2002 оны "Болор цом-20" наадмын Тэргүүн шүлэг
МУСГЗ Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Энэ миний цорын ганц зам
Хувьхан заяаны зам
Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Амьдралын бөгтөр шар давааны
Ар өврөөс нь тодорч бүдгэрсэн зам
Айлын бараа хүний хүсэлт дуудсан
Андуутай үнэнтэй алаг зам миний зам
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
"Найргийн жимээр..." Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон
Нар зөвийн эх орон Миний Монгол
Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон
Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон
Эгшиг уянгын хорвоод хайрын зөрөг дээр харц учраад Энгэр дүүрэн жаргал тээж, биедээ тэмүүлэх залуус Өр зүрхний гүндээ амраг нарны гал зангидаж Өнө эртний шаргал талд ханаа зөв дугуйлаад айл болдог Эх орон
Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд Эрдэнийн алтан соёмбоных болдог Эх орон
Надад үнэтэй цаг хугацаа моддын дундуур сүлжин арилж Намар, хавар, аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж Насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж Наран саран бүслүүр зөв ороогоод Дэлхийнх болдог Эх орон
1. Хармаар бүсгүй Хар нүдэн гэлцэх юм Хайрлаад хөл алдсан нь Олон гэлцэх юм
Харанхуй шөнө гэрэл гармаар Хар нүдтэй нэг юм Гэрэлтэй өдөр нүдэнд нь төөрмөөр Хар нүдтэй гэх юм
Орчлон дээр хар нүдтэй хүүхэн Олон л биз ээ Оньсого таавар шиг нэг бүсгүй л Олны дунд хэлцэгдэх юм
Дэндүү хар нүднээс Ямар нулимс гардаг юм бэ гэж Дэргэдээ чамайг суулгаад би Уйлуулж үзмээр санагдах юм Хар нүдэн минь Харж амжаагүй л яваа Харын хар нүдэн минь!
Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай Алдуурсан унага шиг cap жилүүд цахилан цахилан одоод Амьдрал мөрөн долгилсоор байна даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Уруулын баланд согтоож чинийхээ хүзүүнд эрхэлсэн Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй Харайн холдох шиг cap жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч Хайрын шувууд чамдаа л дэвнэ дээ. Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай Учралын сайхандаа догдолж оддыг хэлхэж ирдэг Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэртэй хүн дээ Эргэн буцах cap жилүүд нисэн одлоо ч Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа Амраг минь дээ Сэтгэлийн сүү чам руу урсах юм даа Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.ЭРДЭНЭ-ОЧИР
Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн
Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг Үр нь амьд байхад эх хүн жаргадаг Ижийгээ амьдад үхэж болохгүй Ижий минь цээжиндээ наргүй болно......ээжийгээ үргэлж хайрлаж яваарай ....!
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_17.JPG 700x525 78k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4307
YolHad_22.JPG 700x525 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4088
Хэнгэрэгч лам 480x600 49k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5339
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: