайн байна уу? Мөрөн! Намайг мартахгүй яваад тань баярлалаа. Чамтай уулзаж чадахгүй явуулах нь ээ. Уг нь уулзах хүсэл байна л даа. Сайн яваарай! Баялагмаа” гэжээ. Мөрөн зурвасыг уншиж дуусаад энгэрийн халаасандаа хийж, хэн нэгэн авчих вий гэсэн шиг сайтар товчилно. Нөхдийн хамт унаандаа суув. Цэргийн цуваа хөдлөв. Нэгэн жил цэргийн ёсоор ажиллаж амьдарсан аж ахуйн төвөөсөө явах нь энэ юм. Өнөөдөр жижигхэн ч гэлээ мөд улам улам өргөжин тэлэх аж ахуйн тавд сэтгэл нь нэн их хоргодно. Явах газраар бага, үзэх юмаар ч маруухан гэж урьд нь чамладаг асан аж ахуйн төв энэ удаад харин далд нэгэн хүчээр ногтолсон мэт чангааж байжээ.
Цэргийн цуваа хөдлөөд замдаа шуударчээ. Мөрөн улам улам холдсоор байгаа аж ахуйн төвийг нэг хараад “энд миний хайртай бүсгүй тариа хурааж яваа” гэж бодов. Тийм дээ, үнэхээр чиний хайртай бүсгүй...
Баялагмаатай анх ингэж л учирсан юм даа. Хожим Мөрөн Баялагмаад, Баялагмаа Мөрөнд олон олон захидал бичсэн. Баялагмаагаас ирсэн захидал бүрийг тэрээр алтнаас илүүд санаж нандигнан хадгалдаг байв. Ай Баялагмаа! Хайр зовнил, баяр гуниг алив бүхнийг минь авчирсан чиний эхний зурвас одоо ч гэсэн надад явж л бий...
Цаг цохилох мэт жигдхэн нүргэн галт тэрэг газар ахиж л байна, ахиж л байна. Хоёул хэд гурван үг солилцож бас ч гэж танилцжээ. Мөрөн, Лутааг эгцлэн харж,
- Чамайг баяр наадмын урилгаар л явж байгаа болов уу гэж санасан гэвэл цаадах нь бас л эвшээж,
- Сэргийлэгч та нар юмыг нэвт шувт мэддэг улс. Бараг л урилгаар явж байх шив дээ. Очиход эцэг минь бие гайгүй бол дуудлага биш урилга л болно доо гэнэ. Мөрөн толгой дохив.
- Эцэг минь нас явчихсан хүн... Өвдөнө энэ тэр гэж үгүй дээ зайлуул. Гэтэл ооо хэвтэрт орсон дуулдана. Гээд гайгүй л болов уу даа. Би бол зөн совингоороо юмыг мэдчээд байдаг хүн... Мөрөн дуулгавартай хүүхэд шиг сонсож сууна.
- Бидний эцэг өвгөд бие өвдөнө барина гэж ер сүйд болдоггүй дээ, тийм үү? Мөрөн толгой дохиж,
- Тийм дээ гэв. Яагаад ч юм их л үнэн үг шиг санагдана.
- Залуус бид өвгөдийнхөө энэ сайхан чанараас л чимх чамхаар ч болов авмаар байгаа юм гэж Лутаа ярина.
Мөрөн хөгшдийнхээ тухай бодов. Хоёр хөгшин нь хоёулаа л бие хөнгөхөн улс байж дээ...

- Хүү минь ээ! Бидэндээ чи тун хожуу ирсэн шүү! гэж ээж нь түүнийг бага байхад энхрийлэн хэлдэг байжээ. Заримдаа өвдөөд хэвтчихсэн үедээ Мөрөн энэ үгийг нь их л боддог байв. Тэр бүрий хурдан эдгэрэхсэн, тун хурдан эдгэх юмсан гэж сэтгэлийн угаас хүсэмжилдэг байлаа.
Мөрөн ер өсч томортлоо, хоёр хөгшнөө мөн ч их зовоосон хүн дээ. Ханилж суугаад хорин жил үр хүүхэд хүсэмжилж явсан хоёр хөгшинд тэрээр гэнэтхэн ид шидийн юм шиг олдохдоо бие сул дорой нэгэн болж иржээ. Эцэг нь олон өдөр, олон шөнөөр эмнэлэг рүү сандран гүйсэн. Гэвч ухаан орох нас хүртлээ үүнийг огт мэдэхгүй явжээ. Дунд сургуульд байхад нь тэднийд ирсэн улсын нэг энэ тухай дурсан ярьжээ. Чухам тэр цагаас л хөгшин эцэг эхээ бүхнээс илүү өрөвдөн хайрлах болсон юм. Хожим хойно нь тэднийгээ ашгүй зовоосонгүй, бие чийрэг хүү болж өсчээ. Хоёр хөгшин ч аюулын биетэй улс байж дээ.
Мөрөн нэг зүйлийг бодох бүрий эхийгээ нэн ихээр өрөвдөн хайрлаж одоо хэр нь нүдэнд нулимс гүйлгэнэдэг юм.
Сумын төвийн доохно хэдэн гэрээр зусдаг байв. Мөрөн дөрөвдүгээр ангид сурдаг байв. Зуныхаа амралтаар гэртээ үл тогтож, нөхдийн хамт хулгана зурам хөөсөөр гадуур гүйж өнжинө. Идэрийн голыг өгсөж, Алтангийн их тал хүртэл өдөржийн газар гүйчих ч энүүхэнд. Алтангийн их талд ирсэн цагт зурамгүй, цэцэггүй, олзгүй буцах ч гэж байхгүй дээ. Бүр үдэш орой болсон хойно хөлсөө цувуулсан хэдэн жоохон амьтад эргэж ирнэ. Эцэг нь хүүдээ огт юм үл дугарна. Харин эх нь тиймгүй. Гэрийнхээ үүдэнд хүүгээ торойтлоон харуулдаж зогсоно хөөрхий. Наранд гүйсээр түлэгдэж борлож гүйцсэн хүүгээ ирэн иртэл зогссоор л байна. Тэгээд сая хүүг тэвэрч энхрийлнэ.
- Үр минь дээ! Ажилтай ч юм шиг бүр эцтэлээ явчихаж. Ядаж ойр тоглож бай л даа гэнэ. Үнэхээр бүр эцэж гүйцсэн байна. Хоол идэж тараг ууж аваад унтаж өгнө дөө. Ядарсандаа өглөө болтол огт сэрэхгүй унтана. Өглөө сэрэхүл ээж нь хэдэн үнээгээ саачихаад ажилдаа явахаар зэхэж байна. Гэрийн талхтай шинэхэн өрөм ширээний нүдэнд хэдийнэ бэлэн болчихоод хүүг хүлээнэ. Эх явахын үес хүүдээ хандаж,
- Өнөөдөр ойрхонд өнжөөрэй миний хүү! гэнэ. Эцэг нь урьдын тайван зангаар,
- Тугалаа хараад л тоглог гээд магнайг нь үнэрлээд явна. Хүү толгой дохисоор хоцорно. Эх гарахын үес бас л,
- Өчигдрийнх шигээ үдэш оройтвол сар аваад явна шүү! гэнэ. Мөрөн мөн л толгой дохисоор гэрээ сахиж үлдэнэ дээ. Гэдсээ божийтол талх өрөм цохиж аваад тугалаа харуулдахаар гарна. Тэгж байтал хэдэн найз нь алба шиг гүйж ирнэ. Чингээд л өдөржийн их ажил яалт ч үгүй эхлэнэ.
- Өнөөдөр ойрхонд өнжинө өө гэж Мөрөн эхлээд хэлнэ. Тэд ч бас энүүхэнд тоглоно гэлцэнэ. Гэтэл зурам элдсээр яваад нэг мэдэхүл үнээ тугалаа ч мартаж, Алтангийн ээрэм талд ирдэгээ ирчихсэн байна шүү. Нар ташиж, хүүхдүүд эцэж гүйцсэн байхыг яах вэ. Сумын төв өөд хэдүүл эргээд шогшиж гарна. Заримдаа сар бүр дээр хөөрчсөн хойно ирэх ч удаатай. Тэгэхэд хүү сарыг удаан ажиглана. Эхийн хэлсэн санагдахуйд айдас төрнө. Сарыг ажихул үнэхээр нэг хүү ус дамнан яаа шиг дүрс тодорно. Мөрөн эмээж нөхөддөө хэлэхүл цөмөөрөө эмээж бие биенээс хоцрох бий гэсэн шиг шаламгайлан шогшино. Гэвч аз болж тэднийг сар аваад одсон нь үгүй. Түүнийг сар биш харин галт нар л нэг удаа аваад талийчих тун ч дөхсөн дөө...

Галт тэрэг цагийн зүү мэт жигд урагшилсаар л... Лутаа ярьсаар л явна.
- Эцэг минь хот газрыг огтоос сүжиглэдэггүй хүн. Ирэх бүрийдээ ятгаад дийлээгүй шүү. Бүгчим өрөөнд өдрийг барж, зочноо шилний нүхээр шагайж угтаж байж чадахгүй гэж шуудхан хэлдэг юм. Харин эх маань зайлуул биднийгээ бараадах гэж боддог байсан юм... Мөрөн духайж суугаад чагнана.

Тэр өдөр эхийн үгийг бас л үл дуулж нөхдийн хамт гүйж явсан билээ. Тэнгэр тув тунгалагаар мэлтийнэ. Идэрийн гол таатайяа шуугин урсаж хөх цэцгий шулганалдан ниснэ. Мөрөн тугалаа орхиод нөхдийн хамт гүйлдсээр Алтангийн талд ирэхүй жин үдийн наран шарж байв. Нөхдөөс түрүүлэн явж өчигдөр урхи зүүж орхисон жижигхэн нүхний дэргэд ирэв. Бүдүүн хар утас давхарлаж зүүсэн урхи огт хөдөлсөн шинжгүй. Өчигдөр өөрөөр нь тохуурхах мэт оцойн шогширч байсан том шар зурам тун хашир амьтан байжээ. Өөр газраар малтаж гараад талийж оджээ. Урхиа авч нөхдийн зүг явав. Нөхөд нь бас дор бүрнээ урхиа шалгаж харагдана. Чингэтэл гэнэт дотор муухайрч, толгой эргэх нь тэр. Ойрхонд нэг найз нь урхи эргэж явснаа,
- Нааш ирээрэй! гэж дахин дахин баяртай хашгирахуйд хүү их талын нов ногоон зүлгэн дээр хэвтээд өгчээ. Ээжийн хийсэн хайлмагт пологтсон шиг дотор нь бэлбийнэ. Огтоос хөдлөх ч үгүй хэвтээд л баймаар. Үдийн нарыг харахул нуух шиг шав шар болчихоод галаар төөнөх мэт ноцно. Хүйтэн юм уух сан гэж бодов. Гэвч босч гол руу очсон нь үгүй. Хоёр алгаар нүүрээ таглаад эвхрэн хэвтэж нам унтмаар санагдана…
Магнай сайхан сэрүү оргиж, хүйтэн ус ам руу цутгах шиг болоход Мөрөн сэржээ. Гэтэл эх нь дэргэд уйлсаар суух нь үзэгдэж уруулыг нь нойтон даавуугаар чийглэхиг мэдрэв. Эргээд нүдээ анилаа…
Дахин сэргэхэд түүнийг сумын эмнэлэгт авчиржээ. Зовхио чадан ядан нээхүйд дэргэдэх дүрс тодрон тодорсоор бас л хөгшин эхийнхээ уйлсаар суухыг үзжээ. Цаахан нь эцэг нь харагдав. Эх нь хүүгээ нүд нээхийг хараад,
- Сэргэлээ! Хүү минь сэргэлээ! гэж дуу алдаад хүүгийнхээ турьгүй жаахан чээжинд нүүрээ наагаад баярласандаа улам уйлжээ.
Мөрөн Алтангийн их тал руу дахиж гүйсэнгүй. Хөөрхий хөгшин эхээ өрөвддөг байжээ. Эх нь хаа байсан сумын төвөөс Алтангийн тал хүртэл гүйж, наранд цохиулсан хүүгээ үүрч, уйлан хайлсаар сумын төв өөд эргээд харайсан байхад сэтгэл өвдөхгүй байж чадна гэж үү!
Одоо үүнийг санах бүрий тавь шахсан эх нь хэрхэн сандарч шаналж хэрхэн уйлж гүйж явсан бол гэхээс сэтгэл айхтар эмзэглэн хөндүүрлэдэг билээ. Одоо хөгшин эх нь өөд болсон. Цэргийн албанд ирээд хагас жил болж байхад нь бие барсан даа. Харин эцэг нь хөөрхий нутагтаа энх тунх явж бий...

Галт тэрэг зогсов. Замын буудалд иржээ. Хоёул тамхилахаар өрөөнөөс гарав. Хонгилд хүн амьтангүй. Лутаа тамхиа асааж, Мөрөн цонхоор гадагш ширтэнэ. Их цасан эцэс төгсгөлгүй юм шиг цэлийнэ. Тэртээд, намхавтар цагаан толгодын энгэрт хэсэг модод бараантана. Мөрөн түүнийг ажсаар зогсож, залуу дэргэд нь ирж мөн л тэр зүг харна.
- Хөдөө нутаг аа гэж! Сайхан ч юм шиг. Гунигтай ч юм шиг...
- Сайхан даа...
- Ай мэдэхгүй. Би хөдөө нутагт төрж өссөн хэр нь одоо болтол дасч өгддөггүй юм. Юунд тэрэв, бүү мэд. Их л уйтгартай санагдаад байдаг юм. Жишээ нь тэр замын буудал тоосго шиг жаахан хэдэн шавар байшингаас өөр юмгүй дээ. Ямар үйлтэн нь энд насыг бардаг юм бол...
- Хотод идээшдэггүй улс ч бас бий шүү дээ.
- Бий бий... Сонин юм, хот газар идээшдэггүй хүн байна гэдэг үнэхээр гайхмаар юм шүү.
- Харин тэдэнд л гайхмаар байгаа юм.
- Хэнд?
- Яагаав хөдөөнийхэнд...
Ингэж хэлэхдээ Мөрөн өөрийгөө хөдөөд юм уу хотод юм уу чухам алинд нь аж төрдөг гэж хэлж болохыг бодоод бодоод олсонгүй. Мөрөн залуу тийш дохиж,
- Үр хүүхэд нь хөдөөнөөс үргээд байгаад л гайхмаар байгаа юм даа гэв.
- Хотод амьдрал илүү сайхан байгаад л тэр дээ гэж Лутаа бардам хэлэв. Мөрөн, ийм хүнд чухам юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй зогсоно. Тэрээр аймгийн төвд суудаг. Аймгийн төв нэг бол хөдөө нутаг, нөгөө бол хот газар ч гэж хэлж болно. Тэрээр амьдрал сайхан гэж энд дурлаж ирсэнгүй. Хүнээс дутахгүй л амьдарна гэсэндээ ирсэн билээ.
Галт тэрэг хөдлөв. Замын өртөөний хэдэн байшин ард хоцров. Мөнөөх залуугийн гунигт хөдөө нутаг үргэлжлэнэ. Харин Мөрөн энэ аугаа их уужим саруул хөдөө нутгийг харах бүрий сэтгэлд нь холын, өнө холын бодол усны ундарга мэт бургилдаг юм. Энэ жижигхэн өртөөнд эндхийн амьдралын бас нэгэн сайхныг олж харсан, мэдэрсэн улс суудаг юм гэж Лутаад хэлмээр санагдана. Хүн бүхэн өөрийн хүсэл, өөрийн зорилготой. Бас өөр өөрийнхөөрөө л амьдрах тавилантай. Хүссэн ч эс хүссэн ч ийм л байдаг.
Одоо Мөрөнд гурван жил шахам ажиллаж амьдарсан аймгийнхаа төвөөс өөр тийш шилжиж суурьшаач гэж хэн нэгэн хэлвэл, (улс ч хүсч болно шүү дээ) үгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ л нэг үе хэцүү бэрх байх биз. Энд тэрээр амьдралынхаа анхны том алхмыг хийсэн хүн. Энд хайртай бүсгүйтэйгээ амьдралаа холбож, анхны үрээ тосч авсан хүн. Энд их ч дасч дээ. Энд түүний хайрлаж явсан, насан турш хайрлаж хүсч явах мөнөөх Баялагмаа бүсгүй амьдралаа эргэцүүлэн сууж буй...
Өрөөндөө буцаж орохул унтсан нөхөр нь сэржээ. Дээд орноос хөнгөхнөө үсрэн буусан ахимаг хошууч гутлаа өмсөх зуур,
- Гайгүй унтчихлаа байна гэнэ. Лутаа цаг руугаа хяламхийх боловчиг юм хэлсэнгүй. Мөрөн, хошуучийг харж,
- Нойр авч чадав уу? Бид хоёр зөгий шиг дүнгэнэлдсээр сэрээчихэв ээ дээ? гэв. Хошууч гутлаа өмсөөд өндийж,
- Та хоёрын дүнгэнэхийг ч сонссонгүй ээ гэлээ. Хошууч угаалгын өрөө рүү одов. Лутаа араас нь дагуулан харсаар үлдэж,
- Мялаалгажээ гэв.
- Юу мялаалгаж гэ?!
- Юу юу гэж. Танай хүн энгэрээ мялаалгаж гэж байна.
Мөрөн учрыг ухаж,
- Шагнуулсаан, Сүхбаатарын одон! гэхдээ өөрөө шагнуулсан шиг бардам.
- Олон жил зүтгээдээ! гэж Лутаа, хошуучийг өрөвдсөн аятай дуугарна.
- Биднийг орчлонд ирээгүй байхад л энэ албанд зүтгэж явсан хүн дээ.
Залуу нэгийг бодов болтой гэдрэг налан хэсэг дуугай сууснаа,
- Танайхан цөм шагнагдсан уу? гэлээ.
- Бараг л бүгд дээ...
- Жишээ нь чи энгэрээ юугаар цоолуулав даа? Би харахгүй л байна.
Мөрөн бага зэрэг ичиж орхиод,
- Жуух бичигтэй буцаж яваа хүн шүү гэж алиалах аядав.
- Үзэж болно биз дээ?
- Бололгүй яахав.
Мөрөн шагналын гялгар хүрэн цүнхээ уудалж гялалзсан гоё улаан хавтас гаргалаа. Лутаа түүнийг нь авч хичээнгүйлэн үзнэ.
“...сны учир сэргийлэгч нөхөр Жүгдэрийн Мөрөнг Засгийн газар Хүндэт жуух бичгээр шагнав”... гэж уншихдаа хошуугаа хүүхэд мэт цорвойлгож, толгой хаялна.
- Хэдэн жилийн үр дүнэв дээ?
- Юу хэдэн жилийн гэж?
- Хэдэн жил зүтгэсэн гэж өгч байгаа юм?
- Сайн ойлгосонгүй. Би бол сэргийлэхэд ердөө гурван жил л болж байгаа хүн.
- Гурван жил! Атаархмаар юм... Үнэхээр атаархмаар байна. Би тэгэхэд барилгад бүтэн арван жил нухлуулж байна. Тэгтэл баярын бичиг ч авч үзээгүй. Гомдмоор юм гэж Лутаа толгой хаялна.
Мөрөн, одоо л хэлэх цаг ирэв гэж бодов. Одоо л энэ сайхан хөдөө нутгийнхаа тухай, хөдөөнийхний тухай ярих нь зүй.
- Хэрэв чи хөдөө нутагт ажиллаж үзсэн бол ингэж бодохгүй л байсан даа.
- Яагаад?!
- Яагаад гэвэл, чи сонс… манай хөдөөнийхөн бол…
Галт тэрэг жигд түжигнэн урагшилж л байн, урагшилж л байна...

Мөрөн ирээдүйн алхмаа итгэлтэй эхэлсэн хүн. Цэргээс халагдмагц нутгийн зүг явсангүй. Нас дээр гарсан эцэг нь хүүгээ хүлээж байсан боловчиг тийш очсон нь үгүй. нэг үгээр эцгээ гомдоосон хүн. Гэхдээ эцгийнхээ сэтгэлийг засч чадсан гэж одоо боддог. Харин цаашид яахыг бүү мэд дээ. Хөгшин эцгийнхээ сэтгэлийг зовоолгүй шиг л амьдрах юмсан гэж Мөрөн туйлын ихээр хүснэ.
Гэвч цэргээс халагдмагц өөр зүг оджээ. Тэнд нь Баялагмаа саяхан сургуулиа төгсчихөөд өөрийг нь хоног тоолон хүлээж байв.
Мөрөн галт тэргээр явж очсон юм. Гар дахь ганц цүнхэнд нь Баялагмаад, эхэд нь өгөх гэж авсан бэлэг, бас ирээдүйн хадам эцэгтээ зориулсан ганц шил хатуу юм явж байв. Өөр өмсөх хувцас бэлэн байсангүй тул байлдагчийнхаа дүрэмт хувцастай явлаа. Харин галт тэрэг нь одоогийнх шиг ийм тохь зөөлөн суудлынх биш нийтийн хатуу суудлынх байжээ. Дэргэд залуухан эр эм хоёр, бас нэг хөгшинг явав. Залуу хоёр, цаг ямагт бие биесийг ширтэн инээмсэглэнэ. Шинэхэн нийлсэн хоёр л болов уу даа гэж тэр таамаглана. Цэвэрхэн царайтай, онигордуу боловч дулаахан бор нүдтэй бүсгүйг нь үе үе харж ажин явав. Бүсгүй дулаахан бор нүд шигээ дулаан сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Хэдий залуугаараа боловч богинохон засуулсан халимгаа арагш налуулж самнасныг нь үзэхүл цаадах нь бусдад буурьтай харагдах гэж хичээдэг болтой... Залуу хоёр, түүнтэй дуу шуу болсонгүй. Мөрөн ч тэр хоёртой ярилцах гэж чармайсан нь үгүй. Замын ихэнхэд хэлгүй мэт дуугай явав.
Баялагмаа бид хоёр мөд ингээд явж байх болов уу гэж бодно. Нөгөө хөгшин харин яриасаг хүн ажээ. Цэргээс буцаж явааг нь мэдмэгц нүд нь сэргэж Мөрөнгөөс цэргийн сонин дуулах гэж элдвийг шална. Мөрөн тэгэхэд нь тайвуухан ярьж өгнө. Өвгөн ч цэргийн амьдралыг муугүй мэдэж байжээ. Аймгийн төвд, цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн хэсгийн гишүүн гэж өөрийгөө танилцуулсан өвгөн, хотод суудаг хүүгийндээ зочлоод буцаж явжээ. Өвгөн, хотод идээшдэггүй улсын нэгэн байв. Хоёул цаашид ихийг ярилцах байсан боловч өвгөнд гэнэт ажил гарч, нэг нөхрийн хамт зорчигчдын пиу шалгах ажилд тохоогдон одов. Эл учир үлдсэн замын уртыг залуу хоёрын аяглахыг харсаар дуугай сууж барахад хүрэв. Уйтгарласан ч үгүй. Баялагмааг бодож цаашдынхаа амьдрал аж тарлийг эргэцүүлэхүйд галт тэрэг аймгийн төвд улам улам дөхнө. Харин нэг зүйлд л хөнгөджээ. Галт тэрэгний цонхоор шагайвал гадаа харанхуйлжээ. Энд шөнө дүлээр ирнэ гэж өмнө нь санасангүй. Хаяг дугаар нь байх тул олно биз ээ гэж найдаж явсан хэрэг. Гэтэл шөнө дүл болсон хойно хэнээсээ асууж, хаанаасаа хаяг байг нь олж харах билээ. Хэл явуулдаг л байж дээ...
Галт тэрэг зогсоолд ирэх дөхөв. Түрүүхэн ядарсан царайтай эргэж ирээд унтсан өвгөнийг сэрээж, “буудалд ирлээ” гэж сануулав. Залуу хос аль эрт сэргэж юм хумаа янзлаад буухад бэлтгэжээ. Өвгөний нойр сэргэсэн хойно Мөрөн энгэрийн халааснаас хаягаа гаргаж үзүүлэв. Өвгөн явах чигийг нүдэнд дурайтал зааж өгчээ. Чингээд асуусан нь,
- Энд юу хийж амьдрах хүн бэ дээ?
Мөрөн хурам бодлогоширов. Энэ тухай сайн бодоогүй явжээ.
- Уг нь хүү нь барилгачин даа гэж үнэнээ хэлэв.
- Гэхдээ...
Тэрээр үгээ гүйцээгээгүй нь сайн болж. Өвгөн түүний бодлыг гаргуун мэдэж байжээ.
- Гэхдээ... гэхдээ одоо өөр л ажил биз дээ. Болж өгвөл цэргийн газар очих санаатай биз... Ах нь мэдэж байна аа. Чамтай ярьж суухдаа гадарласан юм гэж өвгөн хэлэв. Сайн танихгүй өвгөн ингэж өөрийг нь дотор нь ороод гарсан шиг мэдсэнд Мөрөн ичиж орхиод чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй түгдчинэ...
- Санаа зоволтгүй ээ хүү минь... Чи сайн залуу шиг байна. Өвгөн ах нь туслаж болох л юм. Маргааш сэргийлэх дээр яваад ирээрэй... гэжээ. Мөрөн учрыг төдийлөн сайн ойлгохгүй зогслоо...
Тэр хамгийн сүүлд буув. Талбайн гэрэлд харахул тэрхүү урьд өмнө хэзээ ч ирж байгаагүй буудал дээр ганцаар зогсож үлдэх нь харагдана. Ганц нэгхэн төмөр замчин дэн мэт гэрэл барьж нааш цааш гүйлдэнэ. Галт тэрэг мөд цааш явах болно.
Мөрөн тамхиа асааж, өвгөний хэлснээр явав. Эрж явсан газраа ч олов. Өмнө нь таван давхар шинэхэн сууц сүндэрлэнэ. Цөөхөн цонх гэрэлтэнэ. Аль цонхны цаана Баялагмаа буйг тэр одоогоор мэдэхгүй юм. Хаягаа гаргаж тамхины галд гэрэлтүүлэн үзээд хоёр дахь орцоор орж дээш өгсөв. Зорьсон газраа ч ирлээ дээ. Орцын бүдэг гэрэлд хаалганы дугаар тодоос тод дурайна. Амьсгаагаа жуул дарж аваад хонхонд хүрэв. Баялгамааг сайхан нойрноос нь цочоочих вий гэсэн шиг хонхны товчийг зөөлөн дарна. Гэвч хонх тэр бодлыг нь мэдэхгүй чанга гэгч жингэнэн дуугарна. Өрөөнд хөлийн чимээ тодорч, гэрлийн асаагуур дараад нааш ирэх нь мэдэгдэнэ. Энэ лав Баялагмаа биз. Мөрөн гар тээшээ доош тавиад хувцасаа засч дарга нь дуудсан шиг номхон зогсов.
- Одоохон онгойлголоо гэх дуун хаалганы цаанаас сонсогдлоо. Баялагмаа мөөн. Бүтэн жилийн өмнө сонсож байсан энэ энхрий дотно дуу сэтгэлд нь цаг ямагт явсан юм даа...

Галт тэрэг, доторхийг нэгэн жигд бүүвэйлж ахиж л явна. Ахиж л явна. Гадаа харанхуйлжээ.
Мөрөн, хошууч, Лутаа гурав зоогийн газар оров. Чийдэнгийн ёлтгор шар туяа танхимыг гунигтайяа гийгүүлнэ. Нэг дэслэгчийн сууж байсан сул ширээнээ очиж дөрвүүл нийлэв. Лутаа элгээ тэвэрч арагш налан суугаа дэслэгчийн харж,
- Удаж байна уу гэлээ.
- Мөн орж ирээд л суугаа нь энэ гээд дэслэгч, үйлчлэгчийг хайх мэт хүмүүсийн дээгүүр өндөлзөнө.
- Одоо бид хаахна явна? гэж Лутаа асуув. Мөрөн галт тэрэг хаахна явааг бас үл мэдэж мөрөө хавчина.


http://202.179.0.110/phpBB2/viewtopic.php?t=8729



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-019.JPG
Хэмжээс: 600x400 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3550

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-011.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2629

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-199.JPG
Хэмжээс: 600x450 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2582


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn