Түмэн зүгт түгсэн
Монгол түмний магнай дээр
Түүхийн хуудсанд шаргалтсан
Дайчин удмын угшил дээр
Төрт их ёсны
Төгөлдөр оюун далбай дээр
Түвшин их гүрний
Хаан өндөр соёмбо дээр
Хангарьд дэвж
Нарны цацраг буйрлахад
Хатан өүлэн ижийн
Сүүн цацлаар ерөөгдөж
Хамаг монголд минь
Энх өглөө ирж байнө
Эх орон минь сэрж байна.
Хурай хурай хурай
Д.Батзул
Цоохор мөнгөн цолмонгоор зуур даран ергөе
Цолмон эрдэнийн хүлгээ эвшээлгэж нэг үүрсэе
Таанийн анхилуун сэвшээг элбэн таалж эрхшээе
Оонийн зөөлөн харцанд уярч уясаж тайтгарья
Би догшин сахиус шиг өндийж чадах халуун цус
Би дотогшоо нурамлаж гаднаа нурж чадах монгол цус
Ёрлосон зөнгийн ард өнчирсөн их айдас ёс бус
Ёгтлох их дайлал үгний сэг зэм өмхий мэт ёс бус
Зөрсөн амрагын халуун их халил ханилалын хорлолтой ёс бус
Хагцах харлах сэтгэлийн голыг гогдох тамлал ёс бус
Ээдрээ үгүй сэтгэлийн эрч бүрийг зангируулах санаатны үйл ёс бус
Эмзэг нандин үгсийг цээж нүцгэн тэрлэх ёс бус
Өвөр дүүрэн жаргалыг эмтлэх их харууслыг дагуулагч ёс бус
Эрхшээж бус элэглэж бусдаар наадагчийн сэтгэлийн зовлон ёс бус
Алагчлах аминчлах арсалдахын их бялуурал галзуурлын хорлол ёс бус
Амьд үхсэн ад зэдгэрийн хүүхэн харцны цочрол айдаст ёс бус
Тамлал тайллага тайлах их нигуурт сэтгэлийн дүрээр наадагч ёс бус
Тахил мандалын зөрлөгт өргөл үйлдлээр бузарлагчийн идээ ёс бус
Саарал чонын гүймэгхэн харцанд
Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг
Сэтгэл итгэл хоёр алдархаар
Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг
Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул
Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй
Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул
Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй
Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ
Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй
Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор
Амссан идээгээ зугаа болгож
Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы
Араа шүд нь анзаарч үзвэл
Агсам эрийн алхаа шиг
Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул
Тэгээд зогсохгүй бас энэ басганыг
Цочимог нарны туяа
Цог золбоог нь бөхөөж
Цовоо сэргэлэн зангыг нь
Цулбуурдан байж авчихаад
Хар тогоондоо хүртэл
Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм
Араг савараа чирсэн
Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмгэнийг
Хөх аргалын жимээр хүчээ тарамдуулж сажилхыг нь хараад
Хүн л юм бол та нар
Хүндлэн нэг бодлогшилдоо өнжүүлээч
Хөхөөн дуу цуурайтхыг ч
Анзаарах ч чадалгүй болчихсон чагванцын
Хүсэл сэтгэл хоёр нь
Хүний эрхэнд ороод
Хүч зүтгэл хоёр нь ч бас
Нутгийн эрхэнд орчихсон юм
Найрын ширээг хойморлож
Нартад энэ эмгэн жаргахаас илүү
Намрын өдрүүдийг биеэдээ шингээж
Намблагхаан зулын бадмаанд
Зуур зуур цайгаа оочиж
Зүг ширтэн суухыг илүүд үзсэн юм
Ингэж суухдаа энэ эмгэн
Энэлэх сэтгэлдээ юу эсийг тунгааж суухав
Элбэрэл хайраа үрсдээ зориулах илүү их насыг
Ивээлт нарны туяанаас
Эгнэгт сүслэх шүтээнээсээ л гуйж суугай байлгүй ...
Ийм л эхээс бид төрдөг юм
Ийм л эмгэний үр ач болдог юм
Үгүйлэх юмгүй мэт санагдаж болох ч
Үгүйсгэж бас хэнч үнэнийг хэрж чаддаггүй
Угтаа бас мартаж болох үнэн болохоор
Өршөөлт энэ эмгэний үрс гэдгээ мартдаггүй юм
Тиймээ бид тэнгэр газрын савслагт
Тэнхээ мэдэн төрүүлсэн
Тэрлэг нимгэн ч сэтгэл дүүрэн эхийнхээ
Түмэнд тольдогдох ачит сэтгэлийнх нь
Төгөлдөр сайхан ярууд нь уярч уясаж торнидог юм.
Өрц дарсан өлгийнхөө шанхны ариун цоргионд
Өрлөг нандин ижийнхээ сэтгэл ороосон манцуйнд
Дал шүргэсэн хонхны шуурай болсон жингэнээнд
Дасаж тэнцсэн унага шиг балчир нас минь өндийсөн юм.
Би зуунаас ч удаан
Би зуурдаас ч богино
Би үүлс шиг хөнгөн
Би уулс шиг бардам
Би гал мэт халуун
Би мөс мэт хүйтэн
Би аадар адил ширүүн
Би салхи адил хурдан
Би бүлээн зүрхээ сэтгэлээрээ хучаад
Бүх л амьдралдаа бүтэн амьдарна
Дуурсах алдрыг бүтэн байлгах
Дүүрэн жаргалтай амьдрал бидэнд бий
Саруул ухаанаар хүслээ өргөх
Суу билгийн элбэрэл бидэнд бий
Дахилт: Цагаан цайлган хонгор үрсийнхээ
Цэвэр энхрий харцанд нь уярана
Өвөр дүүрэн ханийхаа хайранд
Үүрд мөнхөд жаргаж амьдарна
Тайван саруул насныхаа амьдралд
Тэтгэн хүндлэх анахн дүүс бий
Тэнүүн сэтгэлдээ хорвоог урлах
Тэнхлүүн уужим ухаан бидэнд бий
Түмэн олныг тэтгэж жаргаасан
Дэлгэр сайхан нутаг бидэнд бий
Төрмүүд биеийг минь огшоож өндийлгөсөн
Түүх шаштиртай босоо заяа бий
Салхин исгэрээ шувуудын ганганаа сүлэлдсэн Саруул ухаанд бодол торинуулж үүрсүүлсэн Дураар наадах хөгнийн хөх бялзуухай эрчилдсэн Дурдмал сайхан эгшигэн хөгтэй миний нутгийн уулс минь Хөгдөрч өвгөрсөн нүүрний татмагших нугалааг үзээд Хөвүүн үрээ танихдаа униартах талаа дэвсдэг нутаг минь Зээрийн хондлой шиг нутгаасаа үргэсэн төрмүүд үрээ Зэгэстэй шар дэрсээрээ шавхуурдаж нэг өршөөдөгсөөн тал минь Ариун усныхаа долгионд бүүвэйн эгшигтэй Амгалан их талдаа агийн үнэртэй Аав ээжийн минь өлмий дарсан мөртэй Алтан нутаг минь амар энхийн өлгий
Хүүрнэх үгсийн чуулбар Хүүрнэх үгсийн атингартах хэдэн хүрэл бичээс Хөгөө нэхэн улих өнчин харууслын дуун аятай Даль жигүүр нь ургаж гүйцээгүй жигүүртэн шиг Даанч тарчигхан юмдаа энэ хэдэн үгс минь Норсон бийрний бэхэн мөр нүднээ уусаж Номхон сэтгэлийг хөгийг тамтаггүй хөрвөөлгөх нь Эргэлдэн бүжих намрын моддын навчисыг Исгэрэн хөвөх салхинаа уусан бүжих шиг санагдана Дуун цуурхай хөг эвдэх шиг хүчтэй шийлбүүрдхэд Дурлаж бичсэн үгс минь хуй мэт эргэлдэж Дэргэд минь зөөлөн өвс намилзана Дэндүү удаан түүнд уусаж яруусна Сэтгэл мэгшүүлсэн шүүрс алдуулсан хөг Сэмрэх нулимсны дусалд уусаж хөглөгдөхөд Дураар жаргах шиг миний хэдэн үгс Дуу дуугаа нийлүүлж нэгэн зүгт зүтгэнэ Зүйрмэглэх төдий яруусал утгын чимэг болоход Зүрх сүвлэж чангаасан хөг үгс минь чуулна Нийлж зүтгэх үгсийн минь нэрэлхүү тарчигхан суунд Нөмөрлөж хургасан бодлын минь дуун цуурхай эгшиглэнэ
Сэвэлзсэн салхины зүүдэн хүрднээ ирээд буцсан
Сэхээрэх эрдмийн дээдийн заяат удмын өвгөд минь
Зуурхан хормыг хэдэрлэж учиг өндийлгөсөн
Зүрхнээ шингэж судаснаа лугших өндөр дээдсүүд минь
Нарнаар наадаж намрын шившээ үүрсүүлж
Намайг та нар минь үндсээ тэжээж үнэнийг эрээрэй гэж
Нинжин сэтгэлийн минь ундаргаар шандыг булиглуулж
Насны намбыг төрхөмлөж буй хөрөг дүрнээ хургуулсан
Ийм их заяаг дааж ядан дэргэдэхээ түшиж тулахдаа
Элэгсэг түмний энгүй ивээлээр багана босгож
Эх дэлхийнхээ уярлаар хайраа хийж баринтаглан
Элбэрэлт олон үрсийнхээ дуун цуурайгаар хөглүүлсээн
Далай их дээдсийн минь өндөр шүтээнтэй
Дайчин удмаа дагасан ирэмгий зоригтой
Суут их гэгээнтнүүдийн суу билгийн элбэрэлтэй
Сунаж мөргөх ариун биений хүсэлтэй бид азтай улс
Ончрох сэтгэлийн зангилаа бүрийг шилбүүрдэх
Оюун төгс удмын минь оньсоор наадсан үрс
Огторгуйн чуулбарт үгсээ хүргэж үнэнийг эрсэн
Омголон төрхтэй, оройлог зөнтэй, оюунлаг үрс
Бид хүний сайхан үрс
Билгийн мэлмийд багтаж төрсөн үрс
Бид язгуурын сайхан үрс
Билэгшээлт тэнгэрээс од шүүрч төрсөн үрс
Увс нуурынхаа гүймэгхэн нугчаа бүрт нь би бодлоо тээж Уулс ороох аниргүйд нь үгээн чөдөрлөж сэтгэлээ хөврүүлж суухсан Бор болжморын жиргээ чихэнд минь туульс хайлах шиг цангинахад Босоод би биеэрээ увс нуурынхаа мандалд хөвөн хөвсөөр наранд хүрмээр санагддагсаан Сарны туяанд уусаж, умбасан сайхан нуурийн минь үзэмжит төрх Санаанд бодол хургуулж сэтгэлд хөг оруулж үзэгддэг шим ертөнц Төрхөөс үхэхэд түмэнд толидогдох энэ их ариун мяралзаа Түүтгэр ертөнцийн түмэн нугчааг өгүүлэх их дуртатгал оршоодогсоон Уулс будруулж үүлс нүжрүүлсэн нуурын үзэмжит мандал Үнэрлээд ханамгүй сэвшээгээр сэтгэл уярааж бодол зангируулна Төрхөө шингээсэн буурал өвгөдийн бурханлаг мэлмийг хулжааж Төрмүүд нутгийн минь хэвлийд тухалж эвшээсэн түшигтэй нуураа
Халуун хүйтэн хамаг биеэр халгихуй Харахуй татсан нүднээ гал бутарч үзэгдэхүй Харин төдөлгүй бадрах галнаас дөл буцлахуй Харгилах их анирт энэ биеэ умбахуй Үйлийн үрээс улбааж цэцэн ухаан сувдархуй Үлэмж их мэдрэмжээр төрөл хувирч анирлахуй Мөнхийн гурвалаар дөрлөгдөж эцсийн амьсгал татахуй Мөр бүтэн заяатанд ариун гэрэл үзэгдэхүй Охор мөчдийн жимээр гязгааргүй орчлонд унахуй Өд мэт хөнгөнөөр орь ганцаар хөвөхүй Далд биеийн айдсыг хөнгөн жаргалаар солихуй Даан ч удалгүй замхарч үхэхүйн диваажинд умбахуй Хөвсийн хөвөх биенээ мөнхийн гэрэл үзэгдэхүй Хүрэх орчлонгийн зааг дээр хүмүүний ухааныг орхихуй Төрсөн юм шиг тунгалагхан биеээ сэтгэлээр ариусган цэвэрлэхүй Түмэн чуулбарын өмнө шинэхэн ухамсараа олохуй Оньс мултарснаас хойш орчлонгоор бишгүйдээ зорчихуй Одоо л нэг өөрийн гэрлээ олж шүтэхүй Өөрий биеээн орхиж оюун ухаанаараа яруусахуй Үлдэх биеээн үзээд үнэнийг ойлгон гунихуй Дүр хойчийн замналыг жимээ болгон зүтгэмүй Дууссаж дэгдсэн сүнсээрээ гэгээн гэрэлд уусмуй Хий биеийн хүчийг ариун гэрлээр цацраамуй Хэний ч өмнө очимуй хэмээн тарнийн үг дуудмуй Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо харамуй Элэг нэгт ахан дүүсийн буяны үйлэнд баясмуй Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл дуу чимээ нүргэлмүй Зөвхөн түүнд уусах гэж түмэнтээ хураагдах тэр их буянаар мөрөө болгомуй
Зулай төөнөх алтан нарыг
Зүрхэндээ шингээгээд чамдаа өргөхсөн
Зуурхан сэтгэлээ уяаж хургуулаад
Зөвхөн чамтайгаа сэтгэлээ холбохсон
Өндөр сарьдгийн оргилд гараад
Үзэмжит тэнгэрээр гэрчлэн байж
Өр зүрхнийхээ чандын чандад
Үргэлж хайраа тээж явахаа амлахсан
Зөөлөн гунигийг зүрхэндээ уйлуулж
Зөвхөн чиний хайранд шингэхсэн
Зүүд эрхшээж зүрхээ хатируулсаар
Зүгээр л дэргэд чинь уусаж өнжихсөн
Дассан сэтгэлээ итгэлээ болгоод
Далдхан хүслээ зүтгэлээ болгоод
Даль жигүүрээ хайраараа хийгээд
Дэргэд чинь очоод сэтгэлд чинь үүрлэхсэн
Дахилт:Цагаан цайлган хонгор үрсийнхээ
Алга өөд харуулахуйяа ариун зул бадмаалахуй
Ариусахуйн гүмүдайн их элбэрэл түмэн зүгт цацрахуй
Өршөөлт мөнгөн бумба ертөнцийн өнгөөр бөөлжихүй
Өлмий тоссон аврал энэрэхүйн хүрдэнд эргэхүй
Тарнийн хүч сувдархуйяа өршөөлийн үүднээ чиглэхүй
Тангад туульсийн замнал эрхнээ хөрвөөж эрхшээхүй
Далд сэтгэлийн ариусал бурханы мутарч уусахуй
Даалинд шингэсэн шившлэг арц ганганаа ариусахуй
Бөөлжих эрдэнэсийн туяа сарны цацраганд ариусахуй
Бүгээн их айлтгал маналын залаанд дүрлэгдэхүй
Дүйнхэр зонховын эрхшээл атаат тэнгэрийг шүтэхүй
Дүр хойтохын заяаг даган эргэж золгохуй
Заяат тэнгэрийн айлтгал мэлмийн харцыг ширгээхүй
Замаг ногоон баринтганд цүнз рашаан шингэхүй
Нар хаждын айлтгал ханилгийн орноо зорчихуй
Наслахуйн их тавилан оршихуйн ертөнцийг зааглахуй
Арван зүгийн хангал аргамжхуйяа их хөллөхүй
Арлаг тарлан омголтохуйн ариун рашаан шившлэхүй
Зүүд охорлохуйн өрлөгөөн зуур даран хэвтэршихүй
Зуун тохой майдар зүрхэн бичээснээ залгахуй
Голомт хойморлосон маналваань их дүрнээ сэнтийлэхүй
Говийн их Лхаа зүрхний түмэн хүслийг хэмжихүй
Гүр дарзын хүрэл бичээс түмнээ өндийн исгэрэхүй
Гүнгэрваа даасан өглөгийг хойчийн буянаа өргөхүй
Зүүний сүвэгчийн чинээ андын сэтгэл шавхарч
Зүүд сарнихын чинээ ажил үйлс бүдэрч
Сар хиртэхийн чинээ санаа бодол сарниж
Сааль сүү гашилах шиг сааралтсан амьдрал үргэлжиллээ гээд . . ,
Хараал урсгаж хамаг бүхнээ ашиглаж хөндийрүүлсэн
Халгаж хавирсаар ижий ааваасаа хөндийрсөн
Хамаг буруу мууг бусдад нялзаасан
Хачин чихтэй хүний төрхтөн их болжээ
Үнэн худал, өнгө зүс, улсын сэтгэл ялгахгүй
Өмхийрч муудсан санаатай мулгуу нэгэн рүү зүтгэсэн
Халамжит хайрын сэтгэлийг хар муугаар харсан
Харалган бодолтой, хахирхан зантай хачин этгээдүүд их болжээ
Худал хэлж, хулгай хийж, хуурч мэхэлсэн
Хуруу тоолж, хумсаа мэрж хулчигнасан
Биеэ хэртүүлж, сэтгэлээ булингартуулсан
Билгийн нүдний цог нь бүхсэн хүний оронцог их болжээ
Сурч мэдэхийн сүвгүй юм шиг санасан
Шуурган дунд замхарчих хүслээ хяссан
Мэргэн ухаан, цэцэн билгийн суугүй мэт загнах
Мэдрэл нь цочмог муу хүмүүн их болжээ
Дайрч давшиж, дальдчиж нуугдахыг урдаа гаргасан
Нүд хальтаруулж нүгэл хургуулж амьдарсан
Үг сөрж, үйлдэл бүр нь сүүдэр дагуулсан
Үзэсгэлэнт эхээс төрсөн ч үзлийн муу хүн ороолон бологсдод зориулав.
Хайрт хань, халамжит гэргий, хамгаас энхрий, хамгаас ялдам, хонгор үрсийн минь эх, ханьдаа зориулав.
Орчлонгийн салхи буйдхан урсахдаа
Оломгүй далайг эрчлүүлж хөврөнө
Оюун ухаанд бодол хөлөгдөж өнжинө
Одоо ч түүнийгээ бодлогширон санана
Тэнүүн өглөөний царам жихүүцэм
Тэнгэрт үүрсэх үүлс өрнүүхэн
Тэртээд үзэгдэх дүр тодхон
Тэмтчих сэтгэлийн хөг нь сулбагархан
Ган үзэг гарт минь хөлөрнө
Гадаа харанхуй ч сэтгэл минь сүүмийх гэрэлтэй
Гарчиг бараадах хэдэн үгс минь өнчирнө
Ганцхан чамдаа зориулах гэж би хөшингөтнө
Ор нь дотор зүүд хулжиж эрхшээнэ
Одоо ч хүртэл бодолд чи минь уяатай
Орлох зүйлгүй гэсэн шиг сэтгэл минь өнчирнө
Ойрхон зуур тэрлэг нимгэн хайраар би дутна
Нүд анихад бодол зү үднээ сүлэгдэж гашилна
Нар гарахад зүүд зөн аятай бүдчинэ
Намайг чамайг бодов уу гэлтээ орчлон уйлагнаж
Насны жавар хургаж нартад хайр минь өнчирнө
Салхи зүрх сэтгэлийг хэдэнтэй зүсэж сарниулна
Санаанд бодол эмжсэн хайр шаргуу шураглана
Санчиг бууралтахын энтэй итгэл хөгзөрч зөхөрнө
Сарниулахгүй юмсан гэж сэтгэлээрээ хучиж аргадна
Амраг чиний минь хайр халамж үгүйлж ....
Алдсан бүхэн минь хүсэл ээрч нүднээ үзэгдэнэ
Ариун бүхнээ баринтаглан шүтэж амьдрахсан гэж
Алдаа оноогоо дэнслэн эр хонгор сэтгэл мэгшинэ
Халуун сэтгэл тэр дороо хөлдөх шиг хяслантай
Хамаг биеийг эзэмдэж бишгүйдээ нэг тарчилаана
Харалган бодолдоо бүдчин явсан хүний мөр
Хангал догшин хөлөг шиг өөдөө цогиж омголзоно
Амьсгаа давчидсан хайранд харуусал хагацал хоормоглоно
Аньсхан дунд минь нулимсан буйлаан үзэгдэнэ
Аясаар ирэх жаргалыг даллаж зөхрөж урихгүй
Аяандаа үүднээ өглөөний нартай хамт жиргэнэ
Нэрэлхэж үзээгүй омголон зангаа онги татаж
Надад чинийхээ сэтгэлийг аргадаж үүрсэхсэн гэж
Нартын амьдралын үгэн хүлэг минь өндөлзөнө
Намайг чамайгаа хайрлаж байгаа гэж өмөлзөнө
Хэлэх үг минь хэдхэн үгний өчил биш
Хийх зүйл минь хий хоосон бодол биш
Хайрлах сэтгэл минь харуусал хөвөрсөн жим биш
Халамжлах хүсэл минь харалган тарчиг ухаан биш
Хань нь чамайгаа хайраараа аргамжсан болохоор
Хамаг бүхнээрээ чамруугаа зүтгэдэг юм
Халуун сэтгэлийн баланд дүрж амталсан болохоор
Хайртай үрс минь бидний сэтгэлийг баталдаг юм
Тиймээ хонгор минь, хайр минь, хань минь
Тэвдэж явсан ч хугарахгүй бас нугарахгүй
Тиймээ үр минь, бурхад минь, эрдэнэсүүд минь
Тэнхлүүн явах тэнүүн их амьдрал бидэнд байгаа
Үг Д.Батзул Ая МУУГЗ, Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан
ТОЛГОД ХОТОЙЛГОЖ
ТӨРХӨӨ ШИЛГЭЭСЭН ААВ МИНЬ
Өвгөдийн минь туурийг өмнө минь залж
Удмын минь буурийг сэтгэлд минь уяаж
Угаа таравлаар нь буянтын замруу хөтөлсөн
Өвгөн буурал аавынхаа өлмийд адислан золгоё
Дээдсийн буяныг дэргэд минь авчирч
Дэндүү жаргалыг үрсдээ заяасан
Тэнгэр заяат удмын угсаагаа
Тангараг тавин дээдлэн хүндэлье
Үгсийн чуулбарыг өмнөө талибаж
Учигийн хүндлэлийг өмнөө зангидаж
Үүлсийн чөлөөг сөхөн өндийж
Өндөр дээдсээ хүндлэн босдогоо би
Сартуул үндэсний Хар тугчин омогт
Шажинмандах овгийн Доржсүрэнхорлоогийн Батзул
Дууны үг нь үргэлжлэлд...
Зуурхан учирлыг үүрдийн болгож эр хонгор чамайг зүрхээрээ уяасан бүсгүй би царайлаг
Зулзаган моддыг итгэлээрээ тарьж халамжаараа нахиалуулсан бүсгүй би царайлаг
Зуу зуун сарнай сэтгэлээс минь үрээ нь авдаг юм болохоор бүсгүй би царайлаг
Бороон тусал сэм сэмхэн мэгшиж, зөөлөн гэгч нь элбэдэг болохоор бүсгүй би царайлаг
Бүгээн анир сэтгэлд минь хурж хайранд минь хулжсан болохоор бүсгүй би царайлаг
Эсгий гэрийнхээ хаягааг түшиж би мэгшилээ
Эддээ энэ чинь харуусал дагуулсан гунаг юмуу хамаагүй ээ зовлон ч байж болно
Хүний харцанд хорлол болж хог шиг торох миний амьдрал
Хүслээ ээрч ядан хүлээх тэвчээрээ тарчигхан өвс шиг тас татаж хаячихаад
Хүлээснээсээ алдуурсан унага шиг хүч хүрэх үйлийн төлөө дэмий л довхчиж
Хөөрхий энэ амьдралыг ёстой би ергөж нэг ёрлож нэг туулсан юм шив дээ
Дандаа өнгөтэйд дурлаагүй ч далдхан сайхан амьдрал, сайхан мөрөөдөл, сайхан хүсэл гээд сайхан бүхний төлөө явсан нь үнээн
Тэглээ гээд би юу оловдоо тэр бү хнийг тэмээнээс том аюул байхад олоод харчихаж чадахгүй харалган хүсэл, бодол, ухаандаа хөтлөгдөөд орчихож
Энэ тэгээд миний туулсан жимний мөртэй амьдрал юмуу
Тугтраад ч гарахгүй гүн хавцалд унчихсан төгсгөл юмуу.
Үгүй ээ...
Миний амьдрал амьны хэмжээтэй дуусах байлаа ч харин хавцалын гүн ёроолд л дуусахгүй шүү
Тэгэж дуусвал тэнхээ сэтгэл нь өвөртөө багтаж ядсан
Тэнүүн сайхан олон ахан дүүс, өндөр дээдэс, уг удам минь
Миний тэнэсэн сүнсийг олж харахгүй шүү дээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-267.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3929
khongor030.jpg Хэмжээс: 600x680 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5108
Гадаад хэргийн яам Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4985
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: