Хавар болоод зусланд очихын сайхныг Хөмүүл таанын үнэр хамар цоргихын сайхныг Хүүхэд багачууд цуглан Хөгжин наадахын гоёыг Хөрз аргал үнэртсэн Зуслангийн өдрөөс би мэдэрдэг Миний цагаахан дурсамж Эмээгийн минь зуслангаас хөвөрдөг Айж ичихээ мэдэхгүй аав ээжийгээ даган Айл айлаас амттан чихэр цуглуулах хүүхдүүд Танил өвөө эмээ нарын дүр төрх Булгийн хүйтэн усаар Булаалдан байлдаж тоглоод Буурал эмээгээ хараад Буруу зүйл хийснээ ухаарах Балчир насны гэгээхэн дурсамжууд Багын хайртай зусланд минь бий Алтан наран уулын оройг эмжин жаргахад Андуудтайгаа би харж суугаад шагшин магтдагсан Алиман саран алган дээр тогтсон мэт үдэш бүрийн үзэсгэлэнг Алдрай бага насандаа зуслангийн оройноос би мэдэрсэн Зуухан дотор цогших аргалын хөх утаа Зуун жил болсон ч миний бодолд суунаглах байх Санахгүй байхын аргагүй сайхан тэр дүр зураг Сая жил болсон ч миний сэтгэлд мөнхрөх байх
Хурдан морьдынх нь салхи амьсгалсан сүүлнээс Хуурын эгшиг цангинасан монгол наадам минийх Хөгжин наадах жаалуудын хөөрүү цагаахан мөрөөдлөөс Хүчит бөхчүүд нь мэх уралдуулсан монгол наадам минийх Дэлхий өндөлзтөл харвах мэргэдийн хурдан сумнаас Дэнжийн цэцэгс дуулалдсан монгол наадам минийх Дээдэс өвгөдөө хүндэлсэн тэнгэрлэг ардын сургаалиас Дээлээр дэгжилж гоёсон монгол наадам минийх Тулгар төрийн минь амьд түүх Тоонот гэрт сэргэсэн юм болохоор Тусгаар улсын минь амьд сүр хүч Тогоотой сүүнд хөөрсөн юм болохоор Тэнгэрт мөнхөлж газарт тамгалж Түүхт наадмаа дэлхийд гайхуулна
2013.7.10
Сэрүүхэн салхиндаа хайраа шингээсэн Саруулхан дэлхийдээ агаар бэлэглэсэн Сайхан Монгол нутагтай би Сар өдрийг ч умартан Саатан байгаад л баймаар байна Сая жилээр ч хамаагүй Санаандаа жаргаад л баймаар байна Сүрлэг сайхан төрхөнд нь Сүнс минь хүртэл ариусах Сүүн цацлаа өргөхдөө Сүсгээрээ бодолдоо баян Сэтгэл доторхи горхиндоо Санаа сэтгэлээ ариусгаад Сэргэлэн болжморын дуунаар Шүлэг бичээд л баймаар байна.
2014.08.15
Сартай хоносон шөнө Санаад л байлаа чамайгаа Саваагүй бодолдоо хөтлөгдсөөр Шархиран уйлмаар боллоо Санах ял үнэтэй юм бол Бүхнээ зориулаад эдлэнээ Сайхан чи минь ирдэг л юм бол Бүхнээ хадгалаад хүлээнэ ээ. 2014.08.23
Өөрөө өөрийгөө таниад шөнийн өнгийг солиод Өнгөт хорвоогийн тухай олон шүлэг тэрлээд Ертөнцөд хүн болсондоо гомдолгүй баярлаж Ер бусын нэгэн өдөр ганцаардлын амтыг мэдрэх гээд
Ганцаардлын хаалгыг нээхэд ганцхан би л байна Гартаа үзэг цаас бариад тархины ертөнцөө уудлаад Торомгор хоёр нүд гунигаар дүүрсэн шиг толботой Торон доторхи шувуу шиг шаналал тээгч төрхтэй
Ганцаардлын хаалгаар ороход солонго татсан байна Гадаа бороо шиврээд гаслангуй түрхэн зогсоод Сэмэрсэн сэтгэлээс харууслын нулимас сэмхэн амтагдаад Сэрүүн унтаа хоёрын зааган дунд зүүдлээтэй
Ганцаардлын хаалгаар гарахад халуун сэтгэл төөнөнө Гартаа би өврийн дэвтэр шүлгийн номоо атгаад Жаргал намайг тоох юм байна гэж харцаа цочоон инээмсэглээд Жам ёсны хорвоогийн хоёр үнэнийг туулаад үзлээ
Ганцаардлын хаалгаар орсноос Ганцаардлын хаалгаар гараад үзэх таалагдана Гал огшсон бодлын амьд бүхний хэлтэрхий Ганцаардлын хаалгыг үүрд хаагаад дахин нээхгүйг хичээнэ ээ . . .
Гуниглахаараа л шүлэг бичмээр болоод Гуйланчлан сэтгэл эзгүйрэх Гуалиг сайхан биеэ магтан Гуч хүрээгүй залуухан бүсгүй Гуниглахаараа л шүлэг бичмээр болоод
Баярлахаараа л бахдан, шүлэг бичмээр болоод Байдаг сайхан үгс бүхнээ Баараггүй бүгдийг нь шигтгээд л Балар эртнээс улбаатай бодлын тэнгэрээ дуудаад л Баярлахаараа л баахан мөртүүд холбоод л
Би сэтгэл зүрхний дуут шувуухай Бялзуухай байхаас жиргэсэн Баярлах, гунихын алинд ч Би шүлэг бичмээр болоод Би шүлэнгтэн дурласан болоод Би сэтгэл зүрхний дуут шувуухай
2014.3.05
Бороо чи больё оо гэтэл орно Бодол минь намайг алгуурханаар норгоно Борхон нүдний минь гүнээс Гуниг урсуулан горхилоно Бие сэтгэл минь бороо чамгүйгээр Бухимдалаа арилгаж дийлэхгүй болохоор Бүрэнхий тэнгэр миний сэтгэл Бүгд борооны ачаар гийнэ
2014.07.08
Ээж гэдгээ эрхэм сайхнаар мэдэрч тэр өдрийг санагалздаг Аав гэдгээ алтан дэлхийд тунхаглаж тэр өдрийг хүлээдэг Аз жаргалын гэгээ татуулсан дурсамж бүхэн Алаг үрстэй минь бидний өмнө дэлгэрдэг Айдаа хүүхдийн баяр, аз жаргалын дуулалт өдөр өө
Авьяас билэг, адтай хөөрхнөө харуулж Ааваараа магтуулна гэж хичээдэг байх Алагхан бяцхан үрс минь Эгшиг дуу, бүжиг шүлгээрээ өрсөлдөн Ээжийгээ баярлуулна гэж боддог байх Эгдүүтэй жаахан үрс минь Мөрөөдлийг нь биелүүлээд дуулуулаад нэг үзээрэй Мэлмийг нь нээгээд бүжиглүүлээд нэг үзээрэй Миний таны хайраас нахиалсан Мөнхийн жаахан энхрийхэн үрс минь Миний таны хүслийг биелүүлэн Монголынхоо ирээдүйг баттай атгалцана.
Би 6 сарын 1-нийг санадаг Бичиг сурч, дуу дуулан гүйлдсэн Багын дурсамжинд минь аваачдаг болохоор Би 6 сарын 1-нийг хүлээдэг Бяцхан үрс минь баярлаж Бүхий л дэлхий инээдэг болохоор Би 6 сарын 1-нд дуртай
2014.06.01
Дандаа л унтахынхаа өмнө бал цаас нийлүүлдэг Дандаа л зүүдэлхийнхээ өмнө шүлэг чамайг боддог Даруухан зантай болохоороо бодлоосоо хааяа ичдэг Дарга зангүй даруухан найрагч болно оо Дандаа л дандаа л би зүүдэндээ болор цом авдаг Далавчтай болоод нисч байна гэж зүүдэлдэг Дэндүү хийсвэр зүүднээсээ хааяа би ичдэг Дэрэн дээрхи бодол минь дэвтрийн хуудсыг тамгалдаг Дандаа л, дандаа л би бодно Дэлхийн дайтаа бодлоороо насны ном бүтээнэ Дандаа л, дандаа л би бичнэ Далай тэнгисийн энтэй түмэн шүлэгтэй болно оо.
2014.10.11
Гэр гийгүүлсэн гэргий заяа Гэрэлт ертөнцийн наран заяа Гуниг үргээх ариун заяа Гуалиг төрсөн бүсгүй заяа
Залуу насны чимэг бүсгүй хүн Замбуу тивийн наран бүсгүй хүн Зоримгой эрэмгий бүсгүй хүн Заяа тавилангийн дээд бүсгүй хүн
Анхилам сайхан амирлан заяа Алаг ертөнцийн цагаахан заяа Ачлалт эрдэнэ ижий заяа Аюул үргээх эрэмгий заяа
Бүрэнхий байсан дэлхийг гийгүүлэх гэж Бүсгүй хүн энэ дэлхийд мэндэлсэн байх Бүх л хорвоог хайраар аргадах гэж Бүсгүй заяа энэ орчлонд тохиосон байх.
2014.03.08
Анх нэгнээ шохоорхон хараад Аав ээж, ангийн багшаасаа нуун Анд нөхөддөө ам хуурайгүй ярих Айлгүй хэрнээ даруухан Арван хэдхэн нас минь дээ
Зүрхний хэмнэлээр цаг минут тоолон Зайрмаганд гүйх гэж завсарлагааны хонх хүлээх Завгүй мөртлөө сэтгэл тэнэгэр Жаахан байсан гэнэхэн үе минь дээ
Нэг л мэдэхэд ийм том болчихоод Нэг ч өдөр болов сурагч байхсан гэж хүсэх юм Нэг л мэдэхэд олон жилийн дараа Нартын жаргал бүхэн тэр үед байсныг ойлгох юм
Дуулж суун, гитар тоглох хөвгүүд Дурсгалын дэвтэр барин гүйлдэх охид Анхны хайрын ганцхан асуулт шигтгээд Ангийхнаараа бөглүүлэх хамгийн сайхан байсан
Дуугүйхэн нэг хөвгүүнийг зүүдэлж сэрээд ичингүйрч Дурласнаа мэдэхгүй хэдэн өдрөөр ч гуниглах Дэвтэр дээрх дүнгээрээ амьдарлаа төсөөлөн Дэндүү гэнэхэн дэрвэж явсан нас минь ээ
Орос бор форм, индүүдэж тавьсан паарчиг минь Одоо ч миний шүүгээнд хадгалаастай байдаг Дөрөв нугалж бичсэн захидлын эзнийг нь мэдэхгүй ч Дурсгалын дэвтэрний минь завсар хавчуулаастай байдаг
2014.06.10
Эм Си Эс Группын 20 жилийн ойд зориулав.
Зөвхөн Эм Си Эс-ийг бичнэ гэхээр Зүрхшээн бодож байлаа Зүйрлэшгүй амжилтыг нь бичнэ гэхээр Зүрх минь догдолж байлаа
Улсын хилийн амьд шорооноос Улаанбаатрын зүрхийг холбосон Ур ухааны охийг шингээсэн Уртаа өндөр барилгууд биднийх Уран гартай барилгачид биднийх
Уух идээний дээж бүхэн Угаас бидний нэрний тодотгол Дэлхийн хөгжлийг дэргэдээ авчирсан Дэврүүн амжилттай Кола ч биднийх
Бурханы цус судсаар минь гүйхэд шүлгээ би бичдэг Будант орчлонгийн нугачааг дэвтрийн цааснаа буулгадаг Буруудаж зөвддөг орчлонгийн алтан учгийг ухаарах гэж Буман бээрийн алсаас бурханд үгээр хүүрнэдэг Тэнгэрийн дор газар оршиход үүлс хураа буулгадаг шиг Тэнэгийн дор ухаантан оршиход сэтгэл нулимсаа хайрладаг Тэргэл саран гэрлээ гийгүүлэхэд одод онцлон анивчдаг шиг Тэртээ зэрэглээ шиг амьдарлаа би шүлгээрээ хэмжиж алхдаг Цэцгийн үр хөрсөндөө соёолох мэт шүлгээ би уншдаг Цэлмэг тэнгэрт шонхор дүүлэх мэт онгодоо бас хөглөдөг Цээжин доторхи хоёрхон шүлгээрээ бүхий л ертөнцийг төсөөлчихөөд Цэрвэх завгүй халуухан аашаараа шүлгээ би гоёдог Бурханы дүр нүдэнд минь үзэгдэхэд шүлгээ би уншдаг Буруу ч бай зөв ч бай дөрөвхөн мөртөө туурвидаг Буцах тавилангүй орчлонгийн жамыг сөрж чадахгүй ч Бусармаг бүгдийг илчилж шүлгээ би уншдаг Зуурдын жаргал бүхнийг үүрдийнх болгон холбож Зулзган модны навч шиг ухаанаа дэлгэрүүлж амьдардаг Зурвасхан харваад өнгөрөх залуу насаараа чимсээр Зургаахан мөртэй шүлгээрээ гунигаа аргадан тайтгардаг Бурханы үг чихэнд минь сонсогдоход шүлгээрээ би бахархдаг Бурхан шүлэгчийн агуу хишгээс өчүүхэн ч болов хүртчихээд Буруудаж зөвддөг амьдралын алтан учгийг ухаарах гэж Бурхдын шүлгийг би буурал хорвоод түгээхийн төлөө амьдарнам
2009.12.13
ЭНХТӨРИЙН АГИЙМАА
Намуухан салхи сэвэлзээд Гэр эзгүйрхэд би дургүй Насан залуухан дурлал минь бөхөж Намайг гуниглуулахад бүр дургүй Найдаж байсан хайр минь Намайг гомдоож орхивол Нарт ертөнцийг гуниглатал Нар сарыг жаргатал Намайг гуйгаад иртэл Найрсаг зангаа гээтэл би тунирхана Намайг ганцаардуулахад би дургүй ээ
2009.10.18
Бодох тусам санах гээд байх юм Болж л өгвөл уулзах гээд байх юм Богино ч байсан зүүдлэх гээд байх юм Болзоо хүлээж гансрах гээд байх юм Дураар тэмүүлэхийн тулд би цөхрөхгүй Дурлалаа цэцэглүүлэхийн тулд би шантрахгүй Эрчүүд бүрээс өөрийгөө би харамлана Эрхлэн тунирхах гэж хайраа би хадгална Өргөстэй цэцэг зүрхэндээ соёолуулж Өөрийг чинь хайрласан нь миний буруу биш ээ Өр зүрх минь чамайг гэж цохилож Өрөөлийг анзаарахгүй нь хайрын буруу биш ээ
2011.10.10
Зүрхийг минь чи зүгээр л ав Зуун түмэн эрсээс зөвхөн чамайг л сонгоё Зөрүүд занг чинь усны урсгал мэт дагах Зөөлөн дулаан сэтгэлийг минь ч бас зүгээр л ав Сарны холд явахад чинь Сайхан хайрыг чинь аргадах Санан дурсах сэтгэлийг минь Саатан суугаад өвөртлөөд ав Өөрт чинь хайртайн төлөө Өөрийгөө зэмлэх эрхтэй Өрөвчхөн сэтгэлийн минь догдлолыг Өнгийж харалгүй тосоод ав Бардам залуу насны минь Бадарсан дурлалын хотхонд Шатаж дуусахгүй гал адил Шинэхэн итгэлийг минь шингээж ав Эртнээс мөрөөддөг байсан хүслээрээ чамайг сольё Эмзэг турьхан зүрх минь дуулж байгааг сонсож байна уу Энүй тэр аялгуу итгэл хайранд чинь шингээд Эргэх хорвоог элээхэд эмнэг цээжинд чинь хань болно Хайрлахдаа би хардалт итгэлийг хооронд нь эвлэрүүлж Хагацал зовлонгийн үүдийг таглаад Хэн ч мэдэхгүй сэтгэлийн цайзандаа Өөр хэнийг ч биш зөвхөн чамайг л оруулна Зүрхийг минь чи зүгээр л ав Зүрхэн дэх итгэлийг минь ч бас хадгалж ав Зоргоор тэмүүлэх цохилтынх нь тоогоор Зовлон жаргалыг хамтдаа туулъя
2009.05.12
Ургах модны чимээнд Уул баясна Урсах усны чимээнд Горхи хөөрнө Ухаант хүний бодол Сэтгэлээ өрөвдөнө Дэлбээлэх цэцэгсийн үнэрт Эрвээхэй дурлана Дэндүү сайхан чамдаа Би дурлана Дэргэдэх саран түүнд Дэндүү атаархана Солонгын өнгийг бүрдүүлсэндээ Үүл баясна Соргог зээрдийг унасан Би жаргалтай Нүүдлийн шувуудаа тосоод Нуур баясна Нууцхан чамайгаа санаад Би мөрөөднө
2010.08.09
Намрын шаргал нарны туяа Навч цэцгийг туяаруулна Найган найгах моддын чимээтэй Навч нь бууралтаж Над дээр унана Намрын өнгийг ажин байхад Над руу хэн нэгэн ширтэн суухад Намуухан үдэш учрал хүсэхэд Намрын сар надтай ханьсана Нааш цааш холихох хүмүүс Найган найгах моддын чимээтэй Надаас өрсөж, намайг дагаж Намрын орой элхэн бас гунигтай
2010. 10.03
2011.7.10
Ертөнцийг ариусгая гэсэндээ хур асгарна Ерийн хүнийг тайтгаруулъя гэсэндээ нулимс урсана Уудам тэнгэрийн үүлс газраа тэтгэж хураа хайрлана Ухаант хүний сэтгэл бодлоо өрөвдөн нулимсаа цийлнэ
Шаналах сэтгэлийг аргадъя гэсэндээ нулимс дусална Шинэхэн ногоог ургуулъя гэсэндээ бороо шивэрнэ Шимт хөрсийг чийглэн байж хур буулгана Шимийн ертөнцийг амгалан байг гэж бурхан залбирна
Ертөнцийг ариусгая гэхдээ хур буудаггүйсэн бол Ерийн хүнийг тайтгаруулъя гэсэндээ нулимс дусалдаггүйсэн бол Санаа заяа хоёр минь сансарт хальж Сав шимийн ертөнц эзэнгүйрэх байсан байх аа
2010.10.25
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Намрын ааг Хэмжээс: 600x436 146k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4322
B2-001.JPG Хэмжээс: 600x424 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5029
mongolia2007year-052.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3998
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: