Тунарсан шаргал говийн ажнай
Туурайн тамгатай молорын бурхан
Туулай халтарын гарааны хурданд
Тэнгэрийн салхи ярагдан хуйлрана
Тархины морьдыг хөтлөн гарах нь
Тасын жигүүрээр дэвсэн юм шиг
Тасарч цойлон торолзоод явах нь
Туулай халтарын төрмөл хурдаа
Таанын цагаан цэцэгт талаар
Тарлан дүйлэн нисдэг ажнай
Тоосоо тэнгэрт угалзлуулж ирээд
Тасраад явчихдаг туулай халтар
Ангамал алтан говийн шигшмэл
Аатай хурдан туулай халтар
Ардаа оруулахаас өмнөө гаргадгүй
Арслан шинжтэй ажнай халтар
Аймаг сумдад айраг түрүүтэй
Ачтай буянтай Азарганы төл
Аз авчирсан алтан туурт
Айраг алдаагүй говийн ажнай
Цэнхэрлэх говийн цуутай хүлэг
Цусны хольцгүй монгол адуу
Цуцаж эцэж ядарч уралдаагүй
Цэдэн ишийн туулай халтар аа
2015оны 9 сарын 6 нд
Б.Улаанхүү
Арын сайхан хангайдаа аргамжаатай үлдсэн балчир нас минь Ариусаж хургасан хүсэлээ тээгээд гүйдэг балчир нас минь Түнтгэр өвгөний үгийг түмэн ододтой чуулбарлуулж Төө хүрэхгүй биеэндээ төсөөлөлж жаргасан балчир нас минь Тоодгор дээлийнхээ хормойг түвэггүйхэн нэг буртаглаж Тосоод угтах ээжийнхээ элэгийг тэвтээж энгэрт нь хөрвөөсөн Найгах моддын үрийг цуглуулж нэг наадсан Намхан идэр биеэндээ нарын хургуулж өнжсөн балчир нас минь
Сэвэлзсэн салхины зүүдэн хүрднээ ирээд буцсан
Сэхээрэх эрдмийн дээдийн заяат удмын өвгөд минь
Зуурхан хормыг хэдэрлэж учиг өндийлгөсөн
Зүрхнээ шингэж судаснаа лугших өндөр дээдсүүд минь
Нарнаар наадаж намрын шившээ үүрсүүлж
Намайг та нар минь үндсээ тэжээж үнэнийг эрээрэй гэж
Нинжин сэтгэлийн минь ундаргаар шандыг булиглуулж
Насны намбыг төрхөмлөж буй хөрөг дүрнээ хургуулсан
Ийм их заяаг дааж ядан дэргэдэхээ түшиж тулахдаа
Элэгсэг түмний энгүй ивээлээр багана босгож
Эх дэлхийнхээ уярлаар хайраа хийж баринтаглан
Элбэрэлт олон үрсийнхээ дуун цуурайгаар хөглүүлсээн
Далай их дээдсийн минь өндөр шүтээнтэй
Дайчин удмаа дагасан ирэмгий зоригтой
Суут их гэгээнтнүүдийн суу билгийн элбэрэлтэй
Сунаж мөргөх ариун биений хүсэлтэй бид азтай улс
Ончрох сэтгэлийн зангилаа бүрийг шилбүүрдэх
Оюун төгс удмын минь оньсоор наадсан үрс
Огторгуйн чуулбарт үгсээ хүргэж үнэнийг эрсэн
Омголон төрхтэй, оройлог зөнтэй, оюунлаг үрс
Бид хүний сайхан үрс
Билгийн мэлмийд багтаж төрсөн үрс
Бид язгуурын сайхан үрс
Билэгшээлт тэнгэрээс од шүүрч төрсөн үрс
Тэнэгэр говийн тэргүүн хонгор Тэнгэрээс заяасан амин хонгор Тэнгэсийн буйран дээр төрсөн унага Тахийн удамтай говийн хонгор Таана хөмүүлэн идэштэй адуу Тахийн шанднаас уусан хонгор Төрийн наадамд цуутай аргамаг Төрлөх нутгийнхаа алдар хонгор Төгс шинж нь бүрдсэн ажнай Тэнэгэр говийн тамгатай хонгор Тамир тэнхээ сайтай хүлэг Тархинд гараатай хурдан хонгор Эзэн хүндээ ээлтэй ажнай Элсэн говийн өнгөтэй хонгор Эсгэлэндээ цадсан эрх хонгор Эхийгээ дагасан унаган хонгор Багаасаа уралдсан бушуу хонгор Баян говийнхоо буянтай хонгор Баруун сугандаа гуурстай хонгор Бажгар арав шиг даалуу хонгор Дуутай хууртай говийн унага Дуурсах алдар нь тэргүүн хонгор Дэндүү хурдан говийн хүлэг Дэлхийд ганцхан Монгол ажнай 2015-оны 9 сарын 4-нд Б.Улаанхүү
Талын Монголын хөрсөнд чулуу биеийг олсон би Таван зоосны өртөгөөр хил давж нүүсэн бид Тавилан заяандаа гомдож нутгаа санаад уйлдаг би Тал бүрээсээ өөлүүлж тансагын зэрэгт багтсан бид
Эх нутагаа чимж энгэрт нь ээл болсон Эцэг тэнгэрээ шимж хөрсөнд чийг татсан Энгэр газарт эрхэлж цэцгэнд нь сүү болсон Эрт галвын цагаас хүүхлийн тоглоом байсан
Би уг нь Монгол чулуу Бэл дагасан хүн чулуу Нутагаа санадаг амьд чулуу Нулимсгүй уйлдаг алаг чулуу
Хургаагийн Сүглэгмаа: Эх орон
Увс нуурынхаа гүймэгхэн нугчаа бүрт нь би бодлоо тээж Уулс ороох аниргүйд нь үгээн чөдөрлөж сэтгэлээ хөврүүлж суухсан Бор болжморын жиргээ чихэнд минь туульс хайлах шиг цангинахад Босоод би биеэрээ увс нуурынхаа мандалд хөвөн хөвсөөр наранд хүрмээр санагддагсаан Сарны туяанд уусаж, умбасан сайхан нуурийн минь үзэмжит төрх Санаанд бодол хургуулж сэтгэлд хөг оруулж үзэгддэг шим ертөнц Төрхөөс үхэхэд түмэнд толидогдох энэ их ариун мяралзаа Түүтгэр ертөнцийн түмэн нугчааг өгүүлэх их дуртатгал оршоодогсоон Уулс будруулж үүлс нүжрүүлсэн нуурын үзэмжит мандал Үнэрлээд ханамгүй сэвшээгээр сэтгэл уярааж бодол зангируулна Төрхөө шингээсэн буурал өвгөдийн бурханлаг мэлмийг хулжааж Төрмүүд нутгийн минь хэвлийд тухалж эвшээсэн түшигтэй нуураа
Ханын толгойд туссан нарны хормой атгаж Хангал атны таваг шиг баргил гар дээшлэв Аргалын утаа зуусан эцгийн морин хуурыг Завгийн хялгас ч хөндөлгүй Зарлигийн бичиг шиг авав.
Эмнэг азарга чихэддэг эв дүйгүй хуруу Эмзэг хоёр чавхдаснаа үегүй юм шиг бүжиглэв. Ээрэм холын замд хүний л үртэй ханьсдаг Эр бор харцага илдэн жигүүрээ дэлгэв. Өдлөж гүйцээгүй дэгдээхэй Өссөн үүрээ орхитол Өр нимгэн хүний өнчин нулимс чивчиртэл Тооноор нарыг тонгойлгон тонгойлгон хуурдав Тотгоор уулсыг шагайлган шагайлган хуурдав.
Хар гол
Талын минь салхиар
Та минь ирээ юу
Талхлах өвсний инээдээр
Та минь шивнээ юу
Таанын цагаан цэцэг шиг
Анхилан байж нэг үнэртээч
Амьсгал дамжин шингэж
Аюулхайнд минь үүрд амьдраач.... А.Шихихутуг
Мөнгөн хөх нүд
Мөнхөд анигдхын цагт
Мөргөж залбирсан
Эцгийн минь сүнс
Алгаа тосоод угтлаа
Сүүдрээн би нууж
Сүнсээн би залгиж
Алтан тоногтой
Мөнгөн хазаарын зүг
Мөрөө давуулж
Харц чулуудахгүйгээр
Сэрэх тэнгэрийн зүг
Сэртийх уулсын оргил руу
Сэмэрсэн сэтгэлийг анирлан байж одноо.... А.Шихихутуг
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би, Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд, Цасан ширхэг царцаж мөс болох халилд, Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би, Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/ Чи юу ч биш Би галзуу Чамаар дуудуулаагүй цагтаа Галзуу... 2013.11.30 *** Даарч байсан. Даарч байна уу гэж асуухаас чинь өмнө Даарч байсан... 2013.11.30 *** Ганцаардлаа ханьтай байлгах гэж Гартаа юм атгаад явах нь ээ... *** Ямар дохиолдолд инээдэг юм бэ гэж Инээж суухад чинь Яах аргагүй инээсэн минь... 2014.2.8 Sakura Нус гоожчихоод, Хайртай гэдэг үг Харин давстай... 2014.5.4 Утаа -Монголчуудад зориулав Утаагаа ярьдаг Утаан дундаа суудаг утаа... 2014.10.27 *** Орхигдсон бага сургуулийн байшин холоос Авс шиг харагддаг... 2014.10.27 *** Усыг нь Юүлэх тусам Ховоо хүнд байдаг. 2013.5.27 *** Мэдэх тусам мэдэхгүй болдог Мэдэхийн сайхан... 2014.10.27 *** Захаар хүмүүс явна Захаар нь хот явна Би цөөрнө *** Хомоол бөмбөрүүлсэн бамбууг хараад Юунд жигүүрээ нуух вэ гэж Салхи хичээн ч асуух вэ дээ *** Хананд чиний нэрийг зурлаа. Ховхрох шохой Гомдоосон нь гэрч байжээ... *** Толгойгоо эрсэн хүн чулуу Одоо очиход ч Толгойгүй... *** Модон салаанд Хог дүүжлэгдэхэд хайртай. Миний мөрөөдөл... *** Өргөсөөр нь хатгуулах тусмаа Цэцэгтээ би Улам хайртай болчихсон юм. *** Шингэлэгийн шувууг хараад Баал хуцна Ялаа хоёулангийн нь дээгүүр дүнгэнэнэ Бугатын бараа Машины цонхноос Манан дундахь Бугат Цаасан хайрцгууд шиг харагдана. *** Хөл хатгасан Зангуугийн нулимс Цэцэг байжээ. Наран цэцэг Наран цэцгийн толгой Хадуур хараад Дохилзоно... *** Хураалтаар орхигдсон Тарааны мануухай, бялзуухай хоёр Бүр нулимстай. *** Шөнийн захын сохор дэнд би хайртай Ертөнцийг ижилхэн өнгөтэй болгох гэж Амиа хорлоцгосоны төлөө. *** Чамайг санасан шүлгийг Чамайг санаагүй үед Үзэхийн сайхан... Аавын бараа Бүүдийх бараа нь Гэдийж явсан үеийнхээ Асуултын тэмдэг *** Гандсан цэцэгт Нулимсаа өгөхөд Эрвээхий дэвтэрч харагдана *** Гитартайгаа Чамайг санасан шөнө Орхиулан мод гөлөглөнө *** Үүлэн сүүдэр туучсаар Өөрийнхээ сүүдрийг мартжээ Бага нас тэнд ургасаар бий... *** Үнэргүй цэцэг зулгарахдаа Үнэртэй *** Хоёр болжмор Хошуу хошуугаа түрэлцэх нь Залбирал мэт... Чамд хайртай шарх Атраа цоо ширтэн хэвтэж Нулимсаараа Толгойгоо ориолгоном... *** Өөрөө ч уйлсан хавхгийг хараад Туулай юу бодсон бол оо? Навчны намар Шарланхан навч намраар нэг тархана шагайсаар,хайрласан газар нь ч Орон доронгүйг хэн нь санав даа... *** Ургасангүй цэцгийн нь Ургах зүүд нь Ургасан цэцгийн үнэр байжээ. Болзоо Дугуйгаасаа урьтаж хүрсэн Долоон Цаг Долоо хоног над тус болох нь ээ... Хөгжилт Угаасан дээлээ өмсөөд Өссөн байна шүү Зарим хүн хэлдэг... *** Захаас авчирсан алимийг Зажуур идүүлэн таллахад Орхиулан авгайн үтрээг харагдуулана... *** Хадуурт үхсэн Голионы Цус нь ногоон... *** Хөл дээр ялаа сууна Алаад няслахад Жигүүр нь үлдэнэ... *** Зуны голд нялах тугал Элээн сүүдэрт ч бээрчих юм шүү... Аавын минь хэлдэг үг *** Бухимдлыг минь зөөдөг Хамгийн том вагон - Татдаг тамхи... *** Алтан гандрийн шилд Адуу харагдахгүй Шуумал азарга гишгэх хэвээрээ... /Түмт шинэ хөрвүүлэв/
Халуун хүйтэн хамаг биеэр халгихуй Харахуй татсан нүднээ гал бутарч үзэгдэхүй Харин төдөлгүй бадрах галнаас дөл буцлахуй Харгилах их анирт энэ биеэ умбахуй Үйлийн үрээс улбааж цэцэн ухаан сувдархуй Үлэмж их мэдрэмжээр төрөл хувирч анирлахуй Мөнхийн гурвалаар дөрлөгдөж эцсийн амьсгал татахуй Мөр бүтэн заяатанд ариун гэрэл үзэгдэхүй Охор мөчдийн жимээр гязгааргүй орчлонд унахуй Өд мэт хөнгөнөөр орь ганцаар хөвөхүй Далд биеийн айдсыг хөнгөн жаргалаар солихуй Даан ч удалгүй замхарч үхэхүйн диваажинд умбахуй Хөвсийн хөвөх биенээ мөнхийн гэрэл үзэгдэхүй Хүрэх орчлонгийн зааг дээр хүмүүний ухааныг орхихуй Төрсөн юм шиг тунгалагхан биеээ сэтгэлээр ариусган цэвэрлэхүй Түмэн чуулбарын өмнө шинэхэн ухамсараа олохуй Оньс мултарснаас хойш орчлонгоор бишгүйдээ зорчихуй Одоо л нэг өөрийн гэрлээ олж шүтэхүй Өөрий биеээн орхиж оюун ухаанаараа яруусахуй Үлдэх биеээн үзээд үнэнийг ойлгон гунихуй Дүр хойчийн замналыг жимээ болгон зүтгэмүй Дууссаж дэгдсэн сүнсээрээ гэгээн гэрэлд уусмуй Хий биеийн хүчийг ариун гэрлээр цацраамуй Хэний ч өмнө очимуй хэмээн тарнийн үг дуудмуй Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо харамуй Элэг нэгт ахан дүүсийн буяны үйлэнд баясмуй Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл дуу чимээ нүргэлмүй Зөвхөн түүнд уусах гэж түмэнтээ хураагдах тэр их буянаар мөрөө болгомуй
Ижилсэх анир Чамайг шүд хавирахаар сэрээд Орхиул сажихаар Токио бүр сүүний шөнө... 2013,1,4 *** Танхилхан охинтой Fiji-san-д гарлаа. Шөвийсөн уруул уул... *** Sakura дэлгэрснийг Хэн нэгнээс сонсох нь Sakura харсан ч гоё... 2013,1,26 Хоньчин Эрэг дэрлээд унтав. Сүүдэр нь шилжээд сэрхээр Сурлагын шинэ он... 2013,1,28 Амьдрал Тогоон гэрээс гарвал Өөрөө ч Тогоон гэр 2013,4,7 Хайр Ядам хуруу... Ядам хуруунд хи бөгж... Шигчий хуруу... 2013,4,7 *** Дэрвэсхиймээр өнчин өдөнд Хаврын салхи Гологдом уйтай... 2013,4,7 Дэлгэрмээр цэцэгт Гар хүрэхэд Алганд нүд... 2013.4.11 Өөрт чинь авсан дээл Намайг ч дулаалдаг. Гурав ес... 2013.7.14 *** Идэх дургүй үзмийг чинь Модноос нь чамд авчирлаа. Үрчийгээд байгаа болохоор нь... 2013.8.11 *** Юунд чамайг цөмөхөв дээ гэх шиг Өнчин жимсний хэрээ Өлийсөн хэвээрээ... 2013.8.11 *** Хэн идэхэв гэж Модондоо хатсан жимс Чиний ээмэг шиг... 2013.8.31 *** Хар навч Хацар эсгэсэн навч Хамаагүй миний гишгэж явдаг навч / Түмт шинэ хөрвүүлэв/
Азарга азаргаар алтан тууртнаа Аглаг талаасаа хурааж цуглуулаад Амгаа булаалдсан уургын морьтой Адуун сүргээ тойрон давхиж Арван алдын уурга суналзуулж Ардаг догшин эмнэг хүлгүүдээ Айраг ханхалсан алтан тууртнаа Агсарч гүйцсэн эмнэг морьдынхоо Алхан толгойг алдалгүй уургалж Аатай сурмаг уургын морио Арагшаа суулган эргэтэл татаж Аашлаж догширсон эмнэг морийг Аагийг нь агштал цоровдож татаад Атганд орсон навчин чихийг нь Шүүс гартал мушгаж байгаад Шүүдрийн дусал ч бөмбөрмөөр Шинэхэн толь шиг ганган нуруунд нь Ширээ хоёр бүүрэгтэй эмээлээ Ширмэл угалзтай гахай гөлөмтөө нь Шидэж хөвөөлсөн зөөлөн тохомтой нь Шигшиж тоослон тохож байгаад Ширээр сүлжсэн олом даруулгаа Шигдэж ортол чангалж байгаад Ширмэн хоёр гантай дөрөөгөө Шарын сураар холбож чангалаад Шандаст хангал мхүлгийнхээ Шар гэжгийг нь гартал булигуулж Шаргалтсан сайхан тал хөндийгөөр Шагай шиг хэдэн адуу хэмээн Шүдний завсраар эсгэрч хөөмийлөөд Шөрмөслөг хангал хүлгээ сургаад Шувуу шиг нисгэн давхиад одвоо Сартуул Б.Улаанхүү 2015 оны 8-р сарын 6-нд
*** Хаврын ногоо Харагдахгүй Үнэр нь ургана *** Үхэр зулгаасан цэцгэн дээр Эрвээхий суухыг харлаа. Хэнийг нь тэнэг гэх бол? 2013,5,27 Tokyo *** Дэнгийн доор харанхуй Эрвээхий нисэх нь Харагддаггүй... 2013.4.3 Tokyo *** Халуун кофе-ээ асгав Халуун биш гэх шиг Харласан чигээрээ газарт... 2014.10.27 Tokyo *** Онгойлгосон цонх ниссэн эрвээхий бүр хээр тал... 2012.1.6 Sakuba хот *** Далиа сэгсчих болжморыг хараад Шүхрээ шидэхэд ч Шүхэртэй агшин... 2012,5,13 Сакуба хот *** Харагдахын төлөө Харагдахгүй дэлгэрдэг үгүйгийн цэцэг... *** Тамхиа болив. Хортой гэдгийг нь Мэдрэхийн төлөө ахиад татав... *** Гялс өнгөрөхөд Гялгар уут хийсэх нь Салхины шүлэг... / Түмт шинэ хөрвүүлэв /
Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр Өөрийн сайндаа чи төрөөгүй! Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.
Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ. Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ! Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү. Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!
Х.Бөхманд: Үүл
-Намайг бага байхад маны нутагт Ноолуурт шороо биш Шороонд ноолуур холиж зарсан Нэг худ аав байсан юм...
Үүл - Тэнгэрийн ноолуур юм. Гуужихад нь булаацалдаж сэгсчсээр байж Ширхэг үнэгүй болгосон юм. Гэхдээ шороо холиод зарахад болдог л биз...
Okinawa 2015.06.17
/Түмт Шинэ хөрвүүлэв /
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-014.JPG Хэмжээс: 600x382 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 7146
khongor062.jpg Хэмжээс: 600x700 158k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4314
Сүг Хэмжээс: 600x477 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5084
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: